“Өдрийн сонин” хэдэн жилийн өмнө нь “Араасаа залгах хойч үегүй ардчилсан холбооны өвгөд өөрсдөөрөө дуусах уу” гэж бичиж байсан. Тэгвэл бид бүхний хэлсэнчлэн Ардчилсан холбооны өвгөд ардчиллаа өөрсдөө боомилж улс төрийн тавцангаас бүрмөсөн арчигдах дээрээ туллаа.

Тэртээ ерэн оны цагаан морин жил өөрсдөө хүсч тэмцэж Монгол оронд ардчилал, эрх чөлөөг бий болгосон. Улмаар Ардчилсан холбоог байгуулан одоогийн АН-ын үндсэн дэвсгэр суурийг түүхийн тавцанд бүтээн босгосон. Гэвч аливаа зүйл цагийн жамаар шинэчлэгдэн хөгжиж, нам эвсэл, төрийн болон төрийн бус байгууллага аль ч шатандаа шинэ залуу боловсон хүчнээр цус сэлбэж, шинэ бодлого зорилтоор цааш явдаг.

Харин АН-ыг сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд өнөө л анх байгуулсан Ардчилсан холбооны өвгөд ээлж дараалан удирдаж, яг л хувийн компани шигээ өөрсдийнхөө нэр төр, улс төрийн карьер албан тушаалын индэр, илд бамбай болгож ирсэн. Өөр хүмүүс, шинэ залуу боловсон хүчнүүд хүч түрэн орж ирэх, шинэ бодлого, улс төрийн реформ хийх ямар ч боломжгүй болгож, өөрийн фракцын гэх аялдан дагагчдаар хүрээлүүлэн өөрсдөө төрийн сэнтийд заларч, ёстой нэг дур зоргоороо явж ирсэн. Эцэст нь Ардчилсан нам гэж ямар инээдтэй, ямар эмгэнэлтэй, ямар ч хүч чадалгүй, итгэл үнэмшилгүй, үхээнц дорой, зүгээр нэрнээс цаашгүй нам болсныг монголчууд бид одоо харж байна. Ардчилсан нам, улс төрийн тавцанд хэзээ ч ялалт байгуулдаггүй мөртлөө эрх баригч Монгол ардын намыг ардчилалтай юм шиг харагдуулдаг, гол өрсөлдөгч нь мэтээр ойлгуулдаг ийм л үүрэгтэй болж дуусах нь.

Яг л Орос, Хятад хоёр шиг улс төрийн дарангуйллын систем Монголд тогтлоо. Үүнд эцэс сүүлд нь Ардчилсан нам өөрөө ихээхэн үүрэг гүйцэтгэх хандлагатай боллоо. Оросын Нэгдсэн нам, Хятадын Коммунист намууд улс төрийн сонгуульд дан ганцаараа өрсөлддөггүйг бид мэднэ. Хажуудаа өчнөөн олон намтай, олон улсын судлаач, шинжээч, стратегийнхны харж байгаагаар олон намын өрсөлдөөн явж, дотооддоо ардчилсан маягийн харагддаг ч ачир дээрээ бусад улс төрийн нам хүчнүүд нь ямар ч амьгүй, зүгээр л өрсөлдөгч мэтээр харагдах улс төрийн хий хоосон жүжиг байдаг. Тэдэнд ялах боломж бололцоо, улс төрийн хууль дүрэм байдаггүй. Тиймдээ сонгууль бүрт Путины Нэгдсэн орос нам, Си Жиньпиний Хятадын Коммунист нам үнэмлэхүй олон суудлыг авч улс төрийн ноёрхлоо тогтоодог. Яг ийм бодит жишиг ардчилсан Монгол Улсад тогтох аюул нүүрлэснийг хэдхэн хоногийн өмнө болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль бататгаад өглөө.

Төрийн тэргүүнийг сонгох улс төрийн маш хариуцлагатай гол сонгуулийн өмнө ямар ямар жүжиг боллоо. Ардчиллын гол партизанууд, Ардчилсан холбооны өвгөдийн Ардчилсан намаа хагалан бутаргаж, намын гишүүд, дэмжигчдийг нэгийг нь нөгөөгөөр нь үзэн ядуулж өширхүүлэх, хооронд нь зориудаар гэж хэлж болохоор үймээн дэгдээж турхируулах, өс хонзон тогтоосон. Үүнд Ардчилсан намын нэрээр парламентад сонгогдсон Их хурлын гишүүд нь хүртэл өлсгөлөн зарлаж өөрийн үзэл бодол гэхээсээ илүү Ардчилсан холбооны аль нэг өвгөнийхөө албан тушаал, эрх мэдлийн төлөө тэмцсэн. Эцэс сүүлдээ төв талбай дээр зодоон цохиондоо хүрч олон түмний өмнө шившгээ дэлгэсэн биз дээ. Өвгөдийнх нь ёс зүйгүй, эрээ цээргүй энэ байдал нь Ардчилсан нам ерөөсөө л Монгол ардын намыг ардчилалтай харагдуулж цаашид сонгуульд ялуулдаг ийм эмгэнэлт байдал руу орох бэлтгэл суурь болчихлоо. Саяны Ерөнхийлөгчийн сонгууль эрх баригч МАН-ын дарга У.Хүрэлсүх ямар ч өрсөлдөгчгүй ялалт байгуулсан. Гэтэл АН-аас нэр дэвшсэн С.Эрдэнэ Хүрэлсүхтэй тохироод сонгуульд орж түүнийг ялуулсан гэх яриа сонгуулийн өмнө ч, дараа нь дуулдаж байна. Ийм байж болохгүй ээ. Хэрвээ Ардчилсан намаас нэр дэвшсэн Эрдэнэ үнэхээр л Хүрэлсүхийг ялуулах гэж улс төрийн тохироо хийж сонгуульд орсон нь үнэн бол Монголын ардчилал юу болж хувирах вэ. АН-ын 200 мянган гишүүд, ардчилал эрх чөлөөг дэмждэг мянга мянган иргэдийн үзэл бодлыг Ардчилсан холбооны өвгөд ингэж булшилж болохгүй ээ. Гурван хүн нэр дэвшихэд АН дөрөвт орлоо гэж эрх баригчид тохуурхаж сууна.

Ардчилсан холбооны өвгөчүүл арчиллын нэрээр, Ардчилсан намын нэрээр бүгд амьдралд хүрсэн. Тэд бага залуугаасаа аваад төрийн бүхий л өндөр албан тушаал, эрх мэдэлд очсон. Үндсэндээ төр засгийг удирдаж болон ямар л дээд албан тушаал байна тэр бүгдийг арчиллын лидерүүд гэх нэр бүхий нөхөд хашиж ирсэн. Ардчилсан холбооны эдгээр удирдагчид хэн бэ, хэн нь ямар ямар албан тушаал хашсан бэ гэдгийг бид бүхэн гарын таван хуруу шигээ сайн мэднэ. Эдгээр өвгөдийг нэр устай нь эргэн сануулъя. Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, Р.Гончигдорж, Д.Дорлигжав, М.Энхсайхан, Р.Амаржаргал, Да.Ганболд, Н.Алтанхуяг, С.Эрдэнэ, З.Энхболд нарын эрх мэдэлтнүүд байна. Залгуулаад С.Баярцогт, Ч.Сайханбилэг нар орно. Эд нар ардчиллын нэрээр ямар албан тушаал хашсан бэ гэвэл Цахиагийн Элбэгдорж 1992-2000 найман жил, 2004-2009 нийт 13 жил УИХ-ын гишүүн, мөн УИХ-ын дэд дарга, Монгол Улсын Ерөнхий сайдаар хоёр удаа, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр дараалан буюу найман жил, үндсэндээ төрийн өндөр дээд албанд 1992-2017 он хүртэл тасралтгүй явсан. Ерөнхий сайд, Ерөнхийлөгчөөр нийтдээ 11 жил ажилласан. Эрдэнийн Бат-Үүл 1990-1992 онд АИХ-ын депутат, 1996, 2004, 2008 онуудад УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдож 12 жил ажилласан. 2012-2016 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажилласан. Монгол Улсын баатар цолоор шагнуулсан. Раднаасүмбэрэлийн Гончигдорж 1990-1992 онд БНМАУ-ын Бага хурлын дарга, 1996-2000 онд УИХ-ын дарга, 2004, 2008, 2012 онуудад УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд даргаар ажилласан. Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт. Ринченнямын Амаржаргал 1996, 2004, 2008, 2012 онуудад тус бүр УИХ-ын гишүүнээр сонгогдож нийт 16 жил ажилласан. Монгол Улсын 21 дэх Ерөнхий сайд. Мөн Монгол Улсын Засгийн газрын гишүүн Гадаад хэргийн сайдаар ажилласан. Мэндсайханы Энхсайхан 1992-2000, 2004-2008 онд нийтдээ 12 жил УИХ-ын гишүүээр ажилласан. Монгол Улсын 18 дахь Ерөнхий сайд байсан П.Очирбатын үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, 2006-2008 онд Монгол Улсын Шадар сайд, 2012 онд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирал, 2014 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газарт Таван толгой, Оюу толгой зэрэг том төслүүдийг хариуцсан Монгол Улсын сайдаар ажилласан.

Дамбийн Дорлигжав нь Д.Бямбасүрэнгийн Засгийн газарт Шадар сайд, дараа нь Монгол Улсын Батлан хамгаалахын сайд, мөн Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал, Монгол Улсын Ерөнхий прокурор, Засгийн газрын гишүүн Хууль зүйн сайд, Ц.Элбэгдоржийн үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажилласан, Монгол Улсын гавьяат хуульч цолоор шагнуулсан.

Даваадоржийн Ганболд ардчилсан сонгуулиар байгуулагдсан Засгийн газар буюу Д.Бямбасүрэнгийн Засгийн газрын Тэргүүн шадар сайд, 1992-2000 он хүртэлх найман жилд УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга, энэ үедээ Ерөнхий сайдад долоон удаа нэр дэвшиж байсан. 2004 оноос Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төмөр замын газрын дарга, Нийслийн Засаг даргын орлогч, 2013 оноос Оюу толгой компанийн ТУЗ-ийн гишүүн, улмаар төрийн өмчит “Эрдэнэс Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирлаар ажилласан.

Норовын Алтанхуяг 1996-2000, 2004-2016, мөн 2020 оноос өнөөг хүртэл УИХ-ын гишүүнээр тасралтгүй ажиллаж байна. Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд. 1998 онд Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайдаар, 2004 онд Сангийн сайдаар, 2008-2012 онд Монгол Улсын Тэргүүн шадар сайдаар ажилласан. Содномзундуйн Эрдэнэ 2004-2008 онд Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга, 2008-2000 он хүртэл УИХ-ын гишүүнээр гурван удаа дараалан сонгогдсон. Монгол Улсын Засгийн газрын гишүүн Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар Н.Алтанхуяг болон, Ч.Сайханбилэгийн Засгийн газарт дараалан ажилласан. 2017-2021 он хүртэл Ардчилсан намын даргаар ажилласан. Зандаахүүгийн Энхболд 2004-2016 он хүртэл УИХ-ын гишүүнээр ажилласан. 2012-2016 онд УИХ-ын дарга, Төрийн өмчийн хорооны даргаар хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байсан. Сангажавын Баярцогт 1990-1992 онд Улсын бага хурлын гишүүн, АИХ-ын депутат, 1996, 2004, 2004, 2012 онуудад УИХ-д дөрвөн сонгогдон ажилласан. 1998 онд Засгийн газрын гишүүн Байгаль орчны сайдаар, 2004-2006 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар, 2008 оноос Сангийн сайдаар, 2012 оноос УИХ-ын дэд даргаар ажилласан. Чимэдийн Сайханбилэг 1996, 2008, 2012 онуудад УИХ-ын гишүүнээр сонгогдсон. 1998 оноос Засгийн газрын гишүүн Гэгээрлийн сайдаар, 2004-2008 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын дарга, мөн Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга, 2012 оноос Монгол Улсын сайд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, 2014 оноос Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдаар томилогдон ажилласан.

Энэхүү намтар түүхээс харахад ардчиллын гол партизанууд, АН-ын үе дамжуулан удирдаж ирсэн нөхөд Монгол Улсын Ерөнхий сайд, Ерөнхийлөгч гээд төрийн бүх дээд албан тушаалыг хашжээ. Гавьяатаас аваад Улсын баатар, Чингисийн одон гээд бүх дээд шагналыг нь хүртжээ. Та бүхэн амьдрал дээр санаа зовохооргүй болсон байна. Хүмүүсийн ярьж, бичиж байгаачлан өөрсдөө бүү хэл хэдэн үеэрээ ч идээд барахааргүй их хөрөнгөтэй болоо биз. Төрийн энэ өндөр албан тушаалыг ардчиллын нэрээр, АН-ын нэр дээрээс ээлж дараалан сонгогдож хашчихаад өнөөдөр Ардчилсан намаа ийм үхээнц, амьгүй нам болгочихоод байж байгаа чинь ямар учиртай юм бэ. Ардчилсан нам ийм эмгэлтэй байдалд орсонд ардчилсан үзэл санааг дэмжиж, улс ороноо арчилсан байлгах гэж, ардчиллын замаар явбал амьдрал маань баталгаатай байх болов уу итгэж найдсан энэ олон дэмжигчид, жирийн ард иргэд чинь одоо яах вэ. Ардчилсан нам, ардчилсан үзэл санаа ингэж айхавтар унаж гудамжинд гарсанд иргэд дэмжигчид чинь буруугүй. Ер нь ардчиллын дэмждэг хүмүүс эхнээсээ ямар зам туулсан билээ. Социализмын үед ардчилсан нам холбоог дэмждэг байснаараа, үзэл бодлынхоо төлөө айхавтар хавчигддаг, дарамт шахалт үзэж, үнэндээ өөдөө нар харалгүй явж ирсэн.

Ийнхүү эхнээсээ хавчигдаж гадуурхагдаж, эхэн үедээ ажил төрлөөсөө хөөгдөж, нийгэмдээ нүд үзүүрлэгдэж явсан хүмүүс одоо ч гундуухан л байна. “Ардчиллыг дэмждэг” гэх мөнхийн хар тамгатай, эрх чөлөө шударга үнэний төлөө явснаараа гадуурхагдаж ад үзэгдэнэ. “Ардчилсан холбооны алтан хараацай гэх цөөн хэдэн нөхөд улс төрийн замаар хагартлаа баяжиж, тэдний дэвсгэр суурь итгэл үнэмшил нь болж явсан партизанууд ихэнх нь архинд ороод үхсэн” гэх яриа байдаг нь цаанаа ийм учиртай. Тэгэхээр Ардчилсан холбооны өвгөд та нар одоо бүгд боль. Улс төрд нэг нь ч гар хутгалдах эрхгүй болцгоосон. Х.Баттулга Ерөнхийлөгчөөс буугаад улс төрд эргэн орно гэж байгаа бол одоо боль. Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл та нар зайгаа тавиад өг. С.Эрдэнэ одоо зайлж үз. Энэ намыг шороо тоостой хутгаж ханалаа, эцэст нь эрх баригч МАН-ынхны дохио зангаагаар хөдөлж байгаа бол ардчилал чинь устлаа. Н.Алтанхуяг дарга минь одоо боль оо. Ямар ханаж цаддаггүй эрх мэдэл, өс хонзон бэ. Женко Баттулга, Элбэгдорж, Гончигдорж, Алтанхуяг гээд бүгд Лу.Болд шиг нэг нэг нам байгуулаад явбал Монголын ардчилал бүрмөсөн устаж, Монгол Улсад нэг намын дарангуйлал бүрэн утгаараа тогтоно. Та хэд ерэн онд Комминуст намтай тэмцэж байсан шигээ яг тийм байдлыг Монголд дахин бий болголоо. Ардчилсан намыг арай тамтагтай байгаа дээр Ардчилсан холбооны өвгөд минь зайгаа тавьж өгөх цаг нь иржээ. Та нарт ардчилал ач буянаа хангалттай өгсөн. Тэгвэл одоо та нар энэ намыг дараагийн залуучуудад нь үлдээ. Аливаа юманд ач буян санана гэж нэг юм бий. Одоо та бүхэн хөдөө гарч мод тарьж дурсамжаа бичэх цаг ирсэн гэдгийг ухаарч байна уу. Араасаа залгасан болгоноо залгисан ардчилсан холбооны өвгөд далд ормоор юм гэж гишүүд дэмжигчид чинь үгээ барьж байна. Ингэж ад үзэгдэн зууралдах хэрэггүй, зүгээр л зайгаа тавьж өг. Мөнхөд эзэн сууна, бүх насаараа дарга хийх гэсэн тамын бодлоосоо одоо бүгд салах хэрэгтэй.

Д.БАТБОЛД