Төв аймгийн Батсүмбэр сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд амьдарч байсан гурван хүүхэд хоолноос хордож, нэг нь нас барсан хэрэг гарсан билээ. Хоолонд хордсон хүүхдүүд нэг гэр бүлийнх бөгөөд бага нь зургаа, дундах нь 9,  том нь дунд ангийн сурагч аж.

 

Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-д одоогоор 6, 11 настай хоёр хүүг эмчилж байна. Нас барсан 9 настай хүү байжээ. Батсүмбэр сумын сургуулийн дотуур байранд амьдардаг нэг айлын дөрвөн хүүхдийн гурав нь өнгөрөгч даваа гаригт буюу дөрөвдүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн гүйлгэж, бөөлжиж эхэлжээ. Хүүхдүүдийг хоолноос хордсон байж магадгүй гэж үзэн, ар гэрт нь хэлж, харьяаллын дагуу Сонгинохайрхан дүүргийн эмнэлэгт хүргэсэн байна.

 

Сонгинохайрхан дүүргийн эмнэлгийн яаралтай тусламжийн эмч нар хүүхдүүдийг халдварт өвчин туссан байж болзошгүй гэж оношилсон тул Халдварт, өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-д үзүүлэхийг ар гэрт нь зөвлөсөн байна. Гэвч тухайн өдөр хүүхдүүдийн ээж ХӨСҮТ рүү явалгүй, гэртээ иржээ.

 

Энэ талаар хүүгийн ээж “Эхний хүүхэд 20:35 цагт үзүүлсэн. Би 17 цаг өнгөрөөж эмнэлэг дээр очсон. Оочирлож байгаад үзүүлсэн. Миний талийгаач хүүхэд 20:41 цагт үзүүлсэн. Халуун өндөр байсан. Дараагийн хүүхэд Амарбаясгалан 20:37 цагт үзүүлсэн. Эмнэлэгт миний хүүхдүүдэд хоросол л уулгасан. Хоросол уулгаад цаад өрөөндөө байлгасан. Халуун бууруулах эм тариа юу ч хэрэглээгүй. 23 цаг 40 минутын үед би эмнэлгээс гарсан. Арвин гэж эмч бичиг хийж “Энэ бичгийг аваад одоо Халдварт яв. Халдварт авахгүй, хөөсөн ч хүүхдийн эмнэлэгт бид нарыг авахгүй” гэсэн гэж хэлээд суугаад байгаарай гэж хэлсэн. Би энэ бичгийг аваад хүүхдээ гэрт нь аваачаад, эмнэлэгт хэвтэх юмнуудаа бэлдээд, аавыгаа дуудсан. Машинтай эмнэлэг рүү явах үед миний хүүхэд татаж унасан. Хамгийн ойрхноор дахиад Сонгинохайрхан дүүргийн эмнэлэгт ирсэн. Эмнэлэгт ирээд хүчилтөрөгч залгасан. Хүчилтөрөгч залгаад тариа хийх нь хийсэн тэр үед. Миний хүү хүчилтөрөгчтэйгээ байх үедээ сайхан байсан. Царай зүс, хацарт нь хүртэл туяа буугаад сайхан байсан. Тэгсэн чинь нэг сувилагч хүчилөтөрөгчийг салгаад хуруунд нь юм зүүсэн. Эхлээд баруун гарт нь зүүсэн. Гэвч тэгшхэн зураас гараад ирэнгүүт аваад нөгөө талд нь залгасан. Тэр хооронд миний хүү хоёр удаа хоолойгоо татсан. Тэр үед л өнгөрсөн юм байна лээ. Би мэдээгүй. Дараа нь сэхээн амьдрах өрөө рүү оруулаад, хоолой ам руу нь юм хийгээд. Хамар ам руу нь юм хийгээд. Миний хүү сэргээгүй ээ... Миний хүүхэд эв эрүүл сав саруул хүүхэд байсан. Миний хүү бол төрөхдөө л эмнэлэгт хэвтэж үзсэнээс ерөөсөө эмнэлэгт хэвтэж үзээгүй. Нарийн юм байдаг бол шүүгээд үз. Миний хүү эмнэлгээр өсөөгүй, бор аргаар өссөн” хэмээн ярьжээ.

 

 

Хүүхдүүдийг дотуур байрны хоолноос хордсон байж магадгүй гэсэн таамаг байгаа ч хамт байдаг бусад хүүхдүүдийн биеийн байдал хэвийн байгаа учраас гэрийн нөхцөлд юм уу, өөр орчинд хордлого авах хоол идсэн байх магадлалтай гэж үзэж байгаа бололтой.

 

Энэ бүхэн одоогоор таамаг төдий байгаа учир Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-ийн хамтарсан баг Батсүмбэр сумын сургуулийн дотуур байрны гал тогоо болон бусад газраас дээж авч, шинжилгээ хийх ажлыг явуулж байна.

 

Гэхдээ талийгаачийн ээж нь дотуур байрны хоолноос хордсон гэж байна. Тэрбээр “Би дотуур байранд очиж байсан. Хүүхдээ сургууль соёлд хүргэж өгч, авч байсан. Орчин нөхцөл бол бохир. Миний хүү бүтэн сайны оройны суудлаар очсон. Тухайн өдөр хордсон бол гэж бодьё. Гэвч нэг дэх өдөр зүгээр байж байгаад өглөөний цайгаа уугаад, өдрийн цайгаа уучихаад тэрнээс хойш болсон учир би бол дотуур байрны хоолноос болсон гэж бодож байгаа. Миний хүүхдүүдээс өөр хүүхэд хордсон үгүйг би мэдэхгүй. Мэргэжлийн хяналтын байгууллага тэрийг тогтоогоосой гэж бодож байгаа. Энэ миний амьдралаар зогсоосой. Дахиж олон айлын хүүхдийг битгий үгүй хийгээсэй гэсэн үндэснээс хэлж байна” гэсэн байна.

www.24tsag.mn