-2013 оны зургадугаар сард Монголбанк хамгийн огцом өсгөлт буюу 1.5 нэгж хувиар бодлогын хүүгээ өсгөж байсан аж. Тэгэхээр одоогийн Монголбанкны хүүгийн өсөлт нь олон нийтийн хувьд ч банкуудын хувьд ч цочирдож, шоконд ормоор огцом алхам болоод байгаа юм-

Монголбанкнаас мэдэгдэл гаргаж, бодлогын хүүг 4.5 нэгж хувиар нэмэгдүүлснээ зарласнаар 10.5 хувиас 15 хувь хүртэл нэмэгдэж байна. Энэхүү шийдвэрийн талаар хэвлэлүүдээр хоёр талтай бичиж байна. Төвбанкны бодлогын хүү хөдлөхөд түүнийг дагаад арилжааны банкуудын хадгаламжийн хүү, улмаар зээлийн хүү өөрчлөгддөг нь хаана ч адилхан байдаг. Энэ жамаар бодлогын хүүг огцом нэмснээр зах зээл дэх бүхий л зээлийн хүү дагаад чамгүй хүчтэй өсөх нь гарцаагүй. Монголбанк бодлогын хүүг огцом өндөр нэмэх шийдвэр яагаад гаргав.
Монголбанкны мэдэгдэлд дурдсанаар “Хэдийгээр инфляци бага түвшинд хадгалагдаж байгаа ч төгрөгийн ам.доллартай харьцах ханш долдугаар сарын эцэстэй харьцуулахад 7.9 хувиар суларсан үзүүлэлттэй байна. Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл 2016 оны эхний хагас жилийн байдлаар өмнөх оны мөн үеэс 602.0 сая ам.доллараар сайжирч, урсгал тэнцлийн алдагдал хоёр дахин буурлаа. Иймд Монголбанк төгрөгийн ханшийг хамгаалах, эдийн засгийн дунд хугацааны тогтвортой байдлыг хангах зорилгоор төгрөгийн активын өгөөжийг нэмэгдүүлэх арга хэмжээг авч байна” хэмээсэн байна. Тэгвэл энэ удаагийн бодлогын хүүгийн өсөлт сонгуулийн дараагаас тогтвортой өсөж буй долларын ханштай илүүтэй холбогдож авсан арга хэмжээ болох нь мэдрэгдэнэ.
Хаа газрын Төв банкуудын бодлогын хүүгээ нэмэгдүүлэх алхам нь инфляцийн хэт өсөлт, эдийн засгийн болзошгүй эрсдлээс сэргийлэх зорилготой байдаг. Арилжааны банкууд төв банкинд хадгалуулж буй мөнгөн хөрөнгийн хариуд Төв банкнаас төлж буй хүүгийн хувь хэмжээ буюу бодлогын хүү өндөр байх нь инфляцийг нам дор түвшинд барихад чухал нөлөөтэй аж. Харин инфляци нэгэнт нам дор түвшинд очиж, эдийн засаг тогтворжсон үед бодлогын хүүг зөөлрүүлэх замаар эдийн засгийн идэвхжлийг хангах боломж гардаг.
Илүү ойлгомжтой, энгийн үгээр тодорхойлбол иргэдийн гар дээр их хэмжээгээр эргэлдэж инфляцийг хөөргөдөж, төгрөгийн ханшийг унагаж байгаа бэлэн мөнгөний урсгалыг татруулахын тулд бодлогын хүүг өсгөдөг. Бодлогын хүү өндөр болсноор арилжааны банкууд Төв банкиндаа мөнгөн хөрөнгөө эрсдэлгүй, найдвартай хадгалуулах сонирхол нэмэгдэнэ. Тэр хэрээр арилжааны банкуудын гадагш буюу нийгэмд, хувийн хэвшил рүү зээл гаргах сонирхол буурч, зээлийн хүүгээ нэмэгдүүлдэг. Бодлогын хүүгийн түвшин хэр байхаас хамаарч арилжааны банкуудын зээлийн хүү тогтоно гэсэн үг. Ингээд нийгэмд иргэдийн гар дээрх бэлэн мөнгөний урсгал татарснаар төгрөгийн ханш өсөх юм. Эсрэгээрээ бодлогын хүү багассан үед арилжааны банкууд зээлийн хүүгээ тодорхой хэмжээгээр бууруулах боломжтой.
Монголд бодлогын хүүг анх нэвтрүүлэхдээ жилийн 6.4 хувиар тогтоож байсан бол 2007 онд 1 нэгж хувиар хоёр удаа, 2008 онд 1.35, 0.5 нэгж хувиар тус тус нэмэгдүүлж 10.25 хувь хүргэж байсан. Харин 2008 оны 11 дүгээр сард бодлогын хүүг буцаагаад 9.75 хувь болгон бууруулж байсан аж. Гэх мэтчилэн аажмаар өсгөж, бууруулсаар 2016 оны тавдугаар сард 1.5 нэгж хувиар бууруулж 10.5 хувьд хүргээд байсан юм.
Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бодлогын хүүг хэрхэн өсгөж бууруулж байсныг та бүхэн доорхи хүснэгтээс харж болно.



Эндээс ажиглахад 2013 оны зургадугаар сард Монголбанк хамгийн огцом өсгөлт буюу 1.5 нэгж хувиар бодлогын хүүгээ өсгөж байсан аж. Тэгэхээр одоогийн Монголбанкны хүүгийн өсөлт нь олон нийтийн хувьд ч банкуудын хувьд ч цочирдож, шоконд ормоор огцом алхам болоод байгаа юм. Үүнийг зарим мэдээллийн хэрэгсэл илт улстөржсөн аястай тайлбарласан байх юм. Жишээлбэл “Монголбанк мөнгөний бодлогын хүүг нэмж дэндүү зоригтой алхам хийснээрээ АН-ынхны замбараагүй зарцуулалт гурван салаа төсөв, үлэмж хэмжээний мөнгө хэвлэсэн гэм нүглийг арилгах ачааг ард түмний нуруунд ч өөрийнхөө үүрэгт ч нэмчихлээ гэдгийг онцлон сануулъя” гэх. Нэг талаар эдийн засгийн эрсдэлээс сэргийлэх арга хэмжээ боловч нөгөө талдаа жирийн иргэд, бизнес эрхлэгчдийн хувьд хүндээр тусдаг.
Эдийн засагч Д.Жаргалсайхан зээлийн хүүгийн тухай нэгэн нийтлэлдээ “Дэлхийд байхгүй өндөр хүүгээр Монголын бизнес эрхлэгчид зээл авч байгаа учир хувийн хэвшил (төр засагтай холбоогүй нь ялангуяа) сэргэхгүй, эдийн засагт өрсөлдөх чадвар бүрэлдэхгүй байгаа учраас монголчууд гадаадад дүрвэж байна” гэсэн байдаг. Харин УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал Монголбанкны энэ алхмын дараа хэвлэлд тодруулга өгөхдөө “Урт хугацаандаа, дунд хугацаандаа ямар үр дагавартай байх вэ гэдгийг одоохондоо хэлэхэд эрт байна. Ямар ч байсан төгрөгийнхөө үнийг нэмэгдүүлэхийн тулд нийлүүлэлтийг нь багасгая гэсэн чиглэл рүү явчихлаа. Гэтэл энэ маань газар тариалан, барилга зэрэг бодит эдийн засгийн секторт яаж нөлөөлөх, ямархуу үр дагавартай болохыг бодох л ёстой” хэмээж.



Гэх мэтчилэн бодлогын хүүг нэмэгдүүлэх замаар долларын ханшийг унагаж, төгрөгийг чангатгах алхам нь ардаа иргэд бидэнд ямар эрсдэл дагуулж болохыг төвөггүй ойлгож болох аж. Бодит эдийн засгаа харахад цаг хугацааны хувьд энэ шийдвэр оновчтой эсэхэд эргэлзмээр. Зөвхөн долларын ханшийг бодоод мөнгөний бодлогын хүүгээ огцом өсгөж байгаа нь эдийн засаг эмзэг өнөө үед ойлгомжгүй шийдэл. Гадаадын орнуудын жишгээс харахад эдийн засгаа сайжрах үед хүүгээ маш алгуур өсгөхөөс биш ийм хүнд байгаа үед иргэдээ, бизнесийн салбарынхныг элгээрээ хэвтэх шахаж байгаа үед ингэж зээлийн хүү нэмэгдэхэд хүргээд байдаггүй бололтой.
Уг нь уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унасан үед уул уурхайн бус салбарыг дэмжих хэрэгтэй байдаг. Гэтэл хүүг нэмэх нь уул уурхайн бус салбаруудад халтай бодлого. Тэдгээр салбарт өндөр хүүтэй зээл дарамт болох, эсвэл бүр эргэлтийн хөрөнгө зээлээр дутагдан үйл ажиллагаа, үйлдвэрлэл нь хумигдах эрсдэлтэй. Ялангуяа шинэ тутам хөгжиж буй экспортын чиглэлийн үйлдвэрүүдэд халтай, хөрөнгө оруулалт муу байгаа дээрээ улам муудах эрсдэлтэй зэргээр таагүй төлөв их ажиглагдах нь. Нэг үгээр бол энэ нь үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчид, ажил эрхлэгчдэд таагүй мэдээ. Тэгээд ч иргэдийн гар дээр эргэлдээд байгаа гэгдэх тэр их мөнгө хэний гар дээр байгаа вэ гэдгийг бодолцох хэрэгтэй мэт.
Саяхан эрх баригчид ОУВС-гийнхантай уулзаж зөвлөгөө авсан сураг бий. Ийм иргэддээ сэтгэлгүй хандаж, тоо дагасан алхам хийхэд ОУВС зэрэг байгууллагуудын зөвлөгөө л хүчтэй нөлөөлдөг тухай гадны хэвлэлүүдэд бичсэн байх аж. Тэгэхээр эрх баригчид ам.долларын ханшийг бууруулахын тулд, нэр хүндээ алдахаас айсандаа ийн гадныхны залуураар хөдөлж эхлэв үү гэсэн хардлага ч байх боломжтой юм. Та бүхэн хамгийн ойрын хугацаанд улс орнуудын Төв банкууд хэрхэн бодлогын хүүгээ нэмснийг доорхи хүснэгтээс ажиглаарай. Энэ дунд Монголбанк шиг огцом өсгөсөн өөр Төв банк байхгүй байгааг харж болно.