Монгол Улсын шигшээ багийн тоглогч, Оюутны лигийн аварга О.Дөлгөөн АНУ-д очоод гэнэт өвдөж, элэг яаралтай солиулахаар болсон.

2019 оны Оюутны лигийн аваргын шагнал болох "NBA"-ын финалийн тоглолт үзэх гэж яваад өвдсөн түүний эмчилгээ, хагалгааны зардал 100 мянган ам.доллар болсон хэмээн мэдээлснээр сагсчин залууд туслах хөдөлгөөн өрнөсөн. Нийгмийн сүлжээнд #Pray4Dul­guun хэмээх давлагаа үргэлжилсээр байна. Ямартаа ч нийтээрээ давалгаалсаар байгаад энэ тухай мэдээллийг олон түмэнд хүргэж, хандив тусламжаар эмчилгээ, хагалгааны зардал нь бүрдчих шиг болов. #Pray4Dulguun хэмээх коментыг хэр олон удаа бичнэ, тэр хэрээр олон улсын байгууллагаас хандив тусламж авах магадлалтай учраас аль болох олон дагагчтай гадаадын одуудын дор бичвэл үр дүнтэй хэмээх зөвлөмж ч хаа сайгүй хөвөрч байна.

Олны танил алдартай хүмүүс өөрийн нэр нүүрээрээ түмэн олныхоо хандив тусламжаар эмчилгээний зардлаа босгон, амьд мэнд явж болоод байна. Хошин урлагийн жүжигчин Б.Баатархүү өвдөж, Германд хагалгаанд орох болоход найз нөхөд нь тоглолт зохион байгуулж, хандивын данс нээж, эмчилгээний зардлыг дор нь олоод өгсөн. Түүнийг таньдаг, тоглолтыг нь үздэг, мэддэг хүмүүс цаг зав, мөнгөө харамгүй зарцуулсан. Тэр үед тоглолтын заал үзэгчдээр дүүрэн байсан нь үнэн. Монголын хөгжмийн урлагийн ноён оргилын нэг Б.Шарав, домогт их найрагч Б.Лхагвасүрэн, алдарт ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ нар ар араасаа цуварч өвдөхөд, ард түмэн өглөг хандиваа чадлынхаа хэрээр өгч, эмчилгээний зардлыг нь босгоод ирсэн нь бахархмаар байв. Харин олны танил бус хүмүүс өвдөж зовоод хандив гуйвал бараг хэн ч тоодоггүй. Тэд маань тэнгэр хол, газар хатуугийн зовлонг үүрч, өвдөж зовсоор орчлонг орхиж байна. Сагсчин О.Дөлгөөнд туслах #Pray4Dulguun давлагааны араас гурван ч нялх “амьтан”-д туслаач хэмээсэн комент ар араасаа фэйсбүүкт харагдаж эхэлсэн. Ингэж олны анхааралд аваачиж, хандив тусламжийн арга хэмжээг идэвхжүүлж болдог юм байна хэмээн аргаа барсан эцэг, эх нь бодоо биз. #PrayforUchral, #Pray4Eson­erdene, #Pray4Амингэрэл гэсэн коментны дээрх нялх үрсийн зургийг харахад өр өвдөм.

Б.Амингэрэл охин долоон настай. Дөнгөж нэг сар гаруйтай байхдаа цөсөө авахуулсан, одоо яаралтай элэг шилжүүлэн суулгах шаардлагатай. Монголд эмчилгээ хийх боломжгүй учраас Солонгост очсон. Анх аав, ээж, ах дүү, хамаатан садангийнхаа тусламж дэмжлэгээр 60 гаруй сая төгрөгтэй явснаар бүрэн шинжилгээ, оношоо хийсэн бөгөөд аав нь охиндоо элэгнээсээ өгөхөөр болжээ. Хагалгааг ирэх сарын 11-нд хийхээр товлосон. Өртөг нь 200 сая вон буюу 440 орчим сая төгрөг. Байдгаа шавхсан болохоор эцэг, эх нь ард түмнээсээ хандив дэмжлэг хүсч байгаа бөгөөд өдгөө нийт зардлын 20 орчим хувь нь цуглажээ. Хэзээ мөнгө бэлэн болно, тэр үед охинд хагалгаа хийнэ.

Т.Есөн-Эрдэнэ охин зүрхний төрөлхийн гажиг буюу ховдол хоорондын таславч нь цоорхой. Монголд эмчлэх боломжгүй. Зүрхний төрөлхийн ийм гажигтай хүүхдүүдэд гаднаас эмч нар ирж үнэ төлбөргүй хагалгаа хийдэг ч Т.Есөн-Эрдэнэ охины хувьд хэтэрхий хүнд гэсэн оноштой болохоор энэ хөтөлбөрт хамрагдах боломжгүй. Охины хагалгааны зардал 120 сая төгрөг ч өдгөө хандиваар 20 орчим хувь нь цугласан хэмээн ээж нь ярилаа.

О.Учрал дөрвөн настай. Хорт хавдраар шаналж буй үрийнхээ төлөө эцэг, эх нь байр, машин гээд юу байдгаа зарж, дээр нь аав ээж, ах дүү, хамаатан садан, таньдаг мэддэг сайхан сэтгэлтэй хүмүүсийнхээ тусламжаар 158 сая төгрөгөөр Хятадад хагалгаанд орж, Сингапурт эмчлүүлжээ. Дараагийн хагалгааны мөнгө болох 62 сая төгрөгөө олохын тулд яалт ч үгүй хандив гуйж байгаа бөгөөд цуглах яагаа ч үгүй бололтой. Энэ бол бидний мэдэж байгаа хүүхдүүд. Үүний цаана хичнээн ч үрс өвдөж зовж, хичнээн ч хүн мөнгөгүйн зовлонгоос болж хайртай хүмүүсээ өнчрүүлэн одож байгаа бол.

Монголчууд ардчилал, зах зээлийн чөлөөт нийгмийг сонгосноор барууны хөгжил дэвшлээс нэг их хол хоцрохоо больсон. Үүрэн технологи, харилцаа холбоо, интернэт сүлжээ гээд барууны хөгжил манайд шууд л хуулбарлагдан бууж байна. Анагаах ухааны нээлт ч мөн хурдан шуурхай бидний амьдралд нэвтэрч эхэллээ. Өнөөдөр баруунд нэвтэрсэн анагаах ухааны нээлт маргааш нь л Япон, Солонгосын эмнэлгүүдэд нэвтэрдэг. Монголчууд тэнд очиж эмчлүүлж, үр шимийг нь хүртэж байна. Япон, солонгосууд хамтарсан эмнэлэг барих ч юм уу, тусламж дэмжлэгээр ч болтугай энэ шинэ дэвшлийн эмчилгээний загвараа манайд тун хурдан, тэр чигээр нь шууд оруулж ирдэг нь баярламаар. Монголчууд барууны чиг баримжааг дагаагүй бол “Сибирийн бөглүү тосгонд шприцээ буцалгаад сууж байдаг” гэдэг шиг л амьдрах байсан биз.

Орчин үеийн анагаахын шинжлэх ухаанд эмчилж чаддаггүй өвчин гэж байхаа больсон. Яаж ийж байгаад л эмчилдэг боллоо. Харин мөнгө төгрөгний ойлголт шинээр гарч ирлээ. Юу гэсэн үг вэ гэхээр, “Энэ өвчнийг эмчлэхэд ийм хэмжээний мөнгө хэрэгтэй” гэдэг болсон. Тухайлбал, элэг шилжүүлэн суулгахад хамгийн хямд гэгддэг Энэтхэг улсад замын зардал, буудал, эмчилгээ нь нийлээд ойролцоогоор 100 мянган ам.доллар буюу 200 сая төгрөг болчихдог. Өөрөө донортойгоо очвол хагалгааны зардал дунджаар 80-130 орчим сая төгрөг. Элэг шилжүүлэн суулгалтаараа хамгийн сайн гэгддэг Сингапурт энэ төрлийн хагалгаа, эмчилгээ 250 сая төгрөгөөс эхэлнэ. Монголчуудын хамгийн их очдог Солонгос улсад 130 -500 сая төгрөг бол Монголд эмч нар 85 сая төгрөгөөр элэг шилжүүлэн суулгаж байгаа.

Харамсалтай нь, монголчуудын дийлэнх нь мөнгөгүй. Эмчилгээ нь бэлэн байхад өөрийнхөө болон хайртай дотны хүмүүсээ аврах мөнгө нь байдаггүй. Дээхнэ үед бол “эмчилгээгүй” гээд эмнэлгээс гаргадаг байж. Нэгэнт эмчилгээгүй гэсэн юм чинь гэрт, гадаа нь хэдэн өдрөөр эргэлдэж байгаад хайртай нэгнээ аварч чадалгүй ертөнцөөс үддэг байлаа. Хөдөө бол “хөөрхий манай нутгийн тэр гуай раак тусаад эмчилгээгүй гээд гэртээ гарсан гэнэ. Эргэж очилгүй болохгүй” гээд хэдэн өдөр уяан дээр нь морьд багширч, эргэж тойрч байгаад буцаадаг. Эмчилгээгүй гэдэг байсан тийм цаг үе хэдийнэ ард хоцорсон ч бид эмчилгээний мөнгөгүй гээд сууж байгаа нь дэндүү эмгэнэлтэй.

Нэгийгээ аврах бололцоо байсаар байтал харсаар суугаад үхүүлэх шиг аймшиг хүн төрөлхтөнд байдаггүй. Нэгэнт эрдэмтэд ямар ч өвчнийг эмчлэх эмчлгээг нь гаргаад ирсэн байхад мөнгөний асуудлыг шийдэх хавьгүй хялбар юм. Монголчууд мөнгөгүйгээсээ болж үхэхгүйн тулд төр засаг, ард түмэн бүгд ярилцаж байгаад яаж ийгээд яаралтай шийдэх л хэрэгтэй.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар Монгол Улсын бүх иргэн эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах үүрэгтэй. Гэсэн ч эрүүл мэндийн салбар хамгийн муу нь хэвээрээ. Үүнд бодлогын дорвитой өөрчлөлт хийж байж л бид мөнгөгүйн зовлонг гэтлэх боломжтой. Албан эх сурвалжаас харвал “Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог нэвтрүүлсэн цагаас эрүүл мэндийн даатгалд Монгол Улсын нийт хүн амын 73.4-98.6 хувийг хамруулж, сангийн орлогын төлөвлөгөөг жил бүр биелүүлэн, жилээс жилд нэмэгдүүлсээр иржээ. Тухайлбал, 1995 онд 7.5 тэрбум төгрөгийн шимтгэлийн орлого төвлөрүүлж байсан бол 2016 онд 302.6 тэрбум төгрөгт хүрч сангийн орлого 40.4 дахин нэмэгдсэн байна. Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого жил бүр зарлагаасаа давсны улмаас санд 2017 оны сүүлчээр 473.4 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгийн үлдэгдэлтэй, үүнээс 442.2 тэрбум төгрөг нь банкны харилцах болон хадгаламжийн дансанд, 31.2 тэрбум төгрөг нь Засгийн газрын бонд хэлбэрээр байршиж буй” гэсэн мэдээлэл байна. Энэ даатгалын санд цугларсан мөнгийг зөв зохистой зарцуулах хэрэгтэй байна. Ханиад, хатгаа зэрэг ойр зуурын өвчинд төрөөс мөнгө зарцуулахаа больё. Энэ мэт зардлаа бид халааснаасаа гаргачих боломжтой. Үнэгүй болон хөнгөлөлттэй эм олгохоо больсон ч болно. Эрүүл мэндийн даатгалын санд төвлөрсөн мөнгөний дийлэнхийг хорт хавдар зэрэг хүнд өвчтэй хүмүүстээ зориулдаг болбол бид цаг бусын үхлээс аврагдах боломжтой. Эрүүл мэндийн салбарыг үргүй зардлаа багасгавал бид хүмүүсээ харсаар байгаад алдах биш, аварч чадна. Улстөрчид нэг их сайн хүн болох гэж, өөртөө сайхан нэр алдар олох гэж ямар ч хамаагүй зүйлд даатгалын мөнгийг зарцуулж байгаа нь ард түмэнд хорлонтой тусч байна. Наад захын жишээ гэвэл Эрүүл мэндийн даатгалаар фитнесст явж байгаа. Өч төчнөөн хүн мөнгөгүй гэж үхэж, амь наана там цаана байхад энэ бол тансаглал, галзуурал юм.

Эрүүл мэндийн хувийн даатгалын сангуудыг ч төр бодлогоор дэмжиж бий болгомоор байна. Хувийн эрүүл мэндийн сангууд олон улсын том том эмнэлгүүдтэй хамтран ажилладаг, хэлхээ холбоотой байх бөгөөд даатгуулагчаа эмчилгээнд нь хамруулдаг тогтолцоо аяндаа бий болоод эхэлнэ. Энэ мэт зоригтой, шийдэмгий бодлогын алхмуудыг хийхгүй бол монголчууд маань хэдий болтол хандив гуйж явах вэ. Тэгээд ч хандив гэдэг нэр хүндтэй, олны танил хүмүүст үйлчилдэг зүйл.

Хувь хүмүүс ч сэтгэлгээндээ өөрчлөлт хийж, ямар ч үед эрүүл мэнддээ мөнгө зарцуулдаг болох хэрэгтэй. Үүний тулд мөнгөнд ханддаг сэтгэлгээгээ ч өөрчлөх нь чухал юм. Бид ядуу байгаагаа өмөөрч “мөнгө чухал биш. Үхэхдээ мөнгөө аваад явах биш дээ” гэж ярьцгаадаг. Гэтэл амьдрал дээр мөнгөгүй бол юуг ч шийддэггүй. Бүр мөнгөгүйгээсээ болоод үхэж байна шүү дээ. Ойрын 100 жилд лав энэ хэвээрээ байна. Яваандаа шинжлэх ухаан тултал хөгжих үед хүн үхэхгүй болох ч юм уу, өвдөж зовбол шууд эрүүл болгодог болох биз.

Одоо монголчууд бид хандивын гуйлгачин сэтгэлгээнээсаа салах цаг болсон. УИХ-ын гишүүдээсээ эхлээд ард түмэн бүгд тойрч суугаад ярилцах хэрэгтэй. Яаж мөнгөтэй байх, харсаар байгаад нэгэндээ тусалж чадалгүй буцаачихгүйхэн яаж эмчлэх вэ гэдгийг шийдэх л хэрэгтэй байна. Гарц хаана ч байдаг.