Усан нүдтэй, цусан зүрхтэй хүмүүн бидний дунд ер бусын ид шидтэнүүд цөөнгүй байдаг. Их зөнч Нострадамус, Распутин, аугаа их үзмэрч Ванга эмээ гээд тоочоод байвал барагдахгүй урт жагсаалт гарах байх. Тэгвэл хүн үүссэн өлгий нутаг гэгддэг улс Монголд маань ийм лут авъяас билэгтэй ер бусын хүмүүс төрж байсан уу? гэдэг асуулт гарч болох юм. Тэгвэл доор өгүүлэх явдал Монголд ер бусын шидтэн амьдарч байсныг тодорхой баримттайгаар өгүүлэх болно. 20-р зууны эхэн буюу 1900аад оны эхээр Нагварал хэмээх сонин нэртэй ганц бие эр Ононгийн БуянтУхаа хавьцаа нутагладаг байжээ. 

 

Тэр хүний нас болоод үүх түүхийг мэддэг хүн бараг үгүй байж л дээ. Хэнтэй ч үл ойртдог зожиг түүнийг чухам ямархан авъяас билэгтэй болохыг ч мэддэг хүн үгүй байна. Гэвч нэгэн санамсаргүй тохиолдлоос болоод ер бусын хүн гэдэг нь мэдэгджээ. Мартсанаас уг эр нүүр царай нь түмэн үрчлээ суусан агаад урт, өтгөн хууз сахал, эмх замбараагүй ургасан сэгсгэр үс, хэдэн жил өмссөн нь үл мэдэгдэх мянган нөхөөст дээл хувцастай нэгэн байжээ. Мөн онгож гандсан хар гэртэй бөгөөд амин зуулгыг нь залгуулдаг 100аад ямаатай байсан гэдэг. Ямаа нь эгээ л хүн шиг өглөө гараад орой ирнэ. Үүнээс өөр хэлж ярьж, сонирхоод байх зүйл ердөө ч байсангүй. Нэгэн хавар Туул голын мөс унаж байх үеэр мөсөн дээр тоглож байсан хоёр хүүхэд цөмрөөд усанд унажээ. Энэ үеэр насанд хүрсэн хүмүүс байсан ч үнэндээ яаж ч чадсангүй. Хоёр хүүхэд мөсөн доогуур урсаад орчихжээ. Бөөн орилоон хашгираан болж байтал бургасан дотроос 

 

Нагварал гарч ирээд,
Юу болоод байгаа юм бэ? гэж хүнгэнэсэн дуугаар асуухад хэн нэг нь бачимдсан дуугаар,
Хоёр хүүхэд мөсөн доогуур урсаад орчихлоо гэж хэлэв. Үүнийг сонссон өвгөн Нагварал хүүхэд урсаж орсон мөсөн дээгүүр алхаж эхлэхэд гайхаж айсан хүмүүсийн дуу нь ч гарахаа больчихжээ. Учир нь уг мөс насанд хүрсэн хүн бүү хэл хүүхэд даахгүй цөмөрснөөс тэр шүү дээ. Нагварал мөсөн дээгүүр алхсаар нэг газар очиж зогссоноо доошоогоо үлээхэд мөс нь хайлж цоорлоо. Тэгээд сөхөрч суугаад гараа алгуурхнаар өөр лүүгээ ойртуулахад мөнөөхөн цооногноос хоёр хүүхдийн цогцос гарч иржээ. Тэрбээр хоёр хүүхдийг зэрэгцүүлж суулгаад гараараа ганцхан дохиход л амилсан төдийгүй хувцас хунар нь усанд унаагүй мэт хув хуурай болсон байлаа. Тэгэнгүүтээ тэр босоод ганц ч үг дуугаралгүй явж одожээ. Ингээд л мань хүний тухай яриа тэр оройдоо л хавь ойроор тархаж, ер нь Нагварал хаанаас ирсэн ямар хүн бэ? гэсэн асуулт гарч ирсэн авч хариулж чадах хүн олдсонгүй. Харин өвгөнтэй үг сольдог, гэр орноор нь орж гардаг “далиу” Дорлиг хэмээх өнчин ядуу залуугаас,
Нагварал ер нь юу хийж байдаг хүн бэ? гэж асууцгаахад нь мань эр орсгой шүдээ гарган,
Нүдээ аниад л сууж байдаг хүн дээ гэхээс өөр зүйл хэлсэнгүй. Ингэж байтал нэгэн хүү ирэн, 
“Далиу” Дорлигийг Нагварал өвгөн дуудаж байна гэж хэлэв. Гэрт байсан хүмүүсийн хэн нь ч дуугарсангүй. Маргааш өглөө нь Дорлиг урвагардуухан царайтай ирээд,
 Нагварал гуай өнгөрчихлөө гэжээ. Хүмүүс түүнийг оршуулахаар очтол алга болчихсон байжээ. Ингээд түүнийг үхээгүй гэсэн яриа тархлаа. Гэвч “далиу” Дорлиг,
 
Үхсэн. Би харсан юм чинь. Тэгээд л надад “Би үхнэ. Миний гэрийг шатаа. Ямаануудыг харин намайг ав гэсэн” гээд хөдөлж өгсөнгүй. Хүмүүс хоорондоо ярилцаж байгаад гэрийг шатааж, ямааг нь Дорлигт өгөхөөр болжээ. Гэтэл баян Галсан гэгч тавь гаруй насны эр “Дорлиг манай нэг соёолон үрээг унаж яваад алсан” гэж дайрсаар байгаад 20 ямааг нь авчээ. Гэвч үүнээс болоод тун ч айхтар явдал болсон гэдэг. Маргааш нь баян Галсан гэнэтхэн галзуурч,
 
Энэ ямаанууд намайг идэх гээд байна гэж орилсоор алга болжээ. Нилээд эрэл сурал болсны эцэст Сонгины орчимд үхчихсэн хэвтэж байхыг нь олжээ. Ар гэрийнхэн нь сэжиглээд ямааг буцаасан гэдэг. Энэ цагаас хойш “далиу” Дорлиг мөн л Нагварал шиг орь ганцаараа нутаглах болжээ. Тэрбээр 1911 онд Богд хаант Монгол Улс байгуулагдаж, тусгаар тогтнолоо зарлах үеэр үхсэн бөгөөд Нагваралын тухай үлгэр домог шиг зүйлүүдийг ярьж өгсөн аж.
Тэр шөнө Нагваралын дуудсан ёсоор Дорлиг очжээ. Нагварал түүнд баахан юм ярьж байснаа,
 
Би өнөөдөр хоёр хүүхдийн амь аварснаасаа болоод үхэх болоод байна. Тиймээс өөрийнхөө тухай ярьж өгөх шаардлагатай боллоо. Мөн чамд ид шидээ өвлүүлэн үлдээхийн тулд чамайг турших болно гэж хэлжээ.

 

Нагваралын өөрийнх нь хэлснээр насаа мэдэхгүй гэнэ. Эцэг, эх, хаана төрснөө ч мэдэхгүй бөгөөд ухаан орж том болохдоо агуйд байсан аж. Түүнийг өсгөн хүмүүжүүлсэн хүн Аранга гэдэг сонин нэртэй нэгэн байжээ. Тэрбээр хүүд элдвийн ид шидийг зааж сургасан аж. Тарни домын аргаар, өөрөөр хэлбэл ховсдож зааж өгсөн бөгөөд их үйлийг бүтээх оныг хүртэл бүрэн боловсорч төгөлдөржих ёстой. Тэр үед (1911 он бололтой) улс Монгол маань туурга тусгаар болж хүчирхэгжинэ. Тэр үйл хэрэгт орох ёстой. Наана нь ид шиднээсээ хумсын төдий л ашиглавал би үхэх болно. Ингэснээрээ сэргэн мандсан төр улс маань хар шоргоолж, шар шумууланд бариулна гэсэн ажээ. Ингээд Аранга үхсэнээр Нагварал хүмүүсийн дунд, өөрөөр хэлбэл БуянтУхаад нутаглах болжээ. Энэ хооронд Нагварал эгэл жирийн хүний амьдралд дасах гэж ихэд зовжээ. Арангын гэрээслэл ёсоор ид шиднээсээ өчүүхэн төдийг ч зарцуулсангүй. Уг ид шид нь ерөнхийдөө төрмөл бөгөөд цөөнгүй хүн үүнийгээ мэдэлгүй өнгөрдөг байжээ. Харин Аранга Нагваралыг төрөхөд мэдэж байсан бөгөөд хулгайлсан байна. Эрхбиш хүний үр юм гэсэндээ Нагварал Арангаас,

 

Би аав, ээжээ олж уулзаж болох уу? гэж асуухад, 
За яахав. Одоо амьд байгаа байх. Чи дөнгөж л уулзаад өнгөрөх хэрэгтэй. Яахаа чи өөрөө мэднэ биз. Их л хөгширсөн байх. Чи харин хүү нь гэдгээ хэрхэвч хэлж болохгүй. Харин нас барахаар нь хойдохыг нь зохицуулна биз гэжээ. Нагварал БуянтУхаад суурьшсаны дараагаар Засагт ханы нутаг руу явж эцэг, эх хоёр дээрээ очсон байна. Нэгэн уулын аманд байх гурван гэрийн нэгийг өөрийнхөө гэр гэдгийг тэр зөн совингоороо мэдэрчээ. Гэрт ороход насан өтөл болсон өвгөн, эмгэн хоёр байжээ. Мэнд усаа мэдэлцсэний дараагаар хоноглох гэж буйгаа нуусангүй. Өвгөн, эмгэн хоёр ч хоол унд болоод явчихжээ. Эмгэн гэнэтхэн, 
Ямар сонин юм бэ? Миний бие шархирч өвдөөд байсан зүгээр болчихлоо. Бие бүлээсч байна гэсэн бол өвгөн,
Минийх ч гэсэн адилхан гэж хэлээд халуун яриа өрнүүлжээ. Эх хүн гэдэг маш их зөнтэй байдаг нь нэгэн зүйлээс маш тодорхой харагджээ.

 

Хүү минь, уучлаарай. Би чамайг нэг л их харсан юм шиг. Чи хаанахын ямар хүний хүүхэд вэ? Манайх дээр үед хүүгээ алдсан юм. Нэг л жигтэйхэн совин татаад байна. Зөнөг эмгэн намайг өршөөгөөрэй, хүү минь гэхэд мань эр:
Би Түшээт хан аймгийнх. Аав, ээж хоёр минь тантай адилхан хоёр буурай бий дээ гэжээ. Эмгэн цааш ярихдаа төрөөд хэдхэн хонож байтал хүүг нь хэн нэг нь аваад явчихсан байжээ. Гэтэл саахалтынх нь ганц бие эмэгтэй төрөхөөс болж нас барсан учраас хүүг нь үрчилж авсанаа хэлжээ. 

 

Тэгээд ч бид хоёрт дахин үр заяагаагүй боловч Олдох хүү минь олдсон юм даа. Урд гэр тэднийх. Өөрөө хошуу ноёны зараалаар Хүрээ яваад эзгүй л байна гэж хэлжээ. Ийнхүү өвгөн, эмгэн хоёртой шөнөжин хөөрөлдөж хоноод өглөө нь морджээ. Тэр явахдаа,
Хоёр буурай минь, та хоёртоо баярлалаа гээд 50 лангийн мөнгөн ембүү хоёрыг барихад цааргалж байсан авч эмгэн яагаад ч юм,

 

Үүнийг хүү маань өгч байна гэсэн битүүхэн үг хэлээд авчээ. Жилийн дараа түүний тархинд өвгөн, эмгэн хоёр өөд болох гэж буй нь мэдрэгдэхэд дахиад л морджээ. Сар шахам болоод очиход өвгөн, эмгэн хоёр хэвтэрт орчихсон байв. Өөрийн нь оронд олдсон хүү нь болох Олдох ч гэртээ ирсэн байв. Нагваралыг хараад өвгөн, эмгэн хоёр бие нь илт сайжирч босчээ. Маргааш нь энэ хоёр буурал цугтаа нас нөгчинө гэдгийг Нагварал сайн мэдэж байлаа. Тиймээс Олдохыг ховсдон гэрт нь оруулж дөнгөв. Тэрбээр тэнгэрийн цаазыг зөрчихөөр нэгэнт шийджээ. Өөр лүү нь нүдээ бүлтгийлэн харах өвгөн, эмгэн хоёрыг өрөвдөхдөө,
 
Би танай хүү шүү дээ гээд хэлчихжээ. Өвгөн, эмгэн хоёр ч мэдээж орилолдоод босоод ирэлгүй яахав. Ингээд л бөөн уйлаан майлаан. Өвгөн, эмгэн хоёр дэргэдэх айлынхаа хүмүүст энэ тухай хэлэх гэсэн авч Нагваралын ховсонд ороод тэрүүхэндээ баярлалдаад гаднаас хүн дуудсангүй. Нагварал эцэг, эх хоёроо үхүүлэхгүйг хүссэн авч тэнгэрээс Аранга,
 
Цагийн хүрдийг өөрчилж болохгүй гэж ширүүхэн хэлэх нь өөрт нь мэдрэгджээ. Тэр гурав шөнөжин ярьсаар өглөө болгожээ. Өглөө нь Олдохыг орж ирэхэд эцэг, эх хоёр нь маш баяртай нүдэнд нь нулимс цийлгэнэчихсэн байжээ. Болсон явдлыг Олдох хүүдээ яагаад хэлж чадахгүй байгаагаа ойлгохгүй байгаа хоёр хөгшин их л өрөвдөлтэй харагдаж байлаа. Ингээд инээмсэглэсээр амьсгал хураасан аж.

 

...Харин нийтлэлийн эхэнд гарсан хоёр хүүхдийн амийг аварч жам ёсыг өөрчилснөөр түүний үхэл ирсэн гэнэ. Тиймээс богино хугацаанд Дорлигт ид шидээ ховсдон үлдээхээр шийджээ. Тэгээд “Би чамайг гэхдээ туршина” гэж хэлжээ. Энэ үед Дорлиг халуун цай оочиж сууж байжээ.

 

...Дорлиг ид шидийг Нагваралаас өвлөн авчээ. Тэр ямар ч тохиолдолд ид шидээ ашиглахгүй гэсэн амандаа хүрээд жил орчим болж байлаа. Нэгэн өдөр Хүрээ орох гэж яваад айлд буутал 18 насны орчим үнэхээрийн сэтгэл алдрам охинтой байжээ. Бүсгүй Хүрээ орох ажилтай байснаа хэлж ханьсахаар шийдсэнээ хэлэв. Зам зуурт бүсгүйн уянгалаг ааль ааш түүний сэтгэлийг үнэхээр татаж, мань эр ухаан жолоогоо алдаж орхижээ. Хүүхэн зам зууртаа аав, ээж хоёр нь өөрийг нь сэтгэлгүй хархүүд өгөх гээд байгааг хэлж нулимс дусган зовлон бэрхшээл ярьж явлаа. Дорлигт ер бусын ид шидээ ашиглан бүсгүйг өөрийн болгомоор санагдсан авч Нагварал өвгөний чандлан сахиулсан захиасыг санаад биеэ тайвшруулжээ. Хүрээ ороод буцахдаа бүсгүй гэнэтхэн морьноосоо бууж, 
 
Би сэтгэлгүй хүнд онгон очмооргүй байна. Чи намайг хүүхэн болгооч гээд хувцсаа тайлан хэвтэхэд нь мань эр үнэндээ тэсч чадсангүй. Ингээд л “далиу” Дорлиг үлгэрийн юм шиг сайхан бүсгүйг эдлэж гарав. Энэ хооронд эмэгтэй, 
 Чи намайг нэг тийшээ аваад зугтаач гэж уйлан хайлан өгүүлж байлаа. Энэ үеэр гэнэтхэн морьтой хүмүүс дайран ирж тэр хоёрыг барьж аван занчиж эхэлжээ.

 

Намайг авраарай! гэж уйлан хайлах бүсгүйг хараад Дорлиг тэсгэлгүй ид шидээ хэрэглэхээр гар сунгалаа. Гэтэл гар дээрээс нь хэн нэгэн барьж аваад,
Чи ийм л найдваргүй байна гэж хэлэхэд нь Нагваралын гэрт сууж байгаагаа санажээ. Саяны болсон явдал хуурамч зүйл байжээ. Тэр ч бүү хэл гэрт нь байсан цай нь халуунаараа байх нь тэр. Нагварал түүнийг туршсан нь тодорхой болов.
Бүтэн жилийг ийм хурдан хугацаанд хэрхэн туулсанаа гайхан маанагтаж байхад нь Нагварал,
 
Би чамайг ховсдож туршсан юм. Чи бол их үйлийг бүтээх оныг надтай адил хүлээж тэвчиж чадахгүй нь .Миний ямааг ав. Нууцыг хадгал. Гэрийг шатаа гэсэн гуравхан үг хэлээд амьсгал хураажээ. Болсон явдал гэвэл энэ. Хэрэв энэ хоёр хүний хэн нэг нь уг цаазыг зөрчихгүй байсан бол Монгол улсад ямархуу үйлс бүтээх ид шидтэн байсан нь өдгөө нууц хэвээр үлджээ. 

 

Магадгүй, өнөөдөр ч гэсэн хэн нэг нь ийм ид шид өвлөж авчихаад боломжтой цагийг хүлээж суухыг үгүйсгэх аргагүй.


Эх сурвалж www.wikimon.mn - See more at: http://www.wikimon.mn/content/74990.shtml#sthash.16lBcXCD.dpuf