Хөвсгөл аймгийн баруун хязгаарт орших Цэцэрлэг сумын Төрийн өмчит “Могойн гол”-ын уурхай Хөвсгөл, Завхан аймгийн ард түмнийг 1970-аад оноос  илч дулаанаар хангасаар ирсэн коксжсон нүүрсний арвин их ордтой газар билээ.

Үе үеийн улстөрчид, уул уурхайнхны овоо хараанд байнга өртөж байдаг тус стратегийн орд газруудад давхардуулан лиценз олгох, жижиглэн хуваах зэрэг луйврын жишгээр  энэхүү  нүүрсний орд газраас хууль бусаар хулгайлан авсан нь өдгөөгийн Овоотын ордыг эзэмшиж буй гэж мэдэгдээд байгаа “Аспайр майнинг”. Хууль бусаар авсан орд газрын нүүрсийг зөөх нэрийдлээр төмөр зам тавихаар санаархаж байгаа бөгөөд  энэ нь хоймор нутаг цөлжих аюул дагуулж байгааг өмнөх нийтлэлдээ баримтаар дэлгэн цувралаар хүргэж байгаа билээ

. “Аспайр майнинг”-ийн охин компани болох “Хургатай хайрхан”-ы хууль бусаар эзэмшиж байгаа лиценз бүхий тус бүс нутагт Хөвсгөл аймгийн хүн амын 30 хүртэлх хувь нь амьдардаг. Мөн бэлчээрийн мал аж ахуйн 30-40 хувь нь энэ нутагт амьдардаг. Хангайн усны нөөцийн гол ай сав газар, усны эх ундарга бий. Тиймээс уул уурхайн ашиглалт, олборлолт хийгээд төмөр зам барих нь байгаль орчинд ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг судлан тогтоож гаргах нь маш чухал. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ өдий хүртэл гараагүй байгаагийн цаана угаасаа байгаль орчинд ээлгүй хор хөнөөлтэй учраас үнэлгээ хийлгэх сонирхолгүй байна гэж хардаж болохоор байгаа юм. Учир нь газрын хэвлийгээрээ Хангай бүс нутгийн гүний болон гадаргын  усны нөөцөөр говийн  бүсийн гүний ус тэжээгдэж байдгийг мэргэжлийнхэн хэлдэг. Өнөөдөр говьд уул уурхайн ашиглалтаас болж ан амьтан усгүйдэж харангадаж үхэж байгаатай ижил зүйл ирээдүйд хангайд болох эхлэл эндээс үүдэлтэй гарч болох магадлал маш өндөр.

 

ХӨВСГӨЛИЙН МАН-ЫН ЭРХ БАРИГЧИД  НУТГАА ХАМТАРЧ ДЭЭРЭМДСЭН ҮҮ

Хөвсгөл аймаг 2013 оны гуравдугаар сард ИТХ-ын шийдвэрээр газар нутгаа  хэвтээ тэнхлэгээр хоёр хувааж 50 дугаар өргөрөгөөс хойшхи газар нутгаа орон нутгийнхаа  тусгай хамгаалалтад авч тус бүс нутагт уул уурхай ашигт малтмалын чиглэлээр нэг ч хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй. Уг бүсийг аялал жуулчлал газар тариалангийн чиглэлээр хөгжүүлэхээр, харин  50 дугаар өргөрөгөөс урьдах хэсгийг мал аж ахуй, газар тариалангийн чиглэлээр хөгжүүлэхээр болж шийдвэрлэсэн билээ. Гэвч өнөөдөр 50 дугаар өргөрөгийн урд хэсгийн бүс нутагт хамаарах  Цэцэрлэг суманд 1970 оноос хойш ажиллаж  буй төрийн өмчит Могойн голын уурхайн талбайг Австралийн хөрөнгө оруулалттай  “Аспайр Майнинг” компанитай хуйвалдаж  “Овоот” хэмээх нэрээр сольж талбайг нь давхцуулан хууль бусаар төрийн өмчийг булаан авсан явдал аль 2012 оноос эхтэй. Энэ нь сүүлийн есөн жил Хөвсгөл аймгийг эрх барьж байгаа МАН-ынханы шийдвэр. Энэ хугацаанд аймгийн Засгийн эрхийг барьж байсан Засаг дарга, ИТХ-ийн дарга, Засаг даргын орлогч нар үүнд хамаатай. Тэд өөрсдөө болон  өөрийн төлөөний хүмүүсээ Могойн голын ТУЗ-д оруулсан байдаг. Энэ бүх шийдвэрт тэд урдаас бэлдсэн хариултыг өгдөг. Яагаад төрийн өмчийн эзэмшлийн стратегийн орд газрыг хувийн компанид хэсэгчлэн  өгсөн бэ гэсэн асуултад “Тэр үед манай Могойн голын уурхайн удирдлагууд тусгай зөвшөөрлийг хугацаанд нь сунгуулаагүй байсан ” гэж хариулдаг. Лизензийн хугацааг сунгах байдалд ТУЗ хяналт тавих үүрэгтэй. Харин тэд үүргээ умартах шалтгаан байсан бололтой. Гэтэл тэр үеийн удирдлагууд, ахмад геологичид үүнийг эсэргүүцэж тухайн үед УИХ-д гишүүнээр сонгогдож байсан Ц.Сэдванчигт хандаж захидал бичиж байсан түүхтэй, баримттай.  Одоогийн үүсээд байгаа нөхцөл байдлаас эргээд харахад дээр гаргасан 50 дугаар өргөрөгтэй холбоотой шийдвэр МАН-ынханы нэлээн дээрээс нутгаа харийнхантай хамтарч дээрэмдэх гэсэн  төлөвлөгөө байжээ гэсэн хардлагыг төрүүлж байна. Тэгвэл өнөөдөр Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ Дэлгэрмөрөн зэрэг томоохон голуудын усны болоод нүүрсийн  ай сав газрыг  доогуур нь ухаж, дээгүүр нь төмөр зам тавьж байгаль экологид асар их хор нөлөө үзүүлж Хөвсгөл, Увс зэрэг байгалийн гүн цэнхэр нуурууд ширгэж улмаар Монгол Улс гүний болон гадаргуун усны нөөцийн хомсдолд орох аюулын ирмэгт ирсэн шийдвэрийн өмнө бид хүчин мөхөстөж байна. Энэ нь Эрдэнэт-Овоотын 547 км төмөр замыг концесийн гэрээгээр барьж 30 жил ашиглахаар болсон  шийдвэр юм. “Овоот”-ын эзэмшлийн гэх тус орд 188 сая тонн нүүрсний нөөцтэй. Үүнийг есөн жилд ухаж тээвэрлэнэ гэсэн төлөвлөгөөг төмөр зам барих шийдвэр танилцуулах үеэр гүйцэтгэгч компанийхан хэлсэн. Тэгвэл үлдсэн 21 жилд юу зөөх вэ гэдэг нь бас л асуудал дагуулсаар байна. Одоохондоо Хөвсгөлийн зон олон, иргэний нийгмийн байгууллагуудын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч шүүх шатны байгууллагын эргэж буцсан шийдвэрийн ард нуугдаж буй Бүрэнхааны фосфоритын ордыг ашиглах далд санаатнуудын сонирхол энд нэгдэж сэргэх магадлал байгаа ч үгүйсгэхгүй.

ГОВИЙН УСГҮЙДЭЛ ХАНГАЙ РУУ ЧИГЛЭЖЭЭ

Цахим хуудаснаас  “Энэ хулан хүнээс ус горьдож зам дээр иржээ хөөрхий” гэсэн энэхүү мэдээллийг хараад хэн хүний зүрх шимширч буй бизээ. Уг нь хулан гадаргад ойрхон усыг гайхалтай мэдэрдэг амьтан. Уст газрыг олоод хөлөөрөө цавчилж, газар доорх усыг гадарга дээр гаргаж өгдөг бөгөөд тэр уснаас ойр орчмын айлуудын  малаас гадна зээр, хар сүүлт, шувуу зэрэг амьтад бүгд ундаалдаг. Гэвч говь усгүй болж, “ундаалагч” хулан хүнээс ус горьдож зам дээр зогсох болжээ. Монголын үзэсгэлэнт онгон сайхан байгальд эрх дураараа тонгочин давхилдаж жилийн дөрвөн улиралд нутаг сэлгэн ус, нуурандаа шумбаж, бардам нүүдэллэж явдаг  хулан, зээр, хун шувууд сүүлийн үед говь нутагт усгүйдэж хатаж цангадгийн даваан дээр хүн бараадан амь гуйж  буй мэт дээрхи байдал өдөр болгон өмнийн говьд  болж, энэ тухай цахим ертөнцөд нэг биш нэлээд олон баримтаар харагдах боллоо.Монголтой хил залгаа Хятадын Зүүн үзэмчин хилийн боомтоор ус хайсан зээр их орж иржээ. Долдугаар сарын 1-ний хил орчмын аюулгүй байдлын шалгалтаар энэ жил цаг агаар эрс халуун байгаатай холбоотой талын зээр Зүүн үзэмжин хошууны Саймас сумаас Гайхал сум хүртэлх 120 км зайд ихээхэн үзэгдэх болсон байна. Мэргэжлийн хүмүүсийн хэлж байгаагаар ойролцоогоор 10000 орчим зээрийн сүрэг байгаа бололтой. Эдгээр талын зээр нь ус хайн Хятад Монголын хилийн төмөр хашаанд хавчуулагдан үрэгдэж байгаа аж. Хятадын хил хамгаалах албаныхан 100 орчим зээрийг торноос салгасан байна. Зарим харангадсан хавчуулагдсан зээрийг Хил хамгаалах албаныхан услан аврах үйл ажиллагаа явуулж байна. Хэрэв цаг агаар энэ хэвээр халуун байх юм бол Монголд зээрийн хорогдол нэмэгдэх шинжтэй. Мөн энэ оны зургадугаар сарын 29-нд  Дорнод аймгийн  Матад сум газрын тосны 21дүгээр талбайд “Д Их Гэгээ” компанийн хамт олон, зээрийн сүрэг усгүй харангадаж үхэж байгаад харамсаж хоорондоо 10 км зайтай усан сан байгуулжээ. Усан санг гурав хоногт нэг удаа дүүргэж байхаар болсон байна. Хэдийгээр уул уурхайн компаниуд хиймэл нуур үүсгэн тэдгээр амьтадын цангааг нь тайлж тамир тэнхээ оруулж их буян үйлдэж буй ч чаньдмань эрдэнэ болсон усны нөөц  говь нутагт ийнхүү дундарч гол, мөрөн хатаж ширгэж байгаа нь том эмгэнэл юм. Энэ эмэгнэл уул уурхайн компаниуд говь нутаг руу шунан дайрч газар нутгийг онгочин гүний болон гадаргын усыг хайр найргүй замбараагүй хэрэглэснээс болсон нь тодорхой.

Нөгөө талаар газар тариалан, мал аж ахуйг  хөгжүүлнэ гэвэл гадаргын усныхаа 10-20 хувийг авч үлдэх хэрэгтэй. Дандаа үүл буудаж, овоо тахиж, бороо хүсч ногоо тарина гэж байж болохгүй тухай эрдэмтэд хэлж байна. Монгол орны гол мөрний нөөц 34.6 км куб. Үүний 60 гаруй хувь буюу 20.76 км куб ус ОХУ, БНХАУ-ын нутаг руу урсан гардаг. 2025 он гэхэд говьд усны хомсдол үүсч, 2030 он гэхэд хэрэглээ нөөцөөсөө хэтэрнэ гэсэн эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад ундны усгүй болох аюул даруй найман жилээр наашилж байна.

Үргэлжлэл бий...

 

 Түрүүч нь http://www.polit.mn/content/read/145039.htm

Ц.БАЯР