Монголд шударга ёсноос “их” юм алга. Хамгийн эрхэм дээд шүтээн нь шударга ёс. Учир нь манай улстөрийн намууд, улстөрчид (бас иргэний нийгмийнхэн) эрх мэдэлд хүрэхээсээ өмнө, хүрсэн хойноо ч шударга ёсны тухай ярьдаг.

“Шударга юм гэж байхгүй боллоо”, “Шударга ёс бол ус агаар”, “Шударга  ёсгүйгээр улс нийгэм урагшаа явахгүй”, “Шударга ёс байхгүй учраас та нар ядуу амьдарч байгаа юм”  гэж ирээд л ам уралдан шударга ёсыг магтан дуулцгаадаг. Ёстой л өдөр шөнөгүй ярьсаар дөрвөн жилийг барна. Дараа нь гарч ирсэн эрх мэдэлтнүүд ч өмнөх дөрвөн жилд шударга ёсыг шороотой хутгаж хаясанд харамсахын дээдээр харамсч байгаагаа “өнгөт”-өөр халаглаж илэрхийлнэ. Мөн л “Ард түмэн шударга ёсыг  хүсч байна”,  “Би, бид л шударга ёсыг тогтооно” хэмээн уянгалуулна. Тэдний халааг авах ирээдүйн эрх баригчид ч мөнөөх л гарт баригдаж, нүдэнд харагдаж өгдөггүй шударга ёсыг “шүтэн” байж гарч ирэх нь дэндүү ойлгомжтой тавилан. Улмаар манай улстөрийн логик ёсоор өмнөх эрх мэдэлтнүүдийн шударга бус ажиллаж байсныг амаа олохгүй шүүмжилнэ. Ийм л цикл Монголыг энэ олон жил өөд нь гаргасангүй. 

 

Шударга ёсны төлөө цээжээ дэлдэж, амь насаа “золин” байж тэмцэж явсан зарим нь баяжаад, нийгэм нийтийн амьдрал уруудаж ирсэн нь бодит үнэн. Үүнийг л засах шаардлагатай болоод байна. Энэ ойлгомжгүй оньсого мэт үр дагаврын учрыг олмоор байна. Өнөөдөр ч гэсэн Сүхбаатарын талбайд үе үе жагсаал цуглаан хийж, суулт зарлаж байгаа нөхдүүд бүгдээрээ л шударга ёсны “төлөө” нулимсаа дуслуулж, нэхэж шаардаж байгаа биз дээ? Тэдний амыг ямар үйлдлээр хаах вэ, яавал сэтгэл нь ханах вэ, шударга ёс гэж яг юу юм бэ гэдэгт хариулт өгөх шаардлага иржээ. Нэг нь олны тусын тулд сайхан сэтгэлээр бус өөрийнхөө төлөө талбайд гарсан гэдгээ их “шударгаар” зарлачихлаа.

 

Шударга  ёс нэг талаас хариуцлага. Гэтэл асуудалд орсон албан тушаалтан хариуцлага хүлээсэн тохиолдол хэр олон бэ? Ингээд бодохоор шударга  ёс нь улстөрчдийн  хамгийн хэлэх дуртай үг, трэнд болсноос хэтэрсэнгүй. 30 гаруй жилийн турш л шударга ёс гэж залхтал чалчлаа шүү дээ.

Эгэл жирийн төрийн албан хаагч ажлаасаа хусагдах нь хэнд ч падлийгүй. Тэр хүн цаашаа юу хийж, яаж амьдрах нь төрд, хэн нэгэн даргад хамаагүй. Харин албан тушаалтан огцорлоо гэхэд дараагийн мест нь хүлээж байдаг. Хэчнээн сүр дуулиан болж “зайлууллаа” ч дор хаяж ямар суудалд залж буйг би бүгдээрээ л харж байгаа.

Жирийн иргэний хэргийг хууль даанч амархан шийднэ. Харин албан тушаалтнууд нэгнийхээ идэж уусныг баримттай, баримтгүй дэлгэж, тэр ч байтугай ямар бүлэглэлд (мафи) харьяалагдаж  хууль бус юу хийж байсныг нь зарласан бол өөр. Нэг намынхан хүртэл УИХ-ын чуулганы хуралдааны танхим дотор бие биенээ луйварчин дээрэмчин хэмээн цоллож байсныг монголчууд бүгд харсан. Өнөөдөр ч гэсэн нэгэн шударга нь “дэндсэн” экс дарга “Би бол шударгын туйл хүн. Харин та нар хулгайч луйварчин” гэж өдөр бүр шахам өндөр дуугаар эрх баригчдыг чичилнэ.  “Чи өөрөө цэвэр ариухан амьтан биш шүү” гэж нөгөөдүүл нь хариу барих нь инээдэмтэй юм шиг, эмгэнэлтэй ч юм шиг. Даанч иймэрхүү асуудлын учиг хэрүүл зодооноос хэтрэхгүй л дээ. Яагаад гэвэл манай нийгэмд шударга ёс хараахан тогтоогүй байна. Шударга ёс гэдгийг ядаж улсын өмч хөрөнгөнөөс, татвар төлөгчдийн мөнгөнөөс, нийтийн баялагаас хумсалдаггүй хүнийг хэлнэ гэдэг хэмжүүрээр бол тэр шүү дээ.

 

 

Сонгууль болгоноор “Та ямар хүнийг, намыг ялаасай гэж бодож байна вэ” гэж  сэтгүүлч бүхэн асуудаг. “Хамгийн ёс зүйтэй, шударга хүн л гараасай” гэж хариулдаггүй ганц ч хүн байхгүй. Тэгээд бодохоор сонгогчид “Шударга ёс тогтсон цагт амьдрал дээшилнэ. Шударга хүн нь л шударга ёсыг байгуулна” гэдэг ганцхан гол шалгуурыг итгэл үнэмшлээ болгоод уджээ.

 

 

 

Үүнийгээ сонгууль болгоноор нэхдэг, хийсэн сонголтдоо харамсдаг гээд бодохоор сүүлийн 30 гаруй жилд улстөрчид шударга байж чадаагүй болж таарлаа.

Уг нь нийгмийн болж бүтэхгүй байгаа бүхэн шударга ёс хэрхэн алдагдсаны илрэл нь үнэн. Гэхдээ үүнийг засч залруулахын төлөө үе үеийн шийдвэр гаргагчид дорвитой ажил хийгээгүйг Монголын нийгмийн  байж байгаа царай, монголчуудын амьдрал харуулж байна. Авлига, албан тушаалын лообий, бохир хуйвалдаан, урвалт шарвалт, гүтгэлэг, хэлмэгдүүлэлт, хүний эрх зөрчигдөх хэрэг, хуулийнхны хуудуутай ажиллагаа өнгөрсөн жилүүдэд буурсан уу? Худлаа!

 

 

Гэр хорооллын нөхцөл байдал, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, сургууль цэцэрлэгийн хүртээмж, цалин тэтгэвэр, утааны хэрүүл, бусад нийгмийн асуудал сайжирсан уу?  Тийм гэхэд бас л хэцүү! Улс орны хөгжлийг хойш нь чангаагч эдгээр сөрөг үзэгдлүүд төрд шударга ёс алдагдсаны шууд тусгал шүү дээ. Энэ бүгдийг шийдээгүй цагт юу ч өөрчлөгдөхгүй, бахь байдагтаа л  үлдэнэ.

 

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шударга ёс тогтоохын тулд авлигатай хатуу  тэмцэж, оноох шийтгэлийг нь чангаруулна” гэлээ. Ял нь хөнгөдөөд авлига аваад байна гэдэг логик байгаа биз? Гэхдээ авлигын гэмт хэргийн ял хүнд, хөнгөндөө гол нь биш авлига авах зан суртахуунгүй, өндөр ёс зүйтэй, улс, түмний төлөө жинхэнэ үнэнчээр зүтгэж чадах хүнийг зохих албан тушаалд томилж чадахгүй явж ирсэнд буруу нь байгаа санагдана. Эх орон, ард олныхоо төлөө гэсэн шударга хүнийг олж шалгаруулах нь тийм хэцүү гэж үү? Угаасаа мөнгөтэй нь, намд үйлчилсэн нь дарга сайд болдог гаж тогтолцоог эвдээгүй цагт шударга ёс зүгээр л хоосон мөрөөдөл төдий юм. Нэг суудлаас нөгөө суудал руу гулссаар...   

 

Шударга ёс гэдэг эрхэм дээд чанарыг  эрх мэдэлд хүрэх хэрэглүүр, ард олонд таалагдах үг болгож ашиглаж байгаа цагт байдал хэзээ ч өөрчлөгдөхгүй. Хамгийн харамсалтай нь ийм цаг үеийн хохирогч нь ердөө Монгол Улс, Монголын ард түмэн. Ийм учраас л “Тусалж чадахгүй ч сэтгэл нь сайхан юм даа” гэдэг шигээ “Шударга ёсны талаар ярьж байгаа нь их юм” гэж уужуу сэтгэлээр хүлээцтэй сонсч суусаар цаг хугацааг алдмааргүй байна. 

Эртний Грекийн гүн ухаантан Аристотелийн “Улс төрийн мөн чанар гэдэг нь нэгдүгээрт, улс гэрт хүмүүсийн хамтын амьдралыг хамгийн нийцтэй байдлаар зохион байгуулах мэдлэг, шинжлэх ухаан мөн. Хоёрдугаарт, төрийг удирдах урлаг, чадвар юм. Улс төрийн зорилго нь ард иргэдээ шударга, ёс суртахуунтай амьдруулахын тулд дээд зэргийн ёс зүйн хүмүүжил олгоход оршино. Өөрөөр хэлбэл, улс төрийн зорилго нь шударга ёс буюу нийтийн сайн сайхан байдал юм” хэмээх сургаалийн үнэ цэнэ одоо ч хэвээр байна. Нийгмийн сэтгэлзүйг эрүүл байлгах, ард түмнийг соён гэгээрүүлэх нь төрийн үүрэг гэсэн утгатай үг л дээ. Худал хуурмаг бүхэн ноёлож байгаа цагт ямар ч улс гүрэн тусгаар улсынхаа шинж чанарыг алдана.

Эрх мэдэлтнүүд өөрсдөө шударга байж чадахгүй байж ард түмнээс шударга ёс шаардах нь үр дүнгүй гэдгийг өнгөрсөн жилүүдийн гашуун сургамж хангалттай нотлон харууллаа. Шударга ёс гэж ярих тусам үнэ цэнээ алдаж байгаа нь л даанч харамсалтай. Үүний учрыг л олох хэрэгтэй байна. Шодоргос, шодоргос!

 

 

Д.Лхагвадорж