УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан энэ сарын 24-нд хуралдаж, хамгийн түрүүнд энэ оны төсөвт тодотгол хийхээр төлөвлөөд байгаа.

2014 оны төсвийг батлахдаа он дамжсан төсөвт өртөг бүхий барилгуудыг анх удаа царцаан нэг ч төг­рөг төсөвлөөгүй орхисон нь тухайн үед нэлээд хэл ам дагуулж байсан. Тиймээс дээрх царцаасан барилгуудыг төсвийн то­дотголоор сан­хүүжүүлэх үү, үгүй юу гэдгийг аудитын шалгалтаар тодорхойлох үүргийг тухайн үед Ерөнхий сайд өгсөн. Үүний дагуу аудитын газраас хөрөнгө оруулалтын ажил нь удаа­ширсан, барилгын ажил нь дуусахгүй хэдэн жил үргэжилж байгаа болон төсөвт өртөг нь үндэслэлгүй өссөн 272 обьектэд аудитын шалгалт хийж, дүгнэлтээ төсвийн байнгын хороонд танилцуулаад байгаа.
Шалгалтын дүнд ажил нь дууссан 26, 90-ээс дээш хувийн гүйцэтгэлтэй зургаа, огт ажил нь эхлээгүй 99, үргэжилж байгаа 141 обьект хамрагдсан байгаа юм. 3-6 жил ажил нь дуусахгүй үргэжилж байгаа 47 обьектийн ихэнх нь Боловсрол, шинжлэх ухааны яамнаас захиалсан байгааг аудитын шалгалтаар тогтоосон.
Шалгалтын үр дүнд 518.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 146 төсөл арга хэмжээг 2014 оны төсвийн тодотголд тусган хэрэгжүүлэх боломжтой гэсэн дүгнэлт гарсан байна. Харин 24.7 тэрбум төгрөгийн 23 обьектыг цаашид санхүүжүүлэх боломжгүй гэж үзсэн аж.
Иймэрхүү барилгын тоонд Ховд аймгийн Жаргалант сумын нутагт хэрэгжиж байсан үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих төслийн хүрээнд баригдах ёстой байсан барилга зүй ёсоор багтаж байгаа юм. Баримт дурьдваас
-Энэхүү барилгыг барих нийт төсөвт өртөг нь 680 сая төгрөг аж. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас таван жилийн хугацаатай зээлд хамруулсан бөгөөд 390 сая төгрөгийг нь хэдийнэ олгосон аж. Гэсэн ч өнөөдрийн байдлаар зураг төсөл дулаан, цахилгаан усан хангамжийн нөхцөл, инженер-геодезийн дүг­нэлт нь гараагүй. Барилгын ажлын гүйцэтгэл 0.4 хувьтай байгаа аж. Өнгөрсөн хугацаанд аудитын газраас шалгалт хийхэд 4-5 жил болж байгаа өөр барилгын суурийг үзүүлэх замаар аргацаадаг байжээ. Одоогоор энэ бүхэнд хариуцлага хүлээх ямар ч газар байхгүй байгаа аж. Гүйцэтгэгч компани нь олдохгүй, сураггүй алга болсон гэдгийг тухайн сумын удирдлагууд аргаа баран хэлж байх жишээтэй. Иймэрхүү жишээ хөдөө орон нутагт хаа сайгүй байгаа нь харамсалтай.
Үүнээс гадна явган хүний гүүр барихад хэдэн зуун сая төгрөг төсөвлөөд байгаа ч барилгын ажил нь удааширсан, хэдийнэ ашиглалтад орох боломжтой байсан ч гүйцэтгэгч, захиалагчдын хайхрамжгүй байдлаас үүдэлтэйгээр царцаасан барилгын тоонд орсон хэд, хэдэн барилга Хөвсгөл аймагт байгаа аж.
Тухайлбал, Рашаант сум Сэлэнгэ мөрний Сацын булангийн төмөр бетон гүүр анхны төсөвт өртөг нь 2011 онд 3659.4 сая төгрөг байсан ч 2012 онд 4451.7, 2013 онд 5.863.0 сая төгрөг болж өссөн байх жишээтэй. Төсөвт өртөг өссөн шалтгааныг тендер зарлалгүй удаасантай холбон тайлбарладаг. Мөн 2012 онд 4451.7 сая төгрөгийн төсөвтэй тендер зарласан боловч гүйцэтгэгч шалгараагүй тул “Эрдэнэт суврага” ХК, “Эвт уул” ХХК-д шууд гэрээ байгуулах урилга хүргүүлснээр 2013 онд “Эрдэнэт суврага” ХК 5863.0 сая төгрөгөөр гүйцэтгэх санал ирүүлсэн байна. Одоогоор гүүрийн барилгын ажил 15 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.
Мөн Цагаан-Үүр сумын Үүрийн голын 326.55 метр төмөр бетон гүүр барих ажлыг оруулж болно. Энэхүү барилгын ажил гурван жил дамжин удааширч байгаа аж. Анхны төсөвт өртөг нь 8134.8 сая төгрөг бөгөөд тухайн үеийн Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам 2011 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр тендер зарлан 2011.04.11-ний өдөр “Хөвсгөл зам” ХХК-тай 8163.8 сая төгрөгийн төсөвт өртөгт гэрээг байгуулсан аж. Улсын төсвөөс 2011 онд 429.8 сая, 2012 онд 4715.0 сая, 2013 онд 2575.1 сая төгрөг, нийтд 5858.9 сая төгрөг буюу нийт төсөвт өртөгийн 71.8 хувийн санхүүжилтийг “Хөвсгөл зам” ХХК-д олгосон байна. Гэтэл барилгын ажил одоогоор 83 хувийн гүйцэтгэлтэй байгаа гэнэ.
Энэ мэт жишээс Ерөнхий сайдын нэрлээд байсанчлан “Авлигажсан төсөв” хэрхэн бий болдгийг бэлхнээ харж болох нь байна.

Р.САРАНГОО