Ж.ЦОГЗОЛМАА

Монгол Улс ФАТФ олон улсын байгууллагын саарал жагсаалтад дахин бичигдэх зуур Тунис зэрэг улсууд энэ бүсийг орхин гарч байв. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхэд дэмжлэг үзүүлсэн улс орнууд энэ жагсаалтад багтсанаар  дэлхийн мөнгөний урсгалд эзлэх нэр хүнд нь буурдаг “эмгэг жам”-тай. Гадаадын хандивлагч улс орнууд, хөнгөлөлттэй зээл тусламжийн байгууллагууд ийм бүртгэлтэй нутаг дэвсгэрээс жийрхэж, томоохон банкууд элдэв арилжаа хийхээсээ татгалзах нь хэвийн үзэгдэл юм. Саарал жагсаалт бол тухайн улс орныг авлигад идэгдсэн, мөнгөний урсгал нь хүндээр өвдсөний онош тул дансаа улайлгахыг хүсээгүй л бол тэдэнтэй ойр хамтрах шалтгаан ховор болдог билээ.

Тэгвэл Бүгд найрамдах Тунис улсын хувьд энэ оны тавдугаар сарын 15-нд саарал жагсаалтыг орхиж буйгаа зарласан юм. Ингэхдээ татвараас зайлсхийхийг оролдогчдын үйлдлийг таслан зогсоох татварын бодлого хэрэгжүүлсэн нь үүнд нөлөөлсөн байна.

 

Татвараас “бултагчдыг” Тунис хэрхэн онилсон бэ?

 

Тунис улс татвараас зайлсхийгчдийг буулгаж авах арга хэмжээ авсан нь саарал жагсаалтаас гарах үндсэн гарц нь болсон байна. Тус улсын Сангийн сайд Ридха Чалхум энэ үйл хэргийн гол үүргийг гүйцэтгэж байсан юм. “Тунисийн Засгийн газар болон туслан дэмжигч талуудын нягт уялдаатай ажиллагааны дүнд бид саарал жагсаалтаас гарч чадлаа. Ингэснээр бид ФАТФ-ын мөнгө угаалт болон террористуудыг санхүүжүүлэх бодлогыг дэмжсэн улс орнуудын жагсаалтаас нэрээ цэвэрлэж чадлаа” хэмээн мэдэгдсэнийг Европын консулын цахим хуудаст дурдсан байв.

 

2018 онд сэжиг бүхий 30 дансны 66.7 сая ам.долларыг “царцаажээ”

 

Өнгөрсөн онд Тунист сэжиг бүхий 30 дансны 66.7 сая ам.долларын гүйлгээг “царцаасан” юм. Тунисийн Тагнуулын газрын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх ажлын хүрээнд 600 орчим сэжигтэй авлигын, гадаад мөнгөн гүйлгээний урсгалыг саатуулсан байна.

 

Авлигын эсрэг Тунис: Хөрөнгийнхөө гуравны хоёрыг нуух үзэгдлийг илрүүлэв

 

Тус улсын нийт хөрөнгийн гуравны хоёр нь хууль хяналтынхны нүднээс далд нуугдмал байсныг Авлигатай тэмцэх газраас нь өнгөрсөн оны сүүлчээр илрүүлсэн юм.

 

Авлигын индексээ нэг байраар урагшлуулжээ

 

Өдгөө авлигын индексээр энэ улс 100 онооноос 43-т бичигдэж байгаа нь 2017 онтой харьцуулахад нэг байр урагшилсан үзүүлэлт юм. Улмаар 180 орноос 73 дугаарт бичигдэж байна.

Тус улсын Авлигатай тэмцэх газрын дарга Чавки Табиб “Авлигатай тэмцэх Засгийн газрын боломж болон хуулийн орчныг сайжруулах үйл хэрэг нь улс төр дэх ашиг сонирхлын эсрэг чиглэж байна. Иймд хөрөнгийн мэдүүлэг, нийгэм, хэвлэл мэдээллийн идэвхтэй байдлын тусламжтайгаар хуулийн хэрэгжилтийг хангахад тустай” гэж онцолжээ.

 

Тунист жил бүр хээл хахуульд хоёр тэрбум динар урсдаг

 

Тунисийн авлигын сүлжээнд урсаж буй мөнгөн дүнг авч үзвэл жил бүр хоёр тэрбум динараар хэмжигдэж байна. Өөрөөр хэлбэл, Авлигатай тэмцэх газрын даргын хэлж буйгаар жил бүр тус улсын авлигын сүлжээнд ийм хэмжээний мөнгө нийтийн мөнгөн гүйлгээний замаар урсдаг аж. Авлигатай тэмцэх газрын дарга Чавки Табиб “Энэ хөрөнгөөр бид онгоцны буудал гурвыг, боомт 20-ыг, ахлах сургууль 70-ыг бүтээн босгож, 500 км хурдны зам барьж болох байлаа” хэмээн тэмдэглэжээ.

 

Монгол Улс Авлигын индексээр 93 дугаарт бичигдэв

 

“Транспаренси Интернэшнл” олон улсын байгууллагаас өнгөрсөн оны авлигын төсөөллийн индексийг энэ оны нэгдүгээр сарын 29-нд зарласан байдаг. 180 орны авлигын түвшинг 13 эх сурвалжаар тодорхойлж 100 хүртэлх оноогоор дүгнэдэг. Онооны нийлбэр 50-иас доош бол авлига ноцтой хэмжээнд байгаагийн дохио болдог аж. Энэ үзүүлэлтэд манай улс өнгөрсөн онд 37 оноогоор 93 дугаар байрт бичигджээ.

2017 онтой харьцуулбал манай улс нэг оноо илүү авснаар 103 дугаар байраас 10 байр урагшилсан ч 2016 оны үзүүлэлтээр ухарсан байна.

 

МОНГОЛ УЛСЫН СҮҮЛИЙН ТАВАН ЖИЛИЙН АВЛИГЫН ИНДЕКС:

  • 2013 онд- 38 оноо буюу 176 орноос 87 дугаар байрт,
  • 2014 онд- 39 оноо буюу 176 орноос 87 дугаар байрт,
  • 2015 онд- 39 оноо буюу 176 орноос 87 дугаар байрт,
  • 2016 онд- 38 оноо 176 орноос 87 дугаар байрт жагсаж ирсэн бол,
  • 2017 онд- 36 оноо авч, 180 орноос 103 дугаар байрт буюу өмнөх жилээсээ 16 байраар огцом ухарсан байдаг,
  • 2018 онд- 37 оноо авч, 180 орноос 93 дугаар байрт орж, өмнөх жилээс 10 байраар урагшилсан байна. (Эх сурвалж IKON.MN)

 

Авлигын хуулиуд хэрхэн хэрэгжиж байна вэ?

 

Мөнгө угаах болон терроризмын санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг Монгол Улсын Их Хурлаас анх 2006 оны долдугаар сарын 8-нд баталсан юм. ФАТФ-ын тухайн үеийн зөвлөмжид нийцүүлэн боловсруулсан Мөнгө угаах болон терроризмын санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2013 оны тавдугаар сарын 31-ний өдөр баталсан ч 2013 оны аравдугаар сарын 14-18-ны өдрүүдэд ФАТФ-ын чуулга-уулзалтаар Монголыг төлөвлөгөөний дагуу 2013 оны зургадугаар сард багтаан Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд хамаарах зохицуулалтыг ФАТФ-ын зөвлөмжид нийцүүлээгүй, мөнгө угаах гэмт хэрэгтэй холбоотой хөрөнгө, орлогыг хураан авах тогтолцоог бүрдүүлээгүй, албан бус мөнгөн гуйвуулга эрхлэгчдэд тавих хяналтыг сайжруулаагүй гэх үндэслэлээр олон улсын санхүүгийн системд стратегийн эрсдэлтэй орон хэвээр байна гэж үзэн “өндөр эрсдэлтэй болон хамтран ажилладаггүй улс” гэсэн ангилал буюу “ саарал жагсаалтад” оруулсан байдаг. Улмаар 2014 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн холбогдох зохицуулалтыг ФАТФ-ын зөвлөмжид нийцүүлснээр манай улсыг дээрх дутагдлаа залруулсан гэж үнэлэн ФАТФ-ын хяналтын хүрээнд өгөгдсөн зөвлөмж, үүрэг даалгавруудын ихэнхийг биелүүлсэнд тооцож, 2014 оны зургадугаар сард “саарал жагсаалт”-аас гаргаж байжээ.

 

Шалтгаан ба шалтаг

 

Саарал жагсаалтад багтсан талаар олон нийтийн дунд янз бүрийн л шүүмжлэл, хэлэлцүүлэг өрнөж байна. Улстөрчид буруутай гэж үзэж байгаа хэсэг байхад зарим нь Ил тод байдлын тухай хуулийг санаачлагчид буруутай гэх. Арилжааны банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн 500-аад тэрбум төгрөгөө тайлбарлаж чадаагүйгээс, мөн Ил тод байдлын тухай хуулиар ДНБ-ээс 1.5 дахин их хөрөнгө шинээр бүртгэгдсэн зэрэг нь үүнд нөлөөлсөн үү гэсэн эргэлзээтэй тайлбарууд хөвөрч байна.

Тэгвэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын “Eagle.mn”-д ярьснаар Ил тод байдлын тухай хууль батлагдсанаар 34 их наяд төгрөгийн хөрөнгө ил гарч ирсэн. Хоёр жил гаруйн өмнө нэг тэрбум ам.доллар байсан Монгол Улсын валютын нөөц одоо 3.8 тэрбум ам.доллар байна. Хоёрт өртэй байсан бол Ирээдүйн өв санд 310 тэрбум төгрөг байсныг 363 тэрбум төгрөг болгож хуримтлуулсан. 2018 онд улсын төсөв ашигтай гарсан. 2019 оны төсвийн орлого давж биелэх горьдлоготой байна. Эдийн засгийн өсөлт 2018 онд 7.2 хувь, одоо 7.3 хувьтай байна. Энэ юу гэвэл Монгол Улсын эдийн засгийн дархлааг бий болгох гэж хичээж чармайсны үр дүн. Багахан савлагааг даваад гарчих эдийн засгийг бий болгож Монгол Улсын эдийн засаг тогтвортой хөгжих боломжийг бий  болгохыг хичээсэн. Саарал жагсаалт дагасан хориг байхгүй. Бүрэлдэж бий болсон дархлаа, дээр нь эдийн засгийн төлөв байдал, экспортын орлогыг харахад сандраад, ханш дээш хөөргөөд байх шаардлага байхгүй болов уу гэж бодож байгаа гэсэн байв.

Харин эдийн засагч Ч.Отгочулуугийн үзэж буйгаар энэ удаа саарал жагсаалтад орж байгааг өмнөхтэй харьцуулашгүй бөгөөд жагсаалтаас хэр хурдан гарах нь төрийн байгууллагуудын үйл ажиллагаанаас шалтгаалах аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин