Монгол орны өнцөг булан бүрт мэндэлж байгаа нярайг нарийн шинжилгээнд хамруулах боломжтой гэнэ. Манай улсад дөнгөж төрсөн нярайн дусал цуснаас аван, удамшлын болон өөр ямар нэгэн өвчтэй эсэхийг нь тодорхойлох хүчин чадал бүхий лобаротори байдаг аж. Гэвч хөрөнгө санхүүжилт байдаггүйгээс бүх нярайг хамруулж чаддаггүй байна. Олон улсын Атомын энергийн агентлагийн тусламжтайгаар 2002-2005 оны хооронд 2700 хүүхдэд бамбайн булчирхайн скрининг шинжилгээ хийсэн байна. Харин 2008 оноос Финланд улсын тусламжтайгаар 2012-2014 онд 7238 хүүхдийг бамбай булчирхайн төрөлхийн анхдагч дутагдал, адреногениталь хам шинж гэсэн хоёр эмгэгээр шинжилгээ хийсэн байдаг бөгөөд таван хүүхдийг тус өвчин тусахаас урьдчилан сэргийлж чадсан байдаг.

Тэгвэл энэ жилээс БНСУ-ын "Ёонжин", "Ротари клуб"-ын дэмжлэгтэйгээр нярайн скрининг шинжилгээг улсын амаржих газруудад төрж буй нярайд үнэ төлбөргүй хийхээр болжээ. Үүнд бамбай булчирхайн төрөлхийн анхдагч дутагдал, адреногениталь хам шинж гэсэн хоёр эмгэгээр шинжилгээ авах юм. Энэ шинжилгээг нярай төрснөөс хойш 24-72 цагийн хооронд өсгийний өвдөлтгүй цэгээс ганц удаагийн зориулалтын зүүгээр 4-5 дусал авч шинжилдэг байна.

Т.Буянаа