Сүүлийн хоёр жилийн хугацаанд ашигт малтмалын ханш унаж Монгол улсын эдийн засаг уналтанд орсон. Гадаадаас мөнгө зээлж, хойд хормойгоороо урд хормойгоо нөхнө гэгчийн үлгэрийг Ч.Сайханбилэгийн Засгийн газар бодитоор нь хэрэгжүүлж байнаа. Уг нь ийм хүнд үед газар нутгаа зарахаас илүүтэйгээр, үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх замаар эдийн засгийг бэхжүүлэх учиртай. Гэхдээ дотоодын зах зээлээс давж олон улсад хүч үзэх ёстойг эдийн засагчид анхааруулж байна.

Монгол улсын эдийн засгийн үзүүлэлт ямар байгааг танилцуулья. 2013 онд 12.7 хувийн өсөлттэй байсан дотоодын нийт бүтээгдэхүүн одоо 2.3 хувийн өсөлттэй байна. Ажилгүйдлын түвшин 7.8 хувьтай байсан нь 8.3 хувь болж өсчээ. 1470 орчим төгрөгтэй тэнцэж байсан доллар өнөөдрийн ханш нь 2050.2 төгрөгтэй тэнцэв. Энэ сөрөг үзүүлэлтээс хамаарч инфляцийн түвшин 1.7 хувь буурчээ. 2013 он болоод 2016 оны ялгаа нь гадаадын шууд хөрөнгө оруулалт. 2014 онд 644 сая долларт хүрсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт 2015 онд 200 сая доллар болсныг Монгол банк зарласан. Тэгвэл бид үйлдвэрлэгч байсан бол эдийн засгийн үзүүлэлтүүд бүхэл бүхлээр дордохгүй байлаа. Үйлдвэрлэл явуулж байгаа аж ахуйн нэгжүүд нь дотоодын зах зээлээсээ гарч хөгжиж олон улсын зах зээлд хүч үзэх чадваргүй байгааг эдийн засагч сануулж байна. Тодруулбал, гурван сая хүн амтай зах зээл үйлдвэрлэлийг хөгжүүлж чадахгүй. Зөвхөн дотоодын зах зээлд борлуулалт хийнэ гэдэг нь хийсэн бүтээгдэхүүнээ гэр бүлийн гишүүндээ зарж мөнгө авч байгаатай адилтган тайлбарлаж байна. Уг нь бидэнд боломж гарснуу гарсан. Европын холбооны улстай 7200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн, япон улстай 4000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн хөнгөлөлттэй нөхцлөөр экспортлох гэрээ байгуулсан. Үүнийг ашиглаж чадахгүй л байна. Уг нь европын холбооны 28 улсын 731 сая хүн, япон улсын 125 сая хүн гэдэг маш том зах зээл. Энэ зах зээлд гарахыг тулд бүтээгдэхүүнээ олон улсын стандартад нийцүүлэх хэрэгтэй. Гэвч үйлдвэрлэгчид зөвхөн Монголдоо байгаа нь хамгийн том алдаа. Хэдхэн жилийн өмнө Монголчууд Вьетнам, Канбодж зэрэг улсуудад тусламж дэмжлэг үзүүлж явсан. Харин тэд худалдааны зөв бодлого зөв менежментийн ачаар биднийг ардаа орхижээ.

Нөгөө талаас гадаад валютын урсгалыг солонгоруулж эдийн засгийн тогтвортой байдал хангагдана. Өөрөөр хэлбэл уул уурхайн түүхий эдийн үнэ уналтанд орох төдийд эдийн засаг элгээрээ хэвтчихдэг тогтолцоог халах зорилго бидэнд бий. Тэгвэл эдийн засгийг солонгоруулах боломж нь аялал жуулчлал, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспорт. Бидэнд онгон дагшин байгаль, онцгой түүх дурсгалууд бий. Энэ л түүх дурсгал, онгон дагшин байгалийг үзэх гэж өнгөрсөн онд 385 мянган жуулчин иржээ. 2014 онд 392 мянга гаруй жуулчин ирж байсан. Өөрөөр хэлбэл Монголыг зорих жуулчдын тоо долоон мянгаар буурсан. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд жуулчдын тоо 90 мянгаар буурав. Тухайлбал 2012 онд 475 мянган аялагч Монголд ирж байжээ.

Жуулчдын тоо

2012 он 475 мянган жуулчин

2013 он 417 мянган жуулчин

2014 он 392 мянган жуулчин

2015 он 385 мянган жуулчин

Найрсаг улаанбаатар хөтөлбөрийг хэрэгжүүлж засгийн газар олон улсад өөрсдийгөө сурталчилж байгаа талаар сүр дуулиантай зарлана. Харин бодит байдал дээр бодлого зөв тийшээ чиглэхгүй байна. “Travelversed” хэмээх аялал жуулчлалын сайтад гарсан судалгаагаар Монгол улс жуулчдын хамгийн их үзэн яддаг улсын нэг болж жагссан. Жуулчдад таагүй мэдрэмж төрүүлдэг мөн шаардлагатай үед тусламж авахад хэлний асуудал тулгардаг. Өөрөөр хэлбэл бидэнд сайхан байгаль, сэтгэл хөдөлгөм түүх байна гэж орилохоос илүүтэй жуулчдад таатай тухтай нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй. Доллар ирлээ гэхээс илүүтэй хүн ирлээ гэж харахыг бид орхигдуулсан.