Ес эхлээгүй байхад жавар тачигнаж, өвлийн тас нясхийсэн хатуу ширүүн уур амьсгалд монголчууд хаа сайгүй зутарч байна. Дулааны станцууд нь хэт хүйтний горимоор ажиллаж, байр сав нь пүнхийтэл халахгүй, халтиргаа гулгаа дэндэж, өнөө өвөл ер нь тачигнах янзтай.

Хажуугаар нь утаа нь баагиж, хаана л бол хаана хямрал ярьсан ууртай хүмүүс. Цас мөсөнд хучигдсан хүйтэн саруудыг хуруу даран тоолбол бараг жилийн хагаст нь монголчууд бид ийм нөхцөлд амьдардаг. Жилийн жилд л ийм маягаар амьдрах нь тодорхой хэмээн бодоод хувь тавилантайгаа эвлэрч болох ч энүүхэнд Номхон далай хавьцаа жижигхэн арлууд олон арваараа налайж байгаа гэхээр хурууны үзүүр бүлээцэх шиг. Тэнд одоо дулаахан байгаа. Далайн эргийн халуун элс хөл дороос жигнэж, зулай дээрээс нар төөнөөд, далайн чийглэг агаар мэдрэгдээд аятайхан байгаа даа гэж бодохоор очоод биеэ ээгээд түр ч атугай хэвтчихмээр.

Монголчууд зүүн тийшээхэн, Номхон далай, Японы тэр хавиар ч юм уу арал худалдаж авмаар байна. Онгоцоор гурав дөрөвхөн цаг нисээд хүрчих арал бий байлгүй. Тийм аралтай болчихвол монголчууд тэнд очоод амарч, зуны сар гурав, гуравхан шүү дээ гэж харамсч яарахаа болино.

Худалдаад авчихвал тэр арал чинь манайх болчихно. Нутагтаа очиж байгаа юм шиг л газардацгаана. Тэнд нэг ёсондоо жижиг нутаг дэвсгэртэй ч гэсэн бас нэг Монгол Улс бий болно гэсэн үг. Гучийг харьцах дөчин километрийн харьцаатай арал байхад л болоод явчихна даа. Манайд юу л байна газар нутаг, өргөн уудам тал байна. Энэ өргөн уудам газраасаа зараад эсвэл солио хийгээд ч юм уу наймаалцаад аралтай болчихож болно.

Барууныхан гэлтгүй Азийн баячууд, Холливудын жүжигчид, дэлхийн алдартнууд бүгд л хувийн аралтай. 22-хон настай жүжигчин бүсгүй ганцаараа арал эзэмшиж байхад бүхэл бүтэн улс арал худалдаж авч чадахгүй гэж хэлбэл ичгэвтэр л хариулт болно.

Монголчууд социализмын дал гаруй жилийн хугацаанд зөвхөн Монголдоо, хашаатай хоньд мэт номхон дуугай хашигдаад гадагшаа явна, өөр улсад хөл тавина гэдгийг үнэндээ таг мартчихсан байсан. Гадаад ертөнцийг муухай, гаж буруу хувцасладаг гэж ойлгож, кола гэх хар ундаа ууж, рок-н ролл гэх балай хөгжим сонсдог гэж ярилцдаг байв. Тэр үед далайн эргийн элсэн дээр хагас нүцгэн хэвтэж биеэ борлуулдаг гэж яривал үзэл сурталгүйд тооцогдож, донгодуулж ч мэдэхээр цаг байсан сан. Гаръя гэхэд хил чанга, явъя гэхэд үзэл суртал чанд, дээрээс нь хоёр хөрш төмөр хөшиг татаад нар, үүл, салхинаас өөр юмыг манайх руу оруулдаггүй байсныг ч хэлэх үү.

Харин социализмаас өмнөх дүр зураг арай өөр байжээ. Богдын үеийн болон түүнээс өмнөх үеийн монголчууд өвөл хүйтрээд цагийн байдал муудаад ирвэл урагшаа нүүчихдэг байлаа, Хөх нуурын сав, Цайдам, Өмнөд Монголынхоо нутаг руу. Хөх нуурт өвөлжихөд хөвөнтэй дээл хэрэггүй, Цайдамд цагаалахад цагаан цамц дан байдаг, цагаан самбай өргөн байдаг гэдэг үг бий. Энгийн ардууд ийнхүү урагшаа дулаан газар руу өвөлжчихдөг байсан бол ямбатай ноёд нь Бээжинг зорьдог байвай.

Бээжингийн түм түжигнэж бум бужигнасан зээлээр явсан шиг ээ, ший янгуу үзэж, чамин гудам, хоршоо, пүүсээр нь хэсч, эрээн мяраан эдээр нь нүдээ хужирлаж, амттан шимттэн шилж, ховор хүр торго цуулж тааваараа аяглацгаадаг байсан. Ар Монголоос ирсэн жинчидтэйгээ хоолны газарт тааралдаж нутагт цас, шуурга ямархуу байгаа, чоно нохой хэр сүүтгэнэж байгаа тухай, хэн хэн хаагуур өвөлжиж, ямар хүмүүс Долнуур, Бээжинд өвөлжиж, Гуулин, Пийлэн улсыг хэн хэн зорьсныг ярьсан шигээ нутаг усныхантайгаа хуучилж тухалдаг байсан түүхтэй. Монголчууд ингэж нутаг сэлгэхдээ уур амьсгалын өөрчлөлтийг нарийн мэдэрч, ажил амьдралаа зохицуулдаг байсан нь түүхийн эх сурвалжуудад тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Тухайн үеийн барууны нэгэн судлаач Хятад улсаар зорчсон тэмдэглэлдээ “Ар Монголын эрс хүдэр чийрэг агаад өмсгөл зүүсгэл нь өвөрмөц. Нүүдэлчин тэд Бээжин, Шанхай, Манжуурт жуулчлан явж, маймаа хийх нь нөр их туршлагатай. Харанхуй бүдүүлэг хэмээн бодсон бодол тэдэнтэй уулзсанаар сарнисан билээ” хэмээсэн нь монголчууд тухайн үедээ олон улсын эдийн засаг, аялал жуулчлалын харилцаанд оролцож, харийн хүмүүсийн дунд биеэ яаж зөв авч явахаа мэддэг тодорхой хэмжээний дипломат арга барилтай байсан гэдэг нь анзаарагдаж байгаа юм.

Харамсалтай нь угаас мах цусанд нь шингээстэй байсан тэр чанар социализмийн жилүүдэд царцаж, түгжигдсэн. Гадагшаа нүүж, аялж амрахаа больж дотроо ч нааш цааш дураараа шилжин суурьших эрхгүй болсон. Улс дотроо сүлжилдэхээ больж ихэдлээ л гэж Улаанбаатарт ирж өвөлждөг болсон дог. Амралтаа авсан, хот руу эмчилгээнд явна гэсэн нэрийдлээр нэгдлийн малыг нэг хүнд ацаглаж үлдээгээд хотод хүүхдийндээ ирж паартай байшинд өвөлждөг байсан нь монголчуудын хувьд тухайн үедээ том ямба нь байжээ. Хүүхдүүд нь аав ээжийгээ эмнэлэгт хэвтүүлнэ гэж бичиг сачиг барьж хөөцөлдөж байж хотод оруулж ирээд гэртээ суулгачихна. Хөдөөнийхөн хотод ийн идэшний дараа, эмнэлэг бараадна гэсэн шошгоны дор паартай байранд амарч, телевизор ширтсэн шиг ээ, хотоор хэсч Гандан гарч тагтаа хооллон өвлийг элээж Малчдын цагаан сарыг өнгөрөөгөөд шинийн 14 болтол хотод байдаг байлаа. Үүнийг л ямба хэмээн ойлгож түүндээ баярлаж сая л нэг нэгдлийнхээ зүг жолоо залдаг байв.

Одоо бол бид бололцоотой болсон. Бидэнд өргөн уудам, тал нутаг байна. Түүгээ эргэлдүүлээд хэн дуртай нь очоод амардаг дулаахан арал худалдаад авчихъя. Баруун аймгийнхан, төвийнхөн, говийнхон гээд өөр өөрсдийн гэсэн өнгө аястай хот, суурин, амралтын газар сүндэрлүүлээд өвдөг, нуруугаар нь жавар сэнгэнээд, өглөө оройны сэрүүнд жиндэх болсон өндөр настай хөгшчүүлээ тэнд аваачиж амраан, үр хүүхдүүд нь асарч тоглонгоо өөрсдөө ч амсхийдаг газар байвал уу. Онгоцноос буухдаа өөрийн нутагт хөл тавьж байгаа мэт сэтгэгдэлтэй буух тэр бүх нөхцөлийг нь хангасан, таатай орчин бүрдүүлсэн, ямар л гоё зүйлсээр дүүрсэн аралтай болмоор байна. Тэрийгээ өөрсдөө босгоё л. Жинхэнэ газрын диваажин байгуулъя л даа. Энэ амьдрал чинь бурханы өгсөн бэлэг. Далай лам хүртэл “Амьдрал бол аз жаргалтай мөчүүдийн хэлхээс болохоос биш тэмцэл биш” гэж сургаал айлдсан байхав.

1990 оноос хойш баячууд, чинээлэг хүмүүс гадагшаа явж амардаг болсон. Амарч ч байгаа. Баячуудыг гадагшаа, дулаан орон руу, Улаанбаатарын утаанаас зайлж нүүдлийн шувуу шиг нисчихдэг гэж нүд үзүүрлэдэг байсан бол бүх монголчуудад тэдэн шиг нисэх боломж байх юм. Хэрэв Монгол Улс өөрийн гэсэн аралтай болоод иргэдээ тийшээ хямд зардлаа хүргэдэг нислэгтэй болгочихвол манайхан өвлийн ид хүйтнээр ээлжийн амралтаа аваад тийшээ л зүтгэнэ. Ирж очих зардал нь 500 мянган төгрөг байхад л мөнгөө цуглуулж байгаад яаж ийгээд явахыг хичээцгээнэ. Өвлийн хүйтнээр тэнд нэг сар амарчихаад ирэхэд бараг л жавар уярч таарна даа. Хямрал, уур унтуу, утаанаас холдоод түр ч болтугай амгалан, дулаахан газарт амьдраад эхэлбэл сэтгэл санаа тайвширч, нийгэм маань жаахан ч гэсэн зөөлөрнө.

Өвлийн жавар тачигнаад эхлэнгүүт хүн бүр л ам амандаа “Амралтаа аваад арал улсдаа очоод шинэ оноо угтана аа” гээд л ярьдаг цаг ирэх ч юм бил үү.