Сансар судлал бол шинжлэх ухаан технологийн салбарын  олон улсын хамтын ажиллагааны талбар, глобал аюулгүй байдлын судалгааны салшгүй хэсэг нэгэнт болжээ.

Жүгдэрдэмидийн Гүррагчааг Монгол Улсаас сансарт ниссэн цорын ганц, дэлхийн 101 дэх, Азийн хоёр дахь сансрын нисгэгч бөгөөд нислэгийн инженер, хошууч генерал хэмээн алдарт The Encyclopedia Britannica-д бичжээ.  Тэрбээр «Интеркосмос» олон улсын сансрын хөтөлбөрийн хүрээнд 1981 оны гуравдугаар сарын 22-нд Зөвлөлт Казахстан дахь Ю.Гагарины нэрэмжит Байконурын сансрын буудлаас ЗХУ-ын сансрын нисгэгч Владимир А.Жанибековын хамт “Союз-39” хөлгөөр сансарт хөөрч, улмаар тойрог замын олон улсын эрдэм шинжилгээний “Салют-6” сансрын станцтай залгагдаж, тэнд удаан хугацаагаар ажиллаж байсан сансрын нисгэгч Владимир В.Ковалёнок, Виктор П.Савных нарын хамт  сансарт долоо хоног, 20 цаг 42 минутыг өнгөрүүлж, дэлхийг 124 удаа тойрч, сансрын физик, технологи, эмнэлэг, биологи, геологи, сансраас дэлхийг тандах зэрэг 30 гаруй сорил, туршилтын ажил гүйцэтгэж эх дэлхийдээ амжилттай газардсан билээ.

Энэхүү тэмдэглэлт үйл явдал нь Монгол Улс сансрын уудамд техникээ гаргаж туршсан дэлхийн тав дахь орон, сансрын судалгааны төхөөрөмж бүтээж, нислэгийн явцад ашигласан 20 дахь орон, өөрийнхөө сансрын нисгэгчийг нисгэсэн дэлхийн арав дахь орон болж, түүхэнд нэрээ мөнхөлсөн ажгуу. Энэ бол Монгол Улсын бахархал мөн билээ. Өрнөдийн хэвлэлүүд  нислэгийн тухай өдөрт нь шууд мэдээлж байсан юм.

«Интеркосмос» сансрын хөтөлбөр тухайн үедээ социалист орнуудын хамтын ажиллагааны чухал талбар болж байв.  1950-иад оны сүүлч, 60-аад оны эхнээс ЗХУ, АНУ-ын хооронд сансрын уудмыг эзэмших салбарт өрсөлдөөн хүчтэй явагдаж эхэлсэн билээ. 1965 оны дөрөвдүгээр сард ЗХУ-ын Засгийн газар социалист хамтын нөхөрлөлийн есөн оронд захидал илгээж, сансрын уудмыг нийт хүн төрөлхтний тусын тулд энхийн зорилгоор хамтран ашиглах, судлах санал тавьжээ. 1966 онд ЗХУ-ын ШУА-ийн дэргэд Сансрын уудмыг энхтайвны зорилгоор ашиглах, судалгаа шинжилгээ явуулах олон улсын хамтын ажиллагааны Зөвлөлийг байгуулж, түүнийг “Интеркосмос” гэж нэрлэжээ. Удалгүй социалист хамтын нөхөрлөлийн есөн орны хэд хэдэн төлөөлөгчдийн зөвлөлгөөний дараа 1967 оны дөрөвдүгээр сарын 13-нд “Интеркосмос” сансрын хамтарсан хөтөлбөрийг баталжээ. Хөтөлбөр 1970 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд БНБАУ, БНУАУ, БНАГУ, БНСКУ, БНМАУ, БНПАУ, БНСЧСУ, БНСРУ, ЗСБНХУ албан ёсоор оролцох болж, дурдсан орнуудаас шалгагдсан мэргэжилтнүүд Москвагийн ойролцоох Ю.Гагарины нэрэмжит сансрын нисгэгчдийг бэлтгэх Төв буюу Оддын хотхонд бэлтгэл сургуулилт хийж эхэлжээ. 1979 онд БНСВУ сансрын хөтөлбөрт нэгдсэн байна. Мөн ЗХУ Франц,  Энэтхэг, социалист чиг баримтлалтай Сири, Афганистан зэрэг орнуудын Засгийн газар, агентлаг хоорондын түвшинд хэлэлцээр байгуулагдаж дурдсан орнууд дээрх хөтөлбөрт оролцох болсон байна. Тийнхүү 1978 оны хоёрдугаар сард БНСЧСУ-ын сансрын нисгэгч В.Ремек “Союз-28” хөлгөөр “Салют-6” станц дээр, 1978 оны зургадугаар сард БНПАУ-ын сансрын нисгэгч М.Гермашевский “Союз-30 хөлгөөр “Салют-6” станц дээр, 1978 оны наймдугаар сард БНАГУ-ын сансрын нисгэгч Зигмунд Йен “Союз-31” хөлгөөр “Салют-6” станц дээр, 1979 оны дөрөвдүгээр сард БНБАУ-ын сансрын нисгэгч Г.Иванов “Союз-33” хөлгөөр “Салют-6” станц дээр, 1980 оны тавдугаар сард БНУАУ-ын сансрын нисгэгч   Б.Фаркаш “Союз-36” хөлгөөр “Салют-6” станц дээр, 1980 оны долдугаар сард БНСВУ-ын сансрын нисгэгч Фам Таун “Союз-37” хөлгөөр “Салют-6” станц дээр, 1980 оны 9 дүгээр сард Кубын сансрын нисгэгч Арнальдо Т.Мендес “Союз-38” хөлгөөр “Салют-6” станц дээр, 1981 оны гуравдугаар сард БНМАУ-ын сансрын нисгэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа “Союз-39” хөлгөөр “Салют-6” станц дээр, 1981 оны тавдугаар сард БНСРУ-ын сансрын нисгэгч Думитру Прунариу “Союз-40” хөлгөөр “Салют-6” станц дээр, 1982 оны зургадугаар сарын НАТО-гийн гишүүн бус Францын сансрын нисгэгч Жан-Лу Кретьен “Союз Т-6 хөлгөөр “Салют-7” станц дээр, 1984 оны дөрөвдүгээр сард Энэтхэгийн сансрын нисгэгч Ракеш Шарма “Союз Т-11 хөлгөөр “Салют-7” станц дээр, 1987 оны долдугаар сард Сирийн сансрын нисгэгч Мухаммед Ахмед Фарис “Союз ТМ-3” хөлгөөр “Мир” станц дээр, 1988 оны 6 дугаар сард БНБАУ хоёр дахь удаагаа сансрын нисгэгч А.Александров “Союз ТМ-5” хөлгөөр “Мир” станц дээр, 1988 оны наймдугаар сард БНААфганистан АУ-ын сансрын нисгэгч Абдул Ахад Моманд “Союз ТМ-6” хөлгөөр “Мир” станц дээр, 1988 оны арваннэгдүгээр сард Францын сансрын нисгэгч Жан-Лу Кретьен хоёр дахь удаагаа “Союз ТМ-7 хөлгөөр тус тус хөөрч, “Мир” станц дээр  ажиллажээ.    

Өндөр өртөгтэй эдгээр сансрын хамтарсан нислэгүүдээр шинжлэх ухааны ач холбогдол бүхий сорилт, туршилтын ажлуудыг амжилттай хийж байсан бөгөөд  мөн АНУ тэргүүтэй Өрнөдийн орнуудаас сансрын уудмыг  эзэмших салбарт давуу байгаагаа тод харуулсан улс төрийн үлэмж ач холбогдолтой үйл явдал байв. “Интеркосмос” хөтөлбөр зорилгоо биелүүлсэн учир 1988 онд зогсоосон байна.

 

Тухайн үед АНУ-ын НАСА (The National Aeronautics and Space Administration (NASA) Space Shuttle  хөтөлбөрийг амжилттай эхлүүлж,  энэ хүрээнд сансрын олон дахин ашиглах Columbia хөлгийг сансарт хүн ниссэний 20 жилийн ойн өдөр буюу 1981 оны дөрөвдүгээр сарын 12-нд амжилттай хөөргөж, дөрөвдүгээр сарын 14-нд эх дэлхийдээ амжилттай газардсан юм. Улмаар 1982 оны долдугаар сард Challenger, 1983 оны арваннэгдүгээр сард Discovery, 1985 оны дөрөвдүгээр сард Atlantis, 1991 оны тавдугаар сард Endeavour зэрэг олон дахин ашиглах хөлгүүдийг амжилттай хөөргөж байв. ЗХУ ч энэ чиглэлд  анхаарлаа хандуулж, 1988 оны арваннэгдүгээр сард сансрын олон дахин ашиглах “Буран” хөлгийг “Энергия” хэмээх тээгч пуужингаар экипажгүй хөөргөхөөр төлөвлөж байжээ. Асар өндөр зардал шаардаж байсан учир энэ хөтөлбөрийг ОХУ 1993 онд  бүрэн зогсоожээ

Олон улсын харилцаа, дипломатын түүхэнд 1970-аад оныг dйtente буюу “намжмал байдлын үе” гэж нэрлэдэг агаад учир нь хүйтэн дайны эд үед Зөвлөлт-Америк, Өрнө-Дорны харилцаанд дулаарлын үе буй болсон явдал юм.

1972 оны тавдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Ричард Никсон ЗХУ-д анх удаа албан ёсны айлчлал хийх үеэр Кремлийн ордонд Америк-Зөвлөлтийн сансрын «Аполлон-Союз» хөлгийн нислэгийг хамтран зохион байгуулах “Задгай сансрыг энхтайвны зорилгоор ашиглах, судалгаа шинжилгээний салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр”-т АНУ-ын Ерөнхийлөгч Р.Никсон, ЗСБНХУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Алексей Н.Косыгин нар гарын үсэг зуржээ. 1970 оны аравдугаар сард ЗХУ-ын ШУА-ийн Ерөнхийлөгч, нэрт математикч, академич Мстислав В.Келдыш АНУ-ын Сансар судлалын НАСА агентлагийн Ерөнхий захирал Томас О.Пейнед захидал илгээж, сансрын уудмыг судлах салбарт хамтран ажиллах, хамтарсан нислэг хийх боломж, үүний тулд техникийн асуудлыг хэрхэн шийдэх талаар санал тавьжээ. 1971 оны нэгдүгээр сард Ерөнхийлөгч Р.Никсоны Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Хенри Киссинжер дээрх саналыг тааламжтай хүлээн авч энэ нь нэн чухал болохыг зөвлөсөн байдаг. Тийнхүү  1975 оны долдугаар сарын 15-нд Гринвичийн цагаар 19:50 минутад АНУ-ын Флорида дахь Кеннедийн нэрэмжит Сансрын төвөөс “Аполлон” хөлгөөр багийн ахлагч урьд нь 3 удаа сансарт ниссэн Томас П.Стаффорд, анх удаа нисч буй Модулийн нислэгийн хянагч Вэнс Д. Брэнд, зөвхөн энэ удаа л ниссэн, Модуль залгах инженер Дональд  К.Слейтон нар хөөрсөн бол, мөн өдөр долдугаар сарын 15-нд Гринвичийн цагаар 12:20 минутад Зөвлөлт Казахстан дахь Ю.Гагарины нэрэмжит Байконурын сансрын буудлаас “Союз-19” хөлгөөр хоёр дахь удаагаа нисч буй, багийн ахлагч Алексей Леонов, мөн хоёр дахь удаагаа нисч буй нислэгийн инженер Валерий Кубасов нар хөөрч, 1975 оны долдугаар сарын 17-нд Гринвичийн цагаар 16:19:09 секунтэд “Аполлон-Союз” хоёр хөлөг сансарт залгадаж, хүн төрөлхтний түүхэнд чухал үйл явдал болсон юм. “Аполлон-Союз”  хөлгүүд бүтэн нэг өдөр, 23 цаг, 7 минут, 3 секундын хугацаанд залгаатай байж, багийн гишүүд хамтарсан сорилт, туршилтын ажил амжилттай хийж дуусчээ. “Союз-19” хөлөг долдугаар сарын 21-нд Гринвичийн цагаар 10:50 минутад эх дэлхийд амжилттай газардсан бол, “Аполлон” хөлөг долдугаар сарын 24-нд Гринвичийн цагаар 21:18 минутад эх дэлхийд амжилттай газардсан байна. Америк-Зөвлөлтийн сансрын хамтарсан нислэг амжилттай өндөрлөсөн нь нийгмийн янз бүрийн байгуулалтай улс орнууд энхтайвнаар зэрэгцэн орших нөхцөлд шинжлэх ухаан-техникийн талаар хамтран ажиллаж болохын сонгодог жишээ болов гэж тухайн үед онцлон тэмдэглэж байв. Энэхүү үйл явдал 1970-аад оны олон улсын намжмал байдлын үеийн бэлэг тэмдэг болж үлджээ.

Энэхүү үйл явдлын өмнө 1971 оны нэгдүгээр сарын 31-нд АНУ-ын Аполлон-14 сансрын хөлгөөр хөөрч дэлхийн дагуул Саран дээр буусан нислэгийн багийн дарга Алан Б.Шепард Монгол Улстай дипломат харилцаагүй байсан хэдий ч НҮБ-ын гишүүн бүх орнууд, тэдгээрийн дотор Монгол Улсын төрийн далбааг саран дээр хүргэж ирээд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн XXVI  чуулганы үеэр Нью-Йорк дахь Монгол Улсын Байнгын төлөөлөгчийн газарт Монголын талд дурсгал болгон гардуулж өгч байжээ.

Стюарт А.Роуз, Эдгар Д.Митчелл нар 1971 оны нэгдүгээр сарын 31-нд хөөрч, хоёрдугаар сарын 5-нд саран дээр бууж, хоёрдугаар сарын 9-нд эх дэлхийдээ амжилттай газардсан юм.

Хүн төрөлхтний танин мэдэхүйн хүсэл тэмүүлэл хязгааргүй бөгөөд XXI зуун чухамдаа сансар судлалын хувьсгалын эрин үе, тиймээс ч айсуй эрин үеийг аж үйлдвэрийн V хувьсгал хэмээн нэрлэх нь ч буй.

Сансрын уудам, нарны аймаг зөвхөн эрдэм шинжилгээ, туршилт судалгааны судлагдахуун байгаад зогсохгүй, харин бизнесийн асар том орон зай болон хувирч байна. Аюулгүй байдлын талаарх бидний уламжлалт ойлголт даяаршлын үйл явц, дижитал технологийн үсрэнгүй хөгжилтэй уялдан үзэгдэл, мөн чанар, хамрах цар хүрээний хувьд улам бүр өргөжин тэлсээр олон улсын харилцааны хүрээнээс халин гарч,  дэлхийн гаднах сансрын уудмын орон зайг хамарч байна. Их гүрнүүдийн дэлхийн цор ганц дагуул сар цаашлаад Ангараг гаригт тугаа намируулж эзэмших геополитикийн шинэ өрсөлдөөн нэгэнт эхэлжээ. Сансрын цэргийн хүчнийг  ОХУ, БНХАУ 2015 онд, Энэтхэг 2018 онд АНУ, Франц 2019 онд байгуулсан байна.

2021 оны хоёрдугаар сарын 18-нд АНУ-ын НAСA-гийн “Perseverance” сансрын аппарат  дэлхийн хөрш Улаан үндэн гаригт  амжилттай газардаж, анхны мэдээллээ эх дэлхий рүү дамжуулав. Тэрбээр Езеро тогооны орчим газарт амьдрал байсан эсэхийг гэрчлэх ул мөрүүдийг хайх ажээ. АНЭУ-ын “Hope” гариг хоорондын станц, Хятадын “Tianwen-1” аппарат дараалан Ангараг гаригийн тойрог замд хэдийн амжилттай орж, эхний мэдээллээ дамжуулж эхлэв. Эдгээр нь хүн төрөлхтөнд асар их итгэл найдварыг төрүүлж байгаа юм.

Монголын залуучуудын санаачилсан “Mars-V” төсөл бол тэрхүү танин мэдэхүйн хүсэл тэмүүллийн нэгэн тод илэрхийлэл, чингэхлээрээ Монгол Улсын зөөлөн хүчний бодлогын  яахын аргагүй бүрэлдэхүүн  хэсэг болох учиртай. “Mars-V” төслийг амжилттай хэрэгжүүлж чадвал монголчууд  дэлхий дахинд өөрийн үнэ цэнийг өсгөх ажгуу.  “Mars-V”  нь “Vision” буюу алсын хараа, “Victory” буюу ялалт,  мөн “V” гэдэг нь ромбо тавын тоо буюу аж үйлдвэрийн тавдугаар хувьсгал гэсэн санааг илтгэж байгаа ажээ. Залуус Монгол Улс далайд гарцгүй ч сансарт гарцтай гэж үзжээ.

“Mars-V” төсөл амжилттай хэрэгжсэнээр монголчууд оюун санааны хувьд нэгдэж чаддаг, бие биедээ итгэж чаддаг гэсэн итгэл үнэмшил буй болж, дэлхийд монголчууд өөрсдийн үнэ цэнийг өсгөнө хэмээн төслийг санаачлагчид үзжээ.

“Мазаалай” хэмээх Монгол Улсын сансрын анхны бичил хиймэл дагуул  2017 оны зургадугаар сард дэлхийгээс хөөрч тойрог замд орж байсан.

Тэгвэл орчин цагийн утга зохиолыг үндэслэгч Дашдоржийн Нацагдорж Ангараг гаригийн тухай “Од” шүлгээ бүр 1931 онд бичиж байсан  билээ.

НАСА 2030 онд, Lockheed Martin Corporation 2028 онд, SpaceX 2025 онд Марс руу  хүн нисгэхээр төлөвлөж байгаа бөгөөд 2013 оны дөрөвдүгээр сард “Mars-1” төслийн хүрээнд дэлхийд эргэж ирэхгүй ангараг гаригт амьдрах “one way ticket” аялалд нээлттэй бүртгэлийг эхлүүлжээ.

Дэлхий дээр Улаан Нүдэн гаригтай ижил төстэй орчинг буй болгож сансарт зорчих   мөрөөдөлтэй иргэдийг сансрын аялал жуулчлалын бизнесийн мега төслүүдтэй холбож буй зарим улсууд туршилтын хөтөлбөрөө хэдийн хэрэгжүүлж эхлээд байна. Tухайлбал, Арабын Нэгдсэн Эмиратын “Dubai’s Mars Science City”, Өмнөд Оманы Dhofar Desert дэх сансрын аялал жуулчлалын Amadee-18 бааз, ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэгдсэн Иорданы Wadi Rum цөл дэх SunCity Camp, Чилийн Atacama Desert дэх НАСА-гийн Camping on “Mars” - Atacama Rover Astrobiology Drilling Studies төв, Исланд дахь NASA-гийн Test Mars System Laboratory зэргийг нэрлэж болно. Монголын залуучуудын санаачилсан “Mars-V” төсөл бол  тэдгээрийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг болох учиртай.

 

 

Доктор, проффессор  Д.Уламбаяр

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин