Сэтгэл чинь тогтохгүй
Бодол чинь урсаад байнауу?
Зориг чинь хүрэхгүй
Ухаан чинь хоригдоод байнауу?
Бие чинь сэргэхгүй
Нойр чинь ханахгүй байнауу?
Уур чинь багтахгүй
Хилэн чинь бадраад байнауу?
Сэдсэн үйл чинь нуран унаад
Салхины аясаар сарниад байна уу?
Сэтгэсэн бүхнээ умартан мартаад
Санаан зоргоор алдуураад байна уу?
     Тэгвэл хүү минь сонсоо
Тэвчиж суугаад ойлгоо
Амьдралын аргыг хэлсүү
Амархан ойлгохоор оролдсуу
 Хүний амьдрал энгийн
Хүсэл гэдэг хязгааргүй
Хамгийн түрүүнд сэтгэлд
Хайр энэрэл бялхдаг юм.
     Халуун сэтгэлээ хайраар дүүргэвэл
Хамаг зовлонд багтах зай үлдэхгүй
           Бүтэн биеэ хайраар дүүргэ
           Бусдыг хайрлах ухааныг сур
Байгал дэлхийгээ баясан шүт    
Байдаг ухаанаараа түүнээс сур
 Хорвоо дэлхий төгөлдөр учир
Хоосон сэтгэлээ түүнд тушаа
Эргэх орчлонгын үнэнийг ойлгож
Эхлэл төгсгөлгүйг мэдрэх болно.
 Амьдралд олдсон атгахан хоромыг
Алдалж сэтгээд ч аврал болохгүй
 Хүнд олдсон эгэл өдрүүдийг
Хүүхэд байхаас эрхэмлэн өнгөрөө
 Эцэг өвгөдөөс өвлөсөн нутагтаа
Эрх чөлөөг тунхаглан үлдээ
Эх байгалаа бишрэн дээдэлж
Энгийн даруу эрхэмсэг амьдараа
     Монгол ухаанаа бүү гээ
Ухаалаг амьдрахын нууц бий
Монгол соёлоо хайрлан хамгаал

Мөнхөд оршихын тайлал бий
 Уртын дуунд чинь ухаан бий
Уудам талд чинь эрх чөлөө бий
Адуун сүрэгт чинь хүч тэнхээ бий
Ардын түүхэнд чинь алдар суу бий
     Үлгэр домогт чинь үнэн бий
Үүлгүй тэнгэрт чинь ухаарал бий
Урсах голд чинь уярал бий
Уулын оройд чинь бодрол бий
 Урсах цус чинь амины үнэтэй ч
Ухаан бодол чинь сарны үнэтэй
Ховорхон олдох ганцхан завшаан ч
Хоосон элээвэл ясны ялтай.
     Тэнгэрийн буудал дэлхийд морилов
Тэнхээт Монголчуудын харааг эгцлэв
Түмэн жарны төгөлдөр эрсийн
Төгс гэрэлтсэнг буулгаж мордуулав.
 Буман жарны гарамгай хатдын
Бусдаас илүүгнь сорлон дагуулав.
Буцах өдрийг товлон тааруулж
Бүтээх үйлсийг нэгэнт тохиров.
     Дээрээ тэнгэртэйн учир
Дэргэдээ сүүдэртэйн учир
Өөдрөг сэтгэлээр сэтгэн амьдарч
Үлдэх түүхэндээ үйлсээ мөнхөлө!
 Монгол хүн болсны учир
Тэнгэрт тэтгэгдэж
Мөнхөд орших нутагтайн учир
Газарт ивээгдэх хувьтай билээ бид.

/Б.Шижирбатын зүүдэнд ирсэн тэнгэрийн зарлигаас/