УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн ажилтан Ж.Нэргүй 24 жилийн өмнө Улсын Бага Хурал, Ардын Их Хурлын хэвлэл мэдээллийн төлөөлөгчөөр ажиллаж байв. Тийм болохоор тэрбээр шинэ Үндсэн хуулийн төслийг Улсын Бага Хурал дараа нь Ардын Их Хурлын хуралдаанаар хэлэлцсэн бүхий л үйл явцыг сайн мэдэх хүний нэг бөгөөд Үндсэн хуулийн төслийг хэлэлцэж баталсан АИХ-ын хоёрдугаар хуралдааны ажиллагааг мэдээлэх үүрэгтэй Хэвлэл, мэдээллийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байжээ. Түүнтэй уулзаж ярилцав.

 

-Танай ажлын хэсэг гуравхан хүний бүрэлдэхүүнтэй байсан гэдэг. Урьд нь хэний ч хийж байгаагүй шинэ, нүсэр ажлыг та нар яаж амжуулж байв?

-Ажлын хэсэг томилох тухай захирамжийг БНМАУ-ын Ардын Их Хурлын дарга гаргаж, бүрэлдэхүүнд нь миний бие болон тэр үед Ерөнхийлөгчийн Хэвлэл, мэдээллийн албаны даргаар ажиллаж байсан Д.Сүхжаргалмаа, төрийн төв хэвлэл- “Ардын эрх” сонины орлогч эрхлэгч Б.Пүрэвдаш нар орсон юм. Ажлын хэсэг АИХ-ын хоёрдугаар хуралдааны ажиллагааг  хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлэх үүрэг хүлээсэн юм.

Ажлын хэсэг юуны өмнө хуралдааны ажиллагааг сурвалжлах сэтгүүлчдийн нэрс гаргаж тэдэнд сурвалжлах эрхийн үнэмлэх олгохоос ажлаа эхэлсэн юм. Дотоодын хэвлэл, мэдээллийн 22 байгууллагын 115 сурвалжлагч, гадаадын хэвлэл, мэдээллийн 11 байгууллагын 18 сурвалжлагчид сурвалжлах эрхийн үнэмлэх олгож байв. Тэдний дотор одоогийн УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Төрийн соёрхолт Б.Цэнддоо, Соёлын гавьяат зүтгэлтэн О.Бат-Эрдэнэ, И.Рэнчинханд, Л.Гүнсэн болон Ү.Хүрэлбаатар, Ш.Цэрэнпил. Д.Цэдэн-иш нарын зэрэг туршлагатай сурвалжлагчид байсан юм.

Ажлын хэсгийнхэн хуралдааны ажиллагааг шууд дамжуулах, тойм бэлдэх, депутатуудтай ярилцлага хийх, хэвлэлийн бага хурал зохион байгуулах, хуралдааны ажиллагааг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлж буй байдлыг тоймлон АИХ-ын удирдлагад танилцуулах, сурвалжлагчдыг боломжтой бүхий л мэдээллээр хангах, хэлэлцэж буй асуудалтай холбоотой төсөл, илтгэл, тайлан, бусад материал тараах зэрэг ажлыг гүйцэтгэж байв.

Хэвлэл мэдээллийнхэнд депутатууд янз бүрээр ханддаг байсан. “Хэвлэл мэдээллийнхнийг хянадаг хүн байна уу. Улсын нууц алдсан гэх хэрэгт татагдах юм биш биз” гэх хардлагаас аваад “үнэмшилгүй хэвлэл” гэж хэлэгдэж байсан тохиолдол ч бий. Дэндүү олон хүнд сурвалжлах эрхийн үнэмлэх олгосон байна гэсэн шүүмжлэл гарч улмаар тэр үеийн АИХ-ын орлогч дарга Ц.Лоохуузын шийдвэрээр тоог нь цөөлж байлаа. Гэлээ ч манай хэвлэл, мэдээллийн байгууллага, сурвалжлагчид нойр хоолоо умартан өдөр шөнөгүй ажиллаж, хэлэлцүүлгийн явцыг олон нийтэд  шуурхай, үнэн бодитой, өргөн мэдээлэхийн сацуу Үндсэн хуулийн төсөлтэй холбоотой иргэдийн санал хүсэлтийг депутатуудын сонорт хүргэх улмаар олон нийтийн санал бодлыг төсөлд тусгуулахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан гэж боддог.

 

-Үндсэн хуулийн төслийг АИХ-аар хэлэлцэхийн өмнө Улсын Бага Хурал хэлэлцсэн. Энэ талаар товч ярина уу.

-Улсын Бага Хурлаар хэлэлцэхийн өмнө Монгол Улсын Их цаазын төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах Комисс байгуулагдаж ажилласан билээ.

Монгол Улсын Их цаазын төслийг 1991 оны 6 дугаар сарын 10-наас 9 дүгээр сарын 1-ний хооронд ард нийтээр хэлэлцүүлж дүгнэж байсан. Төслийг нийт 7 мянга гаруй байгууллага, хамт олон хурлаараа хэлэлцэж, түүнд 900 мянга гаруй хүн оролцож,  давхардсан тоогоор хоёр зуун мянга гаруй санал гаргасан тухай тэр үеийн БНМАУ-ын Ерөнхийлөгч, Комиссын дарга П.Очирбат гуай Ардын Их Хуралд танилцуулж байсан юм. Энэ Комиссоос  боловсруулсан төслийг Улсын Бага Хурал хоёр удаа хэлэлцсэн.

Улсын Бага Хурлын чуулганы хуралдааны явц, хэлэлцүүлэг тийм ч амар хялбар байгаагүйг бүгд санаж байгаа байх. Байр суурь, үзэл бодлын хурц тэмцлийн дүнд хэлэлцүүлэг болж өнгөрсөн юмдаг. Зарим асуудлаар 7-10 удаа санал хурааж байсан тохиолдол бий. Тухайлбал, Үндсэн хуулийн төслийн гуравдугаар бүлгийн 30-р зүйлд: “Ерөнхийлөгчөөр … Монгол Улсын гурваас доошгүй үеийн уугуул иргэнийг 4 жилийн хугацаагаар сонгоно” гэсэн заалтаар 11 удаа санал хураалт явуулж байсан юм. Энэ асуудлаас болж О.Очиржав, Д.Баярцэнгэл, Д.Энхбаатар нар гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзах, түдгэлзэх тухай мэдэгдэл ч хийж байв. Энэхүү хурц мэтгэлцээн өрнөж мухардалд орох, завсарлага авах, санал хураалтад оролцохгүй хуралдаан хаяж гарахаас аваад зарим нь гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзах, түдгэлзэх, Улсын Бага Хурлыг тараах хүртэл мэдэгдэл хийх зэргээр хуралдааны уур амьсгал тун халуухан болох  үе цөөнгүй байсан. Их тэвчээртэй, тайван тогтуун зантай Улсын Бага Хурлын дарга Р. Гончигдорж хүртэл арга бараад “хэтэрхий зовлонтой байна” гэж хүртэл хэлж байж билээ. “Хүүхэд уйлж айлгадаг, хөгшин хүн үхнэ гэж айлгадаг, парламент тарна гэж айлгадаг боллоо” гэж гишүүн агсан Г.Зуунай хэлж байсан нь тод санагдана. Чухамхүү энэ үед УБХ-ын Нарийн бичгийн дарга байсан Б.Чимид гуай “Парламент яаж ярьж байна түүгээр ард түмэн улс төрийг ойлгоно. Улс төрийн соёл ямар байгааг ч Улсын Бага Хурлаар тодорхойлно” гэж хэлж ухааруулж байсан юм.      

 

-Ардын Их Хурлын хуралдаан ч бас их хурц ширүүн маргаан мэтгэлцээнтэй болж байсан шүү дээ...

-Хэлэлцүүлгийн явц, депутатуудын гүйцэтгэсэн түүхэн үүрэг, Үндсэн хуулийн үнэ цэнэ, ач холбогдлын талаар тэр үеийн депутатууд олон сайхан дурдатгал яриа өрнүүлж сонин хэвлэл, радио, телевизэд  ярилцлага өгсөн байна лээ. Тиймээс түүнийг нуршиж давталгүй ерөнхий уур амьсгал ямар байсан талаар товч яръя.

Өмнө нь депутатууд маань ингэж олон хоног хуралдаж, хуулийн үг, үсэг, цэг таслал, нэр томьёо бүрийн төлөө уйгагүй мэтгэлцэж, цагаа умартан үгийн цэц, ухааны цараа харуулж байсан тохиолдол үгүй болов уу. Ингэж жинтэй үг, цэнтэй ухаан бодлоо уралдуулж, эрдэм боловсролоо, бүтээлч дайчин чанараа ирлэж байсан түүх ховор байх. Гэхдээ өмнө нь байнгын ажиллагаатай парламент байгаагүй учир асуудлыг олон өнцгөөс авч хэлэлцэх, маргалдах, мэтгэлцэх, зөвшилцөх талаар туршлага үгүйлэгдэж байсан нь үнэн. “Хуулиа ойлгодоггүйгээс гадна юуны төлөө санал өгч, маргалдаж байгаагаа ер ойлгохгүй байна”, “ойлгохгүй байгаа учир хар үгээр ойлгуулж өгөөч”, “хууль хэлэлцэх нь бидэнд ахадсан ажил байна” гэсэн үг зарим депутатын амнаас гарч байсан удаатай.

АИХ-ын хуралдаанд Улсын Бага Хурлын гишүүд их идэвхтэй оролцож аргагүй л туршлага сууж буйгаа харуулж байлаа. Бусдаасаа арай л илүү байсан нь илт харагддаг байсан. Ямар сайндаа л “Бүх эрх мэдэл Улсын Бага Хуралд байна”, “АИХ-ын дотор Улсын Бага Хурал хуралдаж байна”, “АИХ, УБХ хоёр туйл болж хуралдаж байна” гэж шүүмжилж байх вэ дээ.

АИХ-ын хуралдаан үе үе мухардалд орж аргаа барсан зарим депутат АИХ-ыг тараах, удирдлагаа хуралдаан удирдах чадваргүй байна гэж үзэж огцрохыг шаардаж байсан.

Тэгээд ч зарим депутат хуралдаандаа ирдэггүй, депутатуудын ирц хангалтгүй, асуудлыг хэлэлцэх гэхэд ирц бүрдэхгүй байсан учир радио, телевизээр зарлуулж дуудуулах тухай ч санал гарч байсан. Цөхрөнгөө барсан тэр  үеийн АИХ-ын дарга агсан Ж.Уртнасан “Депутатууд аа. Бид хуралдаж чадахаа больжээ. Орон даяар мал тооллого болж байна. Үүний хамт депутатуудын тооллогыг танхимдаа хиймээр байна” гэж хэлж байсан нь миний тэмдэглэлийн дэвтэрт бичээстэй үлджээ. Хуралдаан тойрсон нөхцөл байдал ч хүнд байсныг бүгд санаж байгаа байх. Сүхбаатарын талбайд гурван хүн өлсгөлөн зарлачихсан, эмч нар шаардлага тавьчихсан, мал тооллого эхэлчихсэн тийм цаг үе байв.

Ярилцлагын эцэст, Үндсэн хуулийн төслийг Улсын Бага Хурал, Ардын Их Хурлын хуралдааны бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах зэрэгт тэр үеийн Улсын Бага Хурлын Тамгын газрынхан, хуралдаан зохион байгуулах ажлын албаныхан ихээхэн үүрэг гүйцэтгэснийг, түүнчлэн Үндсэн хуулийн төслийг анх хэлэлцэхээс нь аваад батлах хүртэлх бүхий үйл явцыг мэдээлэх, шинэ Үндсэн хуулийн  үзэл санааг хэрэгжүүлэх, тайлбарлан таниулахад манай хэвлэл, мэдээллийн байгууллагын сэтгүүлч, сурвалжлагчид үнэлж баршгүй хувь нэмэр оруулсныг энд  зориуд тэмдэглэж хэлмээр байна.