Эрүүл мэндийн сайд Н.Удвалтай цаг үеийн асуудлаар ярилцаж, салбарын хүрээнд хийж хэрэгжүүлж буй зарим ажлыг нь торууллаа.

Эрүүл мэндийн салбарын ажлын доголдлын тухай өдөр бүр л олон нийтийн хэвлэл мэдээллээр гарах юм. Та ч тухай бүрт нь дуугараад байхгүй болохоор гайхаад л?

Эрүүл мэндийн салбарт олон жил хуримтлагдаж бугшиж ирсэн асуудлууд сэдрээд нэг ёсондоо эмчилгээ авч байна гэх юм уу даа. Архаг өвчин эмчилгээ хийхээр өвчин нь нэг сайн сэдэрч авч байгаад нэг мөсөн засардаг шиг. Энэ нь удирдлагын ухааны үүднээс авч үзвэл сайн үзэгдэл. Бугшсан, нууж дарагдаж байсан, анзааралгүй өнгөрч байсан, хийгдэдгүй байсан бодлогын бус үйлдлүүдийн хор уршиг тус салбарт хүндээр туссаар ирсэн. Нөгөө талаас эрүүл мэндийн асуудал нь хүнд хамгийн ойр хэрнээ хамгийн эмзэг сэдэв. Энэ салбарын ажилтнууд өдөрт хэдэн зуун мянган, голдуу бухимдсан хүмүүстэй шууд харьцаж байдаг гэдгээрээ байнга хэл ам дагуулж байдаг нь бас нэг онцлог нь юм. Мөн хариуцлага хяналтын удаан хугацаагаар алдагдсан механизм дахин сэргэх гэж амь тэнцэн дэнжигнэж байна. Энэ үед гарч байгаа мэдээллүүдийг хүлээцтэй хүлээн авч, жам ёсны талаас нь дүн шинжилгээ хийж, салбарын ажлыг сайжруулах боломж болгон ашиглахыг хичээн ажиллаж байна.

Эрүүл мэндийн салбарын ажилд сайн юм байдаг л байлгүй дээ. Дандаа хар талыг нь гаргаж байгаа нь нэг л сонин санагдаад байх юм. Танд тэгэж бодогдож байна уу?

2013 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд 2012 оны мөн үетэй харьцуулахад төрөлт 4 074 тохиолдлоор нэмэгдсэн ч эхийн эндэгдэл, нярайн эндэгдэл, хүүхдийн эндэгдэл буурсан байна. Хүн амын нийт нас баралт 831 тохиолдлоор буюу 6,5 хувиар буурчээ. Улсын хэмжээнд 30 төрлийн 29 242 халдварт өвчний тохиолдол бүртгэгдсэн нь ноднингийн мөн үеийнхээс 9,7 хувиар буурсан байна. Үүний цаана хот, хөдөөгийн эрүүл мэндийн байгууллагууд, тэнд ажиллаж байгаа эмч, ажилтны нөр их хөдөлмөр, зүтгэл байгаа. Мэдээлэл тэнцвэртэй байх нь чухал. Сайныг нь ч харж чаддаг, мууг нь ч олж хардаг билгийн нүдтэй байвал Монголын хэвлэл мэдээллийн байгууллага илүү нийгмийн хариуцлагатай гэдгээ харуулж байгаа хэрэг. Дан хар мэдээ гаргаад байгааг эрүүл үзэгдэл гэж хэн ч хэлэхгүй нь мэдээж. Хэдий салбарын алдаа дутагдлыг ил тод болгож байгааг дэмжиж байгаа ч сайны хажуугаар саар гэгчээр он удаан жил удамшиж ирсэн алдаатай бодлогыг зассаны хариу, авилга, хээл хахуультай тэмцсэний хариу, ашиг сонирхол нь шинэчлэлийн бодлогоор хөндөгдсөн хүмүүс, ажил төрөлдөө тэнцээгүй халагдсан хүмүүсийн хорсол гээд асуудлыг дэвэргэж, зохион байгуулалттай, үнэ хөлсөөр тараагдаж байгаа мэдээлэл зонхилж байгааг ч бид анзаарч байна.

Зохион байгуулалттай гэснээс зохион байгуулалттай тарааж байгаа мэдээллийн үнэ төлбөр өндөр гардаг байхдаа?

