Э.Батшугар: Уул уурхайг түшиглэсэн хиймэл оюуныг хөгжүүлэх нь Монгол Улсын давуу тал байх болно
3 цагийн өмнө

УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
“Кибер халдлага дэлхий дахины толгойны өвчин болсон энэ үед мэдээлэл хамгаалах асуудлыг зөвхөн IT инженерүүдэд даатгах боломжгүй болсон”
-Төрийн үйлчилгээний цахимжилттай холбоотой хэд хэдэн шүүмжлэл сүүлийн үед олон нийтийн дунд гарлаа шүү дээ. Нэг сарын өмнө санагдаж байна, иргэн зөөврийн ортойгоо төрийн байгууллагад очиж үйлчилгээ авч байгаа бичлэг нийгмийн сүлжээнд цацагдсан. Саяхан E-Mongolia системээс Үндэсний баялгийн сангийн нэрийн данс алга болсон гэж шуугилаа. Мөн E-Mongolia системээс мэдээлэл алдагдсан асуудал яригддаг. Ер нь Монгол Улс төр иргэний мэдээллээ хамгаалах, E-Mongolia дамжуулан цахимаар төрийн үйлчилгээг үзүүлэх үүргээ гүйцэтгэж чадаж байна уу?
-Иргэний мэдээлэл гэдэг нь өөрөө цогц ойлголт. Аливаа иргэн хүний мэдээлэл үүсэх, хадгалагдах, эргэлтэд орох шатыг дамждаг. Иргэний бүртгэл, газар, үл хөдлөх, татварын харилцаа, даатгал, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах зэрэг бүртгэл хийгдэж, мэдээлэл үүсэж байдаг. Үүсэн бий болж буй мэдээлэл нь тэдгээр төрийн байгууллагууд тус бүрийн өгөгдлийн сан дээр тус тусдаа хадгалагддаг буюу төвлөрсөн бус байдлаар хадгалагддаг нь өөрөө архитектурын хувьд зөв шийдэл.
Одоогийн байдлаар суурь болон төрөлжсөн мэдээллийн сангууд дээр хадгалагдсан мэдээллээс төрийн аль ч байгууллага мэдээлэл алдсан тохиолдол байхгүй. Мэдээлэл алдагдах эрсдэлт нөхцөл үүссэн тохиолдлууд нь ихэвчлэн эргэлтэд орох шатанд гарсан байдаг.
Логикийн хувьд УБЕГ дээр байгаа, нийгмийн даатгал, эмнэлэг зэрэг суурь болон төрөлжсөн сан дээр байгаа мэдээллийг хамгаалах нь нэн тэргүүний зорилт юм. Үүнийгээ ч хийж байгаа. Би нэг зүйлийг онцлон тэмдэглэмээр байна. Кибер халдлага дэлхий дахины толгойны өвчин болсон өнөө үед мэдээлэл хамгаалах асуудал нь байгууллагын хэдэн IT инженерийн үүрэг байхаа нэгэнт больсон. Энэ бол удирдлагын зүгээс учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх ойлголт, манлайлалтай байх, аюулгүй байдлын төсвийг батлах, тоног төхөөрөмж, мэргэжилтнүүдийг бэлтгэхэд гар татахгүй байх, ажилтан бүр мэдээллийн аюулгүй байдлын талаар мэдлэгтэй байх зэрэг бүх нийтийн үүрэг болж хувирсан. Төрийн үйлчилгээний хувьд бид хүргэх үүргээ биелүүлж байгаа гэдэгт бүрэн итгэлтэй байна. Өнгөрсөн таван жилийн хугацаанд иргэд маань 97 сая удаагийн үйлчилгээг зөвхөн E-mongolia системээс авсан байна. Сар бүр 500 мянга орчим иргэн тогтмол үйлчилгээ авч байна. Төрийн үйлчилгээ ямар байгаад ямар болсон бэ гэдгийг бодоод үзвэл хариулт нь өөрөө орж ирэх болов уу. E-mongolia-аас өмнөх үе, E-mongolia бий болсноос хойших үе гэж хувааж харж болно.
Бид шилжилт хийж байна. Энэ шилжилт дуусаагүй буюу одоогоор үргэлжилж байна. Эхний ээлжид бид төрөөс үзүүлж буй 3000 орчим үйлчилгээний 90 хувийг цахимжуулна. Энэ тоо одоо 77 орчим хувьтай байна. Цаашид цахимжуулсан нийт үйлчилгээгээ үе шаттайгаар дахин загварчлах ажлыг хийж гүйцэтгэнэ.
Төрийн үйлчилгээг цахимжуулсан байдал, цахимжилтын хурдаараа бид бусад улсуудтай харьцуулахад эхний эгнээнд явж байна. Нэгж үйлчилгээ тус бүр дээр үе шат, шийдвэрлэгдэх хугацаа, хавсаргадаг баримт бичгийг багасгаж, тэр үйлчилгээг илүү сайжруулахад иргэдийн санал бидэнд маш чухал гэдгийг хэлэхийг хүсэж байна. Хэрэв таны сэтгэлд аль нэгэн үйлчилгээ хүрэхгүй байгаа бол мөн танд ингээд сайжруулчихвал зүгээр байна гэсэн санал байгаа бол 1111 төвийн хоёрдугаар шугамаар E-mongolia-ын операторуудтай холбогдон саналаа үлдээгээрэй. Дахин хэлэхэд таны санал бүр бидний ажилд тусалдаг юм шүү. Үүний зэрэгцээ төрийн үйлчилгээ зөвхөн цахим хэлбэрт шилжихээс гадна иргэн бүрийн хэрэгцээ, нөхцөл байдалд нийцсэн, бодит хүртээмжтэй байх ёстой гэж үзэж байна.
Тухайлбал, хэвтрийн болон тусгай хэрэгцээт иргэдэд төрийн үйлчилгээ авахад хүндрэл тулгарч байсан бодит нөхцөл байдлыг бид нээлттэйгээр хүлээн зөвшөөрч, үүнийг шийдвэрлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.
Үүнд “ХУРДАН” цэг, өөртөө үйлчлэх киоск төхөөрөмжийн тоог нэмэгдүүлэх, иргэний гарт хүрч үйлчлэх хэлбэрийг өргөжүүлэх, цахимаар үйлчилгээ хүргэх нэмэлт, уян хатан боломжуудыг бий болгох ажлууд багтаж байна. Төрийн үйлчилгээний нэгдсэн системийг ашиглан Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын 613 байршил дахь “ХУРДАН” цэгээр дамжуулан 43 байгууллагын 451 төрлийн үйлчилгээг нийт 2.005.423 удаа иргэдэд хүргэж, мөн 46,487 иргэнд тоон гарын үсэг олгосон байна. Үүнээс гадна 482 байршилд байршуулсан өөртөө үйлчлэх “ХУРДАН” киоск төхөөрөмжөөр 1,208,379 удаагийн төрийн үйлчилгээ үзүүлсэн нь цахим болон хосолмол үйлчилгээ бодитоор үр дүн өгч байгааг харуулж байна. Цаашид бид төрийн мэдээллийн аюулгүй байдлыг улам бэхжүүлэх, иргэдийн хувийн мэдээлэл хамгаалалтыг олон улсын жишигт нийцүүлэн хангахын зэрэгцээ E-Mongolia болон төрийн бусад цахим платформоор дамжуулан иргэн бүрд ойр, ойлгомжтой, хүртээмжтэй төрийн үйлчилгээг хүргэхэд онцгойлон анхаарч, бодлогын болон хэрэгжилтийн түвшинд тууштай ажиллах болно.
“E-Mongolia систем төр-иргэний харилцааг шинэ түвшинд гаргасан”
- E-Mongolia системээс иргэдийн мэдээлэл алга болсон. Энэ юунаас болсон бэ?
-Энэ асуудлын тухайд бид нөхцөл байдлыг бүрэн шалгаж үзсэн. Зарим иргэдийн илгээсэн материалын түр зуурын файлын холбоос Bing хайлтын системд индексжиж ил гарсан нь үнэн. Гэхдээ энэ нь систем рүү нэвтэрсэн, мэдээллийн сан алдагдсан кибер халдлага биш байсан. Харин шинэ үйлчилгээ нэвтрүүлэх явцад гарсан процессын техникийн алдаа байсан. Е-Mongolia системд иргэдийн хавсаргасан материалыг шийдвэрлэгч байгууллагад дамжуулах шаардлагатай олон шатлалт үйлчилгээнүүд байдаг. Зарим шинэ үйлчилгээний хувьд тухайн байгууллагын дотоод системтэй шууд интеграц хийх боломжгүй байсан тул файлыг дамжуулах зорилгоор түр хугацааны холбоос үүсгэсэн. Microsoft Edge хөтөч ашигласан тохиолдолд эдгээр холбоосыг хөтчийн автомат индексжүүлэлтийн механизм Bing-д бүртгэсэн нь асуудлын гол шалтгаан болсон. Манай талд хайлтын системийн индексжилтээс урьдчилан сэргийлэх тохиргоо дутуу байсан нь энд нөлөөлсөн.
