Японоос ирсэн нэгэн жуулчин хөдөөгийн модон жорлонд орчихоод доор нь цаас дэвсэж байгаад хөлөө жийгээд суучихсан тухай дунд сургуулийн нэгэн багш сонирхуулан ярьж билээ. Ийм жорлонд яаж суухаа мэдэхгүйдээ будилсан хэрэг л дээ. Энэ бол 1990-ээд оны явдал.

Үүнээс хойш 30 шахам жил өнгөрсөн ч бид газар ухаж хийсэн модон жорлонгоосоо салж чадаагүй хэвээр. Өөр нэгэн түүх. Сумын 90 жилийн ойд хүрэлцэн ирсэн гадаадын зочин “Танай сум 90 жил болсон хэрнээ одоо болтол модон жорлонтойгоо байгаа юм уу” гэж гайхсан тухайг олон хүн сонссон байх. Харамсалтай нь, энэ бол бодит үнэн. Өдгөө улсын хэмжээнд газар ухаад хийчихсэн зориулалтын бус модон жорлон 600 мянга орчим байна. Үүний тэн хагас нь Улаанбаатар хотод буй. Дөрвөн уулын дунд шам бааралдсан энэ багахан талбайд ухсан олон жорлонгоос гарсан бохир газрын хөрсөнд шууд нэвчсээр байна гээд төсөөл дөө. Хэдэн жилийн өмнө Дэнжийн мянгад байрлах гүний худгийн усанд шинжилгээ хийхэд нитрат хэмээх хөрс бохирдуулагч бодис зөвшөөрөгдөх хэмжээнээс 20 дахин хэтэрсэн гэх үзүүлэлт гарч байв. Ялгадсаа шууд газарт “асгаж”, тэндээсээ ундны усаа зөөж уусаар байхад элдэв төрлийн халдварт өвчин байнга гарахаас ч аргагүй. “Жорлон бохир учраас аялал жуулчлал хөгжихгүй байна. Нүхэн жорлонг маш “харгис” гэж хэлж болно. Нүхэн жорлонд хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, хүүхэд ороход хүндрэлтэй байдаг. Бид жорлонгоо хүн бүрт ээлтэй, цэвэр, тохитой болгох ёстой” хэмээн “Жорлонгоо өөрчилье” төслийн санаачлагч Ц.Оюунгэрэл хэлж байв. Зориулалтын бус, байгальд халтай модон жорлон зөвхөн Монголд тулгарсан асуудал биш л дээ. Хөгжиж буй олон улс үүнтэй нүүр тулдаг. Гэхдээ манайхаас ялгаатай нь жорлонгоо өөрчлөх урт, богино хугацааны зорилго тавьж, эхнээсээ үр дүнд хүрч эхэлсэн. Тухайлбал, Хятад улс аялал жуулчлалаа хөгжүүлж, амьдрах орчин нөхцөлөө сайжруулахын тулд жорлонгийн асуудлыг шийдэх хэрэгтэй гэж үзэхэд 2015 оноос “Жорлонгийн хувьсгал”-ыг улс даяараа эхлүүлсэн. Үүний хүрээнд зөвхөн 2015 онд гэхэд 52 мянган жорлонг өөрчлөн шинэчилжээ. Энэ тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа юм. Түүнчлэн боловсон 00-ийн асуудал хамгийн хүнд байдаг Энэтхэг улс ойрын хугацаанд 60 сая жорлон барьж байгуулахаар төлөвлөн, их ажил эхлүүлээд байна. Харин манай улсын тухайд ганц хүн бор зүрхээрээ зүтгэж тэмцсээр өдийг хүрсэн гэж болно. Нэлээд явдал чирэгдэл болж байж Хог хаягдлын тухай хуульд жорлонгийн асуудлыг тусгуулж чадсан ч үүнээс хойш төрийн зүгээс ямар нэгэн бодитой ажил хийсэнгүй, тодорхой дэмжлэг ч үзүүлсэнгүй. Уг нь төр, хувийн хэвшил, төслийн багийнхан, иргэд бүгд хамтран зүтгэж байж энэ том ажлын ард гарах учиртай. Тус төслийнхний хувьд эко жорлонгийн хэд хэдэн хувилбар санал болгодог. Мэдээж үнэ өртгийн хувьд ялгаатай. Эдгээрээс ус хэрэглэдэггүй “хуурай” гэх тодотголтой жорлонг хүмүүс хамгийн их сонирхдог. Монголын нөхцөлд ч тохиромжтой нь гэж болно. 