Асуудлын гол нь үүнд байгаа юм. Мэдээллийн үнэн, зөвийг манайх хариуцахгүй гэж хэвлэл мэдээллийн байгууллагаас хэлдэг. Энэ нь мөнгөөр мэдээлэл гаргаад худлаа ч байсан хэн ч хариуцахгүй хариуцлагагүй тогтолцоо руу аяндаа оруулж байгаа юм. Манай улсад “Буруу мэдээллийн улс төр” /Politics of Misinformation/ их эрчимтэй хөгжиж, нийгмийн сэтгэл зүйд хортойгоор нөлөөлж байна.

Саяхан даа нэг телевизээр “Эрүүл мэндийн байгууллагуудад дараалал ихтэйгээс болоод халаасны хулгай гаарч байна” гэх ухааны юм мэдээлж байна лээ. Нөгөө бөөсний онигоотой төстэй юм болоод байна. Иргэд сонсоод хулгай ихсэх шалтгаан нь эрүүл мэндийн салбар болжээ гэж ойлгохоор. Нөгөө талаас сэтгүүлчдийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, ёс зүйн хариуцлагыг өндөржүүлэх асуудлыг өнөөдөр хурцаар ярих цаг нь болжээ. Асуудлаа ойлгоогүй, ойлгохыг хүсдэггүй, зориуд мушгин гуйвуулж мэдээлэх нь ердийн хэм хэмжээ боллоо. Нэг ёсондоо мөнгө байхад юу ч хийсэн болно гэдэг сэтгэхүй давамгайлж байгааг засах хэрэгтэй.

Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад жил гаруйн хугацаа өнгөрлөө. Эрүүл мэндийн салбарын шинэчлэл аль шатандаа явж байна вэ?

Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн цөм нь тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах асуудал гэж шинэчлэлийн бодлогодоо бид тусгасан. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарын үнэлгээний үндэсний судалгааг ЭМШУИС-ын судлаачдын багаар хийлгэсэн нь Монголын эрүүл мэндийн салбарын түүхэнд анхных бөгөөд ихээхэн ач холбогдолтой үйл явдал боллоо. Энэ судалгаа нь аль нэг улс төрчийн сэтгэл хөдлөл, дур зоргоор хийгддэг бодлого боловсруулах үйл ажиллагааг эцэсэлж, нотолгоонд суурилсан амьдралд нийцтэй, шинжлэх ухааны үндэстэй бодлого гаргах үндэс болж өгснөөрөө чухал мэдээ, мэдээлэл болсон. Үүний үндсэн дээр бид Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах үндэсний зорилтоо тогтоолоо. Эрүүл мэндийн байгууллага, тусламж үйлчилгээг стандартын удирдлагаар хангах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүлээгдэл, чирэгдлийг бууруулах, эмч ажилтны ёс зүй, харилцаа хандлага, мэргэжлийн алдаа, доголдлыг бууруулах, эмнэлгийн дотоод халдвараас сэргийлэх, оношилгоо эмчилгээний ажилбарын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг удирдах гэсэн чиглэлээр үндэсний зорилтуудаа тогтоолоо. Дээрх чиглэлээр шинэчлэлийн бодлого маань нэлээд эрчимтэй явагдаж байна. Эрүүл мэндийн байгууллагуудын хүлээгдэл, чирэгдлийн албан ёсны статистик мэдээлэлтэй боллоо.

Эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн ёс зүйн зөрчил, мэргэжлийн алдаа, доголдлыг бүртгэж мэдээлдэг, түүнийг бууруулахад чиглэгдсэн ажлууд хийгдэж байна. Стандарт, удирдамж байвч хэрэгжүүлэгчид түүнийхээ тухай мэдэхгүй, тэдэнд сургалт явуулаагүй учраас хэрэгждэггүй байдал байна. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний шатлал бүрт стандартыг нь нэг шатаар ахиулах зорилттой ажиллаж байна. Эрүүл мэндийн байгууллагын хөгжлийн хөтөлбөр баталж үндэсний хэмжээнд хэрэгжүүлж байна.

