Орчлонд хүн болох гэж ирсэн үрсээ бид өсгөх гэж эрвийх дэрвийхээрээ бөөцийлдөг. Хөлд орж шулганан, хэдэн үг хэлж, болох болохгүй үгийг утгыг нь эс мэдэн бусдыг дууриан хэлж аав, ээждээ загнуулах. Хэдийгээр бие нь өссөн ч ухаан нь нялхаараа үрс минь сургуульд ороход ангийн багш гэж нэг нөхөр хүлээн авна. Ангидаа35-40-үүлээ сууна. Энэ бол Монголын хаана ч очсон нэгэн хэвийн дүр төрх, байдаг л нэг анги дүүргэлт. Яг л өвлийн хүйтэн өдөр нар даган бээцийж шонгийн модны утсан дээр эгнэн суусан болжмор шувууд шиг гараа урдаа зөрүүлэн багшийнхаа хэлэх үг, үсэг бүхнийг шимтэн сонсч, дууриан хэлэх нь эгдүүтэй. Хүн төрөлхтөн ирээдүйгээ амар амгалан, гэгээн тунгалаг байлгая гэвэл өнөөдөр өсч, торниж буй үр хойчоо боловсролтой, зөв иргэн болгон төлөвшүүлэх нь нэн чухаг. Бараг л лоозон гэмээр сонсогдож байгаа биз. Гэвч лоозон мэт энэ үгийн цаана бас үнэн байна.

   Өнөөдөр багшийнхаа хэлэх үг бүхнийг шимтэн сонсч, бичиг үсэгт тайлагдах гэж суугаа хүүхдэд хамгийн үлгэр дууриалтай хүн бол багш нь байдаг. Манай багш“тэгж хэлсэн, тэр хүүхдийг тэгж магтсан, загнасан, намайг тэгээрэй” гэсэн гээд шулганан хөөрцөглөх хүүхэд нас. Энэ бол тэдний суурь хүмүүжил тавигдах ид үе. Зарим эцэг эх, багш нарыг“сайн, муу” хэмээн ангилах нь бий. Тэр багш сайн гэнэ лээ, тэр ер нь муу гэсэн. Багш гэдэг хүнд хэн ч, ямар ч үнэлэмж тавьж болно. Тэр бол хувь хүмүүсийн хандлага. “Багш нар авлига авдаг гэсэн, ардын хүүхдийг сургаж байж хажуугаар нь хоцрогдол арилгах энэ тэр гэсэн сургалт хичээллүүллээ” гэх шүүмжлэл хөөрхий багш нараас салахгүй. Хүүхэд буруу зүйл хийсэн бол багш л буруутай. Хүүхдүүд хэрэг төвөгт орооцолдсон бол багш нар л буруу үлгэр дууриал үзүүлсэн гэх нь хачирхалтай. Гэвч тэдний авдаг цалин, ажлын цаг, ачаалал нь хэт зөрүүтэй. Өдөрт дөрвөөс долоон цаг чих дөжрөм хүүхдийн дуу чимээнд та уйгагүй сууж чадах уу.

   Дөчин хүүхэдтэй нэг бүрчлэн тулж, уншуулж сургах гэж үл шантран зүтгэх үү. Ямар ч хүн хэт дуу чимээтэй орчинд нэг цаг байхад тархины ачаалал ердийн хэмжээнээс тавь дахин ихэддэг гэсэн судалгаа байх. Тэгвэл өдөр болгон дөрвөөс долоон цагийн хугацаанд хэр их ачаалалыг багш хүний тархи авдаг бол. Тархины ачаалал хэт өндөр байх тусам тухайн хүний биеийн дархлаа сульдаж, амархан ядардаг байна. Түүнээс гадна хүүхэд бүхэнтэй тулж ажиллана гэдэг хамгийн их тэсвэр, тэвчээрийг багш хүнээс шаарддаг. “Өөрийн хүүхдээ бол цохиод авмаар ч үе гарна. Ёстой л баруун гараар зүүн гараараа барина шүү дээ. Уншиж чадахгүйдээ тулгамдаад улам сандраад зогсч байгааг нь харахаар инээд хүрнэ. Хүүхэдтэй ажиллана гэдэг хуурайлж, угжиж, бөөцийлж өсгөхөөс ч илүү хэцүү гээд ойлго чих” хэмээн нэгэн дунд сургуулийн бага ангийн багшийн хэлж байв. Хүнээр хүн хийнэ гэдэг энэ хорвоогийн хамгийн хэцүү, бэрх үйл аж. Энэ хэцүү хөдөлмөрийг бид500 мянган төгрөгөөр л үнэлдэг.

   “Цалингаа нэмүүлье, хөдөлмөрөө үнэлүүлье” хэмээн тэднийг хэлэхээр “Ардын багш” байж нийгэмд буруу үлгэр дуурайл үзүүллээ хэмээн ажлаас нь халах гэж айлгана. Уг нь тэд айлгах эрхтэй юмсанж. Сайн багш хамгийн сайн иргэнийг төлөвшүүлж, улс орныхоо хөгжил цэцэглэлтийг хангаж байдаг үл дуусах эх булаг, шавхагдашгүй нөөц аж. Тиймээс ч багш нарын хөдөлмөрийг үнэлж, ажиллах боломж бололцоог нь сайжруулж байж бид тэднээс соёлтой иргэн төлөвшүүлэхийг шаардах ёстой юмсанж. Аливаа улс орон шүүгч, прокурор нарын цалинг нэмэхээсээ өмнө багш нарынхаа цалинг нэмдэг. Учир нь багш гэдэг ирээдүйг бүтээдэг учраас тэр аж. Иргэдийнх нь ухамсар, төлөвшил, мэдлэг чадвар өндөр байх тусмаа тухайн улсын өрсөлдөх чадвар өндөр байдаг. Мөн гэмт хэргийн гаралт ч буурч байдаг аж. Өнөөдөр манай улсад гэмт хэргийн гаралт ихэсч, харгис, хэрцгий аллага их гардаг болсныг хүн болгон ярьдаг, бас бичдэг. Харин энэ юунаас болов гэж асуусан нь бараг байхгүй. Гэтэл 1990-2002 оны хоорондох дахь улс орны хямрал, сургууль завсардалт, багш нарын тоо хэт цөөрч, нэг багшид ирэх ачаалал хэт нэмэгдсэнээс энэ бүхэн улбаатай аж. Нөгөө боловсролгүй, хүмүүжилгүй, архичид ч энэ үеийн бүтээгдэхүүн байна. Тухайн үед төр засаг хямралтай ч бо-ловсролын системдээ анхаарч, багш нарыг тэтгэж, боловсролын асуудлыг нэгдүгээрт тавьж байсан бол бид өнөөдөр шорон нэмж барих бус харин ч ажлын байраа нэмэгдүүлээд гэмт хэргийн гаралт буурах байж.

   Ардын хувьсгалын жилүүдэд багш нарыг хөхиүлэн дэмжиж, боловсролын асуудлыг нэгдүгээрт тавьж байсны хүчинд өнөөгийн Монгол Улс цогцлон мандсан нь түүхэн үнэн. Дэлхийн хоёрдугаар дайны гал ид дүрэлзэж байхад монголчууд тухайн үеийн ЗХУ-ын тусламжийг боловсролын салбарт авч, МУИС байгуулсан түүх хуучраагүй байна. Дайны хажуугаар дажин гэгчээр гэмт хэргийн гаралт нэмэгдэж, цаг төр түгшүүртэй байсан ч шүүгч нарынхаа цалинг нэмж, шорон нэмж байгуулаагүй нь тухайн үеийн засаг баригчид боловсролдоо анхаарч чадвал хожим зөв иргэнтэй улс болж чадна хэмээн алсыг харж чадсаных. Шүүгч нарын цалинг нэмснээр тэдний авлига авах явдлыг багасгана гэсэн тайлбар байх. Цалин нь бага учир шүүгчид авлигад өртөж байгаа нь үнэн бол шүүгчид нэгдүгээрт, хууль зөрчиж байна, хоёрдугаарт, үүрэгт ажилдаа хариуцлага алдаж байна, гуравдугаарт, тэрхүү этгээд нь авлига авсныхаа төлөө хуулийн хариуцлага хүлээх ёстой. Их, бага цалинтайгаас үл хамааран шүүгч хүн үүрэгт ажлаа л гүйцэтгэх ёстой. Хэрэв чадахгүй гэвэл өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөж болно. Гэтэл цалин бага гээд өнөөдөр багш нар ажил хаялт зарласангүй, ажлаа додомдох төдий хийсэнгүй, авлига нэхэж, эцэг эхчүүдийг зовоосонгүй. Харин ч нэг ч гэсэн хүүхдийг уншуулж, бичүүлж сургах юмсан гээд нэгэн биеийн зүдэргээг эс хайхран зүтгэж байна. Монголын ирээдүйг тэд бүтээж байна. Хувийн, бага, дунд, их, дээд сургуульд хүүхдээ мөнгө эс хайрлан сургах гэж эцэг эхчүүд зүтгэж байна.

