Манай цэргийн алба хаагчид гадаадад олон улсын цэргийн болон НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж эхлэснээс хойш олон жил өнгөрчээ. 

Энхийг дэмжих ажиллагаанд цэргээ оролцуулж байгаагаа төр засаг улсынхаа тусгаар тогтнолыг улс төр-дипломатын аргаар баталгаажуулж буй нэг хэлбэр гэж үздэг.

Бас батлан хамгаалах салбарт төсөв хуваарилахад хөрөнгө оруулалт бага байдаг тул гадаадад ажиллагаанд цэрэг хандивласнаараа хариуд нь авдаг нөхөн олговроор зэвсэг техникээ шинэчлэх, бие бүрэлдэхүүнийхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэж орон сууц барих гээд олон юм ярьдаг ч хэрэгжсэн нь ховор.ОХУ-аас манай Агаарын цэргийн радиолокацийг шинэчлэхээр гэрээ байгуулахаар ирсэн төлөөлөгчдөд БХЯ-ын ажил хариуцсан Коля гэгч хурандаа өөртөө 10 хувь олгохыг санал болгож тэднийг жигшээсэн.

            Нөхөн олговрын мөнгөөр төвлөрсөн халаалттай орон сууц барьж ашиглалтанд ороход ихэнхэд нь хувьдаа орон сууцтай БХЯ, ЗХЖШ-ын дээд болон дунд тушаалын генерал хурандаа нар орж, эгэл жирийн офицер ахлагч нарт хүртээгүй.

Энхийг дэмжих болон олон улсын цэргийн бусад ажиллагаанд цэргээ оролцуулсны нөхөн төлбөр гэж манай улс жилд 50 тэрбум төгрөг авдаг бөгөөд түүний 70 хувь нь энхийг сахиулсан дайчдад нөхөн олговор болж олгогддог.Үлдсэнийг нь Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх санд төвлөрүүлж зэвсэгт техникээ шинэчлэх, бие бүрэлдэхүүний нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд зарцуулагддаг гэж БХЯ-ны дарга нар хэлдэг яг хэзээ юунд хдэн тэрбумыг ялангуяа нийгмийн асуудлыг нь шийдвэрлэхэд нүдэнд харагдаж гарт баригдахаар юу хийж бүтээсэн нь тодорхой бус болохоор завшчихсан хардлага  төрүүлдэг.

Ажиллагаанд үүрэг гүйцэтгэж ирсэн байнгын бүрэлдэхүүнээс нэг бус  офицер ахлагч нар халуун орны хумхаа өвчин туссан. Одоогоос таван жилийн өмнө Өмнөд Суданд 850 хүнтэй батальоны С.Б гэдэг офицер  тэнд үүрэг гүйцэтгэсэн байхдаа халуун орны хумхаа тусч хөрш Угандад эмчлүүлж байгаад хугацаанаас өмнө буцаж ирсэн.

Илт их муудаж ирсэн нь энэ офицер болохоос ирсэн хойноо биед нь өөрчлөлт гарч өвдсөн олон хүн бий. Энэ бүхнийг БХЯ, ЗХЖШ нуун дарагдуулахыг хичээдэг.     Халуун бүсийн орнуудад ялангуяа Африк тивд явагдаж байгаа НҮБ-ын мандаттай Энхийг дэмжих ажиллагаанд  цэргээ олон тоогоор илгээдэг орнууд нь голцуу тус тивийн болон эсвэл адил уур амьсгалтай Энэтхэг, Бангладеш, Пакистан гэх мэт Ази тивийн  улсууд  байдаг.

Сэрүүн бүсийн орнууд голцуу цөөн тооны цэргийн баг эсвэл ажиглагч нараа л тус тив рүү болон адил уур амьсгалтай газар луу явуулдаг нь нөхөн олговорт олгох мөнгийг нь чамласандаа бус  армидаа алба хаах хүнээ бодсондоо тэр.

Харин манайх цэргийн алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдэхэд нэмэр болгож цэргээ явуулж байгаа гэдэг ч эрүүл мэндэд нь алсдаа учрах эрсдэлийг тооцдоггүй.Тооцсон ч мэдэхгүй царайлж байна.

Эх орныг эрүүл цэрэг хамгаалах болохоос эрэмдэг хүн хамгаалахгүй. 

