Та хүүхдээ сургуульдаа явахад нь өдрийн хоолыг нь бэлтгэж өгдөг үү. Амждаггүй гэсэн шалтгаанаар халаасны мөнгө өгөөд явуулдаг уу. Тэр мөнгөөр юу худалдаж авч иддэгийг сонирхож үзсэн үү. Таны хүүхэд бэлэн гоймон, гаазтай ундаагаар өл залгуулж яваа юм биш биз. Эх орны ирээдүй болсон хүүхэд, залуучуудын эрүүл мэнд хэдэн жилийн дараа ямар байх бол.

Сургуулийн насны хүүхдүүдийн дийлэнх нь эрүүл мэндэд тусгүй бүтээгдэхүүнийг өдөр тутамдаа хэрэглэж байгаа нь дээрх асуултыг тавих болсон шалтгаан юм. Өдрийн ихэнх цагийг сургууль дээр өнгөрөөж байгаа сурагчид дэлгүүр, түц, хоолны газраас юу худалдаж авч байгааг дараах сурвалжлагаар хүргэж байна. Уг нь 2013 онд Эрүүл мэндийн сайдын тушаалаар сургуулийн орчимд худалдаалж болохгүй хүнсний жагсаалтыг баталсан байдаг. Үүнд чихэр, шоколад, хийжүүлсэн ундаанаас эхлээд бүх төрлийн түргэн хоол гэх мэт хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй бүх хүнсийг хориглосон байдаг юм.

Дэлгэрэнгүй жагсаалтыг та цонх хэсгээс уншаарай. 2018 онд энэхүү жагсаалтыг шинэчлэн баталсан ч сайжруулах шаардлагатайн улмаас цуцалсан байдаг юм байна. Тиймээс 2013 оны энэ жагсаалт хүчин төгөлдөр мөрдөгдөж байна гэсэн үг.

Эрүүл мэндийн сайдын 2013 оны 207 тоот тушаалаар сургуулийн орчинд хориглосон хүнсний жагсаалт:

Чихэр, мөхөөлдөс, шоколад

зэрэг энгийн нүүрс ус ихтэй хүнсний бүтээгдэхүүн

Нийлэг буюу химийн аргаар гарган авсан кремтэй бүтээгдэхүүн

Бүх төрлийн цуужуулсан, утсан, лаазалсан, бүтээгдэхүүн (давсалсан самар, цуу, загас, хиам, махан бүтээгдэхүүн, зайдас)

Өндөг, хуурай өндөг, майонез

Байгалийн бус өтгөрүүлсэн сироп ашиглаж үйлдвэрлэсэн бүх төрлийн шүүс

Бүх төрлийн хийжүүлсэн ундаа

Кофе

Их тосонд шарсан бүтээгдэхүүн, хоол хүнс (шарсан төмс, шаржигнуур тахиа)

Түргэн хоол (пицца, гамбургер, хотдог)

Шөлний тос, өөхөн тос түүгээр хийсэн бүтээгдэхүүн (гэрийн хайрсан боорцог, мушгиа боов)

Хайлуулсан элсэн чихэрт дүрж амталсан гурилан бүтээгдэхүүн

Төрөл бүрийн гүн болон хагас хөлдөөсөн бүтээгдэхүүн

Эрүүл мэндийн шаардлага хангаагүй бусад бүтээгдэхүүн

Гэвч бодит амьдрал дээр сургуулийн эргэн тойронд хүнсний худалдаа эрхэлж байгаа газруудад хориглосон хүнсний бүтээгдэхүүнүүд л хамгийн их худалдаалагдаж, хамгийн их ашиг орлогыг эзэддээ авчирч байна. Бид нийслэлийн зарим сургуулийн эргэн тойронд дараах ажиглалтыг хийсэн юм. Нийслэлийн Ерөнхий боловсролын тавдугаар сургууль. Тус сургуулиас холгүй хоёр ТҮЦ ажилладаг. Хоёулаа халуун кофе, хүйтэн ундаагаар үйлчилнэ гэсэн бичиг байршуулжээ. Тэнд энгийн, кимчитэй гэсэн хоёр төрлийн пирошки борлуулдаг. Нэг нь бэлэн гоймон сууж идэх боломжтой сандал, ширээ, халуун ус зэргээр үйлчилж байна. 

Харин сургуультай хаяа залган байгаа газар бол “СU” худалдааны төв. “CU”-гээр үйлчлүүлдэг хүмүүсийн ихэнх нь худалдан авдаг бүтээгдэхүүн бол мантуун бууз, хотдог, газтай ундаа, төрөл бүрийн кофе юм.  Тэнд үйлчлүүлж байгаа хүмүүсийн 80-90 хувь нь сурагчид байв. Ердөө 20 минут орчим тэнд зогсоод ажиглахад долоон хүүхэд газтай ундаа, зургаан хүүхэд хотдог, гурван хүүхэд мантуун бууз худалдаж аваад гарав. Түргэн хоол худалдаж авч байгаа хүүхдүүд ёс юм шиг аягатай ундаа бариад гарч байгаа нь туйлын харамсалтай. Хямд үнэ, богино хугацаа гэсэн шаардлагаар энэ төрлийн түргэн хоолны газруудын ашиг орлого өнөөдөр хамгийн их байгаа нь үнэн. 24 цагаар түргэн шуурхай үйлчилж, завгүй нийслэлчүүдийн хэрэгцээг хангаж байдагт нь гадны сүлжээ дэлгүүрүүдэд иргэд талархалтай байдаг. Гэхдээ “CU” сүлжээ дэлгүүрүүд сурагчдад газтай ундаа зардаггүй болчихвол нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж байгаа том алхам болно доо. “CU” бэлэн гоймонг насанд хүрээгүй хүнд зарахыг хориглосон шигээ ясны сийрэгжилт, сахарын өвчний гол шалтгаан болсон газтай ундааг хүүхдүүдэд зарахгүй байхыг уриалмаар байна.

Энэ мэтчилэн хэд хэдэн сургуулийн эргэн тойронд байх дэлгүүр, ТҮЦ-ээр ороход ороомог, пирошки, бургер, хотдог, бэлэн гоймон, газтай ундаа, печень, зайрмаг гээд бүтээгдэхүүнүүд хамгийн эрэлттэй байсан юм. Худалдан авалт хийж байгаа хүүхдүүдээс асуухад ихэнх нь “Аав, ээж юм авч идээрэй гэж өдөрт 1000-2000 төгрөг өгдөг. Ороомог, пирошки авч идэхэд хүрдэг” гэж хариулж байлаа. Тэр мөнгөнд таарах хоол бол түргэн хоол гэдэг нь үнэн. Сургуулийн орчимд худалдаа, үйлдвэрлэл эрхэлж байгаа эдгээр газрууд хууль зөрчсөн үү гэвэл бас л маргаантай. Учир нь сургуулийн орчин гэж яг хэдэн метр зайг хэлээд байгаа нь тодорхойгүй гэдгийг мэргэжлийн хяналтынхан хэлж байлаа. Шинэ хууль тогтоомжоор ирэх жилээс илүү тодорхой болно гэв. Нөгөө талаас хүүхдүүдэд буруу байхгүй. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ эрүүл мэндийг бодож, бэлэн мөнгө өгч явуулахгүй байх, шим тэжээлтэй халуун хоол бэлтгэж өгөх, өгсөн мөнгөөр нь юу авч байгааг хянах гээд үүрэг хариуцлагаа биелүүлэх шаардлагатай байна.

Хамгийн шим тэжээллэг, эрүүл хүнсийг өдөр тутамдаа хэрэглэх ёстой насандаа түргэн хоол, газтай ундаа, бэлэн гоймонгоор ходоодоо дүүргэж байгаа сурагчдын ирээдүйн эрүүл мэндийг анхаарахгүй бол тун удахгүй гамшгийн хэмжээнд хүрэх вий. Хэрэгждэггүй тушаал, шийдвэр, ойлгомжгүй заалтуудыг цэгцлэх тал дээр чхууль, хяналтын байгууллагууд нь ажиллах яаралтай шаардлагатай байна.

 

 

Л.Гэрэлмаа: Сургуулийн орчин гэдэг нь ямар зай болохыг тодорхой зааж өгөөгүй

/Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч/

 

– Сургууль цэцэрлэгийн хүүхдийн хоол хүнс, үйлдвэр үйлчилгээнд хориглосон хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг  2013 оны Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан байдаг. Энэ тушаалын  дагуу сургууль, цэцэрлэгийн дотор хориглосон хүнс худалдаалах зөрчлүүд  харьцангуй буурсан боловч сургуулийн орчинд худалдаалах асуудал төдийлөн буурахгүй байгаа.  Орчинд гэдэг нь ойрхон байгаа худалдааны газруудыг одоогоор хэлж байна. Гэхдээ одоогийн бидний мөрдөж байгаа хууль, дүрэм журмаар бол яг хэдэн метрийн доторхийг орчин гэх вэ гэдгийг тодорхой заагаагүй. Энэ асуудлыг тодорхой болгохын тулд Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хуулийг шинээр баталсан. Энэ хууль 2020 оны есдүгээр сараас хэрэгжиж эхэлнэ. Тэр хуулиар энэ асуудлыг тодорхой зааж өгсөн. Сургуулийн эдэлбэр газраас 150 метрийн дотор хүүхдэд хориглосон хүнсний бүтээгдэхүүнийг худалдах, үйлдвэрлэхийг хориглож байгаа. Хууль хэрэгжээд ирэхээр аль аль талдаа тодорхой болно.

 

 

Д.Энхмягмар: Хүүхдүүд илүүдэл жинтэй болж байна

/НЭМҮТ-ийн Хоол судлалын албаны судлаач, их эмч, доктор/

 

-Эцэг эхчүүд хүүхдэдээ өгсөн мөнгөөр юу авч байна вэ гэдгийг нь хянаж байх ёстой. Гэтэл огт хянадаггүй.  Ихэвчлэн бага ангийн хүүхдүүд чихэрлэг бүтээгдэхүүн, ундаа, бэлэн, түргэн хоолыг маш ихээр худалдан авдаг. Одоо хүүхдүүдийн ихэнх нь шүдний цооролттой байна. Мөн илүүдэл жинтэй болж байна. Ирээдүйд зүрх судас, хавдар гэх мэт олон өвчний суурийг буруу хооллолт нь тавьдаг. Эцэг эхчүүд маань хүүхдүүддээ гэрт нь хоол хүнсийг нь бэлдэж өгөөд явуулдаг байх хэрэгтэй. Өглөө хүүхдүүдээ гарахад нь өглөөний цайг нь уулгах ёстой. Өөр нэг анхаарах зүйл гэвэл үдийн цайнд өгч явуулдаг аяга тавгийг ерөөсөө угаахгүй байна. Эрүүл мэндийн хичээл дээр нь шарсан, хуурсан, чихэрлэг, хийжүүлсэн хүнсний тухай орж байгаа эсэхийг асууж байх хэрэгтэй. Сургууль цэцэрлэгийн тогооч нар болон хүнсний технологчидийн мэдлэгийг дээшлүүлмээр байгаа юм. Хүүхдүүддээ өдөр бүр 2-3 удаа сүү, тараг, ээдэм, бяслаг гэх мэт цагаан идээг хэрэглүүлж дархлааг нь дэмжээрэй.

 

 

П.Амгаланбаяр, Б.Мөнхтүшиг

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин