Засгийн газар орон сууцны ипотекийн зээлийг хэрэгжүүлсэн ч хүн амын нилээдгүй хэсэг нь орлогын хувьд энэ зээлийг авах боломжгүй хэвээр байсаар байна. Төрийн орон сууцны корпорацийн ерөнхий захирал А.Гантулга "Хүн амын орлого багатай хэсэг рүү чиглэж ажиллана. Урьдчилгаа 30 хувиа төлж чадахгүй байгаа иргэдэд хөнгөлөлт үзүүлж уян хатан ажиллана. Тухайлбал улсад олон жил ажилласан хүний 30 хувийнх нь 15 хувийг төр дааж болно ш дээ. Түүнчлэн нийслэлийн яндангийн тоог цөөлнө. Жилдээ гэр хорооллын янданг 14-20 мянгаар багасгах зорилттой ажиллаж байна. Энэ бол бидний нэг том зорилт" хэмээсэн. 

Тэгвэл эдийн засгийн форумын “Үл хөдлөх хөрөнгийн зах зээл, хөрөнгө оруулалтын орчин” сэдэвт салбар хуралдаанаар иргэдэд таатай мэдээг дуулгалаа. Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар "Орон сууцны найман хувийн хүүтэй зээлийн урьдчилгаа төлбөр 30 хувь байсныг 10 хувь болгож, 20 хувийг Засгийн газар Зээлийн батлан даалтын сангаас баталгаа гаргах шийдвэрт хүрсэн" гэлээ.

Мөн орон сууцны талбайн хэмжээг 80 ам.метрээс доош хэмээн заасан байсныг цуцалж, талбай харгалзахгүй орон сууцны зээлд хамрагдах боломж бүрджээ. Иргэдэд орон сууц авах хэрэгцээ байгаа боловч урьдчилгаа 30 хувийн төлбөр төлөх шалгуурт унаж байсан. Учир нь 30 хувиа төлөөд байр авах чадвартай хүмүүс бүгд байрандаа орж, зах зээлээ авсан гэж үзжээ.

Ийнхүү Засгийн газраас орон сууцны эрэлтийн талд нь дэмжиж, нөгөө талдаа борлуулалт нь зогсонги байдалд орсон барилгын салбараа дэмжсэн бодлого гаргаж байгаа нь авууштай тал юм. 

Уг шийдвэрийг эдийн засгийн өнөөгийн нөхцөлд тохирох арга мөн үү хэмээн Монголын барилгын үндэсний ассоциацийн Гүйцэтгэх захирал Г.Түмэнжаргал Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатараас тодруулав. Тэрбээр "Гурав дахь хөрөнгөнөөс татвар авах тухай бодлогыг миний хувьд энэ жилдээ хэрэгжүүлэх нь зохисгүй гэж үзэж байгаа. Энэ тал дээр би салбараа хамгаална. Ер нь үл хөдлөх хөрөнгөнөөс татвар авдаг нь олон улсын жишиг. Валютын ханшийн өсөлт бизнес эрхлэгчдийн зардлыг өсгөж байгаа энэ үед төр татвар хөнгөлөх замаар дэмжлэг үзүүлэх боломж байгаа эсэхийг салбарын сайдаас асууж байв. Б.Цогтбаатар сайд, Энэ чиглэлээр бид МҮХАҮТ-тай хамтарч ажиллана. Би сайдын хувьд салбараа дэмжинэ. Гэхдээ эдийн засгийн хүндрэлтэй төсвийн орлогын төлөвлөгөө биелэхгүй байгаа энэ үед Сангийн яам мэдээж татвараа авахыг бодно" гэдгээ онцолсон юм.

“Улс орондоо итгэж, хөрөнгө оруулалтаа хийгээрэй” хэмээн уриалав. Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг тойрч өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнүүлэх боломж бий. Гэхдээ 90 минут үргэлжилсэн энэ хурлаар энэ чиглэлийн бүх асуудлыг ярьж амжсангүй. Харин салбарынхан цаашид хамтран ажиллах сэдэл төрүүлэх уулзалт болсныг хурал хөтөлсөн Азийн орон сууцны эрхийн эвслийн бүсийн эксперт Ц.Энхбаяр хэлж өчигдрийн хуралдаан өндөрлөлөө.