   Төрийн болон хувийн сургуульд багшилдаг багш нар мэргэжил, заах чадвар ялгаатайгаас ийм байдал үүссэн гэж та бодож байна уу. Үгүй юм. Хувийн бага болон дунд, дээд сургуулийн багш нар хангалттай цалин, ажлын ачаалал бага, сургах хүүхэд нь ачаалалд нь зохицдог учраас л хүүхдийг сайн сурган хүмүүжүүлж чаддаг байна. Төрийн мэдлийн сургуулийн багш нар ажлын цаг хэтрэлттэй, ачаалал хэт ихтэй байдаг нь жирийн үзэгдэл болж хувирсан байна. Багш нарын сард авч буй цалин нь ёстой л амь аргацаах төдий. Сард500 мянган төгрөгөө хоёр хувааж авна. Өрөөс өрийн хооронд өдрийн ихэнхийг хүүхдийн дуу чимээ, орилолдоон, хашгираан дунд толгой эргэтэл ядарч өнгөрөөх багш нар хүнд бэрх ачааг үүрч байгаа. Маргааш гэх нийгэм тэдний хэр хүмүүжилтэй иргэн төлөвшүүлж буй вэ гэдгээс ихээхэн шалтгаална. Хүүхдийн суурь хүмүүжил таваас зургаан насанд нь төлөвшиж, энэ нь насан туршид нь зан чанарт нь нөлөөлж байдаг аж. Өдгөө манай улс зургаан настнуудаа боловсрол олгох болсон.

   Зургаа, долоон настай хүүхдийн мэдээлэл хүлээн авах чадвар маш их ялгаатай. Долоон настай хүүхэдтэй нэг цаг ажиллаж, сургах ёстой зүйлээ эзэмшүүлж чаддаг бол зургаан настай хүүхдэд таваас зургаан цаг зарцуулж байж сургадаг. Гэтэл энэхүү хөдөлмөрийн зөрүүг, ачааллыг хэн ч үнэлсэнгүй. Дэвтэр засалт, энэ тэр гэсэн ганц нэг нэмэгдэл байх ч овойж оцойтол нэмэр болох нь бага. Уг нь ахмад, туршлагатай багш нар залуу багш нарт их нөмөр нөөлөг болдог. Гэвч цалин бага, ачаалал ихтэйгээс үүдэн туршлагатай, мэдлэгтэй багш нар хувийн сургууль барааддаг байна. Шүүгч нарын цалинг нэмэхтэй зэрэгцэн прокурорууд цалингаа нэмүүлэхээр барьцав. Удахгүй цагдаа нар, дараа нь эмч нар. Цалингаа нэмүүлж, амьдралаа сайжруулья гэж байгаа тэр хүмүүсийн, мэргэжилтнүүдийн буруу биш. Цалин нь амьдралд нь хүрэлцэхгүй байгаа бол нэмэх боломжтой үедээ төр нэмэх нь ч буруу биш. Харин эдийн засаг хямралтай, улс орны амьдрал тогтворгүй байгаа энэ үед хаяж болохгүй, хамгийн их анхаарах ёстой нь боловсролын салбар. Тэр дундаа дунд сургуулийн багш нарын цалин хангамжийг нэмэгдүүлэх замаар хүүхдийн суурь хүмүүжилд онцгой анхаарах ёстой. Ингэж байж бид маргааш санаа зовохгүйгээр, эрүүл нийгэмд амьдрах боломж бий болно. Хэрэгтнийг шүүж, хорьж цагдсанаар нийгэм эрүүлждэггүй, харин хүүхдийг зөв хүмүүжүүлснээр нийгэм цэвэршиж байдаг. Өнөөдөр бид шүүгч нарын цалинг нэмж, хуулийг шударга хэрэгжүүлэх шүүх засаглал бий болгосноор асуудлыг шийднэ гэж бодвол эндүүрэл. Маргааш шүүгч нар бүр их ажилтай болов хэмээн дахин цалингаа нэмүүлэх гэнэ. Тэр үед бид шүүгч нарыг биш багш нарыг тэтгэх нь зөв гарц байсныг олж харсан ч хожимдоно. Зөв гарцаа цагт нь олж харахгүй бол ирээдүйд тэр гарцаар дахиад гарах боломж олдохгүй. Байгаа гарцыг, байгаа боломжийг өнөөдөр ашиглаж чадахгүй бол хор хохирлыг нь бид өөрсдөө төлөх болно. Боловсролгүй, бүдүүлэг, харанхуй иргэдтэй нийгэмд шүүгч нар бурхны чадалтай байгаад ч нийгмийг эрүүлжүүлэх гэхээсээ илүүтэй самууруулах болно. Учир нь багшийн хэлсэн үгийг хүүхэд үнэн гэж итгэдэг бол шүүгчийн гаргасан шийдвэрийг зуун хувь үнэн гэж хэн ч хүлээж авдаггүй. “Манай багш надтай зөндөө удаан ярьсан.

   Муу хүүхэд гэж байдаггүй, зүгээр л залхуу хүүхэд байдаг гэсэн. Намайг залхуурч болохгүй тэгвэл муу хүүхэд болно гэсэн. Багш намайг хичээлээ заавал хийгээд унтаарай гэсэн. Манай багш бол” гэж хүүхдийн зүрх сэтгэлд гэрэл гэгээгээр нэвчих багш гэх эрхэм үйлст хүмүүст ажиллах боломж олгож, ачааллыг нь үнэлж, ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийж цалинг нь нэмье. Багш нарын цалинг нэмлээ гээд нийгэм талархан хүлээн авна уу гэхээс адлах хүн гарахгүй ээ.

Д.Лхагва-Очир