Хүн гэгч үхлээс бус нүглээс, өрөөлөөс бус өөрөөсөө айж явбал сая гэгээрэхгүй ч зөв мөртэй амьдардаг гэнэм. Харин Н.Алтанхуягийн Засгийн газар нь үхлээс бус нүглээс айдаг, өөрөөсөө бус өрөөлөөс айдаг тэрбумтан сайд нарын цуглуулга болов.

Тансаглал гэх үгийг хамгийн их хэрэглэсэн Ерөнхий сайд гэвэл Н.Алтанхуяг. Түүний мөнгөтэй, хөрөнгөтэй Засгийн газрын үед ард түмний идэж буй бүхэн эрхэм Ерөнхий сайдад тансаглал болж харагдаад байгаа. Харин ард түмэн нь өлсч байна. Монгол хүн бол Монгол Улсын үнэт баялаг. Гэтэл энэхүү үнэт баялаг хөсөр хаягдав.

Монгол Улс хөгжиж байна. Уул уурхайн баялаг нь Монгол Улсыгдэлхий дахинд таниулаад зогсохгүй хэзээ нэгэн цагт дэлхийн тархи болдоггүй юм гэхэд зүрх болж ч болох ирээдүй буйг харуулаад байна. Хүн ард нь ухаалаг, боловсролтой, сэтгэлгээ сайтай, эвсэг байж чадвал дэлхий дахины баялагийн сан хөмрөг монгол хүн бүрийн халаас руу урсан орох үүд нээгдээд байна. Өнгөрсөн жил болсон Монголын эдийн засгийн IV чуулга уулзалтаар Монгол брэнд бий болгох тухай яригдаж, бүгд уухайлан дэмжиж байв. Сайн, саар хоёр зэрэгцэж байж сав дүүрдэг хорвоо гэж монголчууд ярьдаг. Энэхүү чуулга уулзалтын үеэр монголын эдийн засгийн талаар сайн муу элдэв л юм сонсогдож байсан. Гэхдээ саараасаа сайн сайхан мэдээлэл ихээхэн байсан нь монгол хүн бүхэнд таатай сонсогдож байлаа.

Монгол брэнд буюу монгол гэсэн нэрийн хуудас болсон бүтээгдэхүүн үйлдвэрлэх тухай яригдсан ч мөрөөдөл байсан уу яасан мартсан. Ярих хийгээд мөрөөдөх гэдэг хийчихлээ гэсэн үг биш. Индэр дээрээс илтгэл тавих, ажил хэрэг болгох гэдэг монголчуудын хэлдэгээр тэмээ, ямаа шиг ялгаатай. Өмнө болсон Монголын эдийн засгийн гурван чуулга уулзалтын дараа ч гэсэн дэврүүн, улс орноо баар бус бар болох хэмжээний олон санал, санаачлага гарч байсан ч өнөөдөр бид нэг л байрандаа эргэлдсээр байна. Нөгөө л Оюутолгой, Таван толгой, уул уурхай дагасан эдийн засгийн “чөдөртэй морь”-тойгоо байсаар байна. Үнэндээ өнөөдрийн Монголын эдийн засгийн үнэн төрх гэвэл чөдөртэй, хазааргүй морин дээр мордсон хүн шиг нэг л байрандаа байсаар байгаа.

Монгол Улс солонгорсон эдийн засагтай болох тухай тэр үед яригдаж байв. Солонго гэдэг өөрөө олон өнгө. Олон илэрхийлэл. Борооны орсны дараа чийг татсан ногоон талын дээгүүр, нарны түмэн гэрлийн хугаралд өнгөөр тунаран тэнгэрт нумарч, хэдэн өнгө байгаа нь үл мэдэгдэх, үл баригдах, үл гүйцэгдэх мөрөөдөл мэт тэр л гоёмсог ахуйг солонго хэмээх. Тиймээс бид үл гүйцэлдэх, үл биелэх, үл хүрэх ирээдүй өөд үл гүйцэлдэх үзэл бодолтой яваад байгаа ч юм шиг. Монгол брэнд бий болгох тал дээр Монгол Улсын Засгийн газар бус иргэд нь ажиллаж, иргэд нь хөдөлмөрлөж, иргэд нь санал санаачлага гаргах ёстой ч мөнгөгүй зээл авч чадахгүй иргэд гудамжинд лааз өшиглөсөөр нэг жилийг үдлээ. Аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаанд төрийн оролцоо нэмэгдээд ирэхээр л брэнд бус брак бий болоод эхэлсэн.

Үүнийг тодотгож жишээлэх асар олон баримт бий. Улс орны эдийн засгийг хамгийн ихээр урагш хөтөлсөн Оюутолгойн гэрээг төрийн оролцоотойгоор хийв. Гэвч төрийн шууд оролцоотойгоор хийгдсэн энэхүү гэрээ улс орныхоо хөгжлийг урагшлуулах бус ухраах хэмжээнд хүрээд байгааг сүүлийн үеийн үйл явдлууд харуулсаар байна. Хуудуутай, улс төрчдийн эрх ашиг хэт орсон энэхүү гэрээ нь гаднын хөрөнгө оруулагчдийг болгоомжлоход хүргээд байна. Таван толгойн нүүрсний ордын гэрээ, хэлэлцээрүүд сонгууль, улстөр, улстөрчдийн хуйвалдаан, тэдний эрх ашиг дээр дөрөөлж хийгдсний улмаас улс орны хувьд томоохон хохирол, эдийн засгийн хувьд сульдаа үүсэхэд хэмжээнд нөлөөлөөд байна.

Монголчуудад брэнд буюу нэрийн бүтээгдхүүн, үйлчилгээ бий болгох боломж асар их бий. Хорин жил энэ сэдвээр ярьсан. Өнөөдөр ч ярьж л байна. Маргааш ч ярьсаар байх болно. Малын арьс, байгалийн баялаг, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, аялал жуулчлал хөгжүүлэх гээд Монгол брэнд бий болгохын тулд хувийн хэвшлийнхэн ярьсаар ирсэн ч төрийн зүгээс –Аан гээд анхаарч сонссон нь нэгээхэн бээр үгүй. Сүүлдээ нөгөө монгол брэнд бий болгох гэсэн хүмүүс нь өөрсдөө улс төрд ороод жинхэнэ “Монгол брэнд” болоод дуусч байна.

Үнэндээ монгол брэнд бол монгол хүн. Монгол хүн эх орондоо хоёрдугаарт эрэмбэлэгдэж, гадаадын иргэнээс доогуур цалин хангамж эдэлж байгаа цагт монгол брэндийн тухай ярих нь өөрөө үл гүйцэлдэх мөрөөдөл. Өнөөдөр монгол улсад солонгос хүн хоолны газар нээхийн тулд долоо хоног л шаардагддаг бол монгол хүн, монгол хүндээ үйлчлэх хоолны газар нээхийн тулд цөхөртөлөө гүйдэг.Солонгос хүн монгол хүнийг доромжлоод, хоолонд нь нус, цэрээ хийгээд доромжлосон ч хоолны газар нь хаагдадгүй бол монгол хүний ажилуулж буй хоолны газар шал нь халтар байхад л бүх үүдийг нь хаадаг. Ийм байж монгол брэнд бий болгох гэдэг ёстой л солонгорсон ирээдүй юм даа.

Монгол брэнд бий болгохын тулд хүнээ хэрхэн хөгжүүлэх, төр нь иргэдээ хэрхэн дэмжих тухай хамгийн эхлээд ярих ёстой. Төрийн зүгээс иргэдийнхээ үйл ажиллагааг хүндэтгэнэ гэдгээ ч хэлэх ёстой. Төр нь иргэнээ, иргэн нь төрөө хүндэтгэх найрсаг харилцаан дээр л улс орны ирээдүйн хөгжил бий болж байдаг. Үүнийг хятадууд тахимдуу ёс гэх нь ч бий. Харин монголчууд хүн ахтай, дээл захтай гэдэг зүйр үгээр илэрхийлсэн байх. Алив юм дэг журамтай, хүндэтгэл, хүндлэл дээр оршиж байж л сая жинхэнэ утгаар хөгжих зүй тогтол руугаа ордог. Гэтэл хүнээ хэрхэн брэнд болгох талаар яриагүй, шийдээгүй байж со буюу солонгорсон эдийн засгийн тухай яриад эхэлж буй нь монгол брэндийг хэн бий болгох вэ гэдэг асуултыг бий болгоод байна.

Ноолуур, малын арьс гээд төрөлжүүлж хөгжүүлэх тухай ярих. Төрөлжүүлж, үйлдвэрлэж, боловсруулж байсан түүх нь хорин жилийн өмнө бөгөөд үйлдвэрлэж байсан бүхнээ эргээд сэргээх тухай л ярьж байгаагаас өөр шинэлэг, шийдвэрлэхээр дорвитой, бодитой шийдлийг Монголын эдийн засгийн IV чуулганаас олж харсангүй. Үнэндээ шинэ юм гэдэг мартагдсан хуучин юмыг хэлдэг гэдэг үгийг л энэхүү чуулган маш тодоор сануулсан. Брэндтэй байсан монголчуудыг брэндгүй байсан гэж хорин жил сурталчилсны эцэст эргээд хуучин бүхнийг нь сэргээж буйгаа Монгол брэнд гэж зарлав. Төр мөнгө өгнө, хөнгөлөлт үзүүлнэ, эргэлтийн хөрөнгөтэй болгоно, экспортын хөнгөлөлт үзүүлнэ гэж зарлав. Төрийн хайр халамж гэх шахуу олон “хайр” зарлав, амлав. Үнэндээ төр энэ бүхнээ ард иргэдэд бүү өг. Зүгээр л иргэдийнхээ цаашилбал аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд оролцохх зогсоочих. Энэ бол жинхэнэ дэмжлэг, жинхэнэ тэтгэлэг болно. Элдэв хяналт шалгалт, дарамт, худал үнэн хууль ярьж, төрийн нэр барьсан үл бүтэгчид өнөөдөр монгол брэнд бий болох хорин жилийг ёстой л ярууханаар хэлбэл ард түмнээс булааж амьдарлаа.

Made in Mongolia гэдэг брэндийг малынхаа арьсыг жинхэнэ элэг, таргаар зөөллөж, нялхруулж элддэг, эр хар сурыг монгол аргаар боловсруулж хийдэг ухаан монгол хүнд бий. Харин үүнийг л дэлхийд гаргахад, хүнээ хөгжүүлэх талаар эхлээд ярья. Гэхдээ төр солонгорч, элдэв хээ хуартай оролцоод хэрэггүй. Монгол хүний хурц ухаан, ихийг хийх сэтгэлгээнд төр оролцохоо больсон тэр цагт л монгол брэнд бий болно.Удахгүй энэ сарын 25-26-нд Монголын эдийн Засгийн чуулга уулзалт болно. Харин өнгөрсөн жил болсон чуулга уулзалтаас хойш олигтой бүтээн байгуулалтгүй Н.Алтанхуягийн Засгийн газрын сайд нар л дэлхий дахинд жинхэнэ монгол брэнд болж өнгөрөв. Ийнхүү бид энэ жилийн эдийн Засгийн чуулга уулзалтаа Ерөнхий сайдын бий болгосон Made in N.Altanhuyag брэндтэй угтаж байна. Браво, ямар ч байсан монголчууд брэндтэй шүү. Түүндээ Made in N.Altanhuyag гэдэг нэр өгсч дархалвал тун олзуурхууштай.