Эрүүл мэндийн салбарт албан бус төлбөр их, эмч нар нь сайн дураараа өвчтөнүүдээс маш их мөнгө авдаг гээд л байнга шүүмжлэл гарч байх юм. Шинэчлэлийн бодлого үүнд хэрхэн хандаж байгаа бол?

Энэ асуудлыг эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэлийн бодлогоор шийдвэрлэж байна. 2010 онд хийсэн судалгаагаар манай улсын эрүүл мэндийн нийт зардлын 41 хувь нь хувь хүний халааснаас гардаг гэсэн тоо баримт бий. Энэ муу үзүүлэлт. Таны асуултыг баталж байгаа тоо. Үүний шалтгааныг олохыг зорьсон. Эхний ээлжинд эмнэлгийн тусламж үйлчилгээ тус бүрээр бодит өртгийг тогтоох судалгааг хийлгэлээ. Бас л салбарын хэмжээнд анхны, бодлогын нотолгоо баталгаа болох том судалгаа болсон. Өвчтөнийг эмнэлэгт хэвтэх үед санхүүжүүлж байгаа нэгдсэн суурь тариф нь одоогоор 240 000 төгрөг байгаа. Гэтэл энэхүү судалгаагаар суурь тарифын хэмжээ 316 000 төгрөг байвал бодит өртөгт нийцэх үр дүн гарсан байна. Тэгвэл үүний зөрүүг иргэд төлж байжээ гэж ойлгож болно. Өвчин тус бүрээр нь авч үзвэл ихэнх оношийн бүлгийн хувьд одоогийн санхүүжиж буй тусламж, үйлчилгээний тариф нь бодит өртгөөс дунджаар 15-60 хүртэлх хувиар доогуур байна. Санхүүжилтийг энэ түвшинд хүргэх бодлогын арга хэмжээнүүдийг авч байна. Албан бус төлбөрийн асуудлыг зогсооё гэвэл түүнийг үүсгээд байгаа энэ мэт шалтгаануудыг арилгах хэрэгтэй.

Шинэчлэлийн бодлогын хэрэгжилт хэр байна вэ? Хүмүүс нүдэнд харагдах, гарт баригдах бодитой зүйлийг эрүүл мэндийн салбараас хүсээд байна?

Тэгэх нь зүй ёсны хэрэг. Манай салбараас хүмүүс их зүйлийг хүлээж байна. Тэр хүлээлтийг бид хангах ёстой. Саяхан манай улсад ДЭМБ-ын Ерөнхий захирал, доктор Маргарит Чан айлчилсан. Сүүлийн 20 жилд анх удаа ДЭМБ-ын Ерөнхий захирал манай улсад айлчилсан айлчлал гэдгээрээ ихээхэн ач холбогдолтой. Тэрээр Шинэчлэлийн Засгийн газрын эрүүл мэндийн бодлого зөв чиглэлд явж байна гэдгийг дурьдаад хоёр зүйл дээр анхаарлаа хандуулахыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон бидэнд зөвлөсөн. Нэгдүгээрт, Гарсан бодлогыг хэрэгжүүлэх чадавх сул байна. Хоёрдугаарт, Эрүүл мэндэд бусад салбарын оролцоо муу байгааг сайжруулах зөвлөмж өгсөн. Үүнтэй уялдуулан бид эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх хэд хэдэн арга хэмжээг авч явуулж байна. Шинэчлэлийн бодлогоор эрүүл мэндийн байгууллагууд дээр сургалт явуулах сургагч багш нарыг бэлтгэж, эрүүл мэндийн ажилтнуудад сургалт явуулж эхлээд байна. Мөн 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлээд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дээр шинэчлэлийн бодлогын хэрэгжилтэд үнэлгээ дүгнэлт өгч, зөвлөн туслах ажлын хэсгийг 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй байгуулан ажиллуулж байна. Энэ ажлын хүрээнд Эрүүл мэндийн сайдын Нийслэлийн засаг даргатай хийсэн үр дүнгийн гэрээнд ч үнэлгээ өгнө.

Шинэчлэлийн бодлого хэрэгжих шатандаа удаашралтай байна гэдэгтэй санал нэгдэж байна. Шалтгаан нь юу юм бол?

