Энэ удаагийн "Миний Зочин" бол УИХ-ын гишүүн асан, "Нээлттэй мэдлэг боловсролын сан"-гийн ТУЗ-ийн дарга Д.Энхбат. Монголд интернэт гэх ертөнцийг бидэнд нээж өгсөн Д.Энхбат захирал одоо интернэтийн хоёрдугаар шатыг хөгжүүлэхээр ажиллаж байна. Бидний ярилцлага мэдээллийн технологийн хөгжил, улс төр гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ.

Эхний хэсэг та бидний өдөр тутмын хэрэглээ болсон технологийн хөгжлийн тухай үргэлжилнэ. Хоёр дахь хэсэг нь улс төрийн сэдвээр ярилцах бөгөөд тэрбээр "Би яагаад улстөрөөс гарсан бэ. Өнөөдрийн манай улстөрийн тоглоомын дүрмээр Монгол улсад тулгараад буй асуудлуудыг шийдэх ямар ч боломжгүй. Мөнгөөр сонгуульд ордог, мөнгөөр намд ордог, мөнгөөр лидер болдог системтэй нөхцөлд хөгжлийн асуудлуудыг хэзээ ч шийдэхгүй" хэмээн хэлсэн юм.

МОНГОЛ ДЭЛХИЙН НЭЭЛТТЭЙ МЭДЛЭГ МЭДЭЭЛЛИЙН ДАВАЛГААНД НЭГДЭХ ЁСТОЙ

-Сангийн дэд сайд асан Ч.Ганхуяг "Би твиттерийн дагалдагчаар "Датаком"-ын захирал Д.Энхбатыг гүйцэх" хэмээн хэлсэн байдаг. Та одоо энэ ертөнцөд хэдэн дагалдагчтай байна вэ?
-60 гаруй мянга. Миний өмнө олон хүн бий. Би өнөөдөр твиттерт тийм ч идэвхтэй байхгүй байгаа. Тоо чухал бус. Твиттерийг хэр суваг болгон ашиглаж байна гэдэгт анхаарах хэрэгтэй юм. Түүнээс 60 мянган хүнтэй чатлаад байвал юу болох вэ.

-Манайхан твиттерийг чат хэлбэрээр их ашиглаж байх шиг байна. Энэ ер нь ямар ертөнц юм бэ?
-Манайхан ихэнхдээ твиттерээр чатлаад байгаа. Энэ нь тухайн улсын боловсролоос ихээхэн хамаардаг. Гадны боловсролын тогтолцоо нь бичгийн хэлний соёлтой. Оюутнууд нь байнгын эссэ бичихэд суралцдаг. 10 ном уншаад ойлгосноо бичих хэлбэрээр явдаг бол Монголын боловсролын систем багшийн ярьсныг оюутнууд нь буцааж ярьдаг. Аман ярианы соёлтой. Блог хөтлөх, өөрийн сайттай байх соёл байхгүй.

Багш самбарын өмнө зогсоод 30 хүүхдэд ярина. Багшийн ярьсныг буцааж хамгийн сайн ярьсан нь онц үнэлгээ авна. Гадаадад оюутан өөрөө мэдээлэл ухаад боловсруулж, судлаад багшид танилцуулдаг. Багш дасгалжуулагч шиг ажиллана. Багшаар дамжуулж боловсрол олгодоггүй. Манайх XVIII зууны ажилтнуудыг бэлтгэхэд зориулсан Европт мөрдөж байсан боловсролын системтэй. Тэгвэл мэдлэгийн эриний тогтолцоо нь өөрөө өөрийгөө авч явах, бүтээлч, хөдөлмөрч байхад чиглэж байна. Үүнээс хамаараад твиттерт хандах хандлага өөр байгаа юм.

Уг нь хүмүүс твиттерээр өөрсдийн хийсэн бүтээснээ мэдээлэх, хуваалцах ёстой. Англи хэл дээрх твиттерийн үндсэн санааг үзэхээр үндсэн ажлынхаа мэдээллийг түлхүү өгөхөд чиглэсэн байдаг. Харин Монголчууд ярианы хэллэг рүү оруулчихаад байгаа.

-Сошиал медиа манайд хэр хөгжиж байна вэ?
-Маш сайн. Бид өнөөдөр фэйсбүүкийг голтлоо хөгжиж байна шүү дээ. Гар утаснаасаа үнэгүй ярьж, материал, зургаа явуулж, бүхнийг хийдэг болсон. Мэссэж явуулаад 10 секундын дараа хариу өгөхөд уурлаж байна. 20 жилийн өмнө таван секундын дотор хариу өгөхгүй бол уурлах байсан уу. Одоо бид интернэтийн дараагийн хөгжил рүү орох ёстой.

-Вэб сайтын хувьд борооны дараах мөөг шиг л олноор гарч ирж байна. Манай вэбүүдийн хөгжлийг харвал танд юу бодогддог вэ?
-Монголын вэб сайтуудыг би сайн мэдэхгүй. Гадны ганц хоёр сайтаар зочилдог. Манай хэвлэл мэдээллийн салбар миний дээр хэлсэн нэг багш яриад 30 хүн сонсдогтой адилхан. Нэг телевиз яриад арван мянган хүн үздэг. Үүнийг англиар push буюу түлхэх технологи гэдэг. Чамд мэдээллийг хүссэн ч, эс хүссэн ч өгдөг. Сүүлийн үеийн мэдээллийн урсгал татах технологид шилжсэн.

Би хэрэгтэй үедээ л мэдээлэл авна. Над руу байнга мэдээлэл явуулах хэрэггүй. Өнөөдөр хүн бүр өөрөө сонин, телевиз болж байна шүү дээ. Тухайлбал, би жаран мянган дагалдагчтай. Блогоо сайн хөтөлбөл Монголын аль ч сонин, телевизээс илүү уншигчтай. Энэ бол давуу тал, технологийн хөгжил. Манай твиттер ертөнцөд 200-300 мянган хүн санал бодлоо хуваалцаж байна. Эдгээр хүнтэй харилцах, мэдээллээ солилцох, хүргэх технологийн боломж хүн бүрийн ширээн дээр бий.

-Та бичиж байгаа юу?
-Бичихгүй байгаа. Миний өмнөх сэдэв улс төр байсан. Одоо интернэтийн хоёр дахь хөгжлөөр удахгүй блогоо хөтөлж эхэлнэ.

-Хүүхдүүд фэйсбүүк гэх боллоо. Тэд эндээс сөрөг, янз бүрийн мэдээлэл их авч байна гэж эцэг эхчүүд дургүйлхэх болсон. Та яаж харж байна вэ?
-Очих газруудгүй учраас ордог ганц газартай гэдэг шиг энэ орчноос өөр зүйл интернэтэд байхгүй байна шүү дээ. Гэхдээ хүүхдүүд интернэтээр аялаад яваад байна. Гэтэл багш нар нь фэйсбүүкээ ч мэдэхгүй, сургуулийн захирлууд бүр ойлгохгүй сууна. Сургууль, банк, төрийн зарим байгууллагад интернэтийн орчин алга.

Монголчуудыг мэдлэгийн, мэдээллийн ертөнцөөс хаягдчихсан улс гэж хэлж болно. Өмнөд Солонгосын хаана ч интернэт, онлайн үйлчилгээ бий. Тус улс эхлээд гэрийн эзэгтэй нарт онлайн үйлчилгээг хүргэсэн байдаг. Хамгийн завтай, хамгийн их үйлчлүүлэх хүмүүс бол энэ бүлэг гэдгийг олж харжээ. Хүүхдийн хүмүүжил, боловсрол, хоол, эмнэлэг, сургууль эмэгтэйчүүдийн гоо сайхны бүх мэдээлэл, сургалт, зөвөлгөө интернэтэд бий. Өөрөөр хэлбэл, Солонгост интернэтийн хувьсгал гэрийн эзэгтэй нараас эхэлсэн.

Хүүхдийнхээ цэцэрлэгт камер суурилуулаад ээж аавууд нь охиноо, хүүгээ хэрхэн хүмүүжиж, хооллож байгааг харж хянана. Цэцэрлэгийн багш нартай нь харилцана. Төрийн системтэй бодлогоор улсынхаа айл бүрийн гал голомтод интернэтийг ингэж хүргэснээр Өмнөд Солонгос эрчимтэй хөгжил рүүгээ орсон.

-Интернэтийн хөгжилд шинэ алхам хийх ямар шаардлага манайд байна вэ?
-Жаахан тайлбар хэлье. Улс орны хөгжлийн хөдөлгүүр нь чадвартай ажиллах хүчин. Бусад нь хөгжлийн нөөц. Чадвартай ажиллах хүчин байхад нөөцийг ашиглаж, боломжийг бий болгоно. Чадамж байхгүй бол нөөц, боломж байгаад ч түүнийг эдийн засгийн эргэлтэд зөв оруулж чадахгүй. Монголд хүмүүсийн чадвар маш бага, бусад оронтой харьцуулахад.

Монголын хөгжлийг иргэдийнх нь оюуны чадвараар дүгнэнэ. Өөрөөр хэлбэл, гурван сая хүнийг зургаан тэрбум хүн дотор өрсөлдөж амьдрах тухай асуудал юм. Гадныхан биднийг жигнүүрийн нэг талд miningголиа гэсэн бол нөгөө талд нь би mind буюу майндголиа ухааны гээд байгаа юм. Уул уурхайн өсөлт, хүний чадвар нь хөгжил. Өсөлтийг яаж хөгжил болгох вэ.

Яагаад боловсрол гэж. Энэ асуудлыг хэдэн инженер, эрдэмтэн шийдэхгүй. Гурван сая хүн насан туршдаа тасралтгүй сурч боловсрох, мэргэжлээ дээшлүүлдэг, өндөр технологи эзэмшиж, инновацийн эринд хөл нийлүүлж байж дэлхийтэй өрсөлдөж амьдарна. Оюун санааны хувьд улс орноороо, ард түмнээрээ байнга сурах хөгжих, мэдлэгийн соёлтой үндэстэн болмоор байна.

Манай улсын өнөөгийн албан ёсны боловсролын систем залуудаа дээд сургуульд 4-5 жил сураад түүгээрээ 50 жил амьдрах. Хүмүүс амьдралынхаа хугацаанд 4-5 удаа мэргэжлээ, арваад удаа ажлаа сольдог статистик бий. Өнөөдөр хүн цоо шинэ зүйл сурах суралцах хэрэгтэй болж байна. 40, 50, 60 настай хүнийг сургах боломж манайд алга. Орчин үеийн боловсролын тогтолцоо долоон настнаас далан нас хүртлээ ажлын хажуугаар, гэрээсээ сурах нөхцөлийг бүрдүүлж өгч байгаа. Насан туршдаа сурна гэсэн үг.

Тэр нь дөрөв таван жилийн сургуулийн программаар мэргэжил олгохдоо бус, хэрэгцээт зүйлээ сурахад чиглэнэ. Жишээлбэл, шинээр компани эрхэлж буй хүн санхүүгийн тайлан яаж хөтөлдгийг нэг өдрийн, 14 хоног, гурван сарын сургалтад суугаад л юу хэрэгтэйгээ олоод авна. Тэгэхээр цаашид Монголчууд яаж тасралтгүй суралцдаг үндэстэн болох вэ гэдэгт анхаарах шаардлагатай байгаа юм.

-Тасралтгүй насан туршдаа суралцдаг үндэстэн болох урсгалыг яаж бий болгох вэ?
-Хоёр зам бий. Нэг нь дэлхий нийтээр өргөн тархсан нээлттэй мэдлэг мэдээллийн соёл, давалгаанд нэгдэх ёстой. Дэлхий даяар хэрэглэж буй программ хангамжийн 70 гаруй хувь нь үнэгүй. Олон мянган хүн ажиллаад үнэгүй тарааж хэрэглүүлж байна. Тухайлбал, дунд сургуулийн сурагчдын сурах бичгийг олон мянган эрдэмтэн нийлж бичээд интернэтэд тавьж хүүхдүүдэд үнэгүй ашиглуулдаг.

Ном, зохиол, кинонууд байна. Бүр ч үнэгүй гэж хэлж болохгүй. Солилцоо хэлбэрээр түгээдэг. Би нэг төсөл эхлүүлж байгаа. Бизнес эхэлж буй хүмүүст 50 видео кино хийж үнэгүй тараана. Нэг компани нэг видео киног спонсорлоод 49 киног үнэгүй авна. Нэгийг өгөөд 100-г үнэгүй ав. Энэ бол хамтын ажиллагааны нээлттэй соёлтой солилцоо. Дэлхий дээрх хамгийн том жишээ Википедиа юм. 80 гаруй мянган хүн үүнийг хийж бичиж байгаа бол зургаан тэрбум хүн чөлөөтэй уншиж хэрэглэж байна. Хамгийн анхны том, амжилттай төсөл. Хамтын нээлттэй соёлд Монголчууд өөрсдөө оролцох ёстой.

Хоёр дахь том загварыг Монгол дотроо зохион байгуулах хэрэгтэй байна. Дунд сургуульд 27 мянган багш нар ажилладаг ч математикийн сурах бичгийг 4-5 багш л хийдэг. Бусад нь яагаад оролцохгүй байгаа юм. Дээд сургуулийн багш нар мөн адил. Монгол хэлний толийг зөвхөн Монгол хэлний багш нар бус бүх салбарын эрдэмтэн доктор, судлаач нар оролцсоноор сайн, чанартай, мэргэжлийн толь бичгийг гаргаж ирнэ.

Геологийн нэр томьёог Монгол хэлний багш нар геологичоос илүүтэй тайлбарлаж чадах уу. Дэлхий өнөөдөр бүгд өгнө, бүгд авна зарчмаар ажиллаж байна. Тэгэхээр нээлттэй мэдлэг боловсролын тогтолцоонд нэгдэх ажлыг манайд мэдлэг оюун, технологи, зохион байгуулалт, санхүү, хууль эрх зүйн орчин, олон улсын хамтын ажиллагааны хувьд яаж хийх вэ.

-Энэхүү том ажлыг хийхийн тулд "Нээлттэй мэдлэг боловсролын сан" байгуулагдсан гэж ойлгож байгаа?
-Тиймээ. Сангийн гол зорилго энэ төслийн санхүүжилтийн нэгдсэн системийг боловсруулах ёстой. Санхүүжилт нэлээд хүндрэлтэй. Ганцхан жишээ хэлэхэд манай төр, хувийн өмчийнхөн хамтраад хүүхэлдэйн кино хийе гэж бодъё. Боловсролын яамны өмч гэхээр хийсний дараа нь хувийнхан төрийн компанид мөнгө өгөхгүй. Хувийн өмч бол яам тэдэнд санхүүжилт олгохгүй. Хамтарч ажиллах хэлбэр манайд байхгүй.

Дэлхийд олон нийтийн буюу нээлттэй өмчийн хэлбэр байдаг. Тухайн бүтээгдэхүүнийг гурван сая хүн бүгд хэрэглэж болно гэсэн хамтын өмчийн хэлбэр. Цаашлаад дэлхийн бүх хүн хэрэглэж ашиглах боломжтой. Бид Монгол Улсад өмчийн ийм нээлттэй хэлбэрийг бий болгохоор ажиллаж байна. Тухайлбал, Монголын түүхийн номыг дэлхийн бүх хүн хэрэглэж, гэртээ хэвлэж болно, CD-нд ч хувилж болно. Өөрийн өмч шиг хандана гэсэн үг.

Үүнийг хийхэд олон зуун мянган хүн оролцдог. Монголчууд эхлээд дотроо, бүгд нийлээд гадагшаа ажиллах шинэ мэдлэг мэдээлэл, соёлын асуудлыг би яриад байна. Мэдлэгийн болон материаллаг баялгын ялгаа энэ. Материаллаг баялаг нь олон хүн хуваах тусам багасдаг бол мэдлэгийнх олон хүн хуваах тусам ихэсдэг. Мэдлэгийн эдийн засгийн нууц энэ юм. Үнэгүй тараана гэхээр манайхан материаллаг талаас буруу ойлгоод байгаа.

Бид Сангаа саяхан бүртгүүлсэн. Монголд бухимдалтай асуудал олон ч гар нийлбэл асуудал хурдан явдгийн жишээ манай сангийн ажил юм. Хөтөлбөрөө УИХ-аар батлуулаад Засгийн газрын 15 жилийн хөтөлбөр болгосон. Хууль дүрэм нь гараагүй байхад төрөөс санаачлаад мөнгө гаргаж байна. Дэлхий дахинд нээлттэй Хаан академийн англи хэл дээрх 4000 видео кино хичээлүүд байдаг. Дунд сургуулийн математик, физик зэрэг бүх хичээлээр хийсэн 15 минутын видео. Дэлхийн хүүхдүүд үзэхэд зориулсан нээлттэй хичээл.

Манай сан тус академтай гэрээ хийгээд Монгол руу орчуулах эрх авсан. Боловсролын яамаар дамжуулан УИХ-ын гишүүдээр дэмжүүлж, эхний 1000 киног хийх санхүүжилт батлуулсан. Тэгэхээр хүүхдүүд математикийн томъёонуудыг гар утас, компьютер дээрээ гэртээ үзэж хичээлээ давтах нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.

-Монгол Википедиа толь бичгийг хийх гэж байгаа тухай сонссон?
-Монголын түүх, соёл хэлний толь бичиг Википедиа төслийг эхлүүлсэн. Хэцүү ажил. Монголчууд хамтарч чаддаггүй юм байна. Эрдэмтэд компьютер мэдэхгүй, хамтын ажиллагааг ойлгохгүй, залуус нь үнэгүй хийхгүй гэдэг. Түвшин түвшинд ойлгуулахын тулд семинар, уулзалт, сургалтууд зохион байгуулна. Анхны идэвхтэй бүтээл хийсэн хүмүүс, байгууллагыг урамшуулна. Мөн бид Гүүгл компанитай хамтраад Гүүглийн бүх программ хангамж үйлчилгээг Монголын залууст насан туршид нь үнэгүй өгөхөөр тохирсон. Гэх мэтчилэн том ажлууд эхэлсэн явж байна.

-Таны хувьд энэхүү хөдөлгөөнийг үүсгэн байгуулагч, зохицуулагч хийж байгаа юу?
-Интернэтийн нэгдүгээр үед бүх иргэнд интернэтийг ойлгуулж, хүргэх байсан. Интернэтийн хоёрдугаар үед агуулга мэдлэгийг өгөх. Товчлоод энэ бүх ажлыг хийсний дараах 10 жилийн зургийг дүрсэлбэл, Монголчууд дэлхийн төрөл бүрийн онлайн сургууль, сургалтад жилийн 365 хоногийн 24 цагийн турш холбогдох боломжтой болно. Энгийнээр хэлэхэд өргөн хүрээтэй онлайн Нарантуул захыг бий болгож байгаа юм. Зарим багш нар хичээлээ өгч болно.

Нэг жишээ хэлье. Солонгосын англи хэлний багш интернэтэд өөрөө видео хичээл хийж, давтлага өснөөр жилийн дотор дөрвөн сая ам.доллар олсон тухай Фортун сэтгүүлд нийтлэгдсэн. Тийм өндөр хэрэгцээ интернэтэд байна. Монголын хүүхэд, залууст, англи хэл, компаниудад компьютер эзэмших хэрэгцээ асар их. Гэрийн эзэгтэй нарт хүүхдээ хэрхэн асрах, хоол яаж хийх, эмнэлгийн үйлчилгээ зэрэг мэдлэг хэрэгтэй.

Дээд сургуулийн оюутнуудад төрөл бүрийн хичээл, давтлага, лекц, төрийн албан хаагчдад төрийн удирдлага, менежментийн сургалтууд, компаниудад бизнес зөвөлгөө шаардлагатай байна. Бусад улс орон энэ хөгжил рүү хэдийнэ орчихсон. Олон янзаар туршиж байна. Интернэтийн хоёр дахь хөгжлийг эхлүүлэхэд төрөөс дэмжиж, идэвхжүүлж, хөгжүүлэх ёстой. Төр татвар төлөгчдийн мөнгөөр гурван сая хүнд хамгийн хэрэгтэй зүйлийг нь хийж өгнө гэсэн үг.

-Төрийн түшээд ойлгож байна уу?
-Ойлгож байгаа учраас улстөрчид төслийг дэмжээд явж байна. Энэ нь улстөрждөг асуудал биш, бүгд дэмжиж, хамтарч бүтээх том үйлс. Монголчуудын соёлыг өөрчлөх сэтгэлгээний том төсөл. Монголчууд мэдлэгт түшиглэж хоолоо олж иддэг болно. Мэдлэгт түшиглэж хоолоо олж идэхийн тулд тэр хүн баттериагаа, оюун тархиа байнгын цэнэглэх хэрэгтэй болно доо. Тийм орчин, сонголт нээлттэй байх. Үүнд бид өөрийгөө, хүүхдүүдээ бэлтгэх ёстой. Хамгийн онцлог нь манай хүүхдүүд бэлэн байна. Харин багш нар хоцрогджээ.

Аль ч сургууль дээр очиход толгойны өвчин багш нар, хамгийн хэцүү хүн нь захирал. Бага ангийн хүүхдүүд тусмаа алив зүйлийг маш амархан тусгаж авдаг. Залуу үе нийгмийн шаардлагаар явж байгаа. Түүнийг нь багш нар, улстөрчид, дунд үеийнхэн гүйцэхгүй байна.
Миний энэ яриад буй зүйлийг манай залуус ер нь яагаад байхгүй байгаа юм гэж гайхаж байна. Тэгэхээр бид залуусаа гүйцэж л байвал том амжилт.

Өнөөдрийн байдлаар төсөл эхлэх түвшинд байгаа ч гадаадын түншүүдтэйгээ гэрээ хэлэлцээр хийгээд гарын үсэг зурчихсан. Хамгийн хүндрэлтэй нь маш их судалгаа шинжилгээ хийх ёстой. Туршилтын журмаар идэвхтэй ажиллаж буй хүмүүс бий. Хаан академийн хичээлүүдийг орчуулах ажлыг МУИС, Орчлон дунд сургууль, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, төрийн бус хоёр байгууллага хийж буй.

Өнөөдөр 200 видеог нь гараас гаргасан. Том ажил. Монгол хэл рүү орчуулна, зургийг засна, дуу хоолой оруулна, багш нарын гарын авлага хийнэ гэх мэт. Удахгүй төсөв мөнгө батлагдахаар багш нарт сургалт, семинар хийнэ зэрэг олон ажил зохион байгуулна. Үүнийг үндэстний том бодлого болгох хэрэгтэй гэж би үзэж байгаа.

-Танай Датаком компанийн үйл ажиллагаа өнөөдөр ямар яваа вэ?
-Компанийнхаа ажилд оролцохгүй байгаа. Манай компани домайн нэрийг Монгол болгох ажлыг хийгээд дуусаж байна. Хүмүүс, байгууллагууд домайн нэрээ Монгол үгээр авч болно гэсэн үг. Тухайлбал, итали гутал зарна гэсэн нэр аваад нэг хуудас вэбтэй байхад бизнес өргөжөөд ирэх боломжтой. Монгол Улсад их ач холбогдолтой ажил юм.

БИ ЯАГААД УЛС ТӨРӨӨС ГАРСАН БЭ

-Та улс төрөөс бүр гарчихсан уу. Намын гишүүн хэвээр байгаа юу?
-Надад сонголт байсан. УИХ-ын гишүүнээр дахин сонгогдоод явах уу, эсвэл өөр ажил хийх үү. Шийдэл нь улс төрд биш, сэтгэлгээнд байгааг ойлгосон. Миний сонголт УИХ-ын сайн, мууд биш юм аа. Интернэтийн хөгжлийг урагшлуулах нь миний УИХ-д суухаас илүү том өргөн цар хүрээтэй, маш чухал ач холбогдолтой, Монгол улсын соёлыг шинэчлэн өөрчлөх учраас ийм шийдвэрт хүрсэн.

Одоо би намын гишүүн бус. Би яагаад улстөрөөс гарсан бэ. Өнөөдрийн манай улстөрийн тоглоомын дүрмээр Монгол улсад тулгараад буй асуудлуудыг шийдэх ямар ч боломжгүй. Мөнгөөр сонгуульд, намд ордог, лидер болдог системтэй нөхцөлд хөгжлийн асуудлуудыг хэзээ ч шийдэхгүй. Хувийн эрх ашиг, хувийн бизнесийн сонирхол, тендерт ялах хүслээр орж ирсэн бүлэг, командтай байхад улс яаж хөгжих билээ.

Өндөр мэргэжлийн технократууд командаар шүдээ тас зууж байгаад хувийн эрх ашгаа хойш нь тавьж ажиллавал байдал өөрчлөгдөнө. Түүнээс хөлбөмбөгийн багийн 10 дугаарын тоглогч байхын тулд мөнгө өгөөд л гарч ирдэг бус, хамгийн хурдан гүйдэг, дамжуулах арга барил сайтай, харах, бодох, сэтгэх чадвартай шилдэг тоглогч байх ёстой.

Багийн 11 хүний нэг нь нөгөө арваа сонсохгүйгээр цааш нэг баг болоод явж чадахгүй. Монголын улс төр өөр түвшинд гарах хэрэгтэй байна. Мөнгөөр бүхнийг шийддэг энэ байдал улс орны хөгжлийн төлөөх командыг бүрдүүлэх боломжгүй юм аа.

Юу хийхээ мэдэхгүй хүнд мөнгө тус болдоггүй гэдэг. Монгол улс яг л ийм байдалд орчихсон. Монголчууд яг юу хүсэж, мөрөөдөж, хийх гээд байгаагаа мэддэггүй гэж гаднынхан дүгнэж байна. Монголын проблем бол улс төрийнх бус хэн бэ гэдгээ, юу хүсэж буйгаа мэдэхгүй явдал гэж энгийнээр хэлэх байна.

-Сүүлийн үед улс төрийн намуудын хөгжил, төлөвшлийн тухай их ярих боллоо. Улс орны хөгжил намуудаас шалтгаалаад байгаа учраас тэр байх?
-Орчин үед нам нь иргэдийн төрийн эрхэд оролцох гүүр байх ёстой. Германы Ногоон намыг би сайн мэднэ. Намын их хуралд аль ч намын хүн сууж болно. Асуудлыг өөр намын хүн ч оруулж ирж болно. Жинхэнэ иргэдийг төлөөлсөн олон нийтийн байгууллага гэдэг утгаар ажилладаг юм билээ. Манайд бол намын гишүүд бус мөнгө төлсөн спонсоруудын нам шүү дээ. Өөр сонирхолтой, түүнийхээ төлөө мөнгө төлсөн хүмүүсийн лобби бүлэглэл. Тэр хүмүүс л УИХ-д уралдана. Түүнээс жирийн гишүүд ямар ч үүрэггүй.

1990 оноос хойш манай улсын бүх зүйл өөрчлөгдсөн. Ганцхан намууд бахь байдгаараа үлдсэн. Монгол улсын амин чухал асуудлууд намаар шийдэгдэх механизмтай. Манай улс төрийн намууд хүй нэгдлийн үеийнхээрээ гээд бод. Хэн мөнгөтэй, хэн ууртай, хэн их ярьдаг нь дийлдэг. Энэ сэдвээр би Шинэ Зеландын улстөрийн хоёр судлаачтай уулзаж ярилцаж байлаа. Тэд бусад орны туршлагаар хоёр л зам байдаг гэсэн юм.

Нэг нь үхэж дуусна. Баабарын хэлдгээр. Нөгөө нь бүгдийг буудах. Тэгэхээр танай улсад үхэхийг хүлээх, эсвэл ямар нэг аргаар тэднийг зайлуулах аргууд байна гэж билээ. 10 дээрэмчин, худал, хулгайчууд нэгдэн нийлж, нэг команд болж хэзээ ч ажиллаж чаддаггүй юм байна л даа.

-Одоо тэгээд яах вэ?
-Монголд өрнөсөн өөрчлөлтүүд ихэнхдээ гадны нөлөөллөөс хамаарсан байдаг. 1911 онд Манжийн засаг унасан, 1921 онд Барон Унгерн орж ирсэн, 1945 онд Японы дайн, 1961 онд дэлхийн ардчилсан орнуудын, 1990 он пeрeстройка Оросын өөрчлөн багуулалт. Тэгэхээр одоо Оросын Путин, Хятадын Си Жимпин хоёр манай улсыг өөрчилж магадгүй. Би улстөрийн намуудын талаарх өөрийн прогнозыг хэлье.

МАН, АН, аль ч нам цааш явахгүй. Одоо Монголчууд намаар биш, Пу, Си-гийн тал гэж хуваагдана. Учир нь Алтанхуягийг дагаад 10 жилийн дараа сайхан хөгжилд хүрнэ гэж АН-ынхан итгэхгүй. МАН ч мөн адил. Яагаад гэвэл Монголыг зангидах жинхэнэ лидер байхгүй байна шүү дээ. Найдвар Хятад, Оросыг дагах. Хүмүүс томьёолж чадахгүй ч цаад учрыг сайн мэдэж байгаа.

Саяхан Оросын сэтгүүлүүд дээр Оросын Монголд хийсэн алдааны талаар нэг өгүүлэл гарсан. Гол утга нь Монголд бид өөрийн нам, өөрийн хүнтэй болоогүй нь алдаа гэсэн утгатай өгүүлэл байв. Орос улс цаашид энэ тал дээр анхаарах хэрэгтэй. 2016 оны Монголын УИХ-ын сонгуульд Оросын талын хүмүүсийг гаргах хэмээн тэр өгүүлэлд бүр тод томруунаар бичсэн байсан. Хятадууд ч мөн ингэж бодож байгаа. 100 жилийн өмнөх шиг Хятад, Орос, Америкаар хуваагдана. Намууд хамаагүй. Яагаад гэвэл Монголд хөгжлийн тодорхой санаа алга.

Санаа байлаа гэхэд аваад явах лидер байхгүй. Лидер төрүүлэх боломжгүй дүрэмтэй улс.
Жинхэнэ лидер ганцхан тохиолдолд төрдөг. Тэрний төлбөрийг амиараа ч хамаагүй төлөхөд бэлэн гэсэн хүмүүс бий болсон тохиолдолд лидер төрнө. Ганц хүн биш л дээ. Тодорхой тооны хүн. Өөрөөр хэлбэл, бид үүнийг хийчихээд үхсэн ч хамаагүй гэсэн хүмүүс гарч ирэх үед л байдал өөрчлөгдөнө. Монголын төлөө цохилох зүрхтэй төрийн хар хүн ч өнөөдөр тун ховор.

Гурван сая хүний хувь заяаны төлөө үнэн сэтгэлээсээ санаа зовдог хүн л дээ. Лидер бэлтгэнэ гэхээр ганцхан Доржийг гээд явдаггүй. Арван мянган хүнийг спорт шиг л бэлтгэж байж төрүүлнэ. Монголын хүүхэд бүрийг багаас нь бэлтгэх хэрэгтэй. Түүнээс баян айлын 10 хүүхдийг сонгоод англи хэлтэй сургуульд сургаад Харвард явуулах тухай яриа биш. Япон, Солонгосчууд хүүхдүүдээ багаас нь шударга, ажилсаг, оюунлаг байх талаас нь харж, төлөвшүүлж хүмүүжүүлсний үр дүнд өнөөдрийн хөгжилд хүрсэн.

Тэгэхээр Монголын улс төр эмоцийн үеэсээ одоо институцийн үе рүү шилжих цаг болсон. Улс төрд эмоци хэрэгтэй байсан он жилүүд бий. Одоо хуучин арга барилаасаа салж, шинжлэх ухаан, өндөр технологи, чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх, мэдлэг шүтэх шаардлагатай байна. Ардчилсан, ардчилсан бусаар хэрэлдэж, сөргөлдөхгүйгээр улс төрийн дөрвөн жилийн сонгуулийн циклээс гарч эрүүлээр асуудалд хандмаар байна. Улс орныг улстөрөөр удирдахаа болиосой.

-Эдийн засгийн хүндрэл танд нөлөөлж байна уу?
-Маш их. Энэ хүндрэлийг орлогоо өөрийн хөдөлмөр, зүтгэлээр олдог хүмүүс ихэд мэдэрдэг. Харин орлогоо төсвийн мөнгөнөөс хумсалдаг, авлигаас, албан тушаалаас бүрдүүлдэг хүмүүст эдийн засаг хүндрэх эсэх хамаагүй.

-Та Алтанхуягийн Засгийн газарт ямар дүн тавих вэ?
-Маш том боломжийг ашигласангүй. Монгол улсын нэр төр, уул уурхайгаас их мөнгө олсон. Тэрийгээ шингээж чадсангүй дээ. Тиймээс хийсэн ажилд нь дүгнэлт өгч, хангалтгүй бол явуулах ёстой. Үнэхээрийн мэдлэг чадвар, ажлаараа сонгогдсон бол ажлаа дүгнүүлээд цааш явах эсэхээ шийднэ. Мөнгөөр сонгогдсон бол илүү их мөнгө өгсөн хүнийг гарч иртэл гүрийгээд байна.

Монголын улс төрийн дүрэм энэ. Намд хамгийн их мөнгө өгсөн хүн л том байдаг хууль үйлчилдэг. Ер нь Монголчууд бид хэдий болтол хоёр нүүрээр амьдрах вэ. Үнэнээр явж байгаа зүйл байна уу. Эмнэлэг, шүүх, сургууль, банкны асуудал бүгд таньдаг хүнээр шийдэгддэг. Хуурамчаар хөгжиж, хуурамчаар асуудлыг шийдэж болдог юм уу.

Чехийн Ерөнхийлөгч Вацлев Хавел өөрийн номондоо "Ардчилал бол олон намын тогтолцоо биш, үр дагавар нь. Харин ардчилал бол өөрийн хүсэж буй амьдралаар амьдрах боломжийг хэлнэ. Нийгэм чиний хүссэнээр, үнэн нүүр царайгаараа амьдрах боломж олгохгүй байвал тэр ардчилсан нийгэм биш. Олон намтай эсэх хамаагүй, иргэн хүн хуурамчаар амьдрахаас өөр аргагүйд хүрвэл тэр ардчилал биш" гэж бичсэн байна.

Монголчууд бид хоёр нүүрээр амьдардаг байдлаа хэзээ цэгцлэх вэ. Өнөөдөртөө аргалаад, яваад байж болно. Хэр удаан явах уу. Үргэлж аргална, үргэлж царай алдана. Хэзээ өөрчлөгдөх бол.

Д.Бэхбаяр