Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр МАНАН-г байнга шүүмжилдэг хүмүүсийн нэг. Энэ бол Ардчилсан нам, Монгол ардын нам гаднаас нь харахад өөр өөрийн чиг, бодлого хөтөлбөртэй юм шиг боловч ачир дээрээ хоорондоо сүлэлдэн нэгдэж нэг нам болсон тухай шүүмж юм.

Экс Ерөнхийлөгч маань өөрийнхөө намыг “Шинэ нам” гэж хэлдгийн цаад учир нь бид төр засгийг тэр чинээгээрээ сайн барина гэсэн давхар санаа агуулж байгаа хэрэг. МАХН-ын зүтгэлтнүүдийг харахад түүний хэлсэн шиг улстөрд шинээр орж ирж буй цэвэр хүмүүс биш юм. Ц.Шаравдорж, Ж.Сүхбаатар болон хоёр намын хооронд жороолж байдаг Ч.Улаан, Д.Тэрбишдагва гээд харахад өнөө л МАНАН-гийн хүмүүс. Үүнээс улбаалаад Монголын улстөрийн намууд болон тэдгээрийн голлох зүтгэлтнүүдийг ч харах хэрэгтэй болно.

1989 оноос хойш буюу сүүлийн 30 шахам жил Монголын улстөрд цөөн хэдхэн хүн л ээлжлэн тодорч, төрийн хамгийн том албан тушаалуудыг ээлжлэн хашиж байна. Барагцаагаар 250-300 хүн л энэ тойрогт эргэлдэн ээлжлэн хамгийн том гэж хэлж болох бүхий л албан тушаалд сууж байгаа. Тиймдээ ч Монголын баялгийг 200 гаруй айл л цөлмөж, баяжиж байгаа тухай шүүмжлэл гарах болсон биз ээ. Манай улстөрчид мэдээлэлд хамгийн ойр байдаг давуу талаа ашиглан бизнес хийдэг. Тэдний бизнесийг цэвэр гэж хэлэхэд хэцүү бөгөөд ард түмэн тэднийг төрөөс төрсөн тэрбумтанууд хэмээн нэрлэдэг. Тендер авах, ажилд зуучлах, хуулинд өөрчлөлт оруулах гэх мэт түмэн зүйлийн аргаар төрсөн тэрбумтанууд Монголд олон. Мөн бизнесмэнүүд өөрийн олсон жаахан хөрөнгөө хамгаалах, улам арвижуулан өсгөхийн тулд хүссэн хүсээгүй улстөрд ордог. Ийм сүлжээ дамжлагаар бизнесмэнүүд улстөрд орж, улстөрчид бизнес хийдэг бөгөөд хэн хэнээсээ харилцан хамаарал, уялдаатай болдог. Энэ бол Монголын улстөрийн нэг гажиг онцлог гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, аль ч намын гишүүн нөгөө намынхантайгаа бизнесийн холбоотой байдаг гэсэн үг. Мөнгөтэй хөрөнгөтэй ийм нэгэн бүлэглэл хоёр гурав хуваагдан нам болж, Монголын улстөрд гарч, төр удирдаж байгаа бөгөөд одоо тэдний үр хүүхэд удам дамжин улстөрд орж ирж байна. Үе залгамжилсан хунтайжууд гэдэг шиг улстөрч аавынхаа араас хүүхдүүд нь гарч ирлээ.

“Энэ л арай дээр юм хийчих болов уу” гэж хоёр намд итгэж ээлжлэн сонгосоор 30 жил өнгөрчээ. Байдал дээрдэх биш улам л муудсаар. Сонгогчдын итгэл ч багассаар байна. Тиймээс сүүлийн жилүүдэд улстөрийн нам шиг хэрэггүй зүйл алга гэсэн ойлголт, итгэл үнэмшилтэй хүмүүс олширсоор байгааг олон зүйлээс харж болно. Ер нь намын нэр хүнд урд байгаагүйгээр ард түмний дунд унасныг судалгааны байгууллагын үзүүлэлүүлтүүд хэлээд өгнө. 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө Философийн хүрээлэнгийн судлаачдын багаас зохион байгуулсан “УИХ-ын сонгууль ба сонгогчид” социологийн судалгааны дүнгээс үзэхэд улс төрийн намд хандах иргэдийн хандлага бүхэлдээ тааруухан гарчээ. Намд итгэхээ больсон, ямар нэг намыг дэмждэггүй, дэмжихгүй гэж байгаа нь хотод 53,3 хувь, хөдөөд 33,4 хувь байв.

Нам шиг хэрэггүй зүйл алга хэмээн итгэгсэд нийгмийн аль ч давхаргынхан дунд нэмэгдсээр байгаа ч улстөрийн шинжлэх ухаанд намгүйгээр төр барих боломж одоохондоо алга. Арга ядаад Ерөнхийлөгчийн засаглалтай болъё гэхэд ямар ч дарангуйлагчийг намаар дамжуулан гаргаж ирэх ёстой. Тиймээс хүмүүс шинэ нам байгуулж, шинэ хүмүүсийг улстөрд гаргах ёстой хэмээн үзэж байна. Энэ бол ердөө горьдлого төдий зүйл бөгөөд шинэ нам байгуулахад өнөө л МАНАН-гийн гар хөл, 300 гэр бүлийн үр хүүхдүүд нь гарч ирэх нь тодорхой, Намыг огт үгүйсгээд баахан бие даагчид гаргалаа гэхэд хэнийх нь мөрийн хөтөлбөрөөр явах, тэд нэгдэж нэг чигтээ явж чадах эсэх гээд боломжгүй зүйлс дэндүү их.

Монголчууд тэвчээртэй ард түмэн гэж сүүлийн үед маш их бичиж ярьж байна. Өөрсдийг нь яаж ч дээрэлхэж, доромжилж байсан хүлцэн тэвчсээр байгаад өдий хүргэлээ хэмээн бие биесээ шүүмжилж байна. Арга ч үгүй юм, энэ ч юм хийчих болов уу, тэр нь гайгүй юм уу гэж сонгосоор чилийсэн 30 жил нүдээ цөхөртөл хүлээжээ, хөөрхийс.

Одоо яах билээ. Улстөрийн дахин хуваарилалт хийх боломжтой юу. Олон хүний бодож байгаачлан намуудыг тарааж, бүгдийг нэг ижил гараанаас эхлэх, өмнөх нэрүүдийг ашиглуулахгүй байх, намын өмч хөрөнгийг ч хурааж дахин хуваах уу. Ингэх боломж маш бага. Гэхдээ нам дамжсан, нэг ашиг сонирхолтой бүлэглэлүүд нэгдэж нэг нам байгуулаад тус тусдаа гарах нь хаана хаанаа туйлын хэрэгтэйсэн. Манайд аль ч нам сонгуульд ялсан тал алдахгүйгээр, засагт ороод дажгүй яваад байдаг том компаниуд байдаг. Ерөнхий захирал нь МАН, гүйцэтгэх захирал нь АН, ерөнхий нягтлан нь МАХН-ын гэх мэт бодлогоор гишүүн болдог. Яг үүнтэй адил жишээ хөдөөгийн жижиг суманд тод харагддаг. Сумын нэг өрхийн аав нь АН-ын гишүүн бол ээж нь МАН, хүүхэд нь МАХН-ын гишүүн байх жишээтэй. Энэ гурван намын аль нь ч ялсан эдний гэр бүлийн нэг гишүүн сумын удирдах ажил хийх боломж нээлттэй гэсэн үг. Дэлхийн олон сая хүн амтай улс оронд яв цав таардаг сонгодог зарчимууд байдаг. Ардчилал, хүний эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх гэх мэт энэ зүйлс хүний амьдралд зайлшгүй хэрэгтэй. Гэхдээ манайх шиг цөөн хүн амтай улсад арай жаахан өөрчилж буулгахгүй бол нэг нь нөгөөгөө хуурсан, арга ядсан заль болж хувираад болохгүй нь. Аль ч нам сонгуульд ялсан даргаас буудаггүй гэр бүл, компаниуд байх юм. Үүнээс л үүдэн толгой баян 200 гэр бүлийн тухай яриа гарч байна. Хэрэв намууд гишүүн элсүүлэхдээ аав, ээж, ах дүүгийн нь намын харъяаллыг сонирхож , хэм хэмжээ тогтоож эхэлбэл ийм байдал арилна.

Мөн намын мөрийн хөтөлбөрийг ч өөрчлөх хэрэгтэй. Сонгууль болохоор боть ботиор зузаан зузаан мөрийн хөтөлбөрүүд гаргаад ирдэг. Хаана нь юу гээд бичсэнийг олж уншихыг аргагүй. Түүний оронд тодорхой дөрөв таван зүйл амлаад түүнийгээ биелүүлдэг болох хэрэгтэй. Хотын түгжрэлийг алга болгохын тулд дагуул хот байгуулна. Нефтийн үйлдвэр барина гэх мэтээр тодорхой ажил амла. Бусдаар нийгмийн халамж, цалин тэтгэвэрийг нэмнэ, сургууль цэцэрлэгийг олон болгоно гэдэг бол төрийн хийх үндсэн ажлын нэг хэсэг нь. Түүнийг хийсэн болж мөрийн хөтөлбөртөө оруулах хэрэггүй. Иймэрхүү зүйлийг л ард түмэн хүсч байна. Түүнээс биш улаан цэнхэр, баруун зүүнээрээ холилдсон одоогийн нам нэртэй бүлэглэлүүдээс залхжээ. Үүнийг улстөрчид, судлаачид, эрдэмтэн мэргэд бүгд хэлж сануулж байна. Улстөр судлаач Д.Баасансүрэн “Олигархжсан улстөрийн намаас намгүй нийгэмд шилжиж цаг бидний төсөөлж байснаас ойрхон ч байж мэднэ” хэмээн дүгнэжээ.

Тэрбээр “манай намуудад язгуур үндсээр нь шинэчлэлт зайлшгүй шаардлагатай. “Монголын намууд үйл ажиллагааны хөтөлбөр, хөтөлбөрөөс үүдсэн бодлого, бодлогоос үүдсэн шийдвэр, шийдвэрээс үүдсэн байр сууриа нэн тодорхой болгож, түүнийгээ цаг тухайд нь прагматик агуулгаар ягштал хэрэгжүүлж чадаж байж гэмээн томоохон суурь шинэчлэлийг хийж чадах юм. Улстөрийн намууд бүтэц, зохион байгуулалт, намын ажлын арга барил,үйл ажиллагаагаа шинэчилж байж олон нийтийн алдагдсан итгэлийг олж авна. Олон түмний намаас татгалзаж, хатуу гишүүнчлэлгүй баруун Европын улс орнуудын намыг илүүд үзэх болсон орчин цагийн чиг хандлагад нийцэх шаардлагатай” хэмээжээ.

Судлаачийн өгүүлж буйгаар “нийгмийн тодорхой бүлэг, давхрагын эрх ашгийг илэрхийлэн хамгаалах улс төрийн намуудын үүрэг манайд төдийгүй дэлхий дахинд багасах бодит хандлага ажиглагдаж байна. Нийгмийн янз бүрийн бүлэг давхаргын ашиг сонирхлыг илэрхийлэгч иргэний нийгмийн байгууллагууд улс төрийн намуудын уламжлалт үүргүүдийн орлон гүйцэтгэх болсон нь шинэ зууны шинэ хандлага болж байна. Хүний эрхийг хамгаалдаг байгууллага, байгаль орчныг хамгаалахын төлөөх экологийн байгууллага, цахим ертөнц дэх олон төрлийн бүлэг, групп зэргийн нийгмийн харилцаан дахь идэвхт оролцоо улам өсөн нэмэгдэж байгаа нь улс төрийн намуудыг улс төрийн амьдралаас шахан түрэн гаргах үйл явц улам өсөн нэмэгдэх төлөв хандлагатай болж буйг нотолж байгаа хэрэг юм”.

Нээрэн ч хоёр хоногийн өмнө фэйсбүүк дэх Утааны эсрэг ээж, аавуудын группээс эрх баригчдад хандан хэвтээ жагсаал зохион байгууллаа. Хуучин бол аль нэг нам, эвслээс л ийм жагсаал цуглааныг зохион байгуулдаг байсан бол одоо эрхийнхээ төлөө эвлэлдэн нэгдэх хэн ч бай улстөрийн намуудыг царайчлахгүйгээр ажиллаад эхэлжээ. Үүнийг жам ёсны үзэгдэл гэж судлаачид дүгнэж байна.

О.ТУЯА

ЭХ СУРВАЛЖ: DNN.MN