Бас л хэд хэдэн шалтгаан байна. Яамны хаалганаас гараад шинэчлэлийн бодлого хэрэгжих шатандаа очоод гацаанд орж байна. Юуны өмнө салбарын удирдлагын тогтолцоо бодлогын хэрэгжилт, үр дүнд муугаар нөлөөлж байна. Эрүүл мэндийн салбар нь босоо удирдлагагүй бараг цорын ганц салбар. Төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд Аймаг, Нийслэлийн засаг дарга нартай Эрүүл мэндийн сайд “Үр дүнгийн гэрээ” байгуулж ажиллаж байгаа. Энэ нь тухайн орон нутгийн эрүүл мэндийн бүх төсвийг засаг дарга нар захиран зарцуулна, мөн орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын удирдлагыг ч тэд томилно гэсэн үг. Хэдийгээр энэ бодлого зөв бодлого боловч гэрээг хэрэгжүүлэх чадавх, хүсэл зориг, хариуцлага илэрхий дутагдаж байгаа нь харагдаж байна. Байдал ийм байхад аливаа эрүүл мэндийн асуудлын хариуцлагыг хүлээж байгаа Засаг дарга гэж алга. Орон нутгийн эрүүл мэндийн газрын дарга, эмнэлгийн дарга ч гэж алга. Шат шатандаа хариуцлагын тогтолцоо алдагдаж, ажил цалгардах үзэгдэл ердийн мэт болсон байна. Нөгөө талаас нийгмийн сэтгэл зүй сайн тал руугаа дэвшин хөгжих ёстой атал бүр 90-ээд онд буцаад очсон нь харамсалтай. Социализмийн үед Эрүүлийг хамгаалах яам гэж байлаа. Яамыг, сайдыг эмнэлгийн яам, сайд биш харин улс орны эрүүл мэндийн бодлогын яам болгож өөрчлөөд 20 гаруй жил болж байхад аль нэг баг дээр вакцины хүндрэл гарахад яамыг буруутгаж байгаа нь үнэхээр сэтгэлгээний доройтол, асуудлын байг олохгүй байгаагийн шинж юм.

Өвчлөл ихэсч, эмнэлгийн орны хүрэлцээ муу, орон тоо нэмэхгүйгээс ачааалал их байна гэсэн тайлбар байдаг. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ?

Монгол орон 10 000 хүнд ногддог эмнэлгийн ор, эмчийн тоогоор дэлхийд дээгүүр бичигдэнэ. Эрүүл мэндийн зардлын 80 хувь нь эмнэлгийн тусламжийг санхүүжүүлэхэд зарцуулагдаж байна. Гэсэн хэдий ч эмнэлгийн орыг үр ашигтай хуваарилах, ашиглах бодлого байхгүй явж ирсэн. Саяхан эмнэлгийн орны ашиглалтын өнөөгийн байдалд үнэлгээ дүгнэлт хийлгэлээ. Эмнэлгийн орны тоо 2011 оноос эрс ихэссэн байна. 2000-2011 онд 10 000 хүнд 67,7 ор ногдож байсан бол 2011 оноос 92,1 ор ногдох болсон нь үүнийг баталж байгаа юм. Сүүлийн 4 жилийн байдлаар эмнэлгийн ор 10 000 хүнд улсад 80,3 нийслэлд 53,5 харин орон нутагт 135,3 ор ногдож байгаа тоо баримт нь ДЭМБ-ын гишүүн өндөр орлоготой орнуудын дунджаас улсын хэмжээнд 1,4 дахин их, орон нутагт 24 дахин их, нийслэлд 2,9 дахин бага байна. Сүүлийн үед аль болох олон өвчтөнийг, цөөхөн хоногоор хэвтүүлэх хандлага ажиглагдаж байна. Энэ нь эмчилгээний чанар, үр дүнд шууд нөлөөлнө.

Эмнэлгийн орны цаана даатгалын санхүүжилт байдаг. Ингэж их ор нэмэгдээд байхад эмнэлэгт хэвтэх ачаалал буурахгүй байгаа нь анхаарал татаж байна. Орны тоог хэт нэмэх нь мөнгөний хойноос хөөцөлдөж, эмнэлэгт хэвтэх хэрэгцээг зохиомлоор нэмэгдүүлдэг сөрөг талтай байдаг. Цаашид орны тоог дахин хуваарилах, орны фонд ашиглалт 85 хувиас доош байгаа орон нутагт эмнэлгийн орны тоог цөөлөх, нийслэлд ажиллах эмнэлгийн орны тоог нэмэгдүүлэх бодлого барьж ажиллана. Хувийн эмнэлгүүдийн ор ихээхэн нэмэгдэж байна. Харин ачаалал хуваалцах чадвар нь сайн биш байна. Орны тооны талаарх улсын хэмжээний мэдээлэл зөрүүтэй байгаа учир Эрүүл мэндийн сайдын улсын үзлэгийг зохион байгуулж, үнэн зөв мэдээлэлтэй болох, зөв үнэлгээ дүгнэлт гаргах шаардлагатай байна.

Ийм их ортой мөртөө яагаад ачаалал нь дийлддэггүй юм бол?

Манай зарим судлаачдын судалгаагаар гурав дахь шатлалын буюу төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүдэд 40 хувь, аймаг дүүргийн эмнэлгүүдэд 39,9 хувь, хувийн хэвшлийн эмнэлгүүдэд 62,8 хувьд нь шаардлагагүй хэвтэлт байна гэсэн дүн гарсан байна лээ. Эмнэлэгт хэвтэлт их байгаа нь хэд хэдэн шалтгаантай. Нэгдүгээрт, Өрх, сумын эрүүл мэндийн төвийн хүчин чадал, үзүүлж байгаа тусламж, үйлчилгээний цар хүрээ, чанар, аюулгүй байдал, үр дүн сайн биш байгаатай холбоотой. Ялангуяа дадлагажигч эмчийг ажиллуулах бодлого анхан шатны тусламжийн хүний нөөцийн чадавхийг сулруулахад ихээхэн хувь нэмэр оруулжээ. Сум, өрхөд туршлагатай эмч байхад хэр баргийн өвчтэй хүнийг эмнэлэгт хэвтэхээр явуулахгүй, асуудлыг нь үр дүнтэй шийдээд өгчихдөг, иргэд ч тэдэнд итгэдэг. Дээр нь аймаг, дүүргийн эмнэлгийг бэхжүүлэх бодлого нэлээд орхигдсон. Энэ шатандаа эмч, мэргэжилтний мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэх, багаж, тоног төхөөрөмжөөр хангах, байгууллагын хүчин чадлыг нь бэхжүүлэх ажил олигтой хийгдээгүйгээс иргэд дүүргийн эмнэлэг гэхээсээ илүүтэй дээд шатны төрөлжсөн төв эмнэлгүүд рүү шууд ханддаг, энэ шатандаа ачаалал нь дийлдэхгүй болж иргэдийг бухимдуулдаг үзэгдэл хавтгайрсан байна. Шинэчлэлийн бодлогын хүрээнд энэ байдал цэгцэрнэ. Сум, өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж үйчилгээний цар хүрээг өргөжүүлж, санхүүжилтийг нь нэмэгдүүлж, чадавхийг бэхжүүлэх замаар дүүргийн эмнэлгийн ачааллыг 25 хувиар, аймаг, дүүргүүдийн эмнэлгийн чадавхийг бэхжүүлж, төв эмнэлгүүдийн ачааллыг 25-30 хувь бууруулах, улсын төв эмнэлгүүдээ олон улсын жишигт нийцсэн, лавлагаа тусламж үзүүлдэг болгох зорилттой ажиллаж байна.

Эрүүл мэндийн салбарт баригдаж байгаа эмнэлгийн барилгууд хэл ам их татлах юм аа?

