Өнөөдөр би 13 саяын брэндийн цүнхээрээ гангарнаа. Та нар намайг ямар онгироо юм гэж бодож байна уу?! Тиймээ би онгирно. Харахад өнгө зүс муутай энэмуу цагаан торондоо би бүхэл бүтэн амьдралаа үүрч явдаг байлаа. Амьдралаа бас өөрийгөө өөд нь татах санаатай гадны орныг зориход надад банкнаас зээл хийж хилийн дээс алхахаас өөр боломж байгаагүй л дээ. 13 сая төгрөгийн банкны зээл тавиад ирсэн надад өрөө дарж, ирэх жилийн сургалтын төлбөр болох 10 гаруй сая төгрөгийг олох хариуцлага ноогдов. Хэл усгүй өртэй ирсэн намайг бага цалинтай хар ажил, байрны түрээсээ ч өгч чадахгүй бэрх амьдрал хүлээж байв. Өдөржин шөнөжин ажиллаж сөхөрч унах дөхсөн би багшийнхаа хэлэхийг ойлгох нь байтугай партаа дэрлээд нам унтана. Тэгээд л надад байгаа ганцхан цүнх болох энэ торондоо хоол унд, ажлын хувцас, хичээл номоо бүгдийг багтаачихаад л 1000-хан иэний тарж унах шахсан дугуйгаараа салхи татуулан давхих нь өдөржингөө үйлдвэрийн халуун ууранд зогсоогоороо ажилласан ядаргааг минь тайлах шиг л болдог байж билээ. Тэгэж л цүнх бид хоёр тэр их өрний ард гарч чадсан юм даа. Хүн хэцүүд няцахгүй, зорилготоо үнэнч, бодолдоо тууштай зүтгэвэл ямарч зүйлийг өөрийнхөө хүчээр босгодог юм. Энэ чинь л та бидний амжилт. Хүн болж төрсөний бахархал шүү дээ!

Баатарын Энхчимэг