Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял сонссон Т.Чимгээ өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн хэмээн УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар олон нийтэд мэдээлсэн. Мөн түүний биеийн байдал тааруухан байгаа талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан дуулгасан юм.

Тэгвэл Т.Чимгээгийн биеийн байдал болон өлсгөлөн зарласан эсэх талаарх мэдээллийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад “Т.Чимгээгийн биеийн байдал нь хэвийн, хуулийн хүрээнд ар гэрийнхэнтэйгээ болон өмгөөлөгчтэйгээ уулзаж, харилцаж байгаа. Өнөөдрийн байдлаар ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй, өлсгөлөн зарлах тухай мэдэгдээгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна” гэлээ.

Тэднийг мөрдөн байцаалтын үед эрүүдэн шүүсэн хэргээр ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнийг буруутган, яллагчаар татаад байгаа билээ. Тэдэнд холбогдох хэргийг мөрдөн байцаалтад буцаах, эсвэл анхан шатны шүүхээр хэлэлцэх эсэх маргаан Улсын Дээд шүүх шийдвэрийг хүлээж байгаа юм.