2013 оны байдлаар эрүүл мэндийн салбарт 47 барилга баригдаж байна. Үүний 30 орчим нь 2010, 2011, 2012 онд эхэлсэн барилгууд байна. Барилгын чиглэлээр хийгдэж байгаа хөрөнгө оруулалт ерөнхийдээ гацаанд орсон маягтай байгаа. Яагаад гэвэл төсөвт өртөг нь эхэлж батлагдсан төсөвт өртгөөсөө 50-100 хувиар өсөөд түгжрэлд орсон. Тухайлбал, 2010 онд эхэлсэн Яармагт баригдаж байгаа 300 ортой төрөх эмнэлгийн барилга батлагдсан төсөв нь арван хэдэн тэрбум төгрөг. Санхүүжилтээ бараг 100 хувь авсан. Харин хийсэн ажил нь 40-50 хувьтай. Барилгын ажлыг бүрэн дуусгахад 32 тэрбум төгрөг хэрэгтэй гээд гүйцэтгэгч компани нэхээд суучихсан. Барилгын материалын үнэ нэмэгдэж байгааг ойлгож байна. Гэхдээ 100 хувийн нэмэгдэл байна гэхийг яаж хүлээн зөвшөөрөх билээ. Барилгын ажил нь зогссон, удааширсан 21 барилга байна. Бүгд дээрх шалтгааныг хэлдэг. Засгийн газраар 2 удаа орууллаа, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсэг ажиллалаа. Төсвийн ерөнхийлөн захирагчийн Дотоод аудитын хороо шалгалт хийлээ. ЭМЯ гэрээг нь дүгнэлээ, Сайд өөрөө гүйцэтгэгч компанийхантай ууулзаж ярилцлаа. Нэг л урагшаа явдаггүй. Харин 2013 онд барих 14 барилгын ажлаас 9-ийг эхлүүлж ажилд нь оруулсан. Үлдсэн барилга нь техникийн нөхцөл, зураг төсөв нь эцэслэн шийдэгдээгүй, анхны төсөвт өртөг нь өссөн гэх шалтгаанаар тендэрийн ажил удаашралтай байгаа.

Түлэнхийн төв барих гэж байгаа гэж мөн ч олон жил ярилаа. 2013 оны төсөвт мөнгө нь туссан гэсэн. Янз янзаар л ярих юм. Яг юу болоод байгаа юм бэ?

Түлэнхийн төвийн барилгын техникийн нөхцөл гараагүй байсан. Техникийн нөхцөл гарсны дараа зураг төсөлд өөрчлөлт орсон, зураг төсөлд өөрчлөлт орсноос анхны төсөвт өртөгт өөрчлөлт орсон. Төсөвт өртөг өөрчлөгдсөнөөс тендэр зарлахад аль үнээр нь зарлах вэ гэдэг асуудал гарч ирсэн. Үүнийг Сангийн яамтай зөвшилцөн 2013 онд батлагдсан төсөвт таарсан ажлын тендэрийг зарласан. Одоо нээгдэж байна. Яг л зангууны үлгэр шиг. Ерөнхийдөө хөрөнгө оруулалтын төлөвлөлт, төсөвлөлтийн бодлого үндсээрээ алдагдсан учир хүндрэл, бэрхшээл их гарч байна. Энэ оны төсвийн тодотгол ч, төсөв ч аль аль нь энэ алдааг л засахад чиглэгдэж байгаа юм.

Иймэрхүү бодлогын алдааг залрууулахад саад бэрхшээл тохиолдох юм уу?

Бишгүй тохиолдоно. Уусч биш засч шинэчилж байгаа болохоор олон хүний дүргүйцлийг хүргэж байх шиг байна. Одоо яая гэх вэ? Хувийн ашгийн төлөө биш нийтийн ашгийн төлөө юм чинь. Бэрхшээл гэж үзэхгүй байна.

Урьдчилан сэргийлэх чиглэлээр танай яам нэлээд ажиллаж байх шиг байна. Үр дүнд хүрч байна уу?

Ер нь урьдчилан сэргийлэх нь хамгийн үр дүнтэй, хямд төсөр, хялбар байдаг гэж эрүүл мэндийн удирдагчид үздэг. Дан ганц том том эмнэлэг бариад, өндөр өртөгтэй тоног төхөөрөмжөөр хангаад эрүүл мэндийн асуудлаа бүрэн шийдвэрлэсэн улс орон байхгүй. Харин аль болох урьдчилан сэргийлэх ажлыг сайн явуулж чадах юм бол эрүүл мэндийн асуудлууд эрт үедээ шийдэгдэх бүрэн бололцоотой. Гэмтэл, түлэгдэлтийн өвчний улмаас эмнэлэгт хэвтэлтийг урьдчилан сэргийлэх аргаар 30 хувь бууруулах бүрэн бололцоо байгааг харж байна. Цаашдаа шинэчлэлийн бодлогыг энэ рүү чиглүүлнэ.

Ярилцсан танд баярлалаа.

Ярилцсан Э.Туул