Хахууль өгөгч Л.Д нь  Монгол Улсын иргэн, халх, 52 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, туслах сувилагч мэргэжилтэй, Нэгдсэн эмнэлэгт онош зүйн тасагт шил угаагч ажилтай, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд амьдардаг. Урьд нь ял шийтгүүлж байгаагүй, төрөөс жуух бичиг авч байсан мөн тэргүүний ажилтан болж байсан.

Хахууль авагч Б.У нь Монгол Улсын иргэн, халх, , 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Нэгдсэн эмнэлгийн захирал ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд амьдагдаг. Урьд нь ял шийтгүүлж байгаагүй, төрөөс эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтнаар шагнагдаж байсан.

Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.У нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс “аймгийн нэгдсэн эмнэлгийн хүний нөөцийн менежерийн ажлын байрны тодорхойлолт”-ын ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй, сонгон шалгаруулалтад ороогүй хүнийг ажилд томилох гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд Г.Б-ийн ээж Л.Д-гээс 500.000 /таван зуун мянган/ төгрөгийн хахуулийг 2017 оны 1-3 дугаар сарын үед бэлнээр авсан

Мөн  Б.У нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс ажлын байрны тодорхойлолтын ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан, сонгон шалгаруулалтад орж тэнцсэн хүнийг ажилд томилох албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд Ш.Т-гаас 800.000 /найман зуун мянган/ төгрөгийн хахуулийг 2017 он 02 дугаар сард бэлнээр авсан ажээ.

Шүүх хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлсэн нотлох баримтуудыг үнэлэхэд Л.Д 500.000 төгрөгийн хахуулийг 2017 оны 1-3 дугаар сарын үед шүүгдэгч Б.У-ад өгсөн, шүүгдэгч Ш.Т 2017 он 02 дугаар сарын сүүлч, 03 дугаар сарын эхээр шүүгдэгч Б.У-ад 800.000 төгрөгийн хахуулийг тус тус өгсөн гэж дүгнэсэн байна.

Улмаар Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.У-ыг Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д, Ш.Т нарын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, шүүгдэгч тус бүрийг 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар  шийтгэсэн. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У-ад Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ял, 6.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял дээр мөн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Б.У-ын нийт эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 16.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 16.000.000 төгрөгөөр торгох ялаар тогтоосон байна.

Түүнд хахууль өгсөн хүмүүс ч мөн ял авсан. Л.Д, Ш.Т нарын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, шүүгдэгч тус бүрийг 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн юм.

Өөрөөр хэлбэл 500 000 төгрөг болон 800 000 төгрөг өгсөн авснаасаа болж өнөөдөр Монгол улсын нэрийн өмнөөс шүүгчээр дамжуулан ял авч өөрийгөө ч өрөөлийг ч гэмт хэрэгтэн болгож, амьдралдаа арилахааргүй толбо суулгасан жишээ нэг ийм. Тиймээс иргэд энэ төрлийн хэргээс сэрэмжилнэ үү.