Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өчигдөр хуралдаж  Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.  НҮБ-аас 2013 онд гаргасан кибер аюулгүй байдлыг хангах зөвлөмжийн дагуу Засгийн газар тогтоол гаргасан. Энэ тогтоолын дагуу ЗХЖШ Кибер аюулгүй байдлыг хангах төв байгуулжээ. Цаашид улсын кибер орон зайг хамгаалах үүднээс Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Хуулийн төслийг Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчтай зөвлөлдсөн, дэмжиж байгаа гэдгийг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд тодотголоо. Төсөлтэй холбоотойгоор гишүүд байр сууриа илэрхийллээ.

 

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

 

-Хуурай зам, далай тэнгис, сансрын гээд тав дахь нь кибер орон зай үүслээ. Үнэхээр XXI зуунд улс төр, эдийн засаг, нийгмийн бүхий л үйл явдал энэ орон зайд өрнөж байна. Тиймээс дэлхийн улс орнууд армийг бүрдүүлж, түүндээ анхаарал тавьдаг болсон. Өнөөдөр Монгол Улсад кибер аюулгүй байдлын түвшин хүнд байгаа нь судалгаан дээр гарч байна. Тиймээс кибер орон зайгаа хамгаалах эрх зүйн үндсийг бий болгох хэрэгтэй. Энэ ачааг Монгол Улсын зэвсэгт хүчин үүрэх ёстой.

 

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд:

 

-Өнөөдөр кибер орон зайд маш хөнөөлтэй мөргөлдөөнүүд гарч байгаа. Гэтэл манай улсын кибер орон зайн хамгаалалт, тэндээс ирсэн ямар нэгэн халдлага довтолгоонд эсрэг үйлчлэл үзүүлэх чадамжийн хэмжээ дэлхийн хөгжлийн хэмжээнээс 15-20 жил хоцорсон байна гэв. Ийнхүү байнгын хорооны гишүүдийн олонхи хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм. 

 

 Үргэлжлүүлэн  “Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээ”-г соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв.

 

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:

 

-Гэрээ байгуулахаар 2007 оноос ажиллаж эхэлсэн. 2019 оны зургадугаар сард гэрээний төслийг Хууль зүйн болон Аюулгүй байдлын байнгын хороонд урьдчилан танилцуулаад, үзэглэх зөвшөөрөл авсан. Үүний дараа 2019 оны долдугаар сард Нийгмийн аюулгүй байдлын сайд Монгол Улсад айлчлах үеэр энэ гэрээнд эцэслэж гарын үсэг зурсан. Өнөөдрийн байдлаар тус улсын нэг иргэн манай улсад ял эдэлж байгаа. Харин манай улсаас тэнд ял эдэлсэн, шийтгүүлсэн тохиолдол гараагүй байна. Вьетнам улсад Монгол Улсын 71 иргэн оршин сууж, 40 орчим иргэн суралцдаг гэсэн тооцоо байгаа гэв. Байнгын хорооны гишүүдийн олонхи нь дэмжиж,  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

 

Дараагийн нэг хэлэлцсэн асуудал нь Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл байв.     Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцуулсан. Тэрээр Бүгд Найрамдах Чех Улсад 8813 монгол иргэн амьдарч, сурч хөдөлмөрлөж байна. Тус улсын мэдээллээр монгол иргэдийн 65 орчим хувь нь тус улсад 5-25 жил амьдарч, оршин суух эрх авсан байна. Гадаад харилцааны сайд Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд Прага хотноо “Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурж энэ хэлэлцээрийг албан ёсоор баталгаажуулаад байгааг онцоллоо. Ингээд Чех Улс хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн юм.

 

 

Т.Сайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин