Улаанбаатар хотоос Төв аймаг явах зам дагуу буюу нийслэлээс 31, Төв аймгаас 10 орчим километрт орших арабчуудын эдлэн газар бий. Төв аймагт ойр нутагладаг малчидтай хаяа дэрлэн орших энэ газарт шонхор үржүүлэх юм гэсэн малчдын яриа байдаг. Тэдний хувьд малчдын малыг эдлэн газрынхаа дэргэдүүр бэлээрлүүлэх дургүй байдаг тухай ч яриа бий.

Нөгөө “Хойноос ирээд хот манайх хотонд ороод хонь манайх” гэдэг л болж байна. Тус газрыг малчид өгөхгүй хэмээн тэмцэл илэрхийлээд тусыг эс олсон учраас өдгөө арабчууд ноёлдогдуу өндрийг тохижуулаад авсан. Хууль эрх зүйн хувьд харшлаад байх зүйлгүй ч нутгийн малчдыг ад үзэн суугаа нь хэнд таалагдах билээ. Уг нь тус газрыг өгөхгүй гэсэн тэмцэл өрнөж, нутгийн удирдлагуудын чихэнд хүртэл очсон ч яаж ч чадаагүй нь мөнгө төгрөгтэй холбоотой гэсэн албан бус мэдээлэл малчдын дунд тархажээ.

Ямартай ч газрынх нь зөвшөөрөл гараагүй байхад байшин барилгаа бариад эхэлчихсэн байсан юм билээ. Үүнд УИХ-ын дарга М.Энхболдын гарын хүн гэгдэх Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбатыг холбон тайлбарлах нь ч бий. Тодотгож хэлбэл,  арабчуудын газрын асуудлыг шийдэж өгсөн албаны хүн бололтой юм. Гэхдээ энэ бол албан эх сурвалжийн мэдээлэл биш, нутгийн малчдын яриа гэдгийг онцлох нь зүйн хэрэг биз ээ. Өнөөдөр тус эдлэн газрыг Монгол талаас н.Энхбаяр гэх залуу хариуцан ажилладаг аж. Газрыг бүр болон түр эзэмших зөвшөөрөлтэйгөөр ашиглах эрх нь тэдэнд хууль эрх зүйгээрээ байдаг ч Монгол Улсын нутаг дэвсгэрт эдлэн газар бий болгочихоод монгол малчдыг ад үзнэ гэдэг байж боломгүй зүйл.

Тэр тусмаа уул усыг нь их талбайд хашчихаад уугуул иргэдийг ад шоо үзэж байгаагийн цаана ямар эрх ашиг, хөрөнгө мөнгө байна вэ. Ямартай ч энэ газарт шонхор шувуу үржүүлнэ гэсэн төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаа гэнэ. Тэгэхээр арабчууд монголын нутаг дэвсгэр дээр шонхор шувуу үржүүлэх нь тодорхой болж байна.

Х.Баатар

Шуурхай.мн