Импортыг орлох үндэсний томоохон үйлдвэр байгуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг Гадаадаас ажиллах хүч авах, гадаадад ажиллах хүч, мэргэжилтэн илгээх тухай хуулиар татвараас чөлөөлдөг зохицуулалттай.

Энэ зохицуулалтын хүрээнд 22 компани хамрагдсан. Үүнийг улстөржүүлж үндэсний аж ахуйн нэгжүүдээ харлуулах гэсэн оролдлого үргэлжилсээр. Сошел орчин төр бариад байна уу, Монгол Улсад төрийн бодлого гэж байна уу гэсэн эргэлзээ төрж байна.

Аливаа улс орны хөгжил үндэсний бүтээн байгуулагч, баялаг бүтээгчдээс ихээхэн шалтгаалдаг. Монгол Улсын нийгэм эдийн засаг хэт жижгэрсэн улстөрөөс болж дөрөвхөн жилийн эргэлттэй болчихоод байна. Энэл шалтгаанаас болж хөгжихгүй, дампуурлын ирмэг дээр ирүүлсэн гэхэд хилсдэхгүй.

Дуулианы эзэн болоод байгаа нөгөө 22 аж ахуйн нэгжийн жагсаалт. Жагсаалтыг харахад ихэнх нь сайн муу хэлэгддэг ч бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийг хөгжүүлж буй аж нэгжүүд багтжээ. Дорноговь аймгийн Дашбалбар суманд Улааны полиметаллын ордод уран олборлолт хийж нутаг оронг хордуулсан гэх дуулиан тарьж байсан “Шинь шинь” ХХК хүртэл гадаадаас ажиллах хүч авах жагсаалтад багтсан байна.

 

 

Оюутолгой ХХК, Монцемент билдинг материалс ХХК, Монгол Алт ХХК, Эс Си Ти И Си Эм ХХК гээд улс орондоо импортыг орлох, зуун дамжих бүтээн байгуулалт хийж буй олон компаниуд багтжээ. Импортыг орлох, бүтээн байгуулалтыг онцлохын учир нь эдийн засгийн хямралтай өнөө цагт төрөөс аж ахуйн нэгжүүддээ үзүүлж буй дэмжлэг. Аж үйлдвэр тэр дундаа хүнд үйлдвэрийн салбараа төрөөс бодлогоор дэмжиж байж улс орон хөгждөг олон улсын жишиг бий. Аж үйлдвэрийн хөгжлийг ярихын тулд хамгийн түрүүнд импортыг орлох бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх асуудал хөндөгдөх нь аргагүй. Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болохын зэрэгцээ экспортын үйлдвэрлэлийн асуудлыг ярих хэрэгтэй. Гэхдээ экспортын үйлдвэрлэл хоёр үе шаттай байдаг. Гэхдээ бид импортыг орлох болон экспортын чиг баримжаатай үйлдвэрлэлийн хослол гэсэн зарчмаар аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх ёстой гэдгийг эдийн засагчид хэлж байна. Хүнд үйлдвэрийг сайн хөгжүүлсэн орнуудад аж үйлдвэр хөгжсөн гэж үздэг. Ялангуяа Европын улс, орнууд хүнд үйлдвэрлэлийг маш сайн хөгжүүлсэн байдаг. Тэнд гангийн үйлдвэрлэлгүй оронд аж үйлдвэр хөгжсөн гэж хэлэхгүй гэж үздэг. Тиймээс Монгол Улсад мөн адил хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлэх ёстой. Монголчууд өнөөдөр барилгын арматур төмөр, цементээс эхлээд бүхий л бараа материалыг урд хөршөөс зөөж байна. Тэгвэл барилга бүтээн байгуулалтын талх гэгдэх цементийн дотоодын хэрэгцээгээ хангах хэмжээний үйлдвэрүүд хэдийнэ сүндэрлээд байна. Ер нь хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлж байж аж үйлдвэр хөгжлөө гэж бодох хэрэгтэй. Аж үйлдвэр ямар зарчмаар хөгждөг юм бэ гэхээр том үйлдвэрүүдээ дагаж, жижиг дунд үйлдвэрүүд хөгждөг жамтай. Манай улсын хувьд хэт жижиг, өрхийн ахуй амьдрал, амжиргааны төвшнийг бодолцож ЖДҮ, бичил бизнесийг хөгжүүлэхэд их цаг, мөнгө зарцуулсан. Уг нь улс орны хэтийн төлвийг бодолцвол том үйлдвэрлэлийг хөгжүүлэх ажлыг нэн тэргүүний зорилгоо болгох хэрэгтэй. Том үйлдвэрүүдийг дагаад аяндаа дунд болон жижгүүд нь өндийгөөд ирдэг аж. Японы ард түмэн үгээгүй ядуу байсан, газрын баялаг, ашигт малтмалын нөөц байхгүй, дайны хор уршгийг амссан, өлсгөлөнд нэрвэгдсэн байсан. Энэ ард түмэн ийм нөхцөл байдлаас яаж өнөөдрийн хүчирхэг эдийн засагтай, хөгжингүй орон болов. Ард түмнийхээ сэтгэхүйд “Чин сэтгэлээсээ хөдөлмөрлөх” гэдэг ухагдахууныг суулгаж, бодлогоо маш оновчтой, зөв тодорхойлж чадсан. Япон улс аж үйлдвэрийг хөгжүүлэхдээ “Бид юугаар онцгойрч хөгжих вэ” гэдгээ зөв томъёолсон. Тэр нь юу байсан гэхээр электрон техникийн үйлдвэрлэл байсан юм. Өнөөдөр дэлхий дээр электрон, техникийн үйлдвэрлэлээр Японыг гүйцэх орон байхгүй. Мэдээж энэ үйлдвэрлэлийг дагаж бүх салбар нь өндийж, бусад олон үйлдвэр, компани байгуулагдсан. Өнөөдөр дэлхийн хөгжингүй орнуудын тоонд зүй ёсоор бичигдэж, хүчирхэг эдийн засагтай орнуудын нэгэн адил оюуны бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Бидний ойрын жишээ болсон БНСУ-ын хувьд гэхэд ард түмэн мөн л ядуу, өлсгөлөнд нэрвэгдсэн хүнд, хэцүү амьдралыг үзэж, туулсан. Тэд яаж аж үйлдвэрлэлийг хөгжүүлсэн гэхээр 40 газарт аж үйлдвэрийн парк байгуулсан. Монголчуудын хувьд хөгжлийн гарцаа холоос биш ойроос жишээ болгоод явчих боломж байна. Тэгэхээр жижиг улстөр, тамын тогооны үлгэрээсээ салж хөгжлийн төлөө нэгдэх цаг болжээ.

 

 

Г.Санчир
times.mn