Хятад, Энэтхэг хоёр хэзээнээсээ л хилийн маргаантай байсан. Энэ асуудлаа цэгцлэхийн тулд өнгөрсөн долоо хоногт хоёр талын дипломатчид шинэ хэлэлцээр хийсэн юм. Гэвч түүний дараахан Хятадын Ардын чөлөөлөх армийн цэргүүд Энэтхэгийн Уттараханд мужийн нутаг руу хил зөрчин нэвтэрчээ. “Энэ бол маш их санаа зовоосон асуудал боллоо” хэмээн Уттараханд мужийн цэргийн дарга “Voice of Russia”-д мэдээлсэн байна.

Хятадын цэргүүд Уттараханд мужинд нэг цаг орчим хугацаанд байрлажээ. Энэтхэгийн тал үүнийг зориуд зохион байгуулсан үйлдэл хэмээн үзэж байгаа юм. Учир нь цэргүүд шөнө Уттараханд муж руу нэвтэрсэн бөгөөд тэдний тоог гаргах боломжгүй байжээ. Ут­тараханд муж бол маргаантай нутаг дэвсгэрт тооцогддог билээ. Ямартай ч сүүлийн долоон сарын хугацаанд Хятадын цэргүүд Энэт­хэгийн хилээр 150 удаа хууль бусаар нэвтэрсэн гэх мэдээлэл бий. Үүнээс улбаалаад Энэтхэг, Хятадын цэргийн харилцаа хурцадмал болж эхэлсэн хэмээн шинжээчид үзэж байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Энэтхэгийн Ладах мужид Хятадын цэргүүд мөн л хил зөрчин нэв­тэрч гурван долоо хоногийн турш байрласан юм. Түүнээс хойш гур­ван сарын дараа Хятадын цэргүүд дахин Ладах мужийн нэгэн тос­гонд очжээ. Энэ мэтчилэн 10 өд­рийн дотор таван удаагийн тохиолдол гарсан байна. Харин Чумар орчимд өнгөрсөн сард гурван ч удаа хятад цэргүүд нэвтэрчээ. Түүнчлэн тэд Энэтхэгийн агаарын бүс рүү зөвшөөрөлгүй орсон байна. Үүний дараахан Энэтхэгийн армийн төлөөлөл Хятадын талтай хэлэлцээр хийхээр нэг бус удаа оролдсон аж. Дээрхээс гадна Араначал-Прадеш, Жамму, Кашмир зэрэг мужид хятадууд нэвтэрчээ.

Ийнхүү Хятад, Энэтхэгийн хилийн маргаанд цэргийн армийн салбарынхан нь оролцож эхлэв. Эдгээр хоёр орон нь батлан хамгаалах салбартаа хамгийн их хөрөнгө зарцуулдаг. Хоёулаа цөмийн зэвсэгтэй. Тиймээс хоо­рондын харилцаа нь хурцадвал нэлээд асуудал үүсч магадгүй хэмээн шинжээчид таамаглаж байна. Уг нь тэд хилийн зурвасыг нарийн тогтоогоогүй байгаа учир газар нутгийн маргаанаас болж сөргөлдөөнд хүрэхгүй хэмээн тохиролцож, гэрээ байгуулсан. Гэвч Хятадын цэргүүд удаа дараа хил зөрчиж байгаа нь энэтхэгчүүдэд таалагдахгүй байна.

Өнгөрсөн тавдугаар сард Хятадын Ерөнхий сайд Ли Көциан Энэтхэгт айлчилсан. Хи­лийн чинад дахь анхны айлчлалаа тус улсаас эхэлсэн нь Хятадын тал хилийн маргаанд онцгой их анхаа­рал хандуулж байгаагийн нэг илрэл байсан бололтой. “Бээжин­гийн эрх баригчид хоёр орны харил­цаанд онцгой ач холбогдол өгч бай­гаа” хэмээн Ли Көциан өөрөө ч “Синьхуа” агентлагт өг­сөн ярилцлагадаа онцолж байсан юм. Энэхүү айлчлалын үеэр хоёр орны худалдааг өргөтгөх мэтийн асуудлыг хэлэлцэж тодорхой ахиц дэвшил ч гарсан. Хоёр орны хоо­рондын худалдааны эргэлт 66.5 тэрбум ам.доллар байсан бол 2015 он гэхэд энэ тоог 100 тэрбум ам.долларт хүргэхээр төлөвлөсөн юм. Харин газар нутгийн мар­гаа­ныг хоёр орны Ерөнхий сайд хаалттай хуралдан хэлэлцсэн. Гэвч Кашмир мужийн Гималайн нуруу орчим дахь газар нутгийн маргааныг шийдвэрлэхийн тулд тодорхой ахиц гараагүй билээ.

Хятадын хувьд маргаантай газар нутаг олон бий. Өмнөд болон зүүн Хятадын тэнгис дэх арлуудыг өөрсдийн эзэмшилд тооцсон ч түүнийг нь Япон, Өмнөд Солонгосын эрх баригчид хүчтэй эсэргүүцсэн юм. Тэр ч байту­гай парламентын сонгуулиар ялж гарч ирсэн шинэ эрх баригчид нь “Бид газар нутгаа Хятадад өгөхгүй” хэмээн сурталчилгаагаа хийж байсан билээ. Өөрөөр хэлбэл, тэдний хувьд буулт хийх ямар ч бодолгүй гэсэн үг юм. Харин Энэтхэгийн хувьд Гима­лай орчмын бүс нутгийн эзэмшлийн асуудал нь хурцдаж байна. Өм­нө нь энэ бүс нутгийг эзэмшилдээ авахын тулд 1962 онд хоёр тал багахан хэмжээний дайн хийж байсан. Тиймээс Хятадын Засгийн газрын энэ удаагийн бодлого нь илт нөгөө талаа өдөөн хатга­сан шинжтэй ч байж болох юм. Үүн­тэй холбоотойгоор Харвар­дын их сургуулийн профессор Жо­сеф Нью “Орос, Хятад мэтийн их гүрнүүдийн газар нутгийн төлөөх тэмцэл хэзээ ч дуусдаггүй” хэмээн дурьдаж байв.

Хэдийгээр эзэмшил нь тодор­хойгүй байгаа гэх боловч Гима­лай орчмын бүс нутагт энэтхэг­чүүд голдуу амьдардаг. Тиймээс өнгөн дээрээ аль улсынх гэдэг нь мэдэгдэхгүй байгаа мэт боловч үнэн хэрэгтээ аль хэдийнэ Энэтхэгийн харьяанд орсон гэж болохоор. Тэгэхээр хятадууд зөөлөн бод­лого явуулбал эцэст нь газар нут­гаа алдана хэмээн тооцсон байж болох юм. Магадгүй энэ шалтгаанаар цэргээ үе, үе маргаантай бүс нутаг руу явуулж байгаа бололтой. Гэх­дээ тухай бүрт нь Энэтхэгийн тал­тай хэлэлцээр хийж, цэр­гээ эр­гүүлэн татсаар байгаа. Чухам хэр удаан энэ хэвээрээ байх вэ гэдэг нь л тодорхойгүй байна.

Өнгөрсөн сард Хятадын цэр­гүүд Бутан руу зөвшөөрөлгүй нэвтрэн орсон. Бутан хэмээх энэхүү жижиг улс нь Энэтхэг, Хятадын дунд байрладаг. Гэхдээ энд Энэтхэгийн нөлөө асар их. Эдийн засаг нь бүхэлдээ шахуу Энэтхэгийн зээл тусламжаас хамаардаг. Түүнчлэн зах зээлд хэрэглэдэг валют нь Энэтхэгийн рупий. Хэдий­гээр НҮБ-ын гишүүн, тусгаар улс боловч Энэт­хэгийн нөлөөн дор хэтэр­хий удаан оршин тогтносон орон. Гэтэл хятадууд Бутаныг өөрсдийн харьяаны улс мэтээр аяглаж, цэр­гээ нэвтрүүлсэн юм. Угтаа бол энэ нь Бутаны газар нутаг дахь Энэт­хэгийн нөлөөллийг багасгах зорил­готой байсан бололтой. Бу­таны эрх баригчид хятадуудад найр тавьж байгаад нь энэтхэг­чүүд дур­гүй­цэж буйгаа олон удаа илэр­хийлс­нээс дээрх дүгнэлтийг хийж болохоор. Ямартай ч Хятадын Засгийн газар маргаантай газар нутгуудаа өөрийн болгохын тулд цэргээ хөдөл­гөж эхэлсэн гэдэг нь л маргах аргагүй үнэн юм.

 

Т.Элиса