Т.Амартүвшин

Дэлхий нийтийг түгшээсэн “Ковид-19” өвчний халдвар манай улсын эрүүл мэндийн  төдийгүй, эдийн засаг, нийгэм, боловсролын салбарын үйл ажиллагаа, иргэдийн хөдөлмөрлөх эрхийг хязгаарлалаа. Жил гаруй хугацаанд үргэлжилж буй цар тахлын халдвар, хөл хорио ард түмнийг туйлдуулж байна. Нийгэмд шийдлээ хүлээсэн олон асуудал бий боллоо. 

Жишээ нь, ковидын халдварын улмаас боловсролын салбар хоёр жил дамнан сул зогсож, хүүхэд, залуус нийтээрээ сурч, хүмүүжих боломж нь хумигдаж, хичээлийн хоцрогдол бий болов. 
“Хичээл сургалтын үр дүн талаас нь харахад хариуцлага, орчин, технологийн ялгаатай байдлаас хамаарч цаашид сурлагын хоцрогдол бий болох нөхцөл үүсэж байна. Сургалтын орчин, хэрэглэгдэхүүн, суралцагчийн оролцоонд суурилсан суралцахуйг хөгжүүлэх шийдэлд тууштай санал нэгдэхгүй бол хурдтай гүнзгийрсээр байгаа баян, хоосны ялгаа улам нэмэгдэнэ” хэмээн доктор Б.Насанбаяр онцолжээ.

Үнэхээр ч мэдээлэл, харилцаа холбоо тааруу орон нутаг, хөдөөд амьдарч буй хүүхдүүд цахим хичээлээ үзэх, хамрагдах боломж хомс. Боловсролыг тэгш, хүртээмжтэй авах боломжгүй айл өрхийн хүүхдүүд Улаанбаатарт ч олон. 
Хорио цээрийн дэглэм, ажилгүйдэл хүчирхийллийн гэмт хэргийг гаарууллаа. Охид, эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн гэмт хэргийн тухай мэдээ өдөр бүр хэвлэлийн хуудаснаас унших болов. Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 2021 оны эхний гурван сарын байдлаар 388 бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 39 хувиар өсжээ. Цар тахалтай холбоотойгоор 100 мянга гаруй иргэн ажлын байргүй болсон гэх судалгааг Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимаас гаргаад байна. Ажилгүйдлээс улбаалж, иргэд өдөр тутмын хэрэглээний хүнсээ ч авч чадахгүйд хүрэв. 
 

Цар тахлаар 33 мянган хүн өвдөж, өчигдрийн байдлаар 102 хүн нас баржээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хүн амын нэг хувь, Улаанбаатар хотын 100 хүн тутмын хоёр нь халдвар авав. Өдөр бүр бурхны оронд очиж буй хүмүүсийн тоо нэмэгдсээр. Асуудал ийн гүнзгийрч, сэтгэл эмзэглүүлж байна. Гэвч эрүүл мэнд, боловсролын салбарын үйл ажиллагаа, ажилгүйдэл, иргэдийн амьдралын түвшин ноцтой хэмжээнд хүрч байхад Монголын парламент дахь эмэгтэйчүүд нүдэн балай, чихэн дүлий сууцгааж байна. Тэд хаачив. Охид, эмэгтэйчүүд 1000-аар тоологдох хэмжээнд хүчирхийллийн золиос болсон талаар мэдээлэл гарч байхад эмэгтэй гишүүд яагаад чимээгүй байна вэ. Хүний эрхийн үндэсний комиссын 2020 оны тайланд дурдсанаар төрийн захиргааны алба хаагчдын гурван хүн тутмын нэг нь бэлгийн хүчирхийлэлд өртдөг гэсэн судалгаа гарчээ. УИХ-д энэ тайланг хүргүүлсэн бөгөөд түүнийг шагайж үзсэн, судалсан эмэгтэй гишүүн байна уу. Төрийн захиргааны алба хаагчдын гурван хүн тутмын нэг нь бэлгийн хүчирхийлэлд өртдөг гэдэг нь ноцтой асуудал. Орхигдуулж болохгүй. Асуудлыг шийдвэрлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх хэрэгтэй байна. Үүнийг харж, мэдэрч буй эмэгтэй гишүүн байна уу. 
Эмэгтэй гишүүдийг олон нийтийн өмнө гарч байр сууриа илэрхийлж, “попор” гэж байгаа юм биш. Нийгэмд тулгамдаж буй дээрх олон асуудлыг шийдвэрлэх гарц гаргалгаа, оновчтой бодлого, эрх зүйн орчинг бий болгооч гэдгийг сануулж байна. Ард түмэн асуудлаа шийдүүлэхийн тулд эмэгтэйчүүдийг төрд төлөөллөө болгосон. Монголын парламент дахь эмэгтэйчүүдийн тоо цөөдөөгүй. Үе үеийн УИХ дахь эмэгтэйчүүдийн тоотой харьцуулахад одоогийн парламент дахь бүсгүйчүүдийн төлөөлөл хамгийн өндөр. Тодруулбал, 1992 оны сонгуулиар гурван эмэгтэй, 1996 онд найм, 2000 онд ес, 2004 онд тав, 2008 онд гуравхан эмэгтэй гишүүн хууль тогтоох байгууллагад сонгогдож байв. 
Ийм учраас “Улс төр дэх эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлье”, “Жендэрийн эрх тэгш байдлыг хангая”, “Эмэгтэйчүүдийн хатан ухаан төрд хэрэгтэй”, “Боловсрол, эрүүл мэндийн салбарыг эрчүүд орхигдуулж байна. Эмэгтэйчүүд л анхаарал хандуулна”, “Эмэгтэйчүүд улстөрждөггүй”, “Эмэгтэйчүүд авлигаас ангид байдаг” гэдэг дуу хоолой хүчтэй өрнөсөн. 

Үүний хүчинд 2011 онд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн гучдугаар зүйлийн 30.2-т “Нам, эвслээс нэр дэвшиж байгаа нийт нэр дэвшигчийн 20-оос доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байна” гэж өөрчлөлт оруулсан. Өөрөөр хэлбэл, улс төрийн намууд нэр дэвшигчдийнхээ 20 хувь буюу 15-аас доошгүй тооны эмэгтэй нэр дэвшигчтэй байхаар хуульчилсан. Энэ өөрчлөлт 2012 оны сонгуулиар хэрэгжиж эхэлсэн бөгөөд үр дүнд нь УИХ-д 11 эмэгтэй сонгогдож байлаа. УИХ-ын 2016 оны сонгуулиар 13, 2020 оны сонгуулиар мөн тооны эмэгтэй парламентын босго алхсан. Тодруулбал, Д.Сарангэрэл, Б.Саран­чимэг, С.Одонтуяа, М.Оюунчимэг, А.Адъяасүрэн, П.Анужин, Б.Баяр­сайхан, Х.Булгантуяа, Б.Жаргалмаа, Ч.Ундрам, Г.Мөнхцэцэг, Ц.Мөнхцэцэг, Д.Өнөрболор нар УИХ-ын гишүүнээр одоо ажиллаж байна. Тэднээс Д.Сарангэрэл, Б.Саранчимэг С.Одонтуяа, М.Оюунчимэг, Г.Мөнхцэцэг нар хоёр дахь удаагаа сонгогдож, туршлагатай парламентч болцгоосон. 
 

Эмэгтэйчүүдийн төрд төлөөлөх тоо нэмэгдсэн ч тоогдохоор ажил хийхгүй байгаад шүүмжлэлтэй хандах ёстой. Эмэгтэйчүүд нийгэмд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, эрх зүйн орчинг бий болгохын төлөө ажиллах бус улстөрждөг, намын даалгавраар дуугарах тохиолдол ч байна. Засгийн газар, УИХ сонгууль угтаж, улсын хөгжил бус улс төрийн ашиг хонжооны төлөө баахан бужигналаа. Ийм үед нийгэмд тулгамдаж буй асуудлыг эмэгтэйчүүд соргогоор харж, анхаарах ёстой байлаа. Гэвч тэгсэнгүй. Өнгөрсөн оны намрын чуулган, энэ хаврын чуулганаар эмэгтэй гишүүд бие даан санаачилсан хэчнээн хуулийн төсөл өргөн барив. Гарын таван хуруунд багтахаар шүү дээ. 
Шулуухан хэлэхэд, манай эмэг­тэй­чүүд уул уурхайн баялгийн менеж­мент, улсын хөгжлийн томоо­хон бодлогод гар бие оролцож, бод­лого тодорхойлж байгаа гэвэл, үгүй. Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэт гээд стратегийн том орд, баялгийн менежментийн бодлогод эмэгтэй­чүүдээс хэн нь манлайлан оролцсон юм бэ. Гэхдээ тэгэхийг эрчүүд нь, нийгэм ч шаардаагүй. Тиймээс өөрт ойрхон, шийдвэрлэж чадах асуудлаа барьж авч хийгээсэй гэж тэднээс хүсэж байгаа юм. 
 

Парламент дахь эмэгтэйчүүд улс орны хөгжлийн төлөө хүчтэй дуу хоолойгоо хүргэж, ард түмний итгэлийг дааж чадахгүй бол дараа, дараагийн үеийн эмэгтэйчүүд улс төрд орж ирэхэд “чөдөр тушаа” болно шүү. Улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо улам бүдгэрнэ. Одоо улс төрд байгаа эмэгтэйчүүд ямар манлайлал үзүүлж, улсын хөгжилд хувь нэмэр оруулна тэр хэмжээгээр ирээдүйд эмэгтэйчүүдийн улс төрийн орон зай нээгдэх учиртай юм.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН