ЕБС-ийн танхимын хичээлийг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байгаа ч нийслэл хотод халдварын тархалтын үзүүлэлт өндөр хувьтай хэвээр байгаа билээ.

Хэрэв Засгийн газраас сургуулиудын үйл ажиллагааг эхлүүлбэл Боловсролын соёл шинжлэх ухааны сайдын цар тахлын голомттой үед хичээл сургуулийг эхлүүлэхэд баримтлах А/58 дугаар тушаалаар баталсан “ЕБС-ийн хичээл, сургалтын үйл ажиллагааг танхимаар зохион байгуулах түр журам”-ын хүрээнд хэрэгжүүлэх юм байна. Үүнд: анги, танхимын хэмжээнээс хамаараад нэг ангид суух сурагчдын тоо 20+5 гэсэн байдлаар зохицуулалт хийх бөгөөд танхимын болон танхимын бус хичээлийг хосолсон байдлаар явуулахаар болжээ.

Халдвар хамгааллын дэглэмээ барьж, онцгой байдлын үед мөрдөх дүрэм журмаа баримталж хичээлийг танхимаар эхлүүлэх бэлтгэл ажил, зохион байгуулалтыг хангаж байгаа аж.  Гэхдээ ирэх сарын 1-ний нөхцөл байдлаас шалтгаалж эцсийн шийдвэрийг буюу танхимын хичээл оруулах эсэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэнэ.