Ж.ЦОГЗОЛМАА

“Далд өр Засгийн газрын тайлан тэнцэлд тэр бүр бичигддэггүй ч нэг цагт сэтгэл зовоох шалтгаан болж хувирна” хэмээн хууль зүйн Cleary Gottlieb компанийн түнш, Засгийн газрын өрийн мэргэжилтэн Ли Бакайт анхааруулав. Хөгжиж буй зах зээл 800 гаруй тэрбум ам.доллараар хэмжигдэх Засгийн газрын өрийг тухайн улс орны удирдлагын тайлан тэнцэлд барагтай бол тусгаад байдаггүй үнэт цаасны дүрд хувиргаад буй тухай судалгаа гарчээ.

Хөгжиж буй улс ор­нуу­дад ам.доллар болон бусад төрлийн хатуу валютаар гаргасан Засгийн газрын үнэт цаасны хэмжээ сүүлийн 12 сарын хугацаанд эрс өссөн байна. Тодруулбал, ийм өр хөгжиж буй зах зээлийн нийт Засгийн газрын өрийн хэмжээнээс давжээ.

Судалгаанаас харахад Энэтхэг, ОХУ, Хятад зэрэг улсын ДНБ-нд харьцуулсан албан ёсны өрийн хэмжээ дэлхийн дунджаас доогуур байгаа хэдий ч далд өрийн хэмжээ өссөөр байгааг олон улсын шинжээчид сануулсаар байна. Тухайлбал, JPMorgan, Bond Radar-ын судалгаагаар өнгөрсөн онд гаргасан дээрхийн адил заримдаг шинжтэй үнэт цаасны хэмжээ Засгийн газрын ердийн үнэт цаасны хэмжээнээс давжээ. Ийм үнэт цаас 2014 онд 710 тэрбум ам.доллараар хэмжигдэж байсан бол 2015 оны эцсийн байдлаар 839 тэрбум ам.долларт хүрч өссөн байна.

2015 оны эхний хагас жилийн Хятадын банк бус санхүүгийн байгууллагуудад төлөгдөх ёстой долларын өрийн хэмжээ 1.2 их наяд ам.доллартай тэнцэж байсан. Тэгвэл сүүлийн үед өрнөж буй Хятадын эдийн засгийн өсөлтийн удаашрал, аж үйлдвэрийн салбарууд дахь цомхотгол болон юанийн эсрэг чангарч буй ам.долларын ханш зэрэг олон шалтгаан их хэмжээний долларын өртэй зээлдэгчдийг улам эрсдэл хийгээд да­рам­тад оруулж буйг олон улсын санхүүгийн шинжээчид хэлж байна. Энэ байдал ойрын 2-3 жилдээ ч дээрдэхгүй байх магадлалтайг ч онцолж байна.

“Дэлхийн эдийн засгийн бие чилээрхэж эхлэхэд Монгол эхлээд анзаардаг ч үгүй. Харин дэлхийн эдийн засаг ханиад хүрэх үед Монгол Улс шууд хатгалгаа авчихдаг. Цаашлаад дэлхий хатгалгаа авч байхад Монгол сэхээн амьдруулахад орчихсон байдаг. Тэгэхээр Монгол Улс дэндүү эмзэг” хэмээн эдийн засагч Д.Жаргалсайхан тодорхойлсон байдаг.

Түүний хэлсэнчлэн дэлхийн эдийн засгийн томоохон хөшүүрэг болсон урд хөршийн нөхцөл байдал энэ янзаар баргар байвал бидний хувьд ч байдал дээрдэхгүй гэсэн бараан дүр төрх л бууж байна.