Арван сар тээж биенээсээ амь тасдан төрүүлсэн хүүхдээ хаяна гэдэг санаанд багтамгүй. Угтаа эх хүн болж энгэртээ үрээ тэвэрнэ гэдэг атга будаанаас ганц ширхэг нь зүүний үзүүрт тогтохтой адил ховор хувь тавилан. Гэвч “зайлшгүй” гэх  шалтгаанаар хүүхдээ, хаях, голох үзэгдэл нийгмийн шилжилт болгонд байж ирсэн.

Дээхэн үед дөнгөж төрүүлсэн үрээ гандангийн хүрдэн дээр орхихдоо хүн аваад явах хүртэл нь холоос манадаг байсан гэх ярианаас үүдэж “хүрд”-ний хүүхдүүд нэршил бий болсон гэдэг. Тэгвэл нийгэм, цаг үе өөрчлөгдөхийн хэрээр хүмүүсийн ухамсар, хандлага ч хувирч хүүхдээ “хүрдэн” дээр биш эрүүл мэндийн байгууллага, айлын үүдэнд орхидог байсан бол сүүлийн үед сэтгэл сэрдхийлгэм  үйлдэл гарах болсныг хууль хяналтын байгууллагад бүртгэгдсэн баримтаас харж болно. Өөрөөр хэлбэл, хүүхдээ өсгөх боломжгүй болсон ээжүүд үрээ аюулгүй газар үлдээх биш өнөө үед амь насыг нь эрсдэлд оруулсан сэтгэл шимшрүүлсэн үйлдэл гарах боллоо.

 

ХАЯГДСАН ХҮҮХДИЙГ ЭРҮҮЛ САРУУЛ ТӨРИЙН ХАМГААЛАЛТАД АВАХ БОДЛОГО АЛГА

Дөнгөж төрөөд хэд хонож байгаа үрээ хогийн цэгт орхих, өвлийн хүйтэнд автомашин дээр, гудамжинд үлдээх, бүр үйлчилгээний байгууллагын хогийн саванд хаяад явсан тохиолдол цагдаагийн байгууллагад  бүртгэгджээ. Хариуцлагагүй эхийн үйлдлээс болж хүүхэд хөлдөх, харангадах зэргээр амь насанд нь аюул учрах эрсдэл ойрхон. Хаа нэгтэйгээс дөнгөж төрсөн нярайн хөлдсөн, амьгүй цогцос олдсон харамсалтай тохиолдол ч цөөнгүй бий. Сүүлийн таван жилд 60 гаруй хүүхэд эцэг, эхдээ хаягдсан тоон мэдээлэл байгаа бол хүүхдээ орхиод явсан ээжүүд ихэвчлэн 25-35 насныхан байдаг гэсэн судалгаа бий. Өөрөөр хэлбэл, “хүрд”-ний хүүхдүүд 2015 онд 15, 2016 онд найм, 2017 онд 16 байсан бол сүүлийн хоёр жилд энэ тоо нэмэгдсэн үзүүлэлттэй байна.Тэр болгонд амь нас нь аюулд учрах эрсдэлд орж байна. Эрүүл мэндийн байгууллагын өгч байгаа мэдээллээр хяналтгүй төрөлт энэ төрлийн гэмт хэрэгтэй холбоотой. Жирэмсэн эмэгтэйчүүдийн 80-85 хувь нь оршин суугаа хороо, дүүрэгтээ жирэмсний хяналтад ордог бол үлдсэн хувь нь хяналтад оролгүй явсаар эмнэлгийн бус газарт төрснөөс хүүхдээ хаях тохиолдол гардаг гэнэ. Энэ мэтээр эцэг, эхдээ хаягдаж, гологдсон хүүхдийг Эрүүл мэндийн яамны харьяа “Хүүхдийн төв сувилал”-д хүлээлгэж өгдөг.

Манай улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар хүүхдээ хаясан ээжид хариуцлага хүлээлгэж, хүүхдийг төрийн асрамжинд авч байна. Хуульд зааснаар асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж, хүүхдийг хаясан бол 5.4 саяас 27 сая хүртэлх төгрөгөөр торгох, эсвэл 240 цагаас 720 цаг буюу 10-30 хоног нийтэд тустай ажил хийлгэх, нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах,  тав хүртэлх жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэдэг.

Хүүхдийг хаясны улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан, нас барсан бол 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ялтай. Мөн эцэг, эх байх эрхийг нь хасах хүртэл заалт бий. Хүүхдээ хаяж, амь нас эрсэдсэнээс ял эдэлж буй ээжүүд ч мэр сэр бий. Гэтэл хүүхдээ тэжээж чадахгүйгээс болж хаяж байгаа хүнийг мөнгөөр торгох, албадан ажил хийлгэж, ял эдлүүлнэ гэдэг оновчгүй. Хүүхэд, эх хоёулаа хохирогч болж байна. Тиймээс хамгийн чухал нь хүүхдийг эрүүл, аюулгүй авч үлдэж ирээдүйд нь анхаарал хандуулах юм. Нярай хүүхдээ хаях гэмт хэрэг өсч байгаа нь нийгмийн нөхцөл байдалтай салшгүй холбоотой. Тиймээс тухайн ээжийг өршөөж ойлгох гарцаагүй шалтгаан ч бий байх. Мэдээж хүүхдээ хаяхыг өөгшүүлж болохгүй. Тодорхой хэмжээний хариуцлагаас гадна энэ хэргийн үндэс, суурь шалтгааныг олж “эмчлэх” төрийн бодлого хэрэгтэй. Хэрэв энэ л янзаараа хүүхдээ хаясан эхийг олж шийтгээд орхих биш хүүхдийг эрүүл саруул төрийн хамгаалалтад авах бодлого зайлшгүй шаардлагатай байна.

 

КЕЙС:

 

2016.03.21:  Зочид буудлын өрөөнд ой дөрвөн сартай хүүхдээ орхиж явсан хэрэг гарсан. Охиныг төрсөн ээж нь болох Чингэлтэй дүүргийн оршин суух хаягтай 33 настай эмэгтэй орхиж явсныг цагдаагийн алба хаагчид илрүүлсэн байна.

2016.05.12: Сүхбаатар дүүргийн байрны орцонд ой долоон сартай охиноо орхисон хэрэг сард гарсан. Анхан шатны шүүхээс Д-г төрүүлсэн хүүхдээ хаясны улмаас хүүхдийн амь нас хохирсон хэрэгт буруутгаж  таван жилийн хорих ял оноосон.

2017.01.21: Төрөөд 10 хонож байсан хүүгийнхээ амь насанд халдахыг завдсан хэрэг гарсан. Төрсөн эх нь хүүхээ зүүгээр шивж санаатай алахыг завдсаны улмаас нярайг гурван удаа хагалгаанд оруулж цээжнээс нь арваад зүү гаргаж авчээ. Цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байв.

2017.01.24: Ой хорь хоногтой төрсөн хүүхдээ хөнөөсөн хэргээр 24 настай эмэгтэйг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байв.

2017.01.27: Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны хогийн цэгээс хөлдсөн нярай хүүхдийн цогцос олджээ. Хүүхдээ төрүүлээд хаясан байж болзошгүй эхийг эрэн сурвалжилж байв.

2019.05.06: Сүхбаатар дүүрэгт гудамжинд таван сартай хүүхдээ орхиод явсан хэрэг гарсан. Нярайг хүүхэд хамгаалах төвд хүлээлгэж өгсөн.

2020.12.05: Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвгэрт хувиараа хөдөлмөр эрхэлдэг 26 настай эмэгтэй нярай хүүхдээ Toyota sai маркийн автомашины арын тээш дээр өлгийтэй нь  орхиод явжээ. Хүүхдийг ямар нэг осголт, хөдөлтгүйгээр Хүүхэд хамгааллын төвд хүлээлгэн өгсөн байна.

2020.10.17: Сэлэнгэ аймгийн Сайхан суманд нярай хүүхдээ цагаан өнгийн даавуунд ороож, улаан уутанд хийгээд орхин явсан хэрэг гарав. Уг эмэгтэйг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байв.