-Одоо тэгээд дээрх алдаа засагдсан биз дээ?
-Тиймээ, зассан. Асуудлыг илрүүлмэгц бид шуурхай арга хэмжээ авч, хайлтын системд индексжихийг бүрэн хаасан, техникийн хамгаалалтыг нэвтрүүлсэн. Мөн Bing болон Microsoft талтай хамтран ажиллаж, ил гарсан бүх холбоосыг устгуулсан. Chrome, Firefox болон мобайл аппликейшн дээр ийм асуудал гараагүй бөгөөд арванхоёрдугаар сараас хойш систем хэвийн, аюулгүй ажиллаж байна.Бид энэ тохиолдлыг чухал сургамж гэж үзэж байгаа.
Цаашид ижил төрлийн эрсдэл гарахаас сэргийлж, системийн аюулгүй байдал болон дотоод процессын хяналтыг илүү өндөр түвшинд сайжруулж ажиллаж байна. Техникийн болон зохион байгуулалтын хувьд эрсдэлийг хамгийн бага түвшинд хүртэл бууруулж, хамгаалалтыг бүрэн шийдсэн.
Үүнийг дараах гурван үндэслэлээр баталгаажуулж байна. Нэгдүгээрт, Мэдээллийн аюулгүй байдлын дэлхийн жишиг ISO 27001 болон чанарын удирдлагын ISO 9001 стандартыг “И-Монгол” академи байгууллагынхаа хэмжээнд нэвтрүүлсэн. Хэрэглэгчийн хандалт бүрийг дундаас нь задлах боломжгүй алгоритмаар нууцалдаг болсон. Хоёрдугаарт, гаднаас ирэх халдлагыг Cloud WAF, Үндэсний дата төв болон манай байгууллага өөр дээрээ 24/7 хяналтаар шинжилж, аюулгүй байдлыг хангадаг. Гуравдугаарт, долоо хоног бүр системд аюулгүй байдлын шинэчлэл хийдэг бөгөөд аппликэйшн нээх бүрд хамгийн сүүлийн үеийн хамгаалалтын хувилбарыг автоматаар татаж ачаалдаг. Өмнө гарсан веб хөтчөөс хамааралтай алдааг бүрэн засаж, олон улсын технологийн тусламжтайгаар системийг "задлах боломжгүй" нууцлалын түвшинд хүргэсэн тул мэдээлэл алдагдах эрсдэл техникийн хувьд маш бага болсон. Үүнийг бид тогтмол сайжруулан ажиллаж байна.
-Өнөөдрийн байдлаар иргэд хэчнээн төрлийн үйлчилгээг E-Mongolia авч байна вэ?
-Өнөөдрийн байдлаар E-Mongolia систем нь Монгол Улсын цахим шилжилтийн хамгийн том, үндэсний хэмжээний платформ болон өргөжиж, төрийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг тасралтгүй нэмэгдүүлсээр байна. Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем болох E-Mongolia нь 2026 оны хоёрдугаар сарын 4-ний байдлаар 2.106.874 хэрэглэгчтэй болж, Монгол Улсын насанд хүрсэн иргэдийн ойролцоогоор 85 хувийг хамраад байна.
Энэхүү систем нь анх 2020 оны аравдугаар сард төрийн 23 байгууллагын 181 үйлчилгээг цахимжуулан нэвтрүүлснээр эхэлж байсан бол богино хугацаанд хурдацтай хөгжиж, төр-иргэний харилцааг шинэ түвшинд гаргасан юм.
2021 онд E-Mongolia 2.0, 2023 онд E-Mongolia 3.0 хувилбар 2024 онд E-Mongolia 4.0 шинэчлэлтийг амжилттай хийсэн бол 2025 онд хэрэгжсэн E-Mongolia 5.0 хувилбарын хүрээнд 89 байгууллагын 1269 үйлчилгээг нэвтрүүлж, нийтдээ 96 сая удаагийн үйлчилгээ үзүүлсэн нь системийн цар хүрээ, ач холбогдол асар их болсныг илтгэнэ. Энэ шинэчлэлээр AI chatbot-оор дамжуулан иргэд асуултад шууд хариулт авах, үйлчилгээ авах алхамчилсан зааварчилгаа авах боломжтой болсон бол ухаалаг хөтчийн тусламжтайгаар ямар бичиг баримт бүрдүүлэх, хаана хандах, аль үйлчилгээг сонгох талаар чиглүүлж, буруу үйлчилгээ сонгохоос урьдчилан сэргийлдэг болсон. Мөн урьдчилсан сонордуулга, цахим хэтэвч болон төлбөр тооцооны шийдэл, цахим бичиг баримтын хэрэглээ нэвтэрч, лавлагаа, тодорхойлолтыг зөвхөн монгол хэлээр бус англи, орос, хятад, франц, солонгос хэлээр авах боломж бүрдсэн. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хүртээмжийн тохиргоог илүү сайжруулж, хэл ярианы бэрхшээлтэй иргэд дохионы хэлний орчуулгатай дүрст дуудлагаар зөвлөгөө авах боломжтой болсон нь нийгмийн бүх бүлгийг хамарсан бодит дижитал шилжилтийн жишээ болж байна.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй цахим шилжилтийн хүрээнд ДАН 2.0 танилт нэвтрэлтийн систем шинэчлэгдэж, хэрэглэгчийн иргэний үнэмлэх, эсвэл гадаад иргэний үнэмлэхний зурагнаас харьцуулалт хийж өөрийгөө таниулах хэлбэрээр хэрэглэгчийн бүртгэл үүсгэх боломжтой болсон.
Царай танилтын баталгаажуулалтыг 99 хувийн-с дээш байх тохиолдолд бүртгэл үүсгэж 99 хувь байх тохиолдолд ХУР мэдээлэл солилцооны үндсэн системийн мэдээллийг ашиглан тухайн иргэнээс хувийн асуулт асууж танилт баталгаажуулалтыг давхар хийх боломжийг нэвтрүүлж хүртээмжийг нэмэгдүүлсэн. Өнөөдрийн байдлаар 1000 орчим иргэн царай танилт ашиглан бүртгэлээ баталгаажуулсан байна. Царай танилтаар бүртгэлээ үүсгэсэн хэрэглэгчид нэг удаагийн кодоор Google/Microsoft гэх мэт Authenticator ашиглан дараагийн удаа систем рүү нэвтрэх боломжтой болсон. Ингэснээр дэлхийн өнцөг булан бүрд оршин суугаа 200,000 Монгол Улсын иргэд "E-Mongolia"-д нэвтэрч төрийн үйлчилгээг цаг алдалгүй авах боломж бүрдэж байна.
“Технологийн салбар хөгжих тал дээр хууль эрх зүй, бизнесийн орчинг сайжруулахаар ажиллаж байна”
-Таны ярианаас төрийн үйлчилгээ нэлээн өндөр түвшинд цахимжсан юм байна гэж ойлголоо. Иргэд төрийн бүх үйлчилгээг цахимаар авах нөхцөлийг шат дараатай бүрдүүлж шинэ тутам үйлчилгээ нэмэгдсээр байгаатай зэрэгцэн иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх тал дээр ямар ажил арга хэмжээг зохион байгуулж байгаа вэ?
-Цахим шилжилтийн тулгын гурван чулуу нь технологи, процесс, хүн юм. Бид шат шатандаа процессоо автоматжуулж, цахимжуулж, технологи нэвтрүүлж чаддаг болсон байна. Хэчнээн сайхан программ, систем хийлээ, нэвтрүүллээ гээд нөгөө талд чинь хэрэглэх хүнгүй бол яах вэ, хүмүүс хэрэглэж чадахгүй бол яах вэ. Тэгвэл хэрэглээгүй систем, үр ашиггүй зардал л болж хувирна. Цахим шилжилт удааширна.
Жишээбэл нэг сарын өмнө хэвтрийн иргэнийг хороон дээрээ ортой нь зөөн очиж төрийн үйлчилгээ авсан явдал гарсан. Угтаа бол эдгээр зорилтод бүлгийн иргэдэд төрийн үйлчилгээг цахимаар бүр гэрээсээ авах бүх боломжийг бүрдүүлчихсэн. Иргэд энэ үйлчилгээг хэрхэн авах мэдлэг бага байгаагаас дээрх асуудал үүссэн байгаа юм.
Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас 2023 оноос хойш Бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх таван удаагийн аяныг улс орон даяар тогтмол зохион байгуулж, 118.514 иргэнд сургалт зохион байгуулан 300.266 иргэнд зөвлөгөө, мэдээлэл хүргэж ажилласан. Төрийн албан хаагчид, ИТХ-ын төлөөлөгчид, багийн Засаг дарга нар, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, малчид гээд нийгмийн бүхий л бүлэгт хүрч цахим ур чадварыг дээшлүүлэхээр зорьж байна. Цаашид бид иргэдийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх ажлыг богино хугацааны аян, кампанит ажлаар хязгаарлахгүйгээр тогтвортой, урт хугацааны бодлогын нэг хэсэг болгон үргэлжлүүлнэ. Иргэн бүр нас, оршин суугаа газар, нийгмийн байдлаас үл хамааран төрийн цахим үйлчилгээг аюулгүй, хүртээмжтэй ашиглах нөхцөлийг бүрдүүлэхэд онцгойлон анхаарч, сургалт, нөлөөллийн ажлыг улам өргөжүүлэн, чанаржуулж ажиллах болно.
-Та өмнө нь Цахим бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байсан. Цахим, хөгжил инновац, харилцаа холбооны сайд болоод есөн сар боллоо. Энэ салбарын бодлогыг хэрэгжүүлэхэд байнгын хорооны даргаар ажиллаж байсан тань нэлээд хэрэг болж байгаа болов уу. Өөрөөр хэлбэл, цахим хөгжлийн салбарт парламентаас баталсан хууль, тогтоомж яг амьдрал дээр, аж ахуй нэгж дээр, салбарт нь хэрэгжиж байна уу?
-Манай салбарын хувьд бид хамгийн сүүлд батлагдсан хууль бол 2023 онд батлагдсан 109 хуулийн нэмэлт өөрчлөлт, 2024 онд батлагдсан мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай хууль гэх мэт хуулиуд бий.
Миний бие болон манай ЦХИХХЯ-наас Технологийн салбар хөгжих тал дээр хууль эрх зүй, бизнесийн орчинг сайжруулахаар ажиллаж байна. Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль 2024 онд гарсан.
Тус хуулийн дагалдах хоёр төрлийн журмыг засгийн газраар батлуулах ажил дээр анхаарч 2025 оны есдүгээр сарын 17-ны Засгийн газрын хуралдаанаар оруулан батлуулж, Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс байгуулах боломж бүрдсэн. 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Виртуал бүсийн үйл ажиллагаа эхэлж Мэдээллийн технологийн үйл ажиллагаа эрхэлж буй компани аж ахуй нэгжүүдээ бүртгэж эхлээд байгаа юм. Виртуал бүсэд бүртгүүлэх болзлыг ханган бүртгүүлснээр технологийн салбарынхан маань Татварын болон татварын бус дэмжлэгүүдийг авч эхлэх боломж нээгдэж байгаа гэж ойлгож болно.
-Виртуал бүсэд хэчнээн компани бүртгүүлээд байгаа вэ. Ямар хөнгөлөлт, дэмжлэг авах эрх үүснэ гэсэн үг вэ?
-Одоогоор технологийн 50 гаруй компани бүртгүүлэх хүсэлтээ өгөөд байна. Цаашид бүх технологийн компаниудаа бүртгэх тал дээр манай яам Мэдээллийн технологийн үндэсний парктай хамтран ажиллаж байгаа. Татварын хөнгөлөлт бүртгэгдэж, үндсэн гэрээ байгуулснаас хойш шууд авч эхэлнэ. Харин татварын бус дэмжлэгийг авахын тулд хуулийн этгээдүүд холбогдох материалаа виртуал бүсэд ирүүлсний дараа тухайн хүсэлт дээр тулгуурлаж 2027 оноос эхлэн үзүүлэхээр ажиллаж байна.
“Хиймэл оюун ухааны өгөгдлөө эдийн засгийн эргэлтэд оруулна”
-Цахим хөгжил, инновац харилцаа холбоон яам 2026 оныг “Их өгөгдөл, хиймэл оюун”-ы жил болгон зарласан. Монгол Улс их өгөгдөл хиймэл оюуны стратегиа өнгөрсөн есдүгээр сард танилцуулсан. Ямар ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ?
-Хиймэл оюун бол дэлхий даяар тэргүүлэх чиглэл болсон. Улс орон бүр үүнд анхаарлаа хандуулж байгаа. Хиймэл оюуны хувьд хамгийн чухал зүйл нь өгөгдөл юм. Үүнийг машинаар ярих юм бол шатахуун гэж ойлгож болно. Манай улс дижитал шилжилтийн хүрээнд тодорхой амжилтыг гаргасан. Та бүхэн санаж байвал 2020 онд НҮБ-аас гаргадаг Цахим засаглалын индексээр Монгол Улс 92 дугаар байранд байсан. Энэ үзүүлэлт 2024 онд 46 дугаарт байранд очсон. Азидаа 13 дугаар байр, далайд гарцгүй улс орнуудтай харьцуулахад нэгдүгээр байранд явж байгаа. Өнгөрсөн аравдугаар сард 2026 оны индексийн материалуудаа НҮБ руу явуулчихсан. Ойролцоогоор энэ оны 9-10 сард манай индексийн дүн гарна. Тэгэхээр энэ үзүүлэлтээр бас ахиц гарах болно гэж найдаж байгаа. Нэгдүгээрт, бид өгөгдлөө эдийн засгийн эргэлтэд оруулна. Үүнд салбар хоорондын зохицуулалт маш чухал юм. Зарим салбар, төрийн байгууллагын хувьд мэдээлэл нь байгаад байдаг. Гэхдээ тэд нар нь өгөгдлийн түвшинд байдаггүй. Тэгэхээр эдгээр мэдээллүүд дээр бид өгөгдлөө боловсруулах ёстой. Салбар бүрээс мэдээллүүдийг нь аваад хувь хүний нууцын тухай хуульд нийцсэнээр өгөгдлийг боловсруулж, хувийн хэвшлүүддээ ч гэсэн ашиглах бололцоог нь нээж өгөх ажлыг шат дараатай хийж байна.
-Дэлхийн улс орнууд их өгөгдөл, хиймэл оюунаараа өрсөлдөж байгаа энэ үед манай улс юугаараа ялгарч дэлхийтэй өрсөлдөх вэ?
-Уул уурхайг түшиглэсэн хиймэл оюуныг хөгжүүлэх нь Монгол улсын давуу тал. Монгол Улсын Засгийн газар “Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги”-ийг 2025 оны есдүгээр сард танилцуулсан. Дэлхий даяар хиймэл оюуны үндэсний стратегиа баталсан 89 улстай бид өрсөлдөж байна. Эдгээр улс орнуудаас онцлог, бодит давуу талдаа тулгуурлан ялгарах ёстой.Монгол Улсад сүүлийн 70 жилийн хугацаанд хийгдсэн хайгуул, судалгааны 400 сая гаруй ашигт малтмалын мэдээлэл хуримтлагдсан байна. Энэ асар их өгөгдлийг дижитал хэлбэрт оруулах, хиймэл оюунд суурилсан системд ашиглах, уул уурхайд суурилсан AI-ийг хөгжүүлж эдийн засгийн эргэлтэд оруулах нь чухал. Бид уул уурхайгаа зөвхөн түүхийн эд биш, мэдээлэл, технологи, хиймэл оюун ухаанд суурилсан шинэ эдийн засаг болгох боломжтой.
Кибер халдлагаас урьдчилан сэргийлж ажиллаж байна
-Хиймэл оюун хурдацтай хөгжиж дэлхий нийтийн өрсөлдөх чадварын гол үзүүлэлт болсон энэ үед кибер аюулгүй байдал маш чухал. Манай улсын кибер аюулгүй байдлын бэлэн байдал хэрхэн хангагдаж байна вэ?
-Кибер аюулгүй байдлын хувьд бол манай улсын тулгамдсан асуудлуудын нэг юм. Киберын дайн дэлхий дахинд явагдаж байна. Улс орнууд нэг нэгэндээ кибер аюулгүй байдлын хувьд нөлөөлж байна. Монгол улс 2021 онд кибер аюулгүй байдлын тухай хуулиа анх удаа баталсан. Ингэснээр Кибер аюулгүй байдлын тогтолцоо бий болсон. Манай улсын хувьд бол кибер аюулгүй байдлын зөвлөлтэй. Энэхүү зөвлөлийг Ерөнхий сайд Г.Занданшатар тэргүүлж, зөвлөлийн дэд даргаар ЦХИХХ-ны сайд миний бие ажилладаг. Ажлын албанд нь Зэвсэгт хүчний жанжин штаб, ТЕГ, нийтийн төв, үндэсний төв зэрэг ордог. Нийтийн төвийн хувьд бол энгийн ард иргэдийг цахим халдлагаас хамгаалах үүрэг хүлээдэг. Үндэсний төв нь ТЕГ-ын доор харьяалагддаг. Онц чухал дэд бүтэцтэй газруудыг кибер халдлагаас хамгаалдаг. Монгол улсад дунджаар нэг долоо хоногт 110-130 мянган кибер халдлага ирдэг. Эдгээр халдлагуудыг шууд зогсоох маш хэцүү. Бид хортой кодыг таньж устгадаг. Ингэж кибер халдлагаас урьдчилан сэргийлж ажиллаж байна.
