Долгорын НЯМАА /Зохиолч/
Хөхөгчин хонин жилийн өвөл буюу 1955 оны шувтаргаар Улаанбаатар-Замын-Үүдийн төмөр замыг ашиглалтад хүлээн авах ёс төр болж байх үед Сономын Удвал гуайг би Улаанбаатар вокзалын дэргэд зассан индэр дээр анх харж билээ. Аливаа том уул шиг холоос бараа нь харагдаад явдаг хүн байдаг. Хатан уул, Ээж хайрхан гэдэг шиг. Миний хувьд Удвал гуай тийм л нэгэн байлаа. 1960-аад оны дундуур хэсэг зуур хамт ажиллаж ганц нэг удаа томилолтоор явж энд тэнд тааралдаж, зарим хурал чуулганд оролцож байсан ч түүний эрхэмсэг бөгөөд намбалаг төрх нь холд сүндэрлэсэн уул хэвээрээ байв. Энэ тухай хэдэн дурсамж өгүүлье.

Удвал гуай дарга байсан 1964 онд Монголын зохиолчдын эвлэлийн шагналыг анх бий болгож зохиолч Ц.Цэдэнжав, Б.Явуухулан, Б.Бэгзсүрэн нарт олгоод байв. Яруу найрагчид Бэгзсүрэнгийн “Тэмээчин” найраглалыг сайн уншаагүй, ойлгоогүй ч юм уу чамлангуй хандаж байв. Ямар ч гэсэн бичлэг нь нэлээд хуучин юм шиг санагддаг байсан нь үнэн. Зохиолчдын нэг удаагийн цугларалт дээр яруу найрагч Данзаннямын Шагдарсүрэн гар өргөөд, “Бэгзсүрэн гуайн “Тэмээчин” найраглал манай утга зохиолд ямар байр суурь эзэлж байгаа бүтээл вэ?” гэж асуув.
Энэ асуултад юу гэж хариулах нь тэр үеийн залуус гэгдэх бидэнд сонирхолтой байлаа. Гэтэл Удвал гуай ер тулгамдсангүй. “Тэр зохиол уу, яг л шагнал авдаг тэр байран дээр байгаа юм даа” гэхэд нь бид өөр юу ч хэлж чадалгүй инээлдээд өнгөрч билээ.
Яруу найргийн зөвлөлийг тэр үед удирдаж байсан Б.Явуухулан энэ мэтэд хариу өгөх гэсэндээ юм уу, эсвэл сэтгэлд нь ихэд нийцсэнийх үү, 1960-аад оны эхний хагасын яруу найргийн тухай нэг өгүүлэлдээ жирийн малчин хүний дүрийг яруу найрагт тод гаргасны жишээ болгож “Тэмээчин” найраглалын тухай дэлгэрэнгүй өгүүлсэн нь дээрх асуултын хариу болж үлдсэн гэмээр.

Мөн тэр жил буюу 1965 оны хавар, зун Д.Гармаа бид хоёр Зохиолчдын хороонд оюутны дадлага хийж байв. Нэг өдөр Удвал гуай ажилтнуудаа цуглуулаад юм ярьж, зарим нэгний санал, асуултад хариулав. Б.Бааст гуай юуны ч тухай билээ ярьж шүүмжлээд сүүлд нь “Үүнийг зохиолчдын хорооны эвэртэн туурайтангууд ер нь анхаарвал таарах юм гэж хатуухан хэлээд авав.
Дарга ч юм дуугарсангүй. Яриа дуусаад хүмүүс суудлаасаа босч эхэлсэнд “Хөөе, хөөе би нэг юм хэлэхээ мартаж. Нөхөр Бааст өнөөдөр Зохиолчдын хорооны зөвлөлийн эрхлэгчийн шинэ албанд томилогдсоныг та бүхэнд дуулгах гэсэн юм. Бааст мөн л Зохиолчдын хорооны эвэртэн, туурайтны нэг боллоо” гэсэнд бид алга ташиж, баяр хүргэхийн хамт үгийнхээ өөнөөс болж хөөрхөн чимхүүлсэн Бааст гуайг тохуурхан инээлдээд тарж билээ. Хэн хүний амнаас гарсан илүү гэмээр үгний хариуг ийм маягаар өгчихдөг хүн байлаа.
Гадаадын хурал, уулзалтад оролцож ирээд тэр тухайгаа их л сонирхолтой ярьдаг, зохиолчид лавлаж тодруулж асуудаг байсан юм. Үзэг нэгт нөхдөө ч бас сураглана. Манайхан М.Шолохов, Ч.Айтматов, Р.Гамзатов зэрэг сайн мэдэх нөхдийнхөө тухай сураг сонсох дуртай байж.
Нэг удаа Москвад хуралд яваад ирсний нь дараахь уулзалт дээр хэн нь билээ, Чукоткийн зохиолч Юрий Рытхэуг сураглав. Гэтэл түүнтэй уулзаж учирсан тухайгаа тодорхой ярилаа. Тэгээд “Юм уугаагүй үедээ зайлуул намайг “Председатель” гээд сүрхий л байдаг юм. Харин юм уучихвал “дарга” гэхээсээ “эмэгтэй хүн” гэж харах нь илүү болчих царайтай юм билээ” гэх жишээний донжтойхон ярина.

1969 оны аравдугаар сарын дундуур С.Удвал тэргүүтэй хэсэг зохиолчид хилийн застав орчихоод буцах замдаа Сэгс цагаан богд уулын ард хоноглов. Тэр орой Удвал гуай туслахтайгаа хамт жижиг майхны гадаа цайлж суугаа харагдана. Хажуугаар нь гарсанд дуудлаа Надад нэг ширхэг печенье авч өгөв. Түүнийг нь аваад эргэх гэтэл “Яасан муухай авдаг юм” гэх нь тэр. Би тэдний дунд явсан хамгийн бага нь болохоор даргаас дөлж, бушуухан холдох гэсэндээ бараг шүүрчих шахсанаа дараа нь ухаарсан юмдаг.
Сэгс цагаан богдоос буцах замд үхэр буу хочит Жүгдэрийн Дамдин гуай согтуу нь сайн гарахгүй л яваад байв. Машин зогсох тоолонд “Удвал байна уу, архи авч ууна аа” хэмээн биднийг сандаргадаг сан. Бид “Дарга түрүүлээд явчихсан” гэж худал үнэн хэлж аргацаадаг байлаа. Их богдын ард хээр хоносны өглөө Удвал гуай манай өвгөнд хэдэн хатуухан үг хэлсний дотор “Хотод очоод Партизаны комисст мэдэгдэнэ шүү” гэх нь сонсогдсон юм. Хэдэн өдөр зориг золбоотой явсан Дамдин гуайг тэгтлээ хулхи нь бууж гэмшиж зовно гэж бодоогүй явсных биз, би сүүлд нь өрөвдөх шиг болж билээ.

Ер нь Удвал гуайгаас цэрвэдэггүй зохиолчийг би санахгүй юм.
1971 оны “Монголын шилдэг яруу найраг” ном бэлтгэх зөвлөлийг Д.Нацагдоржийн музейн байранд цуглуулахад Ц.Гайтав гуай халамцуухан хүрч ирэв. Дараа нь Удвал гуай ирээд түүнийг анзаарсан бололтой “Гайтав чи явж байна уу даа, бид ажил яръя” гэсэнд тэрбээр “За” гэснээс өөр нэг ч үг дуугаралгүй гараад явчихав. Согтуу хүн тийм дуулгавартай байхыг өөр хаана ч би хараагүй шиг санагддаг.
“Удвал гуай Дархан руу явж байгаад зам зуур зогсонгуут өөр машинд яваа Ч.Чимидийг дуудсанд тэр том хүн хөөрхий салхин доод талаас халгаж ядсаар очиж байдаг сан. Манай томчуул гэдэг тийм л сайхан амьтад байж дээ” гэж М.Ложоо гуай ярьдаг юм. 1970 онд юм байна. Дундговь аймагт утга зохиолын өдрүүд болжээ. Ямар зохиолчид оролцсоныг би сайн мэдэхгүй. Хожим дуулахад Ш.Сүрэнжав, Ж.Лхагва хоёр лав байжээ. Тэднийг аймгийн залуу зохиолчид хэд хоног сайн дайлсан юм байх. Улаанбаатар луу буцах замдаа тэд Бага газрын чулуугаар дайрч газар нутаг сонирхсон аж. Тэрхэн зуур Сүрэнжав, Лхагва хоёр Удвал гуайгаас бултан хадны цаагуур орж “дөрөө чангалчихаад” хүрч ирсэнд тэрбээр ажиг сэжиг авсан бололтой сүрхий харснаа “энэ хадан дотор хүртэл залуу зохиолчид байдаг байх нээ” гэсэн гэдэг.
С.Удвал гуайн энэ мэт егөөдөл үгийг манай үе үеийн ном бичгийн хүмүүс сайн мэднэ. Мэдэх хүмүүс нь түүний амьд гэгээн дүрийг сэтгэлийнхээ хойморт сэргээн залахыг хичээж байна. Хэрэв энэ нь бүтэмжтэй бол мэдэхгүй хүмүүсийн сэтгэлд ч тэр ховорхон хүний тухай шинэ төсөөлөл буух учиртай.

Эхийн сэтгэлтэй нь холбож нэг баримт хэлье. 1987 оны есдүгээр сарын шувтаргаар Бээжинд Удвал гуай, Л.Хуушаан нартай би тааралдав.
Тэд Пхеньянд Солонгосын хойгийн асуудлаар болсон олон улсын хуралд оролцоод буцаж явлаа. Би залуучуудын сонины эрхлэгч нарын уулзалтанд оролцохоор бас тийшээ явж байсан боловч суудал урьдчилан захиалаагүйн улмаас явгарч орхив. Бээжинд долоо хоног сууж түүхч Ч.Далай болон Т.Дүгэрсүрэн багшийн хоолыг бууддаг нэгэн болчих нь тэр. Ямар өөд байхав. Удвал гуай хоёр өнжөөд билүү, нутаг руугаа хөдлөхөд нь би бусдын хамт ачаа тээшийг нь хүргэлцэж галт тэргэнд суулгаж өглөө. Явах тасалгаандаа орчихоод намайг өрөвдсөн янзтай “Одоо чи яана даа” гэж байна. “Яах вэ, болно биз” гэлээ. Гэтэл түрийвчээ уудлан хоёр доллар гарган надад өглөө. Адилхан явуулын хүнд түүнээс их халамж гэж юу байхсан билээ.
Энэ тухай дурсах болгонд монгол хүн сансарт нисэх үеэр өөрийнх нь бичсэн “Ээжийн өгсөн арван төгрөг” гэдэг дулаахан шүлэг санаанд ороод байдаг.
        Нис хүү минь нисээд ир
     Нэрээ сансарт бичээд ир… гэж бүр түрүү жил нь бичсэнээс эхлээд тэр түүхэн үйл явдалд зохиолчийн гэхээсээ илүү эхийн сэтгэл тод мэдрэгдээд байсан шиг санагддаг.
Хорьдугаар зууны манай түүх соёлын олон үйл явдалд биеэр оролцсон цөөхөн том хүний нэг нь бидний сайн мэдэхээс Сономын Удвал гуай. 2001 оны гуравдугаар сарын 14-ний орой “25-р суваг” телевизийн нэвтрүүлгээр зохиолчийн хань бэлтгэл хурандаа Г.Дорж гуай ярихдаа:
-Бид түүнийг өвчтэй байхад арга тасраад маарамба залж үзүүллээ.
Тэгэхэд “Маарамба гуай минь, надад гурван жилийн нас хайрлаач. Би дурсамжаа бичмээр байна. Түүнээ бичиж амжаагүй яваа хүн шүү дээ би” гэсэн тухай өрөвдөлтэй түүх хүүрнэсэн.
Эцэст өгүүлэхэд сар жил түлхсээр түүх холддог. Сономын Удвал гуай шиг түүхэн хүнийг дурсамжтай нь хамт алдах тоолонд түүхийн мөр балартдаг.

 

Эх сурвалж: wwww.duuren.mn