Манай улсын эдийн засаг хямралтай байгаа энэ үед "Шийдлийн засгийн газар" шийдэлд хүрэхгүй байсаар Давост нүүрээ хийх газаргүй болтлоо улалзуулсан гэхэд болно. Дээр нь гадаадын мөнгөн дэвсгэртэд дарлуулчихсан улс. Эдийн засаг ойрын хоёр жилдээ хөл дээрээ босохгүй хэмээн учир мэдэх хүмүүс хэлэлцэх юм.

Гэтэл улс төрийн нөлөөллийн улмаас эдийн засаг нь хумигдсан орноор тодорчихлоо. Тодруулбал, AНУ-ын стратеги судалгааны хүрээлэн “Heri­tage Foundation” дэлхийн улс орнуудыг жил бүр эдийн засгийн эрх чөлөөгөөр нь жагсаадаг юм. Манай улс энэ жил 100 дугаарт жагсжээ.

Энэхүү жагсаалтыг гаргахдаа улс орнуудын эдийн засгийн эрх чөлөөг худалдааны бодлого, Засгийн газрын санхүүгийн бодлогын нөлөө, эдийн засаг дахь Засгийн газрын оролцоо, мөнгөний бодлого, капиталын урсгал ба гадаадын хөрөнгө оруулалт, банк санхүү, цалин хөлс, өмчийн эрх, зохицуулалт, албан бус зах зээл гэсэн арван шалгуур үзүүлэлт дээр үндэслэдэг аж.

Манай улсад авлига ноцтой асуудал хэвээр байгаа. Тэгвэл авлигын түвшин өссөөр байна хэмээн тайландаа онцолжээ. Шүүх эрх мэдэл бүхий байгууллагууд улс төрийн нөлөөнөөс болж үр нөлөөгүй, эмзэг хэвээр гэсэн дүгнэлт нь анхаарал татаж байна. “Heritage Foundation” Засгийн газрыг ч шүүмжилжээ. Тэдний үзэж буйгаар Засгийн газарт оюуны өмчийн эрхийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах боломж байхгүй хэмээж.

Өнөөдрийн байдлаар ам.долларын ханш 2020 төгрөгтэй тэнцэж байна. Өнгөрсөн 2013 оноос эрчимтэй өссөн ноён ногооны ханшийг хазаарлаж чадаагүй юм. 2013 оны хоёрдугаар сарын 14-нд Монголбанкны албан ханшаар ам.доллар 1391 төгрөгтэй тэнцэж байв. Харин долларын энэхүү өсөлтийг төсөвт нэг ам.долларыг 2030 төгрөгтэй тэнцэж байхаар тусгасанаас үүдэлтэй хэмээн хардаж болох юм. Нөгөөтэйгүүр өргөн дэлгэр тэмдэглэдэг баярын өдрүүдэд огцом өсчихдөг жамтай. Иймд уул уурхайгаа ашигтайгаар ажиллуулж, хөрөнгө оруулалтаа даллахгүй бол эдийн засаг сөхөрсөөр байх бололтой.

Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Б.Түвшинтөгс энэ жилийн эдийн засгийн төлөв байдлыг дүгнэхдээ "Эдийн засгийн идэвхжил төдийлэн сайжрах шинж тэмдэг энэ оны хувьд харагдахгүй байна. Өнөөгийн удаашрал цаашид үргэлжлэх, хэвээр хадгалагдах магадлал өндөр байна. Тэгэхээр нөхцөл байдал эерэг байх боломж улам хязгаарлагдах эрсдэлтэй гэсэн үг.

Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк болон Монголбанкны гаргасан төсөөллийг харахад эдийн засгийн өсөлт гурван хувиас хэтрэхгүй, үүнээс ч бага байхаар тодорхойлогдсон. Зарим нь эдийн засгийн өсөлтийг нэг хувиас доогуур гарна гэж урьдчилсан байдлаар мэдэгдээд байгаа. Миний хувьд ч ялгаагүй ижил байр суурьтай байна. Төсөөллийн шинжилгээ хийж үзэхэд, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт гурван хувиас өндөр гарах магадлал харагдахгүй байгаа юм. Хэрэв төсвийн орлогыг бүрдүүлж буй уул уурхайн түүхийн эдийн үнэ сэргэж, улмаар гадаадын шууд хөрөнгө оруулалт өмнөх жилийн үзүүлэлтээс эрс сайжирсан тохиолдолд дээрх төсөөлөл өөрчлөгдөх боломжтой" хэмээсэн.

Түүний дүгнэлтээс харахад эдийн засаг огцом сайжрахгүй гэдэг нь харагдаж байна. Эдийн засгаа сэхээхийн тулд гадаадын шууд хөрөнгө оруулалтад нөлөө үзүүлэх бодлого, эрх зүйн орчин тогтвортой байлгах хэмээн эдийн засагчид үзэж буй.

Улсынхаа эдийн засгийг сэхээнэ гэж хий хоосон хэлэлцэж суухаар улс төржүүлэхгүй дорвитой алхам хиймээр байна. Сонгуулийн пи-арын ажил болох вий дээ энэ ЭДИЙН ЗАСАГ!!!