-Харилцлаа холбооны салбарт олон ажлыг хийхээр төлөвлөж байгаа талаар та ярилаа. Олон нийтийн дунд тэр тусмаа салбарын хувийн хэвшлийнхэн төр өөрөө мэдээлэл технологийн бизнес хийгээд байна гэж шүүмжилдэг. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?
-Аливаа зүйлд зааг ялгаа байх ёстой. Төр оролцож болох зүйл, болохгүй зүйл гэж бий. Төрөөс зайлшгүй хөгжүүлж, өөрийн хяналтад хадгалах шаардлагатай мэдээлэл, систем гэж бий. Тодруулбал, төр нь иргэний бүртгэл, үндэсний аюулгүй байдал, улсын нууцад хамаарах стратегийн ач холбогдолтой өгөгдлийг (иргэний регистр, эрүүл мэндийн түүх гэх мэт) хувийн хэвшлийн серверт хадгалах буюу хамааралтай байх боломжгүй.
Энэ нь төрийн тусгаар тогтнол, мэдээллийн халдашгүй байдалтай шууд холбоотой. Тиймээс төр өөрөө мэдээллийн эх сурвалжийг эзэмшдэг тул эдгээр өгөгдлийг хооронд нь холбох "ХУР" (мэдээлэл солилцоо) болон иргэнийг баталгаажуулах "ДАН" системийг заавал өөрийн хяналтад байлгах ёстой.
Харин хувийн хэвшлийнхэн эдгээр системд холбогдон шинэ бизнес, инновац болох финтек, аппликэйшн хөгжүүлэх боломжийг төр олгож байгаа юм. Хувийн компани дампуурах эсвэл үйл ажиллагаагаа зогсоох эрсдэлтэй байдаг бол төр нь иргэний мэдээллийг насан туршид нь тасралтгүй хадгалах хуулиар хүлээсэн үүрэгтэй. Төр ба хувийн хэвшлийн заагийг ингэж тодорхойлж болох юм. Тийм учраас Төр зөвхөн төрийн үйлчилгээний нэгдсэн стандарт, аюулгүй байдал, дэд бүтцийг хариуцна. Харин хувийн хэвшил төрийн нээлттэй өгөгдөлд суурилан нэмүү өртөг шингэсэн үйлчилгээ, хэрэглээний программуудыг хөгжүүлж ашиг олох замаар өрсөлдөнө. Үүнээс үзэхэд төр бизнес хийж буй хэрэг биш, харин хувийн хэвшлийнхэн бизнесээ илүү хурдан, саадгүй явуулах "дижитал хөрсийг" нь бэлдэж өгч байгаа хэрэг юм. Бид төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд олон ажлыг шат дараатай хийхээр төлөвлөн ажиллаж байна. Тухайлбал, хоёрхон хоногийн өмнө Zangia.mn , E-Mongolia академи хамтран E-Mongolia апп дээрээ “Ажлын байр” цэстэй болсон.
E-Mongolia системийн “Ажлын байр” цэснээс Zangia.mn платформд байршсан төрийн болон хувийн хэвшлийн 20 гаруй мянган идэвхтэй ажлын байрны мэдээллээс иргэд ажлын байраа байршил, туршлага, мэргэжлээр нь шүүж, өөрт тохирсон ажилдаа шууд хүсэлт илгээх боломжтой болсон.
Энэ бол төр нэгдсэн, баталгаатай үйлчилгээний орчныг бүрдүүлж, хувийн хэвшил бодит дата, технологийн шийдлээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж буй бодит хамтын ажиллагааны жишээ юм. Мөн Иргэн төвтэй үйлчилгээний хүрээнд Эрүүл мэндийн даатгалын сангийн зарцуулалтын хяналтын шийдэл хэрэгжиж, даатгуулагч иргэн өөрийн эмчилгээ, үйлчилгээтэй холбоотойгоор сангаас ямар хэмжээний мөнгө зарцуулагдсаныг шууд харах, хянах боломжтой болно. Мөн автомашины түүх шалгах үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр импортоор орж ирж буй тээврийн хэрэгслийн осол, засварын түүх, явсан километрийн мэдээллийг ил тод байдлаар үнэгүй шалгах боломж бүрдэх юм. Төр хувийн хэвшилтэй өрсөлдөөгүй. Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, төр-хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх, бизнесийн орчинд төрийн оролцоог бууруулах зорилгоор Цахим, хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас ашиглалт, үйлчилгээг нь хариуцдаг есөн системийг 2026 онд хувийн хэвшилд шилжүүлэхээр төлөвлөөд байна.
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 311 дүгээр тогтоолоор батлагдсан төсвөөс хөгжүүлэлт хийхгүй байх 32 системд хамаарах албан хэрэг хөтлөлт, шагнал, цаг бүртгэлийн болон киоскийн программ, тоон гарын үсгийн хэрэглээний программ багтсан.
Цаашид бид төрийн мэдэлд байгаа мэдээллийн системүүдийг хувийн хэвшилд шилжүүлэхээс гадна төрөөс зайлшгүй хөгжүүлэх шаардлагатай мэдээллийн системийг төсвийн хөрөнгөөр бус, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд тулгуурлан хөгжүүлж, төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлэх зохицуулалтыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Ингэснээр Засгийн газраас баталсан “Цахимаар нэн тэргүүнд” бодлогын зөвлөмжид заасан “Төр нь хэрэглэгч байх” зарчим бодитоор хэрэгжиж, төрийн зардал буурч, хувийн хэвшлийн оролцоо нэмэгдэн мэдээллийн технологийн салбар тогтвортой хөгжих бодит алхам болно гэдэгт итгэлтэй байна.
-Монгол Улсыг 2025-2030 он хөгжүүлэх Засгийн газрын таван жилийн хөгжлийн хөтөлбөр цаашлаад “Цахимаар нэн тэргүүнд” бодлогын зөвлөмжийн хүрээнд төрийн үйлчилгээний 90 хувийн цахимжуулна гэсэн зорилт тавьсан гэж та дээр ярьсан. Энэ хүрээнд ямар ажлууд хийхээр төлөвлөөд байна вэ?
-Засгийн газраас “Digital first” буюу “ Цахимаар нэн тэргүүнд” бодлогын зөвлөмжийг 2025 оны есдүгээр сард баталсан. Бид төрийн байгууллагын мэдээллийг ил тод, нээлттэй болгох, төрийн үйлчилгээг бүрэн цахимжуулах, цахим шилжилтийг бүх шатны төрийн байгууллагад нэгдсэн удирдлага, стандарттайгаар хэрэгжүүлэхэд онцгой анхаарч байна. Энэ хүрээнд Төрийн цахим үйлчилгээ зохицуулалтын газраас төрийн үйлчилгээг тоолох, баталгаажуулах, давхардлыг арилгах, нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх томоохон ажлыг улс орон даяар хийж гүйцэтгэлээ. Төрийн үйлчилгээний тухайд давхардсан тоогоор 21 мянган төрийн үйлчилгээ байдаг юм байна. Аймаг, УИХ-ын харьяа байгууллага, шүүх, прокурор, Засгийн газрын харья байгууллагууд, агентлагууд дээр нэг бүрчлэн тооллого хийсэн. Эхний шатны цэвэрлэгээ хийж давхардлыг арилгахад 3200 төрийн үйлчилгээ давхардаагүй байна. Өнөөдрийн байдлаар 2,367 үйлчилгээ бүрэн цахим хэлбэрт шилжээд байна. Энэ нь нийт төрийн үйлчилгээний 77 хувь нь цахимжсан гэсэн үзүүлэлт бөгөөд бид ойрын гурван жилийн хугацаанд энэ түвшинг 90 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байна.
-Иргэдийн Үндэсний баялгийн сангийн хуримтлалын нэрийн дансны бүртгэл Е-Mongolia системээр устсан гэсэн шүүмжлэл өрнөсөн. Тухайн үед та мэдээлэл устаагүй тухайн цэсийн байршил өөрчлөгдсөн талаар тайлбар хийж байсан. Иргэд хуримтлалын нэрийн дансны мэдээллээ яаж харахаар байршсан юм бол?
-Иргэдийн Үндэсний баялгийн сангийн хуримтлалын нэрийн дансны бүртгэл Е-Mongolia системээс алга болсон зүйл огт байхгүй. Анх Баялагийн сангаа ил тод болгохдоо Е-Mongolia систем дээр баннер болгон эхний нүүрэн дээр байршуулдаг байсан. Одоо бол цэс л өөрчлөгдсөн. Иргэд Е-Mongolia руугаа ороод төр байгаа миний мэдээлэл гээд хайхаар Чингис хаан Үндэсний баялгийн сан гээд гарч ирнэ.
Т.БАТСАЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин







