Байгаль дээр байж л байдаг юм гээд тоохгүй орхисноос байгалийн хагас эрдэнийн болон өнгөт чулууг их хэмжээгээр түүж худалдах, хууль бусаар хил давуулан наймаалцах болоод хэдэн жилийн нүүрийг үзэж байгаа билээ.

Ниргэсэн хойно нь хашхирав гэхчлэн байгаль орчноо сүйтгүүлсний дараа хамгаалах арга хэмжээ авах болсон. Хэнтийн аймгийн ИТХ-аас байгалийн өнгөт чулууг олборлох, худалдах, худалдан авах, хадгалах, тээвэрлэхийг хориглосон шийдвэрийг энэ онд гаргасан юм. Хууль бус үйлдлийг мэдээлсэн хүнийг журмын дагуу урамшуулах аж. Тус аймгийн хэмжээнд Бор-Өндөр, Дархан, Галшар, Баянмөнх, Батноров, Биндэр сумын нутгаар 2012 оноос хойш хууль бус аргаар чулуу олборлож эхэлсэн байдаг. Өнгөт чулуу нь байгаль хөрсөн дээр өөрийнхөө тогтцоор байдаг үнэт эдлэл хийхэд хэрэглэгддэг. Харин үүнийг эх орноосоо гарган хил давуулж байгаа нь хууль бус үйлдэл аж.

Хамгийн ихээр газар нутаг нь сэндийлэгдсэн нутаг бол Дундговь аймаг юм. Тэр дундаа тус аймгийн Дэлгэрцогт сумаас байгалийн өнгөт чулууг анх хөрсөн дээрээс түүдэг байсан бол сүүл рүүгээ сэндийлдэг болсноор 10 га бэлчээр тахлагдан үржил шимт хөрсний 50 мянган шоо метр хөрсний үе давхарга доройтон эвдрэлд оржээ. Иймд Дундговь аймгийн Байгаль орчны хамгаалах сангаас хөрөнгө мөнгө гарган байгалийн өнгөт чулуу түүсэн сэндийлэгдсэн бэлчээрийг Дэлгэрцогт сумынхан нөхөн сэргээхээр болжээ. Гэхдээ биологийн нөхөн сэргээлт хийх боломжгүй хэмээн тус сумын засаг дарга хэлсэн юм. Уг сэндийлэгдсэн газрыг тэгшилж булах ажлыг ирэх сарын дундуур газар гэссэн үед хийх юм.

Дэлгэрцогт сумаас байгалийн өнгөт чулууг анх хөрсөн дээрээс түүдэг байсан бол сүүл рүүгээ сэндийлдэг болсноор 10 га бэлчээр тахлагдан

Цаашид байгалийн өнгөт чулуу түүн газар нутгаа сэндийлдэг уг явдлыг таслан зогсооход чиглүүлэн холбогдох байгууллагууд зөрчил гаргасан иргэдээр зөрчлөө давтахгүйн тухайд баталгаа гаргуулахаар болжээ.

Тодруулбал, байгалийн өнгөт чулуу түүсэн, түүхээр явж байсан, газар ухсан болон ухахыг завдсан нь Ашигт малтмалын тухай хуулийн 7.3-ыг зөрчсөн үйлдэл болохыг ойлгож, хууль зөрчсөн эл үйлдлийг дахин гаргахгүй гэдгээ иргэд батлах бөгөөд хэрвээ амлалтаа зөрчвөл Ашигт малтмалын тухайн хуулийн 66.1.1- ын дагуу хариуцлага хүлээнэ гэдгээ илэрхийлэн гарын үсэг зурах юм байна.

Урьд нь хууль бусаар чулуу түүсэн иргэдийг Цагдаагийн газар саатуулж, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч хуулийн дээрх заалт болон Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу торгодог байсан ч иргэд өндөр торгуулийг төлөх чадваргүй, торгуулиа төлөх мөнгө олох нэрийдлээр чулуу дахин түүж байгаа юм. Тиймээс байгалийн өнгөт чулуу олборлож, газар ухаж төнхөх нь аль хуулийг хэрхэн зөрчиж байгааг иргэдэд ойлгуулж, дахин ийм үйлдэл гаргавал өндөр торгууль хүлээнэ гэдгийг анхааруулах үүднээс ийнхүү баталгаа гаргуулах нь зүйтэй гэж аймгийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналт, БОАЖ- ын газар, Тагнуулын хэлтэс, Прокурорын байгууллагын зүгээс санал нэгтгэжээ.

торгуулиа төлөх мөнгө олох нэрийдлээр чулуу дахин түүж байгаа юм.

Дээрх баталгааг үл ойшоон удаа дараа зөрчил гаргавал Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 27.1.9- д заасан улсын байцаагчийн эрх, үүргийн дагуу ашигласан тээврийн хэрэгслийг хураах хүртэл арга хэмжээ авах юм байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 7.3 нь бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэн хайх, ашиглахыг хориглосон бөгөөд байгалийн өнгөт болон үнэт чулуу түүх, олборлох үйл ажиллагааг ердийн ашигт малтмалын адил тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэхийг заасан. Харин 66.1.1 нь тусгай зөвшөөрөлгүй этгээд ашигт малтмалын хайгуул хийсэн, ашигт малтмал олборлосон, борлуулсан, ашигт малтмалын орд ашигласан бол хууль бусаар олсон орлого, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хурааж, уг этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гучаас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох тухай заалт ажээ.

Т.Буянаа