 

ХАЯГДСАН ХҮҮХДИЙГ ХҮЛЭЭН АВДАГ “АМЬДРАЛЫН ЦОНХ”-ЫГ ОЛОН ОРОН ХЭРЭГЖҮҮЛДЭГ

 

Хүүхдийн амь нас эрсдэхээс сэргийлэх, эрүүл өсгөж ирээдүйд нь анхаарал хандуулах төрийн бодлого зайлшгүй шаардлагатай. Угаас хүүхдээ хаях, орхих, голох нь шинэ үзэгдэл биш. Зөвхөн манай улсад ч тохиолддог үзэгдэл биш юм. Дэлхийн улс орнууд хаягдсан хүүхдийн эрүүл мэнд, амь насыг аврах. Ирээдүйд анхаарал хандуулж, ач холбогдол өгч “Амьдралын цонх” төслийг хэрэгжүүлдэг. Тодруулбал, байрны хананд байрлуулсан, хоёр талаасаа онгойдог нялх хүүхэд хүлээн авах тасалгааг байрлуулдаг байна. Тэр нь гудамжны талаас чөлөөтэй онгойдог, төмөр хүрээгээр бэхэлсэн хагардаггүй вакум цонхтой байдаг бөгөөд тусгай өлгийгөөр бүтээсэн ортой, дулаанаа тогтмол барих байдлаар тохижуулдаг гэнэ. Хүүхдийг орхихдоо тасалгааны цонхыг гудамжнаас онгойлгон өлгийн дээр  байрлуулаад хаалгыг хааснаар 30 секундийн дараа түгжигдэнэ. Хүүхдийн аюулгүй байдлыг хангахын тулд хаалгыг гаднаасаа онгойхгүйгээр зохион байгуулж хийдэг гэнэ. Хүүхэд хамгаалал, эрүүл мэндийн ажилтнуудад “Амьдралын цонх” нээгдэж, тусгай дохио ирснээр хүүхдийн эрүүл мэндийг үзэж хууль хяналт болон халамжийн байгууллагуудад мэдэгддэг гэнэ. “Амьдралын цонх”-нд орхисон хүүхдээс хүүхдээс эрх зөрчсөн, хүчирхийллийн ул мөр илрээгүй тохиолдолд ээжид нь ямар нэг хариуцлага тооцдоггүй юм байна. Өөрөөр хэлбэл, хүүхдийг өсгөх боломжгүй зайлшгүй шалтгаан гэж үзэж тасалгааны орчим камер, хамгаалалт байрлуулдаггүй аж. Хаягдсан хүүхдийг хүлээж авах ийм тасалгааг Европт XVIII-XIX зууны үеэс хэрэглэж байсан. Харин 2002 оноос олон орон ажиллуулдаг болжээ. Улс орнууд өөрсдийн онцлогт тохируулан орхигдсон хүүхдүүдэд зориулсан төслийг “Амьдралын цонх”, “Тогоруун өлгий”, “Амьдралын өлгий” гэх зэргээр хэрэгжүүлж иржээ. Тухайлбал, Пакистан 300 “Амьдралын цонх”-оор 16 мянган хүүхдийн амийг аварчээ. Мөн Польшийн 47 хотод “Амьдралын цонх” үйл ажиллагаа явуулдаг бол АНУ-д төрөөд 72 цагаас хэтрээгүй хүүхдийг нэрээ нууцлан эмнэлэг, гал унтраах ангиудад байрлуулсан “Намуухан зогсоол” нэртэй тусгай тохижуулсан газарт орхих хуулийг 50 гаруй мужид баталсан байдаг. Тиймээс манай улсад ч гэсэн эхийг буруутгах, хуулийн хариуцлага хүлээлгэхийг урьтал болгохгүйгээр хүүхдийг хамгаалах асуудлыг судалж, төрийн бодлогыг илүү тодорхой болгох цаг болсныг сүүлийн үед нэмэгдэж буй энэ төрлийн хэргүүд харуулж байна.

 

 

С.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин