Улсын хэмжээнд 2012-2014 онд нийт 1139 удаа үйлдвэрийн осол гарч 1212 хүн өртөн 194 хүн амиа алдсан байна. Үүний 50 орчим хувь нь барилга, уул уурхай, зам тээвэр, холбоо, эрчим хүчний салбарт гарсан бөгөөд технологийн процесс зөрчсөн, аюулгүй ажиллах арга барилд хангалтгүй суралцсанаас 126, уналт нуралтаас 148, техник, тоног төхөөрөмжийн эвдрэл, гэмтэлтэй холбоотойгоор 134 осол гарчээ.

Тэгвэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас барилга, өргөх байгууламж, эрчим хүч, зам тээвэр, уул уурхай, газрын тос зэрэг дэд бүтцийн салбаруудын удирдах ажилтнуудын хариуцлага, сахилга батыг дээшлүүлэх, барилгын чанар аюулгүй байдлыг хангуулах, гарч буй осол аваараас урьдчилан сэргийлэх, зөвлөн туслах, зорилгоор улсын хэмжээнд “Хүний төлөө – Зөв тус” сарын аяныг гуравдугаар сарын 02-ноос эхлэн зохион байгуулахаар болсон байна.  Аяны хүрээнд  олон арга хэмжээ зохион байгуулах ажээ.  Харин удаа дараа зөрчил гаргасан, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, аюулгүй ажиллагааны дүрэм, журмын мөрдөж ажиллаагүй аж ахуйн нэгж байгууллагуудын тусгай зөвшөөрлийг цуцлах асуудлыг холбогдох газруудад нь хүргүүлэн, шийдвэрлүүлэх зэрэг арга хэмжээ авах юм байна.  Ямар байгууллагад хэрхэн арга хэмжээ авч байгаа талаар бид эргэж мэдээлэх болно.

А.Баярмаа