Одоогоос гурван жилийн өмнө Увс аймгийн нэгэн суманд 13 настай охин хүчиндүүлж, улмаар жирэмсэн болж хүүхдээ төрүүлсэн байна. Хүүхэд төрөх хүртэл хугацаанд охины оюун ухаан хэвийн байсан ч төрсний дараахан гэнэт өөрчлөгдөж, заримдаа өөрийгөө хянах чадваргүй болох болжээ.

Тэрбээр айлын ганц охин бөгөөд аав, ээж хоёр нь өнгөрсөн гурван жилийн хугацаанд охиноо эмчлүүлж, эрүүл саруул болгохыг хүссэн хэдий ч ядруухан амьдралтай малчин хүмүүс болохоор яаж ч чадахгүй байсаар өдийг хүрчээ. Арга ядарсан үедээ аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэтгэц наркологийн тасагт охиноо хэд хэдэн удаа хэвтүүлсэн байна.

Хүчиндүүлсэн охиноос гарсан хүүхэд ямар нэгэн гэмтэл согоггүй, эрүүл төржээ. Одоо тэрбээр гурван нас хүрч байгаа аж. 

 

Хүчиндүүлсэн охин гэж бичихээр нэг л эвгүй байгаа тул “Х” охин гэж нэрийг нь товчилъё доо. Хүний эрхийн асуудал болохоор овог нэр, оршин суугаа сумыг нь энд тодорхой бичиж болохгүй гэдгийг эрхэм уншигч та андахгүй биз ээ.

 

“Х” охин энгийн үедээ хэнээс ч илүү сэргэлэн цовоо, ажилч хөдөлмөрч бөгөөд үхэр мал саах, хонь хурга хариулах гэх мэт гэр зуурын ажилд маш их тустай, сайн охин. Гэвч өвчин нь хөдөлсөн үедээ хамт байхад үнэхээр хэцүү бөгөөд сүүлийн үед бүр ч их гаарах болжээ. Иймээс аав, ээж хоёр нь арга буюу охиноо бидний мэдэх Шар хадны эмнэлэг буюу Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв /СЭМҮТ/-д хэвтүүлэх шийдвэр гаргаж холбогдох байгууллагад нь хандсанаар охиныг энэ сарын эхээр Улаанбаатар хотод СЭМҮТ-д хүргэсэн байна.

Эмнэлэгт хэвтээд охиных нь өвчин эдгэрч, эргээд хуучин хэвэндээ орно гэсэн итгэл найдвартайгаар аав, ээж хоёр нь охиноо Улаанбаатар хот руу явуулсан бол “Х” охины хувьд алс холын Улаанбаатар хотод очоод эрүүл саруул болж, эдгэрээд аав ээждээ, охиндоо ирнэ гэсэн хүүхдийн гэнэн цагаахан мөрөөдөлтэйгээр хот руу яаран яаран оджээ. Одоо харин тэр хөөрхий охин эдгэрээд, эрүүл саруул болоод эргээд ирнэ гэдэг юу л бол доо. Ер нь Шар хадны эмнэлэгт очиж хэвтээд, эрүүл саруул болоод эргэж ирсэн хүн Увс аймагт байдаг болов уу? Энэ тухай холбогдох албаны хүмүүсээс тодруулахад, тухайн өвчний оношоос хамаараад Шар хадны эмнэлэгт 1-6 сар хүртэл, бүр түүнээс ч урт хугацаагаар номхруулах эмчилгээ хийдэг, бүрэн эдгэрнэ гэж байхгүй гэлээ. Бас зарим нь насан туршдаа тэндээ үлдэж ч болох магадлалтай аж.

Төрүүлсэн ганц охиноо Шар хадны эмнэлэг рүү явуулж байгаа ядарсан эцэг, эх хоёрыг яалтай билээ, учраа мэдэхгүй бүлтийгээд үлдсэн гурван настай нялх үрийг яанам бэ, одоо дөнгөж 16-хан настай мөртлөө кинонд гардгаас ч илүүтэй хүнд хэцүүг туулж буй үйлийн үртэй “Х” охиныг яах вэ?. Эдгэрэх үү, эсвэл Шар хаданд үүрд үлдэх болов уу? Хөөрхий тэд халуун ам бүлээрээ хэзээ уулзах бол, хэр их бие биенээ санаж бэтгэрэх бол доо. 

 

Хөөрхий тэр охинд сэтгэл заслын эмчилгээ хийгээд эдгээх арга байхгүй гэж үү?. Эхээс эрүүл саруул төрсөн хүн шүү дээ. Төрмөл биш олдмол өвчнийг эдгээж болмоор л санагдах юм. 

 

“Х” охиныг хүчиндсэн гэх тэр бузар эр хоёр жил хүрэхгүй ял шүүхээс сонсож, ялаа эдэлж ирээд одоо эхнэр, хүүхэдтэйгээ, нутаг усандаа хэнээс ч илүү жаргалтай сайхан амьдарч байгаа аж. Гэтэл 13 настайдаа хүчиндүүлж, түүний хүүхдийг төрүүлсэн “Х” охин сэтгэхүйн өөрчлөлттэй болж насан туршдаа зовж амьдрахаар боллоо. Хөөрхий тэр эцэг, эх хоёр нь ч үхэн үхтлээ зовлонтой. Гурван настай нялх үрийнх нь амьдрал бүр ч ээдрээтэй. Тэд өнгөрсөн гурван жилийн хугацаанд хэчнээн их шаналж зовсон бол доо. Одоо дахиад хэчнээн их зовлон шаналал хүлээж байгааг бүү мэд. Элэг эмтрэм.

Хүчирхийлэлд өртсөн Увс нутгийн минь охид ийнхүү түрүүчээсээ ухаан санаа нь самуурч, Шар хадны эмнэлэгт хүргэгдэж эхэллээ. Хуулиа чангатгаж, хариуцлагаа нэмэгдүүлэхгүй бол ийм бузар булай гэмт хэрэг жилээс жилд өсөх хандлагатай байгаа нь харамсалтай. Энэ сарын эхээр хуралдсан аймгийн ИТХ-ын нэгдсэн хуралдаан дээр 2020 онд Увс аймгийн 13 охин хүчирхийлэлд өртсөн гэх мэдээллийг холбогдох байгууллагаас нь гаргаж тавьсан. Урд жилүүдэд хүчирхийлэлд өртсөн охидын тоо гарын арван хуруун дотор багтдаг байсан бол энэ жилээс даваад явчихжээ. Ирэх жил хэд болж өсөхийг таашгүй. Гагцхүү энэ асуудал дээр дорвитой анхаарч ажиллан, гэмт эдгээдүүдийг ял завшихаас урьдчилан сэргийлэхгүй бол байдал улам дордохыг цаг үе бидэнд сануулсаар байна.  

Цэцэг цэврүү шиг охидоо хайрлан хамгаалцгаая!!!

 

Б.Батхүү

 

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг