Монгол Улсад тэмбүү өвчний тохиолдол сүүлийн жилүүдэд эрс нэмэгджээ. 1921 оны буюу хувьсгал ялсан эхний жилээс Монгол Улс тэмбүү өвчинтэй тэмцсээр ирсэн ч өдгөөг хүртэл устгаж чадаагүй байгаа юм.

 

Уг нь энэхүү өвчнийг эрүүл мэндийн салбарынхан эмчлэх, устгах бүрэн боломжтой гэдгийг хэлдэг ч иргэдийн эрүүл мэндийн боловсрол, бэлгийн зохисгүй харилцаанаас шалтгаалан оршин тогтносоор өдгөө аюулын хэмжээнд хүрээд байгаа юм.

 

 

52 хүүхэд эхээс мэндлэхдээ тэмбүүтэй төржээ

 

Тэмбүү өвчнөөр жилд 5000 хүн өвчилж, эмчлүүлж байгааг мэргэжлийн хүмүүс мэдээлж байгаа юм. Эдгээр хүмүүсийн цаана мөн тооны, түүнээс ч олон хүн бэлгийн хавьталд орж, далд хэлбэрээр тэмбүү өвчнийг тээдэг байна.

 

Тэгэхээр тэмбүү нь Монгол Улсын хүн амын аюулгүй байдалд заналхийлж байгааг харуулж байгаа юм. Бэлгийн замын халдварт өвчнөөр өвчлөгдсийн 99 хувь нь насанд хүрсэн хүмүүс байдаг аж. Тэдгээрийг насны хувьд ангилбал 15-50 насныхан байдаг бол нэг орчим хувийг эхээс төрж буй нярай хүүхэд эзэлдэг байна. Учир нь бэлгийн замын халдварт өвчтэй эхээс төрсөн хүүхэд уг өвчний халдвар тэр дундаа тэмбүү өвчнийг тээж төрөх тохиолдол элбэг байдаг аж.

 

Өнгөрсөн онд 52 хүүхэд эхээс мэндлэхдээ тэмбүү өвчтэй төржээ. Үүний 30 нь Улаанбаатарт, 22 хүүхэд нь хөдөө, орон нутагт мэндэлсэн байна. Харин тэмбүү өвчнийг тээж төрсөн 15 хүүхэд нь төрснийхөө дараа нас барсан гэх харамсалтай тоо баримт байгаа юм. Учир нь тэмбүүгээр өвчилсөн эхийн өвчин урагт нөлөөлж, амьдрах чадварыг үгүй хийдэг төдийгүй эхээс төрөхөөсөө өмнө амьгүй болох явдал их байдаг аж. Тэмбүү өвчин нь хүний гол, гол эрхтэн системыг өвчлүүлж, айжмаар бүх эрхтэнг иддэг байна. Ийнхүү хүний биед чимээгүй оршин тогтнож чаддаг энэхүү өвчин нь төдийлөн нийгмийн анхаарлыг татаж, асуудал үүсгэдэггүйгээс оршин тогтносоор байгаа юм.

 

 

Тэмбүү монголчуудын хүн амь аюулгүй байдалд заналхийлж байна

 

 

Манай улсад 90 жилийн өмнө тэмбүү өвчин газар авч олон мянган хүн энэ өвчнөөр өвчилж, хамар, тагнаагүй болж байсныг түүх гэрчилнэ. Гэтэл энэ түүх XXI зуунд монголчуудад дахин давтагдаж, дэлгэрч байгаа нь эмгэнэлтэй юм. Энэхүү өвчнөөс өөрийгөө хамгаалах нь тийм ч хэцүү зүйл биш аж. Тэмбүү нь бусад өвчин шиг агаар дуслаар, ахуйн замаар халдварладаггүй бөгөөд зөвхөн бэлгийн замаар л халдварладаг өвчин. Тиймээс тухайн хүний ухамсарт л бүх зүйл оршин буй гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлдэг. 1990-ээд оны эхнээс 2000 оны хооронд бэлгийн замын халдварт өвчин тэр дундаа тэмбүү өвчний дэгдэлт маш бага байсан аж.

 

Тодруулбал жилд 700-800 хүн энэ өвчнөөр өвчилж байсан бол 2000 онд 10 мянган хүнд 2.5 хувь нь тэмбүү өвчтэй болох нь шинжилгээгээр батлагдаж байсан байна. Тэгвэл 2015 онд 10 мянга хүн тутмын 24 хувь нь энэ өвчнөөр өвчилж байгаа нь тэмбүү нийгэмд харангын дохио дэлдэж байгааг харуулж байгаа юм. Ер нь Монгол Улсын хүн амын өсөлт буурч “устаж буй үндэстэн” гэх тодотголд хүргэж байсан зүйлийн нэг нь яах аргагүй тэмбүү өвчин гэдгийг санах учиртай юм.

 

 

Тэмбүүгийн шинжилгээг ХӨСҮТ төдийгүй өрхийн эрүүл мэндийн төвүүд ч хийж байна

 

 

Тэмбүүгийн анхны шинж тэмдэг нь халдвар авсан хэсэгт гардаг хатуу яр. Халдвартай хүнтэй бэлгийн хавьталд орсноос хойш 10 хоногоос гурван сарын дараа ийм яр гардаг юм байна.

 

Бэлгийн хавьталд орох үед нян ихэвчлэн бэлэг эрхтний салст бүрхэвчээр дамжин биед нэвтэрдэг тул эрчүүдийн тээрхий, шодойн дээр нь гардаг бол эмэгтэйчүүд ихэвчлэн умайн хүзүү, үтрээний дотор талд нь гардаг тул халдвар авснаа мэдэхгүй байх нь бий гэнэ. Иймээс жирэмсэн эмэгтэй эхний гурван сарын дотор үзлэг, оношилгоонд заавал хамрагдаж, хамгийн түрүүнд тэмбүүгийн шинжилгээ өгөх шаардлагатай аж. Энэхүү шинжилгээг ХӨСҮТ төдийгүй өрхийн эрүүл мэндийн төвүүд ч хийж байгаа.

 

Тэмбүүг анхдагч буюу төрөлхийн, хоёрдогч буюу олдмол гэж ангилахаас гадна гурван үе шат болгон хуваадаг аж. Эмчлүүлэлгүй явсаар халдвар авснаас хойш 3-15 жилийн дараа өвчний гуравдугаар үед шилждэг аж. Энэ үед арьс, яс, элэг (15 хувь), мэдрэл (6.5 хувь), зүрх, судасны өөрчлөлт (10 хувь)-д орж улмаар амь нас нь аюулд ордог юм байна.

 

Тэмбүүгийн үүсгэгчийн амьдрах хамгийн таатай орчин нь тархи аж. Өвчин тэнд хүрэхэд л үхнэ. Харин халдвар авсан эмэгтэй эмчилгээ хийлгэлгүй явсаар эхний дөрвөн жилд хөл хүнд болбол ургийн 70 хувь нь халдвар авч, 35 хувь нь төрөлхийн тэмбүүтэй төрдөг байна. Тиймээс жирэмсний эхний 12 долоо хоногт энэ өвчнийг илрүүлж, эмчилгээ хийлгэвэл урагт халдварладаггүй эрүүл хүүхэд төрүүлдэг аж.

 

Монголчуудын аюулгүй байдал заналхийлэх хэмжээнд хүрээд буй тэмбүүгийн талаарх мэдээллийг бид цувралаар бэлтгэж байгаа бөгөөд маргааш мэргэжлийн хүний яриаг хүргэх болно.

 

24tsag.mn Б.Энхжин