Ус хэрэглэдэггүй, нүх ухах шаардлагагүй, хөрс бохирдуулдаггүй, шээс, өтгөнийг тусад нь уутанд авчихдаг, сар орчим болоод уут нь дүүрэхээр амыг нь боогоод жорлон зарсан компанидаа өгчихнө. Агааржуулагч сайтай учраас үнэр гарахгүй гэх мэт давуу тал ихтэй юм билээ. Энэхүү системийг бүхэлд нь тавиулахад мянга орчим ам.долларын үнэтэй. Мэдээж энэ зэргийн мөнгийг хүн бүр гаргах боломжгүй. Тиймээс лизингийн үйлчилгээ санал болгож буй. Тухайлбал, иргэд эхний удаад уг мөнгөний 20 хувийг төлөх бөгөөд үлдсэнийг нь 20 сарын турш хүүгүй лизинд хамруулах юм. Өөрөөр хэлбэл, эхний ээлжинд 160 мянган төгрөг төлж, дараа нь сар бүр 32 мянгыг гаргана гэсэн үг. Иргэдийн амьдрал хэцүүхэн байгаа хэдий ч өдөрт ганц мянган төгрөг гаргаад боловсон 00-той болох хүн захаас аваад олдоно. “Дөрвөн ам бүлтэй айлын био жорлонд тавьсан уут сарын дараа дүүрнэ гэсэн тооцоо байдаг юм билээ. Ууттай ялгадсаа бордоошуулах үйлдвэр рүү явуулж болно. Хогонд ч ачуулж болно. Гадаадууд хогондоо ачуулчихдаг ба задлахад нь ашигтай бактериуд ч тусалдаг юм билээ. Малчин өрхүүдэд жижиг хэн нүх ухаад булаад бай гэж зөвлөсөн. Нарийнхан шуудуу ухаж булаад явахад дараа нь ямар ч мод бут тарьсан ургана. Байгальд ямар ч хоргүй” хэмээн төслийн санаачлагч Ц.Оюунгэрэл тайлбарласан юм. Өөрийнхөө, үр хүүхдүүдийнхээ эрүүл мэнд, тав тухтай амьдралын төлөө хүн бүр багахан хэмжээний мөнгө гаргачихвал бүдүүлэг модон жорлонгоосоо салах мөч холгүй байна. Хамгийн гол нь төр засгийн зүгээс намчирхаж, улстөржилгүй хандаж, бодлогоор дэмжээд өгвөл бүр илүү ахицтай байх болно. Жорлонгоо эко болгосон айлын цахилгааны мөнгөнөөс хөнгөлнө гэх мэтээр дэмжлэг ямар ч хэлбэртэй байж болно. “Бүх жорлонг өөрчлөхийн тулд нэлээд мөнгө босгож, олон хүнийг зээл авах боломжтой болгохын зэрэгцээ өртгийг нь хямдруулах эрэл хайгуул хийх хэрэгтэй. Зохион бүтээгчдэд судалгааг нь хийж өгөх хэрэгтэй гэх мэтээр хийх ажил маш их байна. Жорлон бол улстөржих сэдэв биш учраас аль ч намын гишүүн санаачилснаас үл хамааран төр чадлынхаа хэрээр дэмжиж өгмөөр байна. Олон хүн зээл авах санхүүгийн эх үүсвэрийг шийдэх нь төрийн дэмжлэгийн хамгийн эхний алхам байх учиртай. Улс даяараа хөдлөөд эхэлбэл бүтэхгүй ажил биш билээ.

Засгийн газрын мэдээ сонин