Манай энхийг сахиулагчид ялангуяа багийн дарга эсвэл ажиглагчаар үүрэг гүйцэтгэсэн офицерын бүрэлдэхүүн хил давж гадаадад суралцах болон ажиллагаанд явахдаа гачигдал зовлон тоочдоггүй хирнээ хил манахаар хөдөө орон нутагт тэр дундаа говь тал, бусад алслагдсан анги салбарт томилогдохоос үхтлээ айж худал үнэн нь мэдэгдэхгүй зовлон тоочиж бултдаг арга зальтай.

Гадаадад олон улсын цэргийн болон НҮБ-ын мандаттай Энхийг дэмжих ажиллагаанд оролцох бүрэлдэхүүний сонгон шалгаруулалтыг будлиантуулдаг гол этгээдүүд бол БХЯ, ЗХЖШ-ын дарга нар байдаг талаар нэгэн ангийн захирагч ярьсан. Түүний захирсан ангийн хамгийн ажил хийдэггүй хариуцлагагүй этгээд БХЯ-наас нөлөөтэй даргаар дарамтлуулсаар байгаад ажиллагаанд явах өргөдлөө цохуулаад явсан гэнэ. Цэргийн төв госпиталийн нарийн мэргэжлийн ба клиник лабораторийн эмч нар хээл хахууль авч эмнэлгийн үзлэгийн дүгнэлтийг хуурамчаар үйлдэж байна. Зөвхөн клиник лабораторийн эмч гэхэд ЭДА-ны нэг удаагийн ээлжийн цэргийн багийн үзлэгээр 48 хүний шинжилгээний дүнг хуурамчаар үйлдэж эрүүл гэсэн дүгнэлт гаргасан гэсэн.

Цэргийн багийн ээлж бүрийг яг явахын өмнө БХЯ, ЗХЖШ-ын удирдах тушаалын генерал офицерууд цэргийн багийн удирдлага болон Энхийг сахиулах хэлтсийн болон хүний нөөцийн ажил хариуцсан офицеруудыг дарамтлан  ажиллагааны өмнөх бэлтгэлд огт хамрагдаагүй хүмүүсийг гадаадад үүрэг гүйцэтгэхээр явахад багийн бүрэлдэхүүнд оруулж, бэлтгэлд хамрагдсан эрүүл мэндээр болон бусад үзүүлэлтээр тэнцсэн цэргийн алба хаагчдыг хассан талаар нэг бус ахлагч ярьсан.

Гадаадад үүрэг гүйцэтгэх ялангуяа НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй цэргийн багийн хэрэгцээт бараа материал нийлүүлэх тендерийг БХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, ЗХЖШ-ын Ар талын газрын холбогдох албан тушаалтнууд санаатайгаар будлиантуулж удаах, чанаргүй бараа материал нийлүүлэх, цэргийн багийг явсны дараа нийлүүлж санаатайгаар хоцроох, эсвэл бараа материал нийлүүлэх компани, хувь хүн нь багийн удирдлагатай хуйвалдан зарцуулагдах төсвийн мөнгийг зарцуулагдсан гэж аваагүй материалыг авсан гэж худал мэдүүлэн мөнгийг нь хувааж завших явдал гарсаар байгааг эх сурвалжууд ярьдаг. Ажиллагааны өмнөх болон ажиллагааны үеийн ашиглах бараа материал тоног төхөөрөмжийг худалдан авахгүй, мөнгийг нь зарцуулсанаар тооцон завшин өмнөх бэлтгэлийн үеийн үлдэгдэл материалыг ашиглуулдаг талаар ажиллагаанд яваад ирсэн цэргийн алба хаагчид хэлдэг.

Энхийг сахиулах ажиллагаанд сонгон шалгаруулалтаар эрүүл мэндээр болон бусад шалтгаанаар тэнцээгүй өөрийн хамааарал бүхий болон хахууль өгсөн этгээдүүдийг БХЯ, ЗХЖШ-ын эрх мэдэл бүхий албан тушаалтнууд бие биентэйгээ барьцаж хяналтын тооноос хэтрүүлж цэргийн багт оруулдаг. Үүнээс үүдэн цэргийн багийн удирдлагын зүгээс хяналтын тоонд албан ёсоор багтаагүй илүү гарсан хүмүүсээ багтаах, зохих шалгуур үзүүлэлтүүдийг хангаж албан ёсоор  багтсан хүмүүсийг хасахын тулд хүнийг хөгжүүлж чийрэгжүүлэхээсээ залхааж туйлдуулах зорилгоор бие бүрэлдэхүүнийг ажиллагааны бэлтгэлд гарах замд нь 22-ын товчооноос Сургалтын төв хүртэл 18 км, бас бэлтгэлийн үеэр 30 км-ийн явган маршаар алхуулдаг. Ийм байдлаар бие бүрэлдэхүүний эрүүл мэндийг доройтуулж ачаалал даахгүй заримыг нь эрүүл мэндийн учир шалтгаанаар татгалзахад хүргэдэг.

Ажиллагаанд явсан зарим цэргийн алба хаагчдыг эзгүй хойгуур нь албан тушаалаас нь шалтгаангүйгээр өөрчлөн оронд нь өөрийн хамаарал бүхий болон хээл хахуул өгсөн этгээдүүдийг томилох явдал гарсаар байна. Зүй нь гадаадад энхийг сахиулах ажиллагаанд явсан цэргийн алба хаагчийг ажлын байрыг хадгалж байхаар хуульчилсан юмсан. Ийм учраас дээгүүр танил тал бүхий зарим цэргийн албан хаагч нь эзгүй хойгуураа цалингаа бууруулахгүй бүтэн авахын тулд өөр анги байгууллагад сул орон тоон дээр томилогдон сул цалинжиж байна.

Ажиллагаанаас ирсэн хүн бүрээс багийн удирдлага их хэмжээний буюу 100 ам.доллар татаж БХЯ, ЗХЖШ-ын газар, хэлтсийн дарга нарт бэлэг сэлт өгөх явдал тасрахгүй байна. Цаад дарга нар нь ч “хүнд нөхцөлд хариуцлагатай үүрэг гүйцэтгэж багийн даргаар ажилласан залуу хүнийг дэмжиж байгаа” нэрээр анги байгууллагын захирагч дарга зэрэг төсвийн захиран захирагчийн албан тушаалд томилдог нь тэдний энэ булай явдлыг өөгшүүлдэг.  Өөрсдөө ч тийм замаар өнөөгийн өндөрлөгт хүрсэн байх.

 Ажиллагааны газар орон дээр багийн удирдлага хүн нэг бүрийн өдөр тутмын хэрэглээнд зориулж өгдөг хоногийн 1,2 долларыг өгөхгүй хувьдаа завших байдал газар авсан. Мөн НҮБ-ээс өгдөг медалийг дагалдаж ирдэг хүн бүрийн 150 долларыг хувьдаа завшдаг.      Таван жилийн өмнө Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэсэн 850 хүнтэй цэргийн багийн нэгэн ээлжийн дарга Зайсанд 250 сая төгрөгөөр газар авахаар хээрийн эрээн хувцастайгаа очиж гэнэ. Цаад зарах гэж байгаа хүн нь түүнийг хараад ихэд гайхан “Энэ одоо хэдэн төгрөгний цалинтай болоод 250 саяар газар авах гэдэг байна” гэж сэжиглэн түүнийг хуулийн байгуулагад шалгуулахаар ханджээ.

         Амь нас, эрүүл мэндээ золин байж олсон нөхөн олговорын мөнгийг нь энхийг сахиулаад ирсэн багийн бүрэлдэхүүнд БХЯ валютаар нь  бус тухайн өдрийн ханшнаас доогуур үнээр бодож монгол төгрөгөөр  олгодог нь олны олон таван цэн гэгч болж дамжуулан өгч байгаа даргад  ашиг унагадаг. Өнгөрсөн жил Өмнөд Судан яваад ирсэн багийн мөнгийг 2 хувааж өгсөн. Эхлээд хүн бүрийн  20 саяыг нь, дараа 2 сарын дараа үлдсэн 7 саяыг нь өгсөн. Тэр болтол 850 хүний 6 тэрбумыг хэрхэн яаж эргэлдүүлж ашиг унагасан бол?

      Мөнгөө аваад харьяа анги байгуулагадаа очиход нь ангийн захирагч удирдлага нь хүн бүрээс 100 ам.доллар татаж ангийнхаа тохижилтонд зарцуулдаг. Үүнийгээ тэд дээрээс хуваарилсан төсөв хөрөнгө хүрэлцдэггүй тул энхийг сахиулагчид маань ангидаа сайн дураараа өгч нэмэр болдог гэж ядруухнаар  тайлбарлана.

Багийн болон анги салбарынхаа дарга нарынхаа нэхсэн мөнгийг эс өгвөөс дараа дахиж энхийг сахиулахаар явахгүй байх дарамтанд орох тул өгөхөөс аргагүй байдаг талаар нэрээ бичүүлэхийг хүсээгүй олон офицер ахлагч нар хэлсээр байна.

                                                                                                        А.Баярмаа