ЗГ унав. Одоо манайхан дараагийн ЗГ, Ерөнхий сайд хэн байх бол гэсэн уламжлалт “бөхийн таавраа” дэвшүүлсээр. Уг нь ингэх хэрэггүй л дээ. Зүй нь өнөөгийн улс төр-эдийн засгийн байдал, түүний хүрсэн түвшин, хандлагад шинжилгээ хийх ёстой юм.

Энэ утгаар үзвэл манай төр сульдаатай болж, төрийн удирдлагын чанар, үр дүн муудаж, гүнзгий хямралд орсон нь эргэлзээгүй. Энэ тухай товч өгүүлсү…

Асар их баялаг

 

Экспортод гаргах Монголын баялаг байнга нэмэгдсээр байна. МУ 1997-2025.03 хооронд жил тутам дунджаар 384,53 сая долларын ашигт малтмал гадагш гаргажээ. МУ 1999.01 сард 15.44 сая долларын баялаг экспортод гаргаж доод хэмжээнд хүрсэн бол 2024.06 сард 1531 сая долларын экспорт хийж түүхэн дээд хэмжээндээ хүрчээ.  

 

2024 оны эхний 11 сард МУ гадаад худалдаанаас 34,1 триллион (их наяд) төгрөг буюу 8.181.5 сая долларын валют олсны 33 триллион (их наяд) нь уул уурхайн салбарт ногдож байна.

 

Уул уурхайн орлогын бүтцийг авч үзвэл:   

 

  • 60,4 % нь нүүрснээс
  • 35,3 % нь металл хүдэр буюу зэснээс
  • 3,1 % нь нефтээс
  • 1,2 % нь бусад ашигт малтмал (жонш, хар цагаан тугалга г.м) олборлосноос оржээ.

 

МУ-ын экспортын 96,8% нь уул уурхайн баялаг, ялангуяа нүүрс, зэс хоёрт ногдож байгаас үзэхэд монголчууд бид уул уурхайн баялгаа зарж амьдарч байна.

 

Эдгээр тоо маш их мэт санагдана. Уул уурхайн салбар МУ-ын экспортын 96,8%-ийг эзэлж байгаа атлаа ДНБ-ний дөнгөж 26,9 %-ийг эзэлж байгаа нь дэндүү чамлалттай. Уул уурхайн экспортод эзлэх хувь, ДНБ-нд эзлэх хувь хоёр заавал давхцах албагүй, гэхдээ ингэж олон дахин алд дэлэм зөрөх ёсгүй.

 

96,8 ба 26,9 гэсэн хоёр тооны зөрөө гадаад дотоодын давуу мэдэлтнүүд МУ-ыг хэр зэрэг шулан мөлжиж байгааг бат нот харуулна. Эндээс МУ-ын олон улстай байгуулсан гэрээ хэтэрхий шударга бус гэсэн баттай дүгнэлт гарна. Үүнийг хүн бүр мэдэх учраас дэлгэрүүлэн ярих шаардлагагүй. Хэдий ингэж аймаар шулуулж буй боловч монголын баялгаас орж ирсэн асар валют хаачсан бэ ? гэдгийг ярих нь илүү дээр.

Мега төслийн будлиан

 

Дэлхийн аль ч улс орны мөнгө хөрөнгө хязгаартай байдаг учраас улс орноо хөгжүүлэх цөөн том төслийг сонгон авч, хамаг хүч хөрөнгөө түүнд зориулан хаядаг. Ийм гол, чухал, үндсэн төслийг мега гэж нэрлэнэ. Асар их мөнгө хөрөнгө шаарддаг учраас мега төсөл олон байж чаддаггүй, тийм хязгааргүй боломж том улсуудад ч байдаггүй.

 

АНУ 1 миллиард доллараас дээш, ОХУ 1 миллиард рублээс дээш төслийг мега гэж нэрлэдэг. Харин манайд ямар ч тооны хязгаар байхгүй… Манай улсын хувьд сайтар бодож төлөвлөсөн 3-5 мега төсөл хэрэгжүүлбэл эдийн засгийн боломжийн талаасаа ч, хэрэгжүүлэх үр дүнгийн талаасаа ч боломжтой.

 

Иймд техник-эдийн засгийн үндэслэл, хөрөнгө мөнгөний хэмжээ, хэрэгжүүлэх цаг хугацаагаа тодорхой үзүүлсэн 3-5 мега төслийг монголчууд дэмжих нь мэдээж хэрэг. Харин “зүгээр л нэг” 35 мега төсөл ярих гэвэл өөдөөс нь хуц гэж хэлэх ёстой. 

 

МУ-ын ЗГ 14 мега төсөл, УБ хот 24 мега төсөл зарлаж, чингэхдээ хөрөнгө мөнгөний болон цаг хугацааны ямар ч шалгуур тавилгүй “зүгээр л” мега төсөл гэж чарлаж рекламдаж байгаа нь тэнэглэлийн дээд тэнэглэл бөлгөө.

 

Яагаад ингэж өвчтэй, солиотой юм шиг “35 мега төсөл” гэж орилоод байгаа юм? гэж бодсон хүн бараг үгүй. Монгол Улсдаа бүтээн байгуулах гэж зүтгээ юу? Ёстой тийм юм байхгүй. МУ 35 мега төсөл хэрэгжүүлэх боломжтой юу? Ёстой мөрөөд. Тэгээд яагаад илжиг шиг зүтгээд тэнэглээд байгаа юм? МУ-д болж буй улс төрийн будлиан хийгээд эдийн засгийн зэрлэг өрсөлдөөний учир шалтгааныг тайлбарлах гэж нэг их “онол ном” болох ямар ч шаардлагагүй.

 

Монголын жижиг эдийн засгийн учир шалтгааныг олъё гэвэл танин мэдэх чин хүсэлтэй, ажигч нямбай дурын хүн нэг ширхэг 12 мөнгөний дэвтэр, 1 ш сампинтай байхад л бодож дүгнэж чадна. Энд чинь нэг их сүрхий боловсрол, ухаан ороод байх юу ч байхгүй…

Мөнгө идэх аргын хөгжил

 

Монгол хэлний “идэж уух” гэсэн хэллэг зөвхөн төр засагт хамаатай бөгөөд ердийн нэг муу хэллэг болон тогтжээ. Гэхдээ “ЗГ-ын авилгыг ямагт өнгөрсөн цаг дээр ярьдаг” гэсэн Уотергейтийн зарчим үйлчилснээр Монголчууд “иддэг уудаг” төр засагтайгаа мэдэхийн дээдээр мэддэг болсон бөлгөө. Эрх мэдэлтнүүд мөнгийг “зүгээр л нэг идчихдэг” гэж ойлгодог нь буруу юм.

 

Мөнгийг “зүгээр л нэг” иддэг биш, харин элдэв төрлийн төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалт, сангаар дамжуулж иддэг гэдгийг монголчууд дутуу ойлгодог. Монголчууд мөнгө идэх олон янзын аргыг мэддэг болсон ба чингэхдээ цаг ямагт хожуу ойлгодог гэмтэй, гажигтай…

 

Мөнгө идэх арга гадаадтай хийсэн шударга бус гэрээ, хөрөнгө оруулалт, лицензийн наймаа, луйвар, элдэв төрлийн төсөл, хөтөлбөр, төсвийн хулгай, сүлжээний луйвар, сан зэргээр дамжиж ирснийг Монголчууд надаас илүү мэдэх учир тайлбарлаж ярих нь илүүц. Сүүлдээ бүр хулгай дээрмээ хүртэл төрийн нууцад оруулдаг жигшүүрт ёс заншил нэвтрүүлэв.

 

Мөнгө идэх арга ийнхүү “хөгжиж” явсаар эдүгээ мега төслийн төлөө давуу мэдэлтнүүдийн өрсөлдөөн тэмцэл болон хувирч байна. Тодруулбал: ашигт малтмал зарснаас орж ирсэн асар их валютыг “үй түмэн” мега төсөл болгон хувиргаж идэх шинэ түвшинд хүрч, алалцаж байна. Энэ заваан өрсөлдөөнөө нууж, ЗГ зүгээр л солигдсон мэт харуулахыг хичээж байна.

 

Эдийн засгийн буюу мега төслийн төлөө өрсөлдөөн улс төрийн хэд хэдэн “нууц” ажиллагааг дамжин явж иржээ. Намайг хэлмэгц л Та нар бүгдээрээ санана.

 

Нэг. Хамгийн эхлээд ҮХ-нд луйврын өөрчлөлт хийж УИХ-ыг 126 гишүүнтэй болгов. Энэ нь өрсөлдөн тэмцэлдэгч бүх бүлгүүд өөрийн хүнээ УИХ-д оруулах боломж олгож буй учир “санал нэгтэй” шийдвэрлэв.

 

Хоёр. МАН голлон АН удаалан сонгуулийн наймаа тохиролцоо хийв. Сонгуулийн өмнө МАН Л.Оюун-Эрдэнэ болон У.Хүрэлсүхийн, АН Х.Баттулга болон Л.Гантөмөрийн гэсэн 4 бүлэглэлд хуваагдаад байв. Л.Оюун-Эрдэнэ болон Х.Баттулга нь нэг тал, У.Хүрэлсүх болон Л.Гантөмөр нь нөгөө тал. МАН, АН-ын ийм хуваагдал өнө эртний түүхтэй.

 

Энэ удаагийн сонгуульд МАН 80 хүртэл суудал авах боломжтой нь бүх төрлийн судалгаагаар харагдаж байлаа. Гэтэл сонгуулиар МАН 68, АН 42, ХҮН 8, Үндэсний Эвсэл 4, Иргэний Зориг Ногоон 4 суудал авав. Яагаад?! МАН доторхи өрсөлдөөн тэмцэл антагонист хэлбэрт орсны улмаас улс төрийн тэмцэл шинэ хэлбэрт оров. Үүнийг А.Баатархуяг “Хуучин МАНАН-тай шинэ АНМАН өрсөлдөх болов” гэж тун онож нэрлэсэн. Энэ өрсөлдөөний явцад МАНАН-гийн олон хууччуул дотоод өрсөлдөөний хайчинд орон унаж, ойролцоогоор 12 суудлаа АН болон бусад намуудад “бэлэглэв”. Ямар ч гэсэн шинэ УИХ нам намын, үнэн хэрэг дээрээ улс төрийн бүх бүлэг оролцсон “холимог хуурга” болов.

 

Гурав. Одоо “эвслийн ЗГ уу, МАН-ын дагнасан ЗГ уу” гэсэн сонголт тулгарч, улс төрийн тэмцэл хурцдав. Дэлхийн жишгээс үзвэл: сонгуулиар аль ч нам илт давуу ялаагүй, ойролцоогоор тэнцсэн тохиолдолд эвслийн ЗГ байгуулдаг. Харин манайд сонгуульд илт давуу ялсан хэрнээ эвслийн ЗГ байгуулдаг гаж солиотой санаачлага нэвтэрч, энэ нь бараг “ёс заншил” болон хувирчээ. С.Баярын үеэс эхэлсэн эд л дээ… Л.Оюун-Эрдэнэ МАН-даа итгэхгүй байсан учир Эвслийн ЗГ-ийн төлөө зүтгэв. Өөрөөр хэлбэл МАН-ын хууччуулд итгэж байснаас АН болон ХҮН-иыг оролцуулсан ЗГ байгуулж “тэнцвэржүүлнэ“ гэж боджээ. Монголд “цэвэр өөрийн” ЗГ гэж байдаггүй юм. Монголын ямар ч ЗГ-т заавал бүлэг бүлгийн төлөөлөл орж баймаажин ажилладаг. Л.Оюун-Эрдэнийн ЗГ ч гэсэн энэ зүй тогтлоос гажаагүй.

 

“Монголд сонгуулийн өмнө намдаа хайртай болдог, сонгуулийн дараа төрдөө хайртай болдог” жамтай”

 

Гэтэл Л.Оюун-Эрдэнэ төрөө баахан шинэ, залуу хүмүүсээр бэхжүүлж, намаа “мартаж орхижээ”. Ойролцоогоор 2 жилийн дараа намдаа хайр зарлах жам ёсны үйл явц эхлэв. Гэтэл МАН-ыг нь У.Хүрэлсүх эзэлчихсэн байдаг. Ингээд хүчний харьцаанд өөрчлөлт гарав. Үр дүн нь тов тодорхой.

 

Данхайх тусмаа төр сулардаг                                         

 

Монголын баялгаас олох валютын хэмжээ жил тутам нэмэгдэхийн хэрээр давуу мэдэлтнүүдийн өрсөлдөөн тэмцэл хурцдав. Цаашдаа ч улам ширүүн тэмцэлдэнэ. Учир нь зарах баялгийн хэмжээ уран, газрын ховор металлаас эхлээд бусад олон ашигт малтмалаар ихээхэн нэмэгдэнэ. Энэ өрсөлдөөний явцад Монголын төр данхайж эхлэв. Эхлээд УИХ 126 гишүүнтэй болов. Дараа нь ЗГ 16 яам, 23 сайдтай болов. Улмаар “бүтээмжийн менежер”, “хяналтын менежер” нэртэй хамгийн багадаа 5-6 сая төгрөгийн цалинтай 40 хүнийг ТӨК-иудад “шахан” оруулав.

 

Сүүлийн 10-аад жилд төрийн албан хаагчдын тоо 2 илүү дахин нэмэгдэж, одоогийн байдлаар дунд, анхан шатанд 200.000 давхцсан орон тоо үүсчээ. Солиотой байгаа биз дээ ?!

 

Ийнхүү төрийн алба данхайх тусам төр суларч, төрийн шийдвэр буруу зөрүү гарч, төрийн удирдлага, түүний үр нөлөө буурдаг. Үүнийг нотлох шаардлага байхгүй, өнөөгийн төрийн үг үйлдлийн зөрүүг харахад л ойлгомжтой. Л.Оюун-Эрдэнэ ганцаараа төрийг данхайлгаад байна уу? гэвэл огт тийм биш. Төр данхайх үзэгдэл бол төрд орж идэж уухын дон шүгэлсэн давуу мэдэлтнүүдийн шуналт өрсөлдөөнөөс өөр зүйл биш бөгөөд энэ нь давуу мэдэлтнүүдийн төрийн салшгүй шинж мөн.

 

Давуу мэдэлтнүүд ЗГ-т эхлээд хүнээ шахав, дараа нь мега төсөл шахав. Үүний үр дүнд төр, түүний удирдлага суларч, үр дүн байхгүй болох бөгөөд үүнтэй зэрэгцэн мега төслийн тоо хэмжээ солиотой их нэмэгдэнэ. Хамгийн гол аюул нь мега төслийн тоо хэмжээ олшрох тусам хөрөнгө мөнгө тарамдаж, үр ашиг нь нойллоно.

 

Л.Оюун-Эрдэнэ тал талаасаа мега төслөөр шахуулав. Ийм олон мега төслийг зэрэг хэрэгжүүлэх ямар ч боломжгүй учраас тэр 14 хүртэл хасчээ. Гэтэл давуу мэдэлтнүүд хасагдсан төслүүдийг УБ хотын мега төслийн жагсаалтад оруулж 24 мега төсөл болгов. Ингээд МУ 35 мега төсөлтэй болов. Энэ нь Монголын төрд хоёрдмол байдал үүсгэж, МУ хоёр ЗГ-тай мэт болсон нь хамгийн их аюул юм. Манай аваргууд 35 мега төслөө зэрэг эхлүүлж, баахан мөнгө шороонд булаад ганцыг ч дуусгалгүй мэлийгээд зогсож байхаас сийхгүй тэнэг лаларууд. Харин мега төсөл тойрсон хэрүүл тэнгэрт тулах нь гарцаагүй…

 

Нэгэнт их мөнгөтэй болчихсон, сөрөг хүчин байхгүй, ямар ч хяналт байхгүй учраас давуу мэдэлтнүүд дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэх нь зүй тогтол юм. 

 

Хамгийн эхлээд 2025 оны улсын төсвөөр тоглох шиг болов. Энэ нь 1990-ээд оны алт дилерийн хэрэгтэй тун төстэй…

 

Их мөнгөтэй болсон дэлхийн ямар ч төр ард түмэндээ их бага хэмжээгээр амсуулдаг атал манай давуу мэдэлтнүүд үртэс ч амсуулсангүй, харин цахилгаан дулаан, үнэ тариф, татвар хураамжийг тултал нь нэмж, ард түмнээ нэмэн шулж дарамтлав. Энэ засгийн үйлдсэн хамгийн зэвүүн үйлдэл нь энэ бөлгөө. Энэ нь нэг талаас давуу мэдэлтнүүд ямар их шуналтайг, нөгөө талаас монголын ард түмнийг шулан мөлжих хэмжээ, зэрэг хэр их нэмэгдэж байгааг харуулна. Эндээс өнөөгийн монгол төр бол ард түмнийг шулан мөлжигч давуу эрхтнүүдийн төр мөн гэсэн цорын ганц дүгнэлт гарна.

 

Гацаа хийгээд гарц

 

ЗГ-ыг огцруулж, шинэ Ерөнхий сайдтай болсноор хур хог болон хуримтлагдсан олон асуудлыг засаж сайжруулна, илүү сайн болгоно гэж бодох нь тэнэг хэрэг. Учир нь ЕС солигдсон ч асуудлууд хэвээрээ үлдсэн. Үүнийг “чөтгөрийн тойрог” болон хувирсан энэ системийн нөхцөлд шийдэх боломж огт байхгүй.

 

Аливаа зүйлд суурь шалтгаан гэж байдаг бөгөөд энийг олоогүй цагт ямар ч шинэчлэл болохгүй.

 

Монголд тогтсон системийн суурь гажгийн суурь шалтгаан нь МАН-д буй. МАН гэдэгт түүнээс хувь хишиг горьдсон АН, ХҮН болон бусад намууд ч хамаарна.

 

МАН-ын санал луйварддаг сүлжээг эвдээгүй цагт төрийг сайжруулах ямар ч боломж байхгүй. Гэтэл харамсалтай нь манайхан дан ганц “төрийг сайжруулах” тухай ярьдаг нь үнэндээ гэнэн бөгөөд тэнэг хэрэг мөн.

 

Төрийг нам бүрдүүлдэг бөгөөд нам нь луйварчин бол төр нь луйварчин байх нь гарцаагүй. “Энэ цаг үед нэн яаралтай төрөө жижиглэж, төсвөө танах, том төслүүдийг эрэмбэлэн хойшлуулах, инфляци өдөөж буй импортын хэрэглээгээ хязгаарлах нь бодит алхам болохоор байна” гэж УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн дүгнэлт маш зөв юм.  Энэ санааг хэрэгжүүлэх хүсэлтэй нам төр Монголд огт байхгүй. Тэгэхлээр системийн өөрчлөлт гарцаагүй. Давуу мэдэлтнүүдийн даварсан шуналыг хязгаарлаж, хумиж чадахгүй бол шинэ ЗГ унаж л таарах байх…

 

Дашрамд системийн талаар ямар ч ойлголтгүй атлаа “системийн өөрчлөлт” гэж орилдог лаларууд бидэнд гай болохоос өөр шидгүйг онцолж байна.

 

Харин энэ тухай жич ярих хангалттай цаг хугацаа бидэнд бий…

 

Судлаач Х.Д.Ганхуяг.

 

Эх сурвалж: https://gankhuyag.com/

Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад бүтээлүүдийг түүний албан ёсны блог https://gankhuyag.com/-ээс уншина уу