1. Нийслэлийн иргэд өдөр хоногоор сөрөг юманд дийлдэж эхэллээ. Даварсаар даварсаар Дагвын орон дээр гэгчээр дийлдсээр дийлдсээр дэн дун ч болж байна даа, иргэд минь. Урьд урьдынхаасаа нэмэгдсэн утааны ундарга өтгөрсөн жил боллоо. Хүмүүс дуугарах нь цөөрсөөр. Утаандаа углуургатай дасч байна уу, хэлээд нэмэргүй гэж хэдэрлэж байна уу . Одоо ханш нээгээд халуун оргиод ирэхээр өмхий гэдэг өмнө нь гойд байгаагүй шинэ танилтайгаа нийслэлчүүд хоёр дахь жилдээ нүүр (хамар) тулна. Ичээнээс гарч ирсэн өлөн амьтан шиг цэвэрлэх байгууламжийн өмхий салхины аясаар сад тавин сагсалзах нь ойлгомжтой. Гэхдээ бид дасна аа. Амьдралын хэвшил болгож ч магад. Нийслэлийн иргэдэд нэгэнт дасал болсон сэдвийг түр орхиё. Түмэн олон мэдэж байгаа хойно. Харин хороор амьсгалж байгаа минь хоёргүй үнэн. Нийслэлийн эрхийг барьж буй АН-ынхан энэ бүхэнд буруутай. Хамгийн энгийн логик. Яагаад гэвэл тэд эрх баригчид. Дөрвөн жил өнгөрлөө, явц үл үзэгдэнэ.

 

2. Айдас түгшүүр ч авах юмгүй дэлгэрлээ. Уг нь дэлгэрэх, дэлгэр гэдэг сайхан үг. Гэхдээ сайн сайхан юм дэлгэрэх л сайхан болохоос муу зүйл хавтгайрах нь муухай гэдгийг хотын Мэрээсээ эхлээд дэндүү сайн мэдэж байгаа. Хувьсгалаас өмнө, түүнээс хойш Нийслэл хүрээнд нэг том өндөр хог, гурван том навтгар хог байсан юм гэнэ лээ. Том өндөр хог нь өнөөгийн энэ Чингис хаан, Сүхбаатар жанжин хоёрын “дунд”-ын талбай тэр чигээрээ, Үйлдвэрчний байр, Дуурийн театрын газрыг бүрхсэн том “байгууламж” байсан гэдэг. Тэнд нь золбин ноход эзэрхийлж байдаг. Ганц хоёроороо яваа хүн рүү сүргээрээ ноцож дайрдаг. Чадал чадвар муутайг нь идэж уудаг ч байсан гэсэн. Түүнээс хойш бараг 100 жил өнгөрөх нь дээ. Өнөөдөр ХХI зуун. Түүхэнд ХХI зууны 20-оод он гэж тэмдэглэх байх. “Аюулгүй Улаанбаатар”-ыг цаасан дээр бичсэн мөрийн хөтөлбөрөөрөө цогцлоож байгаа Нийслэлийн АН-ыг эрх барьж байх үед дөрвөн настай хүүхэд нохойд идүүлэн амиа алдлаа. Даанч гашуун. Даанч шорвог. Идүүлээд л ингэж дуулиан өгч байгаагаас ноцуулсан, уруулсан, дайруулсан тохиолдол тоймгүй. 20-оод жилийн өмнө “Нохойн орон” киног зохиолч Д.Төрмөнх бичиж гадаадын шагнал авч байхад “Хм, “Нохойн орон” шүү” гэж бодож байж билээ. Гэтэл өнөөдөр АН-ын мөрийн хөтөлбөрөөр цогцлоож байгаа аюулгүй хот маань “Нохойн хот” боллоо. Өнөө цагийн нохой даяарчлалд автаад ч тэр юм уу, өнгө зүс гэж баялаг болжээ. Цагаан бор, улбар шар, алаг хүрэн, эрээн цоохор, хилэн хар гэх мэт. Ёстой моодны. Хурдхан гүйдэлтэй ямаан сүрэг бэлчиж байгаа юм шиг өнгөтэй ч юм, олуулаа ч юм. Өглөөгүүр Их дэлгүүр, Төв талбай, Энхтайвны гудамж, Хүүхдийн парк, Гадаад яам, Шинжлэх ухааны академи, Төв номын сан хавиар ч сагсалзан хатирцгааж байх юм. Хаа явахаа мэдээд байгаа ч юм шиг. Энд тэндгүй эрээн алаг нохойн сүрэг. Улаанбаатар хотын багачуулын ганц цуглардаг Хүүхдийн паркад л бяруу шиг том нохойтой дүрсгүй байрын банди нар хээвнэг хэлхэлнэ. Нийслэлийн бяцхан иргэд тоглох нь бүү хэл тоглоом тойрч зугтаж булталзана. Түүн дээр эзэн холбогдогчгүй хотын иргэн шахуу бие бодсон гэмээр ноход шүлсээ гоожуулан том томоор эвшээлдэн сүрэглэнэ. Нохой эвшээдэг ч юм уу, үгүй ч юм уу бүү мэд. Гэхдээ л нэг тиймэрхүү дүртэй маадгар харагдана. Даналзуур гэж жигтэйхэн. Санаа нь хүн шиг шахуу болчихсон. Зам гарахдаа гарцаар хүмүүс даган гарна. Гачуурт, Санзай энэ тэнд бол нохой дайрах хүнтэй мэндлэх хоёр бараг тэнцэнэ дээ. Гэтэл аюулгүй Улаанбаатарыг мөрийн хөтөлбөртөө цогцлоогчид дөнгөж саяхан “Золбин нохой муур устгах” зардлаа Хангарьд ордондоо хэлэлцэж, Нийслэлийн ИТХ-даа оруулахаар зэхэж байна. Зөвхөн 2015 онд нийслэлийн хэмжээнд 6451 хүн галзуугийн сэжигтэй амьтанд уруулж, ноцуулан, шүлсдүүлж галзуугийн эсрэг вакцинд хамрагджээ. Үүний 15-аас бусад буюу 6436 нь нохойд уруулсан байна. Вакцинд хамрагдагсдын 39 хувь нь 0-15 насныхан гэдгийг Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ. Галзуугийн сэжигтэй амьтанд уруулж, ноцуулан, шүлсдүүлсэн тохиолдол жилд дунджаар 7000 гаруй бүртгэгдэж, Эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээ авч галзуугийн эсрэг вакцинд хамрагддаг байна. Энэ бол бүртгэгдсэн тоо. Ер нь хог нохой хоёр холбоотой. Хариуцлагагүй байдал нохой хоёр ч холбоотой. Үүнд иргэдийн оролцоог ч дайчлахгүй байна. Хуучин юмыг хуучирсан юм гээд. Тэгвэл шинэ юмыг чинь хийлцье гэхээр чадахгүй. Нэг ийм л байна уу даа. Дашрамд дурдахад, нохойн үүр болсон Нийслэл хүрээний өндөр хогийг 1940-өөд онд тэр үеийн амьдралын хэв маягаар “коммунист” субботник гэдэг арга барилаар нийслэлийн иргэд бас орос цэргүүдийг дайчлан хэдэн удаагийн хэдэн зуун машин тээвэрлэлт хийж байж салсан юм гэнэ лээ. Өнөөдөр тэр зэргийн хогийг хэдэн зуун тэрбумаар төсөвлөж байж л нугалах байх даа. Хогийн уутандаа хэдэн тэрбумыг зараад Францад ч гэлүү жишээ болгоод амжсан өнөөгийн бид.Тэгсэн атлаа золбин муур нохойноосоо салж чадахгүй дарлуулж сууна. Золбин нохой муур устгахад 600 сая төгрөг зардаг байсан. Одоо нэг нохой муур устгаад 12 мянган төгрөг төлөх урьдчилсан тооцоо хийгээд байгаа Нийслэлийн эрх баригчид 960 сая төгрөгөөр жилд устгал хийх төлөвлөгөөтэй бадрангуй ажиллах гэнэ. Энэ жил л гэхэд 80 мянга гаруй нохой устгах төлөвлөгөөтэй байгаа аж. Эрүүл ахуй талаасаа ч ийм олон золбин нохой ямар их гай чирч байгаа бол. Энэ бол айдас. 80 гаруй мянгыг устгах хэмжээнд болтол золбин нохдоо хуримтлуулжээ.

 

3. Одоо бүр нохойн айдас ч яамай болох шинжтэй. Нийслэлийн иргэд өдөр хоногоор сөрөг юманд дийлдсээр... Сүхбаатар дүүргийн XIX хорооны нутагт хүн рүү нохой биш чоно дайрчээ. 30 гаруй насны хоёр хүнийг чоно барьжээ. Том хүн тулдаа амь бүтэн, биеийн байдал гайгүй Гэмтлийн эмнэлэгт байгаа гэнэ. Гуравдугаар сарын 25-нд энэ явдал болжээ. Азаар хавь орчных нь хүмүүс хүрзээр цохиж ид бад хийгээгүй бол хээрийн боохой хүртэл нийслэлийн иргэдийн толгой руу ноцох нь байна. Айдастай нийгмийн байдал даамжирч хээрийн амьтад хүртэл хүмүүний амьдралд оролцох болж. Энэ бүхэн мэддэг чаддаг улсын хариуцлагагүйтэй шууд холбоотой. Харамсалтай нь, холбоод холбоод нэмэргүй, хараагүй, үзээгүй, сонсоогүй нийгэм болчихоод байна. Саяхан хагас жилийн өмнө ОХУ-ын Приморскийн хязгаарын нэг хотод хэд хэдэн авгай хүүхэд рүү нохой дайрч уруулж хазуулсан байна лээ. Тэр хотын даргыг нь аваад хаячихаж байна. Хариуцлага тооцоод байгаа юм. Манай хот улсын баатар даргатай. Тэр баатар дарга маань байлдаан тулаан тэмцэлдээ л баатар юм байгаа биз. Энхийн амьдралд ажил албаны хариуцлага хүлээх хэрэгтэй шүү дээ. Гэтэл манай хотод дөрвөн настай хүүхэд нохойд идүүлснийг сошиал ертөнцөөр л жаал шуугих шив дээ. Бид ч муу юманд дөжрөхдөө түргэн дээ. Уг нь жилд хэдэн мянгаараа нохой амьтанд уруулж ноцуулах юм даа. Үнэхээр хариуцлагагүй. Хариуцлагагүй. Тайван амгалан амьдрал айдасгүй орчин, эрүүл саруул үйлдлээс эхэлдэг. Цөвүүн цагийн төгсгөл сайн цагийн эхлэл бушуухан ирээсэй. Нохой, чоно ямар машин лимузин хазах биш. Машин тэрэгтэй дарга нар ойлгохгүй л дээ. Явган бид л золиос болно. Гэхдээ явган бид бүгдээрээ Улаанбаатар хотдоо хайртай. Яг дарга нар шиг бас иргэн нь юм шүү дээ уг нь. Нохойд уруулахгүй, идүүлэхгүй байх эрхтэй гэсэн үг. Айдас дагуулсан болохгүй юм далай шиг байна даа, яадаг юм билээ. Аюулгүй Улаанбаатар гэж нийслэлийн эрх баригчдын ойлголт абстракт эд гэж үү.

 

Х.БҮРЭНТОГТОХ