Хилийн цэргийн 0303 дугаар ангийн "Алтан шонхор" клубийн багш дасгалжуулагч, олон улсын хэмжээний мастер Н.Цацралттай ярилцлаа.


-Сар шинийн барилдааны дараа түрүү бөхийн авсан шарх, хумсны сорвины талаарх шүүмж нэлээд өрнөлөө шүү дээ. Үүнд дархан аварга Н.Батсуурийг буруутгах хандлагатай байна. Ер нь манай үндэсний бөх тулааны спорт мөн үү. Хумсны сорви, шалбархай бол байх ёстой хэвийн үзэгдэл үү?

-Монгол үндэсний бөх нь XIII зуун буюу Чингис хааны үед цэргүүдийн байлдаанд зориулсан бэлтгэл сургуулилтаас үүсэлтэй гэж үздэг юм билээ. XVII зуунаас хойш үндэсний бөх гэдэг нэршилтэй болж, үүсч хөгжөөд 1921 оноос Ардын хувьсгалын баяр наадам болоод, үндэсний өв соёл хэмээн одоог хүртэл уламжлагдсан. Үндэсний бөх нь манай Монголын уламжлалт спорт ч гэсэн холимог тулааны төрөлдөө ордог. Энэ спорт өөрийн гэсэн дэг журам, уламжлалтай. Дэвжээний гаднах ёс зүйд сахилга бат, хувийн зохион байгуулалт, харилцаа хандлага, сэтгэл зүй багтдаг. Харин дэвжээн дээр хоёр хүн барилдаж байгаа бол энэ нь тэмцэлдээн шүү дээ.

Мэргэжлийн холимог тулаанаар бол хоёр хүн торон дотор ороод тулалдаж байна гэсэн үг. Хэн нэгэн нь ялж байж тэмцээн дуусна. Үүнтэй адилхан хоёр бөх дэвжээн дээр гараад 10, 20, 30 минут, эсвэл нэг цаг барилдаж болно.

Энэ хугацаанд хүний тэвчээр барагдах үед ямар ч үйлдэл гарч болно. Манай монголчуудын харах өнцөг нь Н.Батсуурь аваргыг өрсөлдөгч бөхчүүдээ мааждаг, өшиглөдөг, ямар ч жудаггүй хүн гэж шүүмжлээд байгаа шүү дээ. Гэтэл манайхан зарим зүйлийг ойлгохгүй байна. Нэгдүгээрт, бөх гэдэг тулааны спорт учраас маажих, хумсны сорви, шалбархайнууд хамгийн жижиг асуудалдаа ордог. Анх үүсэхдээ ч цэрэг дайны зориулалттай байсан шүү дээ. Хоёрдугаарт, хоёр бөх дэвжээн дээр барилдах үед янз бүрийн үйлдэл гарч болно. Зарим тулааны спортод хамрыг нь хугалсан ч тулааныг зогсоодоггүй. Гар хөлийг нь янз бүрийн байдлаар боож, нокаутад ороод унасан тохиолдолд л зогсоодог.

-Ер нь үндэсний бөх дээр ямар үйлдэл хориотой байдаг вэ?

-Үндэсний бөх дээр тухайн хоёр бөх хоорондоо барилдах буюу тэмцэлдэж буй тохиолдолд хазах, эмзэг эрхтэн рүү нь өшиглөөгүй л бол бусад нь дүрмээрээ хүлээн зөвшөөрөгддөг. Тэр бүү хэл нэгнийгээ шидэх, цохих асуудлууд ч маш их гардаг. Үндэсний бөхийн арга мэхийг чөлөөт бөхтэй уялдуулж, дэлхий дахинд хөгжиж буй UFC, мэргэжлийн, холимог тулаануудад манай залуучууд нэлээд амжилт гаргаж байгаа. Энэ нь багаасаа үндэсний бөхөөр хичээллэж, мал ахуйтайгаа ойр өссөний л ач гавьяа. Тийм учраас манай монголчууд харах өнцгөө өөрчлөх хэрэгтэй. Спортын тэмцээн бол спортын л тэмцээн байдаг. Хэн нэгэн гаднаас нь хараад шүүж болохгүй. Дэвжээн дээр ямар нэгэн байдлаар нөгөө хүнээ өвдөг шороодуулахын тулд бэлтгэлийн үеэр давтсан мэхээ л ашиглана. Үндэсний бөх бол тэмцэл дунд нэгнийгээ унагаж, ялдаг спорт. Ёс зүй гэх асуудал чинь дэвжээнээс буугаад биеэ авч явах, бусадтай харилцах юм. Дэвжээнээс буугаад хэн нэгэн хүнийг маажиж, гар хүрсэн бол ёс зүйн асуудал яригдана. Хүчирхийллийн нэг хэлбэр болно. Харин тэмцээний үеэр нэгнээ санаандгүй маажих, урах асуудал гардаг.

-Ганцхан монгол бөх дээр гардаг үйлдэл биш гэсэн үг үү?

-Тийм. Зарим олон улсын холимог тулаан дээр чихийг нь хүртэл хазсан тохиолдол бий. Бид үндэсний спортоо дараа дараагийн үедээ уламжлан үлдээхийн тулд тэмцэл гэх зүйлийг ойлгох хэрэгтэй. Тулааны спорт гэж харах ёстой. Тухайн бөх дэвжээн дээр гараад ялахын төлөө, өөрт буй бүх нөөц боломжоо шавхаж, бэлдсэн мэхээ хийж барилдана шүү дээ. Түүнээс биш хэн нэгнийг гэмтээж, маажчих вий гэх сэтгэл зүйгээр хандвал угаасаа утгагүй биз дээ. Үндэсний бөх бусад спорттойгоо адилхан. Жишээ нь, улсын харцага Б.Зоригтбаатарыг хашлаганы наад талын сандал руу түлхэж унагасан гэх шүүмж бас нэлээд явсан.

Энэ чинь тухайн барилдаан тэмцэл дунд явсаар, тэсрэлт гэдэг зүйл дээр очсоны илрэл юм шүү дээ. Түүнээс биш гудамжинд зодолдоод, нэгнээ түлхэж унагасан асуудал биш. Гэтэл манайхан яг ийм өнцгөөс харж шүүмжилдэг. Барилдааны явцад илт мэдэгдэм нүүр рүү нь маажиж, эсвэл барилдаан эхлээгүй байхад түлхэж унагаж, өшиглөж, цохиогүй бол барьц авахын тулд янз бүрийн хүчтэй үйлдэл гаргаж болно. Угаасаа манай монгол бөхийн өмсгөл бариу. Тиймээс гараа хийхэд л өмсгөл нь урагдах, хумсны сорви үлдэх боломжтой. Дэвжээн дээр маажих, маажуулах, шарх сорви, шалбархай гэдэг бол хамгийн жижиг асуудал.

-Энэ нь гэмтлийн төрөлдөө орох уу?

-Орохгүй. Үнэхээр гэмтэлдээ орохгүй шүү. Тулааны спортод нугасаараа шидүүлэх, гар хөлөө хугалах эрсдэл угаасаа байдаг. Гэхдээ энэ спортыг сонгон хичээллэж, тэмцэл дунд тэмцэл өрнүүлж буй хүмүүс нь өөрсдөө гомдол гаргаагүй байхад бусад хүн мэргэжлийн бус өнцгөөс шүүмжилж, нэгнийг нь гутаан доромжлох шаардлага байхгүй. Энэ нь эргээд маш их сөрөг үр дагавартай байдаг. Дараагийн үедээ маш буруу сэдэл өгөөд байгаа юм. Спортыг хүлээж авах сэтгэл зүйн чадваргүй болгож байна гэсэн үг.

-Яагаад зарим хүн сорви, шалбархай, маажих гэх мэт асуудал дээр төвлөрөөд байна вэ. Таны сая хэлсэнчлэн спортын сэтгэл зүйгүй учраас ийм шүүмж өрнүүлж байна уу?

-Тийм. Ерөөсөө монголчууд нийтээрээ спортын сэтгэл зүйгүй болчихсон. Нийтээрээ спортоор хичээллэж, сонирхож, хөдөлгөөн хийдэггүй. Ерөнхий боловсролын сургуулиудын биеийн тамирын багш нар нь ажилгүй болчихсон байна шүү дээ. Үүний үр дүнд нийтээрээ тулааны спортыг зөвөөр хүлээж авах тогтсон сэтгэл зүй маш султай болжээ. Ямар ч тулааны спорт төлөвшил, бэлтгэлжилт, хувийн зохион байгуулалт, сэтгэл зүйн бэлтгэлжилтийг олгоход чиглэдэг. Холимог тулаанд үндэсний бөхийн бүхий л техникийг хийж байна. Энэ бүү хэл, дээрээс нь дэвсдэг гудамжны тулааны спорт ч бий. Нүцгэн гараараа зодолддог боксын спортын төрөл ч байгаа. Энэ бүхэнд шарх, сорви үлдээж, маажлаа гэж бусад орны хүмүүс шүүмжилдэггүй биз дээ. Хэрэв ингэж шүүмжлэх юм бол тэмцээн зохиох хэрэг ч байхгүй. Өөр өөрсдийн дуртай тулааны спортын төрлийг сонгон хичээллэж буй олон залуус бий.

Үндэсний бөхийн спортоор хичээллэж буй залуучуудын хувьд бэлтгэл сургуулилтынхаа хатуу бэрхийг даван туулж, эрсдэлийг хүлээн зөвшөөрөөд дэвжээ рүү гарч байгаа. Ямар ч спорт эрсдэлгүй, амархан байдаггүй. Хэрэв амархан байсан бол ялагч тодруулах шаардлага байхгүй шүү дээ. Багаасаа бэлтгэл хийсээр явж байгаад одоогийн аварга, арслангууд төрөн гарсан. Дээр нь ямар ч спортод ах захын хүндэл гэж бий. Бүс, зэрэг, цолныхоо эрэмбээр ах нарыгаа, багшийгаа хүндэлдэг. Харин дэвжээн дээр барилдаж байх үед багш нь зөвлөгөө өгнө үү гэхээс бусад хүмүүс шүүмжлэх ямар ч эрхгүй.

 

А.Даваадулам

᠌ӨДРИЙН СОНИН