Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар хуульчид энэ сарын 29-нд “Зангиатай жагсаал” зохион байгууллаа. Уг жагсаалаар хуульчид шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх талаар зарим саналыг гаргаж, иргэдэд мэдээлэл түгээсэн юм. Ингээд уг жагсаалыг дэмжин оролцож буй Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунангаас дараах зүйлийг тодрууллаа.

-Хуульчид ингэж жагсаж байсан нь бараг анхных болов уу. Хуульчдын зүгээс яг ямар саналтай байгаа юм бэ?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгагдаж байгаа шүүх эрх мэдэлтэй холбоотой асуудлыг анхааралтай ажиглаж, тухай бүрт нь санал хүргүүлж байсан. Мөн уг саналыг олон нийтэд хүргэх үүднээс оролцсон. Ялангуяа шүүх эрх мэдэлтэй холбоотой асуудалд онцгойлон ач холбогдол өгч байна. Учир нь өнөөдөр шүүх эрх мэдэл хараат бус байх, байхгүйг шийдэх чухал цаг мөч ирээд байна. Өмнө нь шүүх 100 хувь хараат байсан биш. Гэхдээ одоо оруулах гэж байгаа хуулийн зохицуулалтаар хараат бус байдлыг бэхжүүлэх боломж нөхцөл үүсэх юм. Одоогийн зохицуулалт шүүгчийн томилгоо, шүүгчийг сонгон шалгаруулдаг Шүүхийн ерөнхий зөвлөл нь ч, Шүүхийн сахилгын хороо нь хүртэл нэг хүнээс “хамааралтай”. Ийм тохиолдолд шүүгчийн хараат бус байдал зөрчигдөх эрсдэл өндөр. Тиймээс үүнийг залруулах нь зөв юм гэдэг асуудлыг хөндсөн. Үндсэн хуулиас бусад хуулиар зохицуулах боломж бий. Гэвч тэгж зохицуулах хүсэл, зориг байхгүй байна. Тиймээс Үндсэн хуульдаа баталгаажуулах, бэхжүүлэх замаар хангах нь зүйтэй. Хараат бус шүүх гэдэг ардчилсан иргэний нийгмийн гол тулгуур юм шүү дээ. Үндсэндээ хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны баталгаа болдог. Тиймээс үүнийг хайрлаж хамгаалж, төгөлдөржүүлэх ёстой.

-Шүүх эрх мэдэлтэй холбоотой чухал есөн заалт орж ирсэн гэсэн. Хэлэлцүүлгийн явцад гурав нь үлдсэн гэж байна. Магадгүй чуулганы үеэр дахин нэг, хоёр заалт нь алга болчихвол Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсны хэрэг гарах болов уу?

-Нэмэлт, өөрчлөлт оруулна гээд эрчимтэй яригдах үеэс хуульчдын зүгээс зарчмын байр сууриа хүргүүлсэн. Есөн чухал заалтаас гурав нь үлдсэн дээ биш. Бид өнөөдөр зарчмын гол юмаа хийх ёстой. Ерөнхийлөгч анх Үндсэн хууль батлагдахад “томилдог” гэдэг агуулга нь хүлээн зөвшөөрөх, ёсчлох, батламжлах гэсэн агуулгаар орсон байхад буруу хэрэглээд Ерөнхийлөгч томилж байгаа юм чинь ямар нэгэн үндэслэл хэлэхгүйгээр татгалзах эрхтэй гэж байгаа юм. Уг нь 62 гишүүний өргөн барьсан нэмэлт, өөрчлөлтөөр мэргэшсэн шүүгч, мэргэжлийн хуульчдаас бүрдсэн байгууллага сонгон шалгаруулж томилно гэж оруулбал дээрдүүлсэн заалт болно. Ингэж чадахгүй бол ядаж Ерөнхийлөгчийн “томилох” гэдэг заалтад хязгаарлалт оруулж өгөх ёстой. Өөрөөр хэлбэл, томилохоос татгалзсан үндэслэлээ заавал тайлбарладаг байх. Зөвхөн Үндсэн хуульд заасан үндэслэлээр татгалздаг байх гэсэн засварыг хийхгүй бол одоогийн энэ байдлаар хэвээрээ л байна гэсэн үг. Гэхдээ энэ нь шууд хараат байна гэсэн үг биш. Эрсдэл байна гэдэг хамгийн аюултай шүү дээ.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр шүүгчийг томилдог, чөлөөлдөг байгууллагыг тусад нь бий болгоно гэж яриад байгаа шүү дээ?

-Мэргэжлийн хуульч, шүүгч, салбар бүрийн төлөөллөөс бүрдсэн энэ байгууллага шилж, сонгох ёстой. Өөрөөр хэлбэл, хамгийн тохиромжтой нэр дэвшигчийг шилж сонгон, нэрийг нь Ерөнхийлөгчид өргөн барина. Ерөнхийлөгч татгалзах зүйлгүйгээр эсвэл зөвхөн Үндсэн хуульд заасан үндэслэлээр татгалздаг зохицуулалтыг хийвэл ямар ч асуудалгүй. Энэ зохицуулалтыг хийж чадахгүй байгаа учраас бид Үндсэн хуулиар баталгаажуулж, тодорхой болгох саналтай байгаа юм. Бид шүүгчдийг хараат бус байлгая гэвэл энэ өөрчлөлтийг зайлшгүй хийх хэрэгтэй.