Бид өнөөдөр ардчилсан гэдэг тодотголтой Үндсэн хуулиа баталсны 22 жилийн ойг тэмдэглэнэ. Саяхан “Үндсэн хууль бол иргэддээ үндсэн эрх, эрх чөлөөг нь эдлүүлэхийн хамт ард түмэн төрийнхөө  эрхийг хазаарлах дээд хяналт юм” гэдэг тодорхойлолтыг нэгэн сониноос уншлаа. Ард түмэн төрийнхээ эрхийг Үндсэн хуулиар хазаарлана гэдгийг нь “Төр ямар ч тохиолдолд Үндсэн хуулиа зөрчиж болохгүй” хэмээн маш энгийнээр тайлбарлаж болно. Харин одоо бол төр Үндсэн хуулиа зөрчөөд байна уу гэдгээс илүүтэйгээр Үндсэн хууль нь төр болоод төрийн эрх барьж байгаа нам, эвсэл, хувь хүний эрхийг зөрчөөд байна уу даа гэдэг гаргалгаа хийхэд хамгийн амархан болсон бололтой. Дээрээс нь бид шинэ Үндсэн хуулийн 22 жилийн ойг угтан “Үндсэн хууль зөрчсөн” гэдэг мэдээ мэдээлэл хэд хэдийг бичиж амжив.

Гэхдээ ой угтаж бичсэн биш цаг үе нь ингэж таарсан, “Үндсэн хууль зөрчсөн” гэдэг мэдээлэл сар бүр, долоо хоног тутамд биш, бараг өдөр бүр гарч байгааг үүгээр тайлбарлаж болно. УИХ-аас баталж гаргасан хууль нь ч Үндсэн хуулийн Цэц дээр очоод “эцэг хуулиа зөрчсөн” гээд буцаагддаг болжээ. Хамгийн сүүлд Үндсэн хуулийн Цэц Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн хуулийг хэлэлцлээ. Энэ хуулийн төслийн асуудал үүсгэсэн заалт нь шүүхэд оролцоо муутай байдаг иргэдийн төлөөлөгчийн оролцоог шүүх хурлын үеэр  шүүгчтэй адил байхаар зохицуулж өгөх гол зорилготой байж. Гэсэн ч Цэцийн гишүүдийн хувьд “Иргэнд таслах эрх олгож байгаа нь Үндсэн хууль зөрчсөн” гэж үзсэн. Тодруулбал, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн, ер нь хэн ч бай шүүн таслах үйл ажиллагаанд оролцохгүй гэсэн заалттай юм байна. Ийм заалт байгаа учраас мөрдөхөөс өөр аргагүй.  Гэтэл Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Иргэд шүүхийн шийдвэр гаргахад оролцох эрхийг  Үндсэн хуулийн 52 дугаар зүйлийн 2-т зааж өгсөн байна” гэж хэлээд толгой эргүүлчих жишээтэй. Хуулийн 52-ийн хоёр дахь заалтад “Монгол Улсын бүх шатны шүүх хэрэг маргааныг хамтын зарчмаар шийдвэрлэнэ” гэж заасан. Харин тэр хамт гэдэгт нь Үндсэн хуулийн Цэц шат шатны шүүхийн шүүгчдийг оруулаад, Хууль зүйн сайд нь иргэд болоод шүүхийн шүүгчийг оруулж тооцоод ийм маргаан гарах үндэс бүрдчихсэн юм байна. За тэгээд энэ асуудал “Үгүй би минийх зөв. Чи хуулиа буруу ойлгож” гэдэг байдлаар үргэлжилсээр хуулийн заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэр гарсан юм. Маргаан буруу, зөв гэсээр одоо ч үргэлжилж байгаа.

Үндсэн хууль зөрчсөн гэх тохиолдол ингээд дуусахгүй. Өнгөрсөн сард Цэц Захиргааны хариуцлагын тухай хуулийн холбогдох заалтууд Үндсэн хууль зөрчсөн гэх маргааныг хэлэлцэж дүгнэлт гаргасан. Уг хуульд сумын Засаг дарга баривчлах шийтгэл ногдуулж болохыг заасан нь Үндсэн хууль зөрчсөн аж. Түүнчлэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гээд буцаагдчихсан гээд олон жишээ дурьдаж болно. Уг хуулийн тухайд маргаан нь одоо ч эцэслэгдээгүй. Энэ сарын 15-нд буюу нөгөөдөр Цэц дахин эл асуудлыг хэлэлцэх юм.

Хамгийн сонирхолтой нь УИХ-аас баталсан хууль Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг Цэцийн гишүүд энэ мэтээр гаргадаг. Эргээд УИХ нь Цэц буруу шийдвэр гаргасан байна гээд хүлээж авдаггүй тийм л дүр зурагтай шинэ Үндсэн хууль батлагдсан 22 жилийн ойг угтаж байна. “Үндсэн хууль зөрчсөн”, “УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээж авсангүй” гээд google-дээд үзвэл дээр дурьдсан гурван хуулийн төслөөс гадна хэдэн арван хуулийн төсөл ийм замаар маргаан дагуулсан гэдгийг харж болох юм.

УИХ-ын гишүүд, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчтэй холбоотой Үндсэн хуулиа зөрчсөн гэх маргаан, шаардлага дээрхээс хавьгүй олон. Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэж буй энэ өдрүүдэд ийм нэр зүүсэн хүний нэг нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг. Өнгөрсөн долоо хоногт Ардын намын залуучууд түүнийг төрийн албанд түр орлон гүйцэтгэгчийг томилж Үндсэн хуулиа нэг зөрчсөн. Зарим аймагт төрийн алба хашиж байгаагүй хүний Засаг даргаар томилж хоёр дахин зөрчсөн. Гэх мэтээр таван удаа Үндсэн хууль зөрчсөн гэж буруутгасан юм. Үндсэн хуулийн 22 жилийн ойг бид ийм бэлэгтэй угтаж байна.

ТОЙМЧ Т.УРАНГЭРЭЛ