З.Энхболдын өмгөөлөгч Б.Баатарсайхан: Энэ хэрэг Монгол Улсад хүний эрх ямар түвшинд байгааг харуулсан тод жишээ боллоо
2 цагийн өмнө

УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд, Зам, тээврийн хөгжлийн сайд асан Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн гурав дахь удаагийн анхан шатны шүүх хурал өнгөрөгч сарын 17-ны өдөр болсон. Шүүхийн шийдвэрээр З.Энхболдыг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн юм. Энэ талаар түүний өмгөөлөгч Б.Баатарсайхантай ярилцлаа.
-Таны үйлчлүүлэгчид холбогдох хэрэг тав дахь жилдээ үргэлжилж,анхан шатны шүүхийн шийдвэр гарлаа. Өмгөөлөгчийн хувьд энэхүү хэрэг хуулийн дагуу явагдсан гэж үзэж байна уу?
-Шүүхийн шийдвэрийг миний үйлчлүүлэгч болон өмгөөлөгч нарын зүгээс хүлээн зөвшөөрөхгүй, тиймээс давж заалдах гомдол гаргана. Миний үйлчлүүлэгчид холбогдох энэ хэрэг бүхэлдээ Монгол Улсад хүний эрх, эрх чөлөө ямар түвшинд байгааг харуулсан тод жишээ болсон гэж үзэж байна.
Монгол Улсын Үндсэн хуульд иргэний баталгаатай эдлэх үндсэн эрх бол халдашгүй, чөлөөтэй байх эрх. Ардчилсан Монгол Улсын иргэн хүн эрх, эрх чөлөөгөө аливаа нэг айдасгүй, хөндлөнгийн зүй бус халдлага, хүчирхийлэлд өртөхөөргүйгээр хэрэгжүүлэх хууль зүйн баталгааны нэг нь иргэний халдашгүй эрх болохыг Н.Лүндэндорж багшийн Монгол Улсын Үндсэн хуулийн шинжлэх ухааны тайлбарт дурдсаныг санаж байна. Миний үйлчлүүлэгч З.Энхболдод холбогдох үйлдэл оролцоог тогтоох ажиллагааны үүсэл, эхлэл, шийдвэрлэлт бүхэлдээ Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн дагуу явагдаагүй нь иргэний халдашгүй эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж байгаа үйлдэл гэж үзэж байна.
Авлигатай тэмцэх газраас 2023 оны хоёрдугаар сарын дундуур, гуравдугаар сарын эхээр хоёр удаа З.Энхболдыг яллагдагчаар татах саналыг прокурорт гаргасан боловч прокуророос тухай бүрд нь татгалзсан хариу өгдөг байсан.Ингээд прокуророос З.Энхболыг яллагдагчаар татах үндэслэл алга гээд буцаагаад байхад долоо хоногийн дотор Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татна аа гээд Авлигатай тэмцэх газар буцаагаад прокурорт гурав дахь удаагаа оруулж ирсэн байдаг.Авлигатай тэмцэх газраас 2023 оны гуравдугаар сарын 20-ны өдөр яллагдагчаар татах гурав дахь удаагийн саналыг прокурорт өгснөөр миний үйлчлүүлэгчийг 2023 оны гуравдугаар сарын 22-ны өдөр яллагдагчаар татсан бөгөөд нэг хоногийн дараа яллагдагчаар татсан тогтоолтой танилцуулснаар энэ хэрэгт З.Энхболд албан ёсоор татагдан орсон.
-Энгийн ойлголтын түвшинд харахад ч хэргийг хурдан шалгаж, түргэн шийдэх сонирхол байсан юм бишүү гэж бодогдохоор юм?
-Нэг анхаарал татсан зүйл бол Авлигатай тэмцэх газраас ирүүлж байгаа шүүхэд шилжүүлэх саналууд буюу 2023 оны гуравдугаар сарын 30, дөрөвдүгээр сарын 5, наймдугаар сарын 21-ний өдрийн гурван удаагийн санал хоорондоо үг, үсэг, цэг, таслалын зөрүүгүй, зөвхөн хугацааг нь өөрчлөөд л прокурорт өгөөд байсан баримт хавтаст хэрэгт байгаа. Прокурор түүнийг нь чухам хянаад л, шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмаар явагдсан эсэхэд үндэслэл бүхий эргэлзээ төрж байгаа. Угтаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх шаардлагыг бүрэн хангаж гэмээнэ шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байх шаардлагыг хангах ёстой.
“Шүүгч, прокурор, мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, бусад хуулийг заалтыг чанд сахина” гэж хуульчилсан байгаа л даа. Бид өнөөдөр юунд найдах вэ гэвэл шүүхдээ л найдаж байгаа.
-Та энэ хэргийн бодит байдал тогтоогдоогүй гэж ярьж байсан. Энэ талаар тайлбарлана уу?
-Юуны өмнө миний үйлчлүүлэгч З.Энхболд гэмт хэрэг хийгээгүй. Тийм ч учраас өмгөөлөгч нарын зүгээс цагаатгах байр суурьтай байсан, цаашид ч цагаатгах байр суурийг баримтлан цагаадна гэдэгт итгэлтэй байгаа. Өмнө нь ч гэсэн шүүхээр цагаатгагдаж байсан. Ер нь аливаа зүйлийн бодит тусгал толь байдаг. Харин энэ хэргийн толь нь яллах дүгнэлт.
Хуулиар бол мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, ял тулгасан этгээд түүнийгээ нотолдог болохоос биш шүүгдэгч, өмгөөлөгч нар гэм буруугүй гэдгээ нотлох үүрэг хүлээдэггүй. Энэ бол Монгол Улсын Эрүүгийн хуулийн суурь үндсэн зарчмуудын нэг. Харин шударга шүүхээр шүүлгэх эрхтэй. Энэ эрх бол Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний баталгаатай эдлэх үндсэн эрх. Хэргийн үйл баримтыг тал бүрээс нь бүрэн тогтоох үүргээ мөрдөгч, прокурор биелүүлээгүй байхад шүүхээс ямар үйлдэлд, ямар нотлох баримтыг үнэлэн ял халдааж байгаа нь тодорхой биш байна.
-Энэ хэрэгтэй холбоотойгоор олон нийт янз бүрийн байр суурьтай байна л даа. Ирэх жилүүдэд болох сонгуультай холбоотой улс төрд нөлөө бүхий хүмүүсийг намнах гэсэн ажиллагаа гэж нэг хэсэг нь хардаж байна. Та бүхний хувьд үүнд ямар байр суурьтай байна?
-Энэ хэргийн долоон удаагийн шүүх хуралдаан олон нийтийн өмнө нээлттэй явагдсан. Ийм олон удаагийн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч нар оролцож, “З.Энхболд гэдэг хүн гэм буруугүй байна” гэдэг дүгнэлтийг удаа дараа гаргаж байсан. Энэхүү удаа дараагийн дүгнэлт бол иргэдийн үнэлэмж. Хуулиа дагаж мөрдөхгүй, дээдлэхгүй байгаа нь хардлагын шалтгаан. Гэмт хэргийн шинжгүй, хэргийн үйл баримт, нотлох баримт байхгүй байхад хэрэгт татан оролцуулаад, ял өгөөд байхаар өөрийн эрхгүй бидэнд ч хардлага төрж байгаа.
2020 онд З.Энхболд гэдэг хүн “Страто” гэдэг компанитай хамааралгүй болохыг тогтоосон прокурорын шийдвэр өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа.Өмнөх шүүх хурлуудад “Улс төрд нөлөө бүхий этгээдийн хамаарал бүхий компанийн эрх ашгийн үүднээс” гэж ял тулгасан. Гэтэл саяны шүүх хурлаар “Хүн нь байвал хэрэг нь олдоно” гэгчээр “Хамаарал бүхий этгээдийн ажилладаг компанийн эрх ашгийн үүднээс” гэж өөрчлөөд, оруулаад ирсэн. Ингээд еэвэнгийн хоёр тал шиг зүйл яриад байхаар төрд итгэх иргэдийн итгэл сулрахаас өөр яах вэ дээ. Энэ бол таны асуултын хариулт.
-Ер нь манай улсад хууль эрх тэгш байх зарчим ямар түвшинд байна вэ?
-Иргэний хувьд, хуульч, өмгөөлөгчийнхөө хувьд ч тэр манай улсад хууль эрх тэгш үйлчлэхгүй байгаа гэж үзэж байна. Нэг л их “Прокурор, шүүгч, мөрдөгч хараат бус байна” гээд цаасан дээр лоозогносон, үхмэл, амилдаггүй заалттай. Хуулийг өөр өөрийнхөөрөө л тайлбарладаг. Гэтэл хуулийн заалт хоёрдмол утгагүйгээр шууд ойлгогдож байх ёстой. Хардлага төрөх үндэслэл нь хуулийг хэрэгжүүлж байгаа этгээдүүд өөрсдөө хуулиа мөрдөхгүй байгаагаас үүсч байна. Сүүлдээ саарал ордонд хэнд, хэдэн жилийн ял өгөхийг ярилцаж, шийддэг хэмжээнд очдог болсон нь маш харамсалтай. Ийм байхад шударга ёс, хүний эрх яриад ч хэрэггүй.
Энэ бол З.Энхболд гэдэг хүний асуудал биш. Монгол Улсын иргэдийн эрхийн асуудал юм. Манай улсад хүний ямар шатанд байгааг харуулж байгаа нэгэн томоохон жишээ гэдгийг дахин хэлмээр байна. Аливаа зүйлийн шалгуур бол цаг хугацаа. Тийм учраас хэзээ нэгэн цагт хүний эрх ялах л болно. Өмгөөлөгч бол хүний эрхийн төлөө тэмцэгч. Хүний эрхийг аль ч шатанд, хуулийн хүрээнд хамгаалах ёстой. Иргэд ”Энэ гэмт хэрэг мөн үү” гэж асууж байна. Маш энгийнээр хариулахад, миний үйлчлүүлэгч Зандаахүүгийн Энхболд гэдэг хүн гэмт хэрэг хийгээгүй. Өмгөөлөгчийн хувьд үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулийн хүрээнд эцсийг нь хүртэл хамгаалан ажиллах болно.
Г.БАЛГАРМАА
ӨДРИЙН СОНИН







Зочин · 44 минутын өмнө
BOOB XXN BOOW DOLOOJ80955877AL SEXSYGEER