М.ЦЭЦЭГ

Гишүүдийн ирц бүрдэхгүй байгаагаас уржигдар өглөө нээх байсан УИХ-ын ээлжит бус чуулганыг өчигдөрболгож хойшлуулсан. Дахиад л ирц бүрдсэнгүй. Энэ удаад УИХ дахь АН болон МАХН-МҮАН-ын “Шударгаёс” эвслийн долоо, ИЗНН-ын хоёр гишүүн нээлтэд ирсэн ч ирц бүрдээгүй байна. Харин МАН-ын бүлгийнгишүүд оролцсонгүй. Хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаанд үүсээд буй нөхцөл байдлын талаар АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар болон МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа нарын байрсуурийг хүргэе.

 

Б.Гарамгайбаатар: ЦӨМИЙН ХОГ ХАЯГДАЛ ОРУУЛАХЫГ МАН ДЭМЖИЖ БАЙНА

-УИХ-ын ээлжит бус чуулганыг хоёр дахь өдрөө зарлаад байна. Өнөө өглөө УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, Засгийн газраас нэн яаралтай хэлэлцүүлэхээр оруулж ирсэн хуулийн төслийг ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр шийдвэрлэсэн. Есөн цагаас нэгдсэн чуулган хуралдах ёстой байсан ч Ардын намын бүлгийн гишүүд мөн л ирсэнгүй. Нэгэнт УИХ-ын даргын захирамж гарсан тул бид ажлаа хийх ёстой. Энэ асуудлыг Монгол Улсад ашигтайгаар шийдвэрлэх хуулийн төслийг Засгийн газраас оруулж ирж байгааг Ардын нам дэмжихгүй байгаа юм байна. Өргөн барьсан хуулийн төсөлд ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг Монгол Улсын хилээр оруулахыг хориглосон заалт тусгасан байгаа. Иргэдийн хүсэлтийг тусгаж өгсөн гэсэн үг. Гэтэл Цөмийн хог хаягдлыг Монгол Улсын хилээр оруулж ирэхийг Ардын нам дэмжиж байгаа юм байна, харин Ардчилсан нам үүнийг зөвшөөрөхгүй. Хуулиа баталчихаад дараа нь Олон улсын конвенцид нэгдэн орох юм бол бид ямар ч асуудалгүйгээр ажлаа явуулах боломжтой. УИХ-ын чуулган дахиад 14:00 цагаас зарлагдсан. Хэрэв чуулган эхэлвэл энэ асуудлыг хэлэлцэж, цэг тавина. Яаралтай батлах шалтгаан нь ойлгомжтой. Дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө Монгол Улсын Засгийн газар олон улсын өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу энэ асуудлыг танилцуулах ёстой. Тэгэхээр УИХ-ын чуулганы ирц бүрдэж, албан ёсоор эхэллээ л бол эдгээр асуудлыг ярина. Батлагдах, дэмжлэг авах эсэх нь гишүүдийн үзэл бодол, кнопоо хэрхэн дарахаас шалтгаална. Уг нь чуулганд орохгүй байх шалтгаан харагдахгүй байна. Гол нь чуулгандаа оролцож, асуудлыг хэлэлцэн, намууд байр сууриа илэрхийлж, гишүүд асууж тодруулах зүйлээ сонсоод, шийдвэрээ өөрсдөө гаргана. Хэн нэгэн хүнд нөлөөлж байгаа юм огт байхгүй. Ардчилсан намын 35 гишүүнээс 30 нь ирсэн байна. Зарим гишүүн өнөөдөр зохион байгуулагдаж буй Эдийн засгийн форумд оролцож байгаа. Мөн “Шударга ёс” эвсэл, Иргэний зориг ногоон намын гишүүдийн ирц бүрдсэн. Тэд УИХ-ын даргын шийдвэрийг хүндэтгээд чуулгандаа ирчихсэн байна. Гэтэл Ардын намын гишүүд болон О.Баасанхүү, бие даагчид чуулгандаа орж ирсэнгүй. Бид тэдний яриад байсан зүйлийг нь албан ёсоор хуульчлаад өгье гэтэл өөрсдөө ирэхгүй байна. Чуулган дээр гишүүд өөр өөрсдийнхөө байр суурийг хадгалж, асуулт тавьж, хариултаа авах хэрэгтэй. Намууд мөн байр сууриа илэрхийлэх хэрэгтэй. Гарах шийдвэр нь ямар ч байж болно. Ийм шийдлийг хийх гэж оролдож байна. Гэтэл янз бүрийн шалтаг шалтгаан дурдаж, хуралдаа оролцоод асуудлаа хэлэлцэхийн оронд гадуур өөр зүйл яриад байгаа нь зохисгүй байна. Хүмүүсийн тайван байдлыг алдагдуулаад байх шаардлагагүй гэж Ардын намынханд хэлье.

 

Д.Хаянхярваа: ЦӨМИЙН АСУУДЛААР АН ГҮТГЭЛЭГ ТАРААХАА БОЛЬ

-Уржигдар УИХ-ын гишүүдийн байр суурийг сонсоход аль ч нам гэлгүйгээр бүгд Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай конвенцид нэгдэн орох тухай асуудлыг судлах ёстой, олон түмний санаа бодлыг сонсох ёстой, УИХ-ын ээлжит чуулганаар хэлэлцэх ёстой гэж үзэж байсан. Мөн олон нийтийн зүгээс ч энэ асуудлаар шаардлага тавьж, байр сууриа илэрхийлж байна. Тиймээс олон нийтийн шаардлага, ард иргэдийн эргэлзээ тээнэгэлзээ, байр суурийг сонсож, үүссэн нөхцөл байдлыг мэргэжлийн хүмүүс, судлаачдаар судлуулсны эцэст энэ асуудлыг хэлэлцэх ёстой. Ийм чухал асуудлыг заавал ээлжит бус чуулганаар яаран сандран хэлэлцэх учир юу байна. Ардын нам энэ конвенцид нэгдэн орохыг эсэргүүцэж, Монголд цөмийн хог хаягдлыг булшлахыг дэмжиж байгаа мэтээр АН-ын бүлгийн даргын зүгээс удаа дараа тайлбарлаж байгааг гайхаж байна. Энэ АН-ын бүлгийн даргын байр суурь уу, эсвэл АН-ын байр суурь юм уу. Ийм гүтгэлэг тараахаа болих хэрэгтэй. Засгийн газар өчигдөр Ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг Монгол Улсын хилээр оруулахыг хориглох тухай хуулийн төсөл өргөн барьсан. Энэ хуулийн төслийг аваад үзэхээр нүглийн нүдийг гурилаар хуурна гэгч болох вий. Учир нь Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 2-т “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ”, 10 дугаар зүйлийн 3-т “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ” гэж заасан. Мөн Олон улсын гэрээний тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2-т “Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө” гэж заасан. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас өчигдөр өргөн барьсан Ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг Монгол Улсын хилээр оруулахыг хориглох тухай хуулийн төслийг баталсан ч гэсэн олон улсын гэрээний заалтаасаа илүү давж үйлчлэх эрхгүй байгаад байна. Иймд ард иргэдийн дунд үүссэн эргэлзээг арилгаж, үүссэн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч, нэгдсэн ойлголтод хүрч байж энэ асуудлыг ээлжит чуулганаар хэлэлцэх хэрэгтэй.