Энэ сарын 6-нд гэрээсээ гараад сураггүй алга болсон 1-р күрсийн оюутан залууг эрэн сурвалжилж байсан юм. Гэтэл тэрбээр нас барсан байдалтай айлын хашаан дахь модоор хашсан ухсан нүхнээс долоо хоногийн дараа олджээ. Тодруулбал тэрбээр Баянзүрх дүүргийн 17-р хороо буюу өөрийнхөө амьдардаг гэрээс нэг гудамжны цаанаас олдсон байна.

Хашаандаа хоёр метр хэртэй нүхтэй уг айлын хүмүүс хөдөө явсан байсан тул хашаа нь тухайн үед эзэнгүй байсан аж.

Айлын эздүүд хөдөөнөөс ирээд ухсан нүхэнд хүн байхыг хараад цагдаад дуудлага өгсөн байна. Тухайн үед талийгаач явган суусан байдалтай баруун ташаа нь шалбарч, хамраас нь цус гоожсон, хоёр хөлнийхөө завсар толгойгоо хийсэн харагджээ.

Талийгаач П Увс аймгийн Завхан сумаас энэ жил ирсэн бөгөөд ШУТИС-ын 1-р күрст суралцаж, байжээ. Харин Баянзүрх дүүргийн 17-р хороонд байрлах эгчийнхээ гэрт амьдардаг байсан байна. Ингээд өнгөрсөн 6-ны орой хичээлээсээ тарж, харьчихаад, найзуудтайгаа уулзаад ирье гэж гэрээсээ гарсан аж. Харин одоогоор гэрчүүдийн мэдээллээс харахад хамаатныхаа залуучуудтай нийлж, архи ууж, согтоод хоорондоо маргалдаж байгаад сураггүй алга болсон гэж байгаа юм байна.

Талийгаач залуугийн аав нь Увс аймгийн алдарт уяач Б.Э гэх хүн байдаг аж. Талийгаач хүү морь, маланд хайртай малч хүүхэд байсан талаар эх сурвалж мэдээлэлээ. Талийгаач хүүгийн аав ээж, өвөө эмээ, ах дүү нь Увс аймгийн Завхан сумаас ирсэн бөгөөд П-г өнөөдөр өглөө үүрээр сүүлчийн замд нь үдсэн байна.

Талийгаач доороо гурван дүүтэй айлын том хүү байжээ. Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байгаа юм байна.Сүүлийн үед учир битүүлгээр амь насаа алдах энэ төрлийн хэрэг нэлээд гарч байгаа тул оюутан залуучуудыг хашир болгоомжтой сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